Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 351

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:                                                                               

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн 1-4 тоотод оршин суух Бул овогт Ядамсүрэнгийн Буд

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.08.16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Буд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Бул овогт Ядамсүрэнгийн Буд шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие 1973 онд 7 дугаар ангиа төгсөөд Эвлэлийн илгээлтээр хөдөө гарч нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байгаад 1974 онд Архустын трактор комбайны курст 6 сарын хугацаагаар суралцаж ирээд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторчноор ажилласан. 1976 онд цэргийн албанд явж, 1979 онд цэргээс халагдаж ирээд дахин нэгдэлд тракторчноор 1981 оныг хүртэл ажилласан. Үүний дараа бол туслах малчин, худгийн моторчин зэрэг ажил хийж байгаад нэгдэл тарахад хувьчлалаар мал авч ардын аж ахуйтан болсон. Би 1957 онд төрсөн хүн. Миний төрсөн эцгийг Ядамсүрэн гэдэг хүн байсан. Намайг бага байхад нас барж, ээж маань Гочоо гэдэг хүнтэй суусан юм. Тэгээд миний зарим бичиг баримт дээр хойд эцэг Гочоогоор овоглогдсон юм. Иймд Гочоо овогтой Буд нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ядамсүрэнгийн Буд би мөн болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

1973.11.12-ны өдөр нээлгэсэн Гочоо овогтой Будын хөдөлмөрийн дэврийн жинхэнэ эзэмшигч нь Ядамсүрэнгийн Буд мөн болох нь уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажлуудыг хийж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2017.08.16-ны өдрийн 289/16, 2017.08.08-ны өдрийн 282/16 тоот лавлагаанууд болон тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Ц.Жанцангийн шүүхэд өгсөн “ . . . Я.Буд бид хоёр 1966 онд Сүхбаатар сумын сургуульд 1 дүгээр ангид хамт орж байсан. Би 1972 онд 7 дугаар анги төгсөөд илгээлтээр малчин болсон. Я.Буд 1 жил сургууль завсардаад миний дараа 1973 онд илгээлтээр гарч Сүхбаатар суманд малчин болсон. Буд 1973 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, худгийн моторчин, тракторын жолооч, барилгын бригадад туслах ажилчин зэрэг  ажлыг нэгдэл тарах хүртэл хийж байсан. 1992 оноос хойш бол аймаг руу шилжсэн. Аймагт очоод ямар ажил хийж байсан болохыг бол мэдэхгүй. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1973-1991 оныг хүртэл малчнаар ажилласан. Будын төрсөн эцгийг Ядамсүрэн, хойд эцгийг нь Гочоо гэдэг юм. Сургуульд орохдоо бол Ядамсүрэнгийн Буд гэдэг байсан. Ахыг нь Ядамсүрэнгийн Батсугар гэдэг, энэ 2 сургуульд 1 ангид орж байсан юм гэх мэдүүлэг, гэрч А.Ганхуягийн шүүхэд өгсөн “. . . Я.Буд бид хоёр 1976 онд цэрэгт хамт явж байсан. Цэрэгт явахаасаа өмнө бол 1973 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд худгийн моторчин, тракторын жолооч, нэгдлийн туслах үйлдвэрлэлд барилгын туслах ажилчин зэрэг ажлуудыг бол нэгдэл тартал хийсэн. 1991 онд нэгдэл тарсан. Би бол уг нэгдэлд 1972-1991 оныг хүртэл малчнаар ажилласан. Будын хойд эцгийг Гочоо, ээжийг нь Оюун гэдэг хүн байсан. Төрсөн эцгийг нь Ядамсүрэн гэдэг. Чухам хэнээр овоглодог болохыг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх ба Гочоо овогтой Буд нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ядамсүрэнгийн Буд мөн болох нь нотлогдож байна. 

 

Нэхэмжлэгч Я.Будыг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Бул овогт Ядамсүрэнгийн Будыг 1973.11.12-ны өдөр нээлгэсэн Гочоо овогтой Буд нэртэй хөдөлмөрийн дэврийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан Я.Будыг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Я.Буд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ