| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2022/0636/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/653 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/653
2022 05 04 2022/ШЦТ/653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
Улсын яллагч М.Оюунбат,
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Ц-т холбогдох эрүүгийн 2206000001361 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
А.Ц
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн автобусны буудлын хойно байрлах, Нийтийн байрны гадна иргэн О.Ц-г “ална гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар гараараа О.Ц-гийн толгойн тус газар нь хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь баруун дээд зовхинд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2206 00000 1361 дугаартай хэргээс:
Хохирогч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр үедээ согтуу уурлачихсан байсан болохоор нь гадаа гараад “та нарыг алнаа “ гээд хашгирсан юм. Тэгтэл А над руу уурлахад Ц нь харчихаад уурлаж хүрч ирээд намайг зодсон. Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Амазон хүнсний зах болон Кассандра нэртэй пабтай байрны залгаа ямар нэгэн тоот байхгүй нийтийн байрны үүдэнд буюу гадаа зодуулсан. Намайг харахад Ц нь гүйж ирээд хашааны буланд аваачаад толгой дээрээс цохисон. Эхний удаа миний дух руу цохисон ба гараа доошлуулахад баруун талын нүд рүү маань цохиход маш их өвдөж би чангаар орилсон, яг тэр үедээ Цоомоо нь миний шилэн хүзүүн дээрээс гараараа дараад толгойг минь цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ц нь манай найз Ц руу дайрч давшилж, ална хядна гээд байсныг бүх хүн сонссон бөгөөд энэнээс үүдэлтэй зодолдсон байх. Ц ер нь хүн болгоныг үгээр идээд байсан. А нь энэ үед салгах байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ц нь орцны үүдэнд байхдаа “Ц чи арчаагүй, чамтай зодолдъё, чи айгаагүй бол буугаад ир би чиний зүрхэнд хутга шаана, чамайг ална” гэж хэлж байсан ба А тэр үед нь “чи манай найзыг алахгүй шүү” гэж хэлэхэд нь Ц хажуугаар гүйж гарч ирээд Ц-г байшингийн хаалт, буланд нь аваачиж шахаж байгаад зодчихсон, Ц гэх залуу зодож учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4530 дугаартай:
1. О.Ц-гийн биед баруун дээд зовхинд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Шүүгдэгч А.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, би ерөнхийдөө А-ыг өмөөрч гадаа гарсан. Цнь нэлээн ууртай бүгдийг алнаа гээд хашхирч байсан. Айлд ирчхээд ийм ааш авир гаргаж болохгүй гэж бодож байсан ба тус шалтгаанаас болж миний уур хүрсэн....Би гадаа Ц, А нар барьцалдаад байж байхыг нь хараад очсон санаж байгаа бөгөөд тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Ц-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн автобусны буудлын хойно байрлах, Нийтийн байрны гадна иргэн О.Ц-г “ална гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар гараараа О.Ц-гийн толгойн тус газар нь хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь баруун дээд зовхинд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4530 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ц-ын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч О.Ц-гийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч А.Ц-ын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Ц нь хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч А.Ц нь хохирогч О.Ц-нд 200,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох А.Ц-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас А.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч А.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ц нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ц-т оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч О.Ц нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох А.Ц-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч А.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эмчилгээний зардалд 200,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА