| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0281/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/266 |
| Огноо | 2022-04-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/266
2022 04 11 2022/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө-ийн Д-д холбогдох эрүүгийн 22100 0000 0137 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “М.Т” ХХК-д түгээгчээр ажиллаж байсан, одоо Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төмрийн хүдрийн уурхайд гагнуурчнаар ажиллаж байгаа гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ө-ийн Д /РД:2/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Д нь жолоочоор ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 35а байранд үйл ажиллагаа явуулдаг “М.Т” ХХК-аас итгэмжлэн хариуцуулж өгсөн барааг түгээлтээр борлуулсан орлого 2.330.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн шүүгдэгч Ө.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “Хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, тэдгээр нь тус бүр өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангаж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ө.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. “М.Т” ХХК-д 2021 оны 8 дугаар сараас 12 дугаар сар хүртэл жолооч хийж байсан. 2021 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 3.000.000 гаран төгрөгийн барааг авч Баянхошуу, Зүүн салаа, Нарангийн гол хавиар борлуулж, 2.330.000 төгрөгийг бэлнээр аваад онлайн тоглоод үрээд дуусгачихсан. Өөрийн гэм бурууд маргахгүй хүлээн зөвшөөрч байна.
Одоо хохирлоос төлөгдөөгүй 700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хэрэг шүүхэд ирсний дараа хохирогч Г.У-гийн охин Г.З-ын данс руу 820.000 төгрөгийг шилжүүлсэн ба шилжүүлгийн баримтыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж байна. Үлдэх хохирлыг 2022 оны 5 сарын дундуур төлж барагдуулна. Би 2022 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төмрийн хүдрийн уурхайд гагнуурчнаар ажилд орсон, сарын цалин 1.500.000 төгрөг, цалингаа аваад үлдсэн хохирлыг нөхөн төлнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудалд орохгүй байж чадна, миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 22100 0000 0137 дугаартай хэргээс:
1. “М.Т” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх харилцагчийн гүйлгээний тайлан (хэргийн 06 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “М.Т” ХХК-ийн төлөөлж Г.У-гийн хохирогчоор өгсөн:
“...Би “М.Т” ХХК-ийн захирлаар 16 жил ажиллаж байна. Манай компани гадаад худалдаа импортын ажил эрхэлдэг ба хотын хүнсний дэлгүүрүүдээр түгээлт хийж хүнсний бараа нийлүүлдэг. Манай компанид Ө.Д гэдэг залуу 2021 оны 8 дугаар сард туслах ажилтнаар ажилд орж ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сард жинхлээд, жолоочийн ажилд шилжсэн.
Тэгээд жолооч болон түгээгчийн хамт хоёулаа өөрсдийн хариуцсан чиглэлдээ хүнсний бараагаа түгээж, түгээсэн барааныхаа орлогыг бараа түгээгч хариуцан авч, компанийн данс руу тоо ёсоор нь тушаадаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Ө.Дтай хамт ажиллаж байсан түгээгч өвчтэй байсан учир Ө.Д түгээлтээ давхар хариуцан өөрөө машинаа барьж, дэлгүүрүүдээр бараагаа түгээж орлогоо өөртөө авчихсан байсан ба компанид тушаагаагүй. Би яагаад тушаахгүй талаар асуухад “машинтайгаа явж байгаад хүн мөргөчихлөө, нэг цагдаагийн нэрийг бариад аргалж өгнө гэхээр нь 2.0 сая төгрөг өгчихлөө” гэж хэлсэн. Үлдсэн 400 гаран мянган төгрөгийг халааснаасаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай менежер Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраар Ө.Дг дагуулж явахад хэлсэн цагдаа нь байгаагүй. Сүүлд өөрөө үнэнээ хэлж, интернэтээр бооцоот тоглоом тоглож байгаад компанийн орлогыг алдсан талаар хэлсэн.
...2 өдрийн орлого 3.806.220 төгрөг цугларснаас 1.476.200 төгрөгийг нярав Гэрэлмаад тушаагаад, үлдсэн 2.330.000 төгрөгийг өөрөө хувьдаа завшсан гэж хэлсэн. Манайд учруулсан хохирлоос 500.000 төгрөгийг тушаасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Мөнхтуулын гэрчээр өгсөн:
“...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай жолооч ажилтай Ө.Д гэх залуу түгээлтэд явахаар болсон. Түүний хамт ажилладаг түгээгч нь өвчтэй байсан учир Ө.Д ганцаараа явахаар болсон. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр бараа түгээхээр явсан ба 50 гаран дэлгүүрээр захиалсан барааг нь хүргэж өгч ажилласан. Тэгээд барааныхаа мөнгийг бэлнээр авч буцаж ажил дээр ирээд тооцооны нягтланд тушаах ёстой байтал тушаагаагүй, мөн тухайн өдрийнхөө захиалгыг амжаагүй учир маргааш нь дахин явж бараа хүргэж өгсөн ба түүнийхээ мөнгийг мөн тушаагаагүй. Нийтдээ 3.806.220 төгрөг тушаах ёстой байснаас 1.476.220 төгрөгийг өгөөд, үлдэх 2.330.000 төгрөгийг хувьдаа хэрэглээд үрчихсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Мөн түүний бодогдсон цалингаас 306.562 төгрөгийг хасаж тооцоод, одоо манай компанид 1.523.438 төгрөгийг төлөх ёстой байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-20 дахь тал),
4. “М.Т” ХХК, иргэн Ө.Д нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ”, Ажилчдын дэлгэрэнгүй анкет баримтууд (хэргийн 30-31, 32, 33 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ө.Д-гийн яллагдагчаар өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын намайг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.
Би компанид учруулсан хохирлоос 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Үүнээс гадна миний ажиллаж байсан хугацааны цалин гэж 426.622 төгрөг орсноос нийгмийн даатгалд 103.636 төгрөг суутгагдаж, үлдэгдэл 323.026 төгрөгийг хохиролд тооцон хассан байна. Одоо би компанид 1.523.438 төгрөг төлөх ёстой, хохирлыг хурдан төлж барагдуулах болно. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж хохирлоо төлж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 50 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Д нь жолоочоор ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 35а байранд үйл ажиллагаа явуулдаг “М.Т” ХХК-д жолооч, түгээгчээр ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан тус компанийн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 2.330.000 төгрөгийг авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- “М.Т” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх харилцагчийн гүйлгээний тайлан (хэргийн 06 дахь тал),
- хохирогч “М.Т” ХХК-ийн төлөөлөгч Г.У-гийн: “...Би “М.Т” ХХК-ийн захирлаар 16 жил ажиллаж байна. Манай компани гадаад худалдаа импортын ажил эрхэлдэг ба хотын хүнсний дэлгүүрүүдээр түгээлт хийж хүнсний бараа нийлүүлдэг. Манай компанид Ө.Д гэдэг залуу 2021 оны 8 дугаар сард туслах ажилтнаар ажилд орж ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сард жинхлээд, жолоочийн ажилд шилжсэн. Тэгээд жолооч болон түгээгчийн хамт хоёулаа өөрсдийн хариуцсан чиглэлдээ хүнсний бараагаа түгээж, түгээсэн барааныхаа орлогыг бараа түгээгч хариуцан авч компанийн данс руу тоо ёсоор тушаадаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Ө.Дтай хамт ажиллаж байсан түгээгч өвчтэй байсан учир Ө.Д түгээлтээ давхар хариуцан өөрөө машинаа барьж, дэлгүүрүүдээр бараагаа түгээж орлогоо өөртөө авчихсан байсан ба компанид тушаагаагүй. Би яагаад тушаахгүй талаар асуухад “машинтайгаа явж байгаад хүн мөргөчихлөө, нэг цагдаагийн нэрийг бариад аргалж өгнө гэхээр нь 2.0 сая төгрөг өгчихлөө” гэж хэлсэн. Үлдсэн 400 гаран мянган төгрөгийг халааснаасаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай менежер Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраар Ө.Дг дагуулж явахад хэлсэн цагдаа нь байгаагүй. Сүүлд нь өөрөө үнэнээ хэлж, интернэтээр бооцоот тоглоом тоглож байгаад компанийн орлогыг алдсан талаар хэлсэн.
...2 өдрийн орлого 3.806.220 төгрөг цугларснаас 1.476.200 төгрөгийг нярав Гэрэлмаад тушаагаад, үлдсэн 2.330.000 төгрөгийг өөрөө хувьдаа завшсан гэж хэлсэн. Манайд учруулсан хохирлоос 500.000 төгрөгийг тушаасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал),
- гэрч Ө.Мөнхтуулын: “...Нийтдээ 3.806.220 төгрөг тушаах ёстой байснаас 1.476.220 төгрөгийг өгөөд, үлдэх 2.330.000 төгрөгийг хувьдаа хэрэглэж үрчихсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Мөн түүний бодогдсон цалингаас 306.562 төгрөгийг хасаж тооцоод, одоо манай компанид 1.523.438 төгрөгийг төлөх ёстой байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-20 дахь тал),
- “М.Т” ХХК, иргэн Ө.Д нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ”, Ажилчдын дэлгэрэнгүй анкет баримтууд (хэргийн 30-31, 32, 33 дахь тал) болон шүүгдэгч Ө.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 28 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ө.Д нь “М.Т” ХХК-д жолооч, түгээгчийн ажил эрхэлж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 35а байранд үйл ажиллагаа явуулдаг тус компанийн борлуулалтын орлогоос 2.330.000 төгрөгийг бэлнээр авч захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар тус тус маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ө.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Энэхүү гэмт хэргийн улмаас “М.Т” ХХК-ийн эд хөрөнгөд 2.330.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Ө.Д нь мөрдөн шалгах ажиллагааны болон хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.626.562 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг (хэргийн 12 дахь тал), Депозит дансны хуулга (хэргийн 67 дахь тал) баримтуудаар тус тус нотлогдсон, хохирлоос үлдэх 703.438 төгрөгийг шүүгдэгч нь 2022 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулахаа илэрхий тул шүүгдэгч Ө.Дгаас уг мөнгийг гаргуулж хохирогч “М.Т” ХХК-д /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урандогоод/ олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Д нь нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 50 дахь тал) тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Ө.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь хэргийн үйл баримтад маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг даруй хугацаанд нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтийн байдал болон орлого олох боломж зэргийг харгалзан, уг ялыг хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт Ө.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Ө-ийн Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Дд 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 08 /найм/ хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд Ө.Д-гаас 703.438 /долоон зуун гурван мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж, хохирогч “М.Т” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх тоотод оршин суух хаягтай, /РД:хххх/, Б овогт Г-ийн У-д олгосугай.
5. Энэ хэрэгт Ө.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД