Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
Хэргийн индекс | 105/2022/0634/Э |
Дугаар | 2022/ШЦТ/646 |
Огноо | 2022-05-03 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/646
2022 05 03 2022/ШЦТ/646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
Улсын яллагч Ц.Сайнхүү,
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б, М.Т, Т.Х нарт холбогдох эрүүгийн 2206 00000 1209 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Б.Б.
2. М.Т.
3. Т.Х.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... плазад хохирогч А.А-ийн гээгдүүлсэн Айфоне 11 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай үйлчлүүлж байсан эмэгтэй утсаа орхиод явчихсан. Тэгээд хэд хоног өнгөрөхөөр нь ирж авахгүй болохоор нь би тэмүүлэнд эмэгтэй хүн оролцуулаад зараад мөнгө өгьё гэсэн. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна..” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б надад өртэй байсан. Тэгээд хэд хоногийн дараа над руу яриад энд нэг утас байна та өрөндөө тооцоод авчих уу гэсэн. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2206 00000 1209 дугаартай хэргээс:
Хохирогч А.Ад мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ...... плазад үйлчлүүлж байсан, тэгээд 23 цаг 40 минутын үед тэндээс гарах гэхэд миний утас байхгүй болчихсон байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул өөрөө гээсэн, хаясан, эсвэл хулгайд алдсан гэдгээ мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр хуудас/
Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би фейсбүүк орчинд байрлах зараас гар утас худалдан авч бусдад борлуулаад 2 жил орчим болж байна. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хоолны цаг болж байхад үл таних хүн миний Ч.Н гэх фейсбүүк рүү Айфоне 11 сэлбэгэнд авах уу гэж чат бичихээр нь авна дэлгэцийн үнэ болох 150.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Удалгүй миний ........ дугаарын утас руу үл таних хүн залгаад хаана гар утас аваачиж өгөх вэ гэж ярихаар нь би Сансарын тунелын ХААН банк дээр ирээд залгачих гэж хэлсэн. Тэгээд удалгүй 30-40 минутын дараа үл таних дугаараас ХААН банк дээр ирчихлээ гэж хэлэхээр нь би яваад очтол нүдний шилтэй хар хувцастай туранхай залуу байсан. Би тухайн хүнээс хар өнгийн Айфоне маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажлын байран дээрээ буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо ......... плазад үйлчлэгчийн ажил хийж явсан. Тэгээд 5 давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөнд явж байтал хамт ажилладаг У гар утас оллоо гээд хар бараан өнгийн нэг гар утас бариад гараад ирсэн ба намайг энэ утсыг ресейпшнд аваачиж өгөх хэрэгтэй гээд явуулсан. Тухайн үед Б-д тухайн гар утсыг өгсөн ба түүнээс хойш юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 3-р хороо ..... зочид буудалд ресипшинээр ажиллаж эхэлсэн. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал манай үйлчлэгч А гэх эгч ариун цэврийн өрөөнөөс гар утас олсон гээд надад өгсөн юм. Тухайн үед гар утасны цэнэг нь дууссан байсан болохоор би 2 хоногийн дараа цэнэглээд асаасан ба гар утасны эзэн ирээд авах байх гэж бодоод хүлээсэн. Тэгээд гар утсаа ирж авахгүй болохоор нь би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манайд өмнө нь ажиллаж байсан Т гэх залуу руу өөрийн ....... дугаараас Т-ийн ........ дугаарын утас руу залгаад манай нэг хүн утсаа авахгүй удсан Ай фоне маркийн гар утас байна та ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Т-нд эмэгтэй хүн явуулчих байршил нь энд заагаад байна гэж хэлээд авчих гэж хэлсэн бөгөөд удалгүй 15:00 цагийн үед үл таних эмэгтэй ирээд байршил энд заагаад байна гэж хэлэхээр нь би rap утсыг нь өгөөд явуулчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.Т-гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...цуг ажиллаж байсан хуурай дүү Б гэх залуу залгаад манай ажил дээр нэг хүн ариун цэврийн өрөөнд гар утсаа орхиод 7 орчим хонож байна та энийг ирж аваад зараад хэдэн төгрөг болгочих гэж хэлсэн. Тэгэхээр нь за ямар ч асуудалгүй биздээ гэтэл ямар ч асуудалгүй гэхээр нь за очоод авъя гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад явж байтал Б дахиж залгаад энэ эмэгтэй хүний утас юм шиг байна та эмэгтэй хүн дагуулаад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би найз охин Х-тай уулзаад цуг очиж авахаар болоод Б руу залгаад одоо очиж байна яаж авах уу? гэтэл эмэгтэй хүн оруулаад код хийлгэж байгаа юм шиг болгочих би өгөөд гаргая гэж хэлсэн. Тэгээд .... гэх зочид буудал дээр очоод Х-г оруулаад би замын эсрэг талд хүлээж байсан. Удалгүй Х утас авч гарч ирээд би Фэйсбүүкээс утас сэлбэгэнд авна гэсэн зар байхаар нь нэг дугаар луу залгатал эмэгтэй хүн аваад сэлбэгэнд утас авч байгаа юу? ID кодтой I PHONE 11 авах уу? гэтэл авна Сансарт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Х-гийн хамтаар Баянзүрх дүүргийн 7-р хороо Хаан банкны зогсоол дээр очоод тухайн хүн рүү дахин ярьсан чинь үл таних эрэгтэй хүн аваад доошоо Баянцээл рүү хүрээд ир гэхээр нь боломжгүй байна гэж хэлээд бид хоёр Хаан банкны үүдэнд уулзсан. Уулзаад би тухайн гар утсыг 150,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Х-гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр надруу 14:00 цагийн үед Т гэх найз залуу маань залгаад асуудал байна өмнө нь миний ажилдаг газар манай дүүд нэг утас байна гэсэн тэр утсыг эзэн нь ирж аваагүй удсан байна Чи тэр утсыг нь очоо авчих манай дүү тэр буудлын ресипшин дээр зогсож байгаа чи очоод байршил нь танай дээр заагаад байна утсаа авмаар байна гэж хэлээд авчих гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд ..... УБЗ дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг унаад Баянзүрх дүүргийн 3-р хороо ......зочид буудлын замын эсрэг талд ирсэн. Тэгээд гараад буудал руу ороод ресипшин болох Т-гийн дүү нүдний шилтэй өндөр залуу дээр очоод би гар утсаа алдсан юм танай дээр байршил нь заагаад байна гэж хэлтэл энэ таны утас мөн үү? гээд Ай фоне 11 маркийн гар утас өгөхөөр нь худлаа кодыг нь хийж байгаа юм шиг дүр эсгээд гарын үсэг зураад авсан” гэх мэдүүлэг/хх-ийн 11-рт/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 77, 84 дүгээр хуудас/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-73 дугаар хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтүүд /хх-ийн 97-100 дугаар хуудас/
Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 101-102 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... плазад хохирогч А.А-гийн гээгдүүлсэн Айфоне 11 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч А.А-т 1,150,000 төгрөгийн хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх, эзэмших эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогчид 1,150,000 төгрөгийн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу хохирогчид 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь хохирогч А.А-т учирсан хохирлыг нөхөн төлсөн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Б.Б, М.Т, Т.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/, М.Т, Т.Х нарт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/, М.Т, Т.Х нарт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, М.Т, Т.Х нар нь оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, М.Т, Т.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б, М.Т, Т.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА