Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 366

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:                                                                               

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн 5-1 тоотод оршин суух Галай овогт Гочоогийн Батжаргал

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.08.14-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэжлэгч Г.Батжаргал, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Галай овогт Гочоогийн Батжаргал шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1972 оны 07 дугаар сараас 1974 оны 9 дүгээр сарыг хүртэл адуучнаар ажиллаж байгаад аймгийн цэргийн хэлтсийн шугамаар 6 сарын жолооны курст явж ирээд 1975 оны 06 дугаар сард цэргийн албанд явсан. 1978 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1978 оны 7 дугаар сараас 1979.09.20-ыг хүртэл Онгон сумын Хөгжилт нэгдэлд адуучнаар ажилласан. Гэтэл миний ажиллаж байсан үеийн цалингийн цэсэн дээр миний нэрийг Батаа, Батжаргал, Батсайхан гэж 3 янзаар бичсэн байна. Батаа гэдэг нь бол намайг манай аав ээж, ах дүүс, нутгийн хүмүүс нэрлэдэг нэр, Батжаргал бол миний албан ёсны нэр, харин Батсайхан гэдэг нь бол намайг ер нэрлэж байгаагүй юм. Гэтэл тухайн үед бригадын тоо бүртгэгч энэ нэрээр бүртгэж цалин өгч байжээ. Цалингийн цэсэн дээр манай аав ээж болон бусад туслах нарын хамт бичигдэж цалин авсан байгаа юм. Манай суурьт Батсайхан болон Батаа нэртэй хүн ерөөсөө ажиллаж байгаагүй энэ бол миний цалин мөн тул намайг 1972-1974 оныг дуустал, 1978 оноос 1979.09.20-ыг  хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Галай овогт Гочоогийн Батжаргалийг 1972 оны 12 дугаар сараас 1975 оныг хүртэл, 1978 оны 09 сараас 1979.09.20-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон  сумын Хөгжилт нэгдэлд ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017.08.11-ний өдрийн 287/15 тоот лавлагаа, цалингийн тооцооны хуудсуудын хуулбарууд, 1973, 1974 онуудад шагнагдаж байсан Баярын бичгийн хуулбарууд болон гэрч Г.Чимэддоржийн шүүхэд өгсөн “ . . . Г.Батжаргал нь 1972 онд 7 дугаар анги төгсөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд илгээлтээр гарч аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1975 онд цэрэгт явж ирээд адуу малласан. 1979 оноос хүн эмнэлэгт жолоочоор ажилласан. Албан ёсны нэр нь Батжаргал, олны нэр нь Батаа юм. Аав нь Пүрэвийн Гочоо гэж насаараа адуу малласан хүн, ээж нь Чалаажав гэдэг. Батжаргалыг бол бүр багаас нь л мэднэ. П.Гочоогийн туслах малчид Д.Лхагваа, Д.Улаан, Ч.Сайнбуян, Монхор Батжаргал гэдэг хүмүүс байсан. Батсайхан гэдэг туслах малчин лав байгаагүй, харин Батжаргал гэж хүү нь байсан гэх мэдүүлэг, гэрч Ш.Бадарчингийн  шүүхэд өгсөн “. . . Намайг Сүхбаатар аймгийн Онгон суманд багшаар ажиллаж байхад 1972 онд 7 дугаар анги төгсөгчдийг илгээлтийн эзэд болгож малчнаар гаргасан. Тэдний нэг Г.Батжаргал юм. Батжаргал адуучнаар ажиллаж байгаад цэрэгт явсан.1978 онд цэргээс халагдаж ирээд дахин адуу маллаж байгаад 1979 оны намар хүн эмнэлэгт жолоочоор ажилласан шиг санаж байна. Батжаргалыг Батаа л гэж дууддаг. Аавыг нь Пүрэвийн Гочоо гэж адуучин байсан. Ээж нь Чалаажав, эгчийг нь Бямбажав гэдэг юм. П.Гочоогийн туслах малчид Д.Лхагваа, Д.Улаан, Ч.Сайнбуян, Монхор Батжаргал гэдэг хүмүүс байсан. Батсайхан гэдэг туслах малчин байгаагүй. Манай 2 дугаар бригадад Батсайхан нэртэй хүн бараг л байгаагүй дээ. Ганшүхэрийн Батсайхан гэж мэдрэл муутай хүүхэд байсан. Тэр бол ажил эрхэлж байгаагүй мэдрэл муутай хүн байсан гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Г.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Галай овогт Гочоогийн Батжаргалийг 1972 оны 12 дугаар сараас 1975 оныг хүртэл, 1978 оны 09-р сараас 1979.09.20-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон  сумын Хөгжилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Батжаргал нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ