Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/277

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            04           13                                        2022/ШЦТ/277                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О овогт Г-ийн Ш-т холбогдох эрүүгийн 21100 2235 0136 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Г.Ш, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөмөрийн уурхай” ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Г-ийн Ш /РД:хххх/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын орчим М.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “...зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Одоо хэргийн талаар нэмж мэдүүлэг өгөхгүй. Би тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 450 мл хэмжээтэй пиво хоёрыг уусан. Болсон үйл явдлыг санаж байна. Би Гантулгатай биш, түүний найзтай нь муудалцсан. Найз нь миний машин руу шээхээр нь би бууж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон учраас зодолдсон юм. Би түүнийг заамдаад 1-2 удаа цохисон.

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогчид хохирлыг төлнө, мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөх гэсэн боловч холбогдож чадаагүй. гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 2235 0136 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Г-ын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авто угаалгын газраа ажиллаж байгаад орой 23 цаг өнгөрч байхад гэр лүү найз Баярхүүгийн хамт явж байгаад машинаа гэрийн хажуугийн МТ шатахуун түгээх станцын зогсоол дээр тавьсан. Тэгээд машинд байсан Хараа нэртэй архийг Баярхүү ууна гэхээр нь бид хоёр машин дотор архинаас 2 хундага уугаад, Баярхүү бие засах гээд буугаад явсан ба буцаж суухгүй удаад байхаар нь араас нь буухад 3 залуутай муудалцаж байсан.

Би явж очоод юу болсныг асуухад манай найзыг машинтай ойр бие заслаа гэж уурласан юм шиг байна лээ. Тэгэхэд нэг гэзэгтэй залуу над руу дайраад миний нүд рүү цохиход нь би газар унасан. Тэгээд тэр 3 залуу намайг өшиглөөд байхаар нь би нэг залуугийнх нь хөлөөс нь зуураад хэсэг зууралдсан. Удалгүй Баярхүү бид нарыг салгаад, цагдаа нар ч ирсэн. Мөн манай эхнэр гараад ирсэн юм. Тэгээд намайг зүгээр зогсож байхад нөгөө гэзэгтэй залуу зүүн шанаа руу гараа цохисон.

...Би гомдолтой байна, эмчилгээний зардал болон ажилд яваагүй 9 хоногийн мөнгөө нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 10, 55 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Отгонхүүгийн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрийн хажууд байрлах МТ шатахуун түгээх станцын шороон зогсоол дээр ажлынхаа машинтай ирж тавьсан. Тэгээд төрсөн ах Отгон-Эрдэнэ болон эгчийн хүүхэд болох Ш нартай Ш-ын машинд суусан. Отгон-Эрдэнэ ахыг уурхайн ажлаас нь дуудсан гээд бид гурав нэг шил Баллантайс нэртэй виски ууж дуусгаад, дэлгүүр орж виски аваад яг задлаад сууж байхад миний ажлын машин руу 30-40 орчим насны намхан эрэгтэй хүн шээгээд байхаар нь “машинаас холдож булан руу очиж шээ л дээ” гэж шаардлага тавихад хэрүүл хийн хэл амаар доромжилж эхэлсэн.

Тухайн үед яг юу гэж хэлснийг мэдэхгүй байна, бид гурав буугаад нэлээн хэрэлдсэн. Тэгэхэд хамт явж байгаа найз нь юм шиг бололтой, нэг ах бууж ирээд “манай найз согтуу байна, ер нь болъё” гээд больцгоосон. Тэгээд машиндаа ирж суухад нөгөө шээдэг залуу Отгоо ахын нүүр лүү цохиод авахаар нь Шинээ бид хоёр очиж нүүр лүү нь цохисон. Эхэлж Шинээ цохиод, дараа нь би цохисон. ...Удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Баярхүүгийн гэрчээр өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 15-ны би 20 цагаас ажлаасаа тараад Алтай хотхоны хойд талын замаар яваад байдаг найз Гантулгын авто угаалгын газарт очиж ажилласан юм. Гантулга бид хоёр 22 цаг 30 минутын үед угаалгын газраа хаагаад харихаар явсан. Тухайн үед Гантулгын саарал өнгийн Т.Эстима маркийн машинтай яваад, гэртээ орохоос өмнө ганц юм уучихъя гээд нисэхийн байрны буудал дээр байдаг дэлгүүр ороод 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад, Буянт-Ухаа 1 хорооллын ертөнцийн зүгээр зүүн талд байдаг МТ шатахуун түгээх станцын хажуу талын шороон зогсоол дээр дэлгүүрээс авсан архи хувааж уусан. Архи талдаа орж байхад би бие засах гээд гарсан. Гадаа бие засаж байхад хойд талд зогсож байсан Т.Приус-20 маркийн автомашинаас нэг залуу бууж ирээд “яагаад бие засаад байгаа юм бэ” гэхээр нь би “за уучлаарай ахын дүү” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “уучлаад байх юм байхгүй, машин руу бие заслаа” гэхээр нь “танай машин аль юм бэ” гэхэд арай зайтай машин заасан.

Тэгэхэд Т.Приус-20 маркийн машинаас дахин 2 залуу бууж ирсэн ба манай найз Гантулга бууж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд өндөр, урт гэзэгтэй нэг залуу шууд ирээд Гантулгыг заамдаж аваад нүүр лүү нь цохиод авсан. Би боль гээд салгах гэхэд Гантулгыг газар унагаад тэр гурван залуу өшиглөж цохисон. Тэгээд зодоон дуусаж байхад цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19 дэх тал),

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11318 дугаартай:

1. М.Г-ын биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 23-24 дэх тал),

 

5. Хохирогч М.Г нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 56 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ш-ын яллагдагчаар өгсөн:

“...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 61-62 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 32 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 28 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 34 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ш-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын орчим М.Г-тай “машинд ойрхон бие заслаа” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч М.Г-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авто угаалгын газраа ажиллаж байгаад орой 23 цаг өнгөрч байхад гэр лүү найз Баярхүүгийн хамт явж байгаад машинаа гэрийн хажуугийн МТ шатахуун түгээх станцын зогсоол дээр тавьсан. Тэгээд машинд байсан Хараа нэртэй архийг Баярхүү ууна гэхээр нь бид хоёр машин дотор архинаас 2 хундага уугаад, Баярхүү бие засах гээд буугаад явсан ба буцаж суухгүй удаад байхаар нь араас нь буухад 3 залуутай муудалцаж байсан. Би явж очоод юу болсныг асуухад манай найзыг машинтай ойр бие заслаа гэж уурласан юм шиг байна лээ. Тэгэхэд нэг гэзэгтэй залуу над руу дайраад миний нүд рүү цохиход нь би газар унасан. Тэгэхэд тэр 3 залуу намайг өшиглөөд байхаар нь би нэг залуугийнх нь хөлөөс нь зуураад хэсэг зууралдсан. Удалгүй Баярхүү бид нарыг салгаад, цагдаа нар ч ирсэн. Мөн манай эхнэр гараад ирсэн юм. Тэгээд намайг зүгээр зогсож байхад нөгөө гэзэгтэй залуу зүүн шанаа руу гараа цохисон. ...Би гомдолтой байна, эмчилгээний зардал болон ажилд яваагүй 9 хоногийн мөнгөө нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 10, 55 дахь тал),

- гэрч Б.Отгонхүүгийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрийн хажууд байрлах МТ шатахуун түгээх станцын шороон зогсоол дээр ажлынхаа машинтай ирж тавьсан. Тэгээд төрсөн ах Отгон-Эрдэнэ болон эгчийн хүүхэд болох Ш нартай Шын машинд суусан. Отгон-Эрдэнэ ахыг уурхайн ажлаас нь дуудсан гээд бид гурав нэг шил Баллантайс нэртэй виски ууж дуусгаад, дэлгүүр орж виски аваад яг задлаад сууж байхад миний ажлын машин руу 30-40 орчим насны намхан эрэгтэй хүн шээгээд байхаар нь “машинаас холдож булан руу очиж шээ л дээ” гэж шаардлага тавихад хэрүүл хийн хэл амаар доромжилж эхэлсэн. Тухайн үед яг юу гэж хэлснийг мэдэхгүй байна, бид гурав буугаад нэлээн хэрэлдсэн. Тэгэхэд хамт явж байгаа найз нь юм шиг бололтой, нэг ах бууж ирээд “манай найз согтуу байна, ер нь болъё” гээд больцгоосон. Тэгээд машиндаа ирж суухад нөгөө шээдэг залуу Отгоо ахын нүүр лүү цохиод авахаар нь Шинээ бид хоёр очиж нүүр лүү нь цохисон. Эхэлж Шинээ цохиод, дараа нь би цохисон. ...Удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

- гэрч М.Баярхүүгийн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны би 20 цагаас ажлаасаа тараад Алтай хотхоны хойд талын замаар яваад байдаг найз Гантулгын авто угаалгын газарт очиж ажилласан юм. Гантулга бид хоёр 22 цаг 30 минутын үед угаалгын газраа хаагаад харихаар явсан. Тухайн үед Гантулгын саарал өнгийн Т.Эстима маркийн машинтай яваад, гэртээ орохоос өмнө ганц юм уучихъя гээд нисэхийн байрны буудал дээр байдаг дэлгүүр ороод 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад, Буянт-Ухаа 1 хорооллын ертөнцийн зүгээр зүүн талд байдаг МТ шатахуун түгээх станцын хажуу талын шороон зогсоол дээр дэлгүүрээс авсан архи хувааж уусан. Архи талдаа орж байхад би бие засах гээд гарсан. Гадаа бие засаж байхад хойд талд зогсож байсан Т.Приус-20 маркийн автомашинаас нэг залуу бууж ирээд “яагаад бие засаад байгаа юм бэ” гэхээр нь би “за уучлаарай ахын дүү” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “уучлаад байх юм байхгүй, машин руу бие заслаа” гэхээр нь “танай машин аль юм бэ” гэхэд арай зайтай машин заасан. Тэгэхэд Т.Приус-20 маркийн машинаас дахин 2 залуу бууж ирсэн ба манай найз Гантулга бууж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд өндөр, урт гэзэгтэй нэг залуу шууд ирээд Гантулгыг заамдаж аваад нүүр лүү нь цохиод авсан. Би боль гээд салгах гэхэд Гантулгыг газар унагаад тэр гурван залуу өшиглөж цохисон. Тэгээд зодоон дуусаж байхад цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11318 дугаартай:

1. М.Г-ын биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 23-24 дэх тал),

- хохирогч М.Г нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 56 дахь тал) болон шүүгдэгч Г.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 61-62 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч М.Г-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Ш түүний нүүр лүү гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Ш-ын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Г.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч М.Г-ын биед учирсан “...зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх, ...үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч М.Г нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Эмчилгээний мөнгө, мөн ажилгүй байсан 9 хоногийн цалинг нэхэмжилж байна.” хэмээн (хэргийн 10, 55 дахь тал) мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хохирогчоос бодитой гарсан эмчилгээний зардлын баримтыг хэргийн 56 дугаар талд хавсарган бэхжүүлснийг судлахад “Мед травма” эмнэлэгт толгой /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ дүрс оношилгоо хийлгэсний зардалд 130.000 төгрөг төлсөн тухай үзлэгийн хуудас, гүйлгээ хийсэн баримттай байх тул хохирогч М.Г-д нөхөн төлөгдөх хохирол, хор уршгийн баримттай дүн 130.000 төгрөгийг шүүгдэгч Г.Шаас гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй ба хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин болон бусад эмчилгээний зардалд хэрэгт баримт нотолгоо гаргаж өгөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Г- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Ш нь нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 28 дахь тал) тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Г.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Шт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт Г.Ш нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. О овогт Г-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ш-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт Г.Ш-аас 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хххх тоотод оршин суух, /РД:хххх/, О овогт М-ы Г-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Г- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Г.Ш нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД