Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/268

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            04           11                                        2022/ШЦТ/268                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж О овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 21100 0000 1116 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганболд нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

- Өвөрхангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Б-ийн А /РД: хххх/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь “контейнер зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Хархорин захаас Э.М-ийн интернэт банк ашиглан 4.000.000 төгрөг, мөн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс интернэт банк ашиглан 2.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 6.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Э.М-ийн ахтай нь цуг ажилладаг байсан. Би “Номин Холдинг” ХХК-д контейнер хариуцдаг ажилтай байсан, би агуулах хариуцсан ажил хийдэг байсан юм. Тухайн үед контейнер авч өгөх боломжтой гэж бодсон боловч хөл хорио тогтоосны улмаас авч өгөх боломжгүй болсон.

“Номин холдинг” ХХК-ийн цохигдсон, актлагдсан сэвтэй контейнерыг зардаг байсан. Би түүнийг хариуцсан ажилтан нь байсан учраас зарж болох байх гэж бодсон. Мөн манай нөхөр өвчтэй, дүү өвчтэй байсан учраас контейнер зарж дундаас нь эм, тарианы мөнгө олдог байсан юм.

Амьдралын эрхээр ийм хэрэг үйлдсэндээ харамсаж, гэм буруугаа хүлээж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Цаашид дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 0000 1116 дугаартай хэргээс:

 

1. Э.М-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсаргах баримт бичгүүд (хэргийн 05-07 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.М-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2020 онд сонгуулийн үеэр Ариунаа гэх эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй өөрийгөө “Номин Холдинг” ХХК-д хүний нөөцийн ажилтай гэж хэлсэн. Бид хоёр сонгуулийн нэг штабт ажилласан юм. Тэрнээс хойш холбоотой байж байгаад “контейнер зарна” гэхээр нь холбогдож уулзахад 40 тонн контейнерыг 4.300.000 төгрөгөөр зарна гэхээр нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4.000.000 төгрөгийг түүний өөрийнх нь өгсөн Н.Б гэх хүний Хаан банкин дахь 5072хххх56 тоот дансанд эхнэр С.Х-гийн данснаас шилжүүлсэн. Тохиролцоогоор бол контейнер хэд хоногийн дараа бэлэн болгож өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Үүнээс өмнө мөнгөний хэрэг гарлаа гээд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мөн 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан.

...Цагдаад өргөдөл гаргаснаас хойш 1.100.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Одоо үлдэх 4.900.000 төгрөгийг яаралтай барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12, 15 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Х-гийн гэрчээр өгсөн:

“...Манай нөхөр Э.М-э сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаад “Б.А гэх эмэгтэйгээс хямд 40 тонн контейнер авахаар боллоо, үнэ нь 4.000.000 төгрөг гэж байна, шилжүүлчих” гээд надад Н.Б гэх хүний дансыг өгөхөөр нь би Хар хорин зах дээрээс өөрийнхөө данснаас дээрх мөнгийг интернэт банкаар шилжүүлсэн. Бид гэр бүлийн хамтаар ахуйн бараа зардаг учир контейнер авч, бараа хадгалах зорилготой байсан ч контейнер нь бүтэхгүй болоод бидний асуудал үүссэн. Тэгэхэд манай нөхөр 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мөн өөрийнхөө данснаас нэмж 2.000.000 төгрөг шилжүүлчихсэн байсан. Үнэ нэмэгдээд 6.000.000 төгрөгөөр контейнер олдох болчихлоо гээд нэмж мөнгө авсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23 дахь тал),

 

4. Н овогтой Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь 5071хххх56 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 59, 69 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн:

“...Э.М бид хоёр 6 дугаар сараас эхлэн мэдэх болсон. ...Тэгээд надтай холбогдоод 40 тонны контейнер авах хүсэлттэй байгаагаа хэлэхээр нь би “4.500.000 төгрөгөөр контейнер олж өгье” гэхэд урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд манай нөхөр Н.Бы дансанд Э.М-ийн эхнэр С.Х-гийн данснаас мөнгийг шилжүүлсэн. Би Номингийн агуулахаас актлагдсан хямд контейнер олоод Мөнх-Эрдэнэд өгөх зорилготой байсан юм.

Учир нь би Номин Холдинг ХХК-д хангамжийн нярваар ажиллаж байгаад манай нөхөр хэвтэрт орсон учир үргэлжлүүлж ажиллаж чадахаа больсон. Намайг ажиллаж байх хугацаанд актлагдсан контейнер цөөнгүй гардаг байсан ба нэг бүрийн үнэ 2.500.000-2.800.000 төгрөг болдог юм. Гэтэл хил гааль хаалттай байснаас болж актлагдах контейнер ховордож, үнэ ч өссөн. Энэ шалтгаанаар би Э.М-эд контейнерыг авч өгч чадаагүй. Би түүнээс нийт 6.000.000 төгрөг авсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 31-32 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 72 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт (хэргийн 44 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 75-77, 80-85 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 96 дахь тал), шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол (хэргийн 130 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А нь “контейнер зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Хархорин захаас Э.М-ийн интернэт банк ашиглан 4.000.000 төгрөг, мөн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс интернэт банк ашиглан 2.000.000 төгрөг тус тус өөрийн нөхөр Н.Бы дансаар шилжүүлэн авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Э.М-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсаргах баримт бичгүүд (хэргийн 05-07 дахь тал),

- хохирогч Э.М-ийн: “...Би 2020 онд сонгуулийн үеэр Ариунаа гэх эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй өөрийгөө “Номин Холдинг” ХХК-д хүний нөөцийн ажилтай гэж хэлсэн. Бид хоёр сонгуулийн нэг штабт ажилласан юм. Тэрнээс хойш холбоотой байж байгаад “контейнер зарна” гэхээр нь холбогдож уулзахад 40 тонн контейнерыг 4.300.000 төгрөгөөр зарна гэхээр нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4.000.000 төгрөгийг түүний өөрийнх нь өгсөн Н.Б гэх хүний Хаан банкин дахь 5072хххх56 тоот дансанд эхнэр С.Х-гийн данснаас шилжүүлсэн. Тохиролцоогоор бол контейнер хэд хоногийн дараа бэлэн болгож өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Үүнээс өмнө мөнгөний хэрэг гарлаа гээд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мөн 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан.

...Цагдаад өргөдөл гаргаснаас хойш 1.100.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Одоо үлдэх 4.900.000 төгрөгийг яаралтай барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12, 15 дахь тал),

- гэрч С.Х-гийн: “...Манай нөхөр Э.М-э сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаад “Б.А гэх эмэгтэйгээс хямд 40 тонн контейнер авахаар боллоо, үнэ нь 4.000.000 төгрөг гэж байна, шилжүүлчих” гээд надад Н.Б гэх хүний дансыг өгөхөөр нь би Хар хорин зах дээрээс өөрийнхөө данснаас дээрх мөнгийг интернэт банкаар шилжүүлсэн. Бид гэр бүлийн хамтаар ахуйн бараа зардаг учир контейнер авч, бараа хадгалах зорилготой байсан ч контейнер нь бүтэхгүй болоод бидний асуудал үүссэн. Тэгэхэд манай нөхөр 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мөн өөрийнхөө данснаас нэмж 2.000.000 төгрөг шилжүүлчихсэн байсан. Үнэ нэмэгдээд 6.000.000 төгрөгөөр контейнер олдох болчихлоо гэж хэлээд мөнгө нэмж авсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23 дахь тал),

- Н овогтой Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь 5071хххх56 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 59, 69 дахь тал) болон шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 31-32 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Б.А-гийн хохирогч Э.М-эд өөрт байхгүй эд зүйл буюу “контейнер зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Хархорин захаас Э.М-ийн интернэт банк ашиглан 4.000.000 төгрөг, мөн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс интернэт банк ашиглан 2.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авах” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-г хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ийн эд хөрөнгөд 6.000.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч Э.М-ээс “хохирол бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хэргийн 86-89, 131-132 дахь тал) баримтуудаар нотлогдсон байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.       

 

Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 72 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар баримтууд (хэргийн 75-77, 80-85 дахь тал) тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. О овогт Б-ийн А-г хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б.А нь 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хохирогч Э.М-д нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД