Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 368

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:                                                                               

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21 дүгээр хороо Горькийн 25 дугаар гудамжны 1069 тоотод оршин суух Инжаа овогт Мижиддоржийн Оюунчимэг

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.08.03-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнийг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Инжаа овогт Мижиддоржийн Оюунчимэг шүүхэд ирүүлсэн  хүсэлтэндээ: Миний бие 1980-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байгаад бага охин Ариунжаргалыг төрүүлж, охин маань хүчилтөрөгчийн дутагдалтай агаарт гаргах шаардлагатай болсон тул 1991 онд Онгон сумын Хөгжилт нэгдлийн 3 дугаар бригадад Нямхүүгийн суурь туслах малчнаар очиж 1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1991-1993 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Инжаа овогт Мижиддоржийн Оюунчимэг нь 1991 оны 9 дүгээр сараас 1993 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон их хувьчлалын тасалбарын жагсаалтад малчнаар бүртгэгдсэн баримт болон гэрч Д.Шарын шүүхэд өгсөн “ . . . М.Оюунчимэг нь 1991 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдлийн 3 дугаар бригадад Нямхүүгийн туслах малчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдахад малаа аваад нэгдлээс гарсан. Би Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд усны машины жолоочоор 1987-2002 оныг хүртэл ажилласан. Айлуудаар ус зөөгөөд л явдаг, мөн хөдөө их явдаг  байсан болохоор М.Оюунчимэгийн ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч Ц.Чулуунбаатарын  шүүхэд өгсөн “. . . М.Оюунчимэг нь сургуулиа төгсөөд аймагт ажиллаж байгаад Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдлийн 3 дугаар бригадад Нямхүүгийн туслах малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарахаар  хувьчлалд малаа аваад нэгдлээс гарсан. Оюунчимэг бол сургуулиа төгсөөд аймаг ажиллаж байгаад сүүлд малчин болсон хүүхэд. Бид 1 нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор М.Оюунчимэгийн ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна

 

Нэхэмжлэгч М.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Инжаа овогт Мижиддоржийн Оюунчимэг нь 1991 оны 9 дүгээр сараас 1993 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч М.Оюунчимэг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ