Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 31

 

 

 

 

Б.Энхмэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2017/00322 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар –Ус багт оршин суух, Хулан Цувдаг овогтой Батдэлгэрийн Энх мэндийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Б.Энхмэнд нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгт 2005 оноос эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 21 хүртэл ажиллах хугацаанд 11 жил сахиулын албыг хашсан. 2017 оны 03 дугаар сараас тус цэцэрлэгийн эрхлэгч М.Цагаанцоож нь миний хувийн эзэмшлийн газрыг цэцэрлэгийн газар хэмээн эзэрхийлж дарамт шахалт байнга үзүүлж байсан бөгөөд уг асуудлыг сумын ИТХ-аар авч хэлэлцээд хувийн эзэмшлийн газар мөн гэж шийдвэр гаргасан байдаг. Газрын гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Газрын асуудлаас болж бидний дунд хагарал үүссэн ба ажлын хариуцлага алдсан зүйл гаргаагүй байхад эрхлэгч М.Цагаанцоож нь ажил үүргээ гүйцэтгэж байсан намайг эрх мэдлээр далайлган ёс зүйгүй авирлаж халагдах өргөдлөө бич гэсэн эрхлэгчийн үйлдлийг миний хувьд тэвчихгүй. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй хамт олон ч үүнийг мэднэ. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Ажил олгогч нь ажлаас намайг халах талаар надад мэдэгдээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэнэт халагдсан тушаалаа ирж ав гэсэн. Иймд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн  хариу тайлбар: Б.Энхмэнд нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот тушаалаар томилогдсоноос эхлээд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цэцэрлэгт сахиулаар ажиллаж байсан. Миний бие нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд олон жил нэр төртэй ажиллаж байна. Б.Энхмэнд нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд цэцэрлэгийн гал тогооны өрөөнд хамт цай ууж сууж байгаад намайг зүй бусаар авирлан хэл амаар доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй зан авир гаргасан. Мөн чамтай хамт ажиллахгүй хэмээн албан байгууллагын түлхүүрийг ширээн дээр шидчихээд гарснаас хойш 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал буюу 14 хоног ажилдаа ирээгүй. Б.Энхмэндийг ажилдаа ирэх байх гээд 7 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь сумын Иргэдийн төлөөлөгчдын хуралд албан бичиг хүргүүлж байсан. Ингээд 14 хоног ажилдаа ирэхгүй, байгууллагын ажил цалгардаж эхэлсэн учраас ажлаас чөлөөлсөн. Б.Энхмэнд нь Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д заасан заалтуудыг зөрчсөн учраас ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2017/00322 дугаар шийдвэрээр:” 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Энхмэндийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхмэндэд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 463 754 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгээс гаргуулан олгосугай. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 1 463 754 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгт даалгасугай. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, 1463754 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 38370 төгрөг нийт 108570 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй, цуглуулаагүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Учир нь хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлохоор хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал,  ирцийн бүртгэл, Цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт гарган өгсөн.

Эдгээр нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхгүйгээр хаиуцагчийн нотлох баримт гаргаж өгөөгүй гэж буруутган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

 Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, эсхүл хэрэгт хамааралгүй гэж үзсэн бол энэ талаар үндэслэлээ шийдвэртээ дурдалгүй орхигдуулсан. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл, уг тушаал гаргах ажиллагааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохыг нотолсон баримтуудыг үнэлэхгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Энхмэнд нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хуанлийн 14 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан нь цэцэрлэгийн ажилчдын цагийн бүртгэлээр нотлогддог.

Уг үйл баримттай нэхэмжлэгч маргадаггүй, харин ч хүлээн зөвшөөрдөг.

 

Байгууллагын эд хөрөнгийг хариуцан хамгаалдаг, аюулгүй байдлыг сахиулдаг ажилтны тухайд хоёроос дээш өдөр ажил таслах нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Энхмэндийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны  04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг хариуцагч Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид  холбогдуулан гаргажээ.  (хх-ийн 1 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч “Энхмэнд нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс  эхлэн хуанлийн 14 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын “ноцтой зөрчил”  гаргасан  нь цэцэрлэгийн ажилчдын цагийн бүртгэлээр нотлогдсон байхад  анхан шатны шүүх  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж” маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  гэж  давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.7-г   үндэслэн  “сахиул  Б.Энхмэндийг  2017 оны 04 дүгээр сарын 07-ны 15 цаг 32 минутаас хойш хуанлийн 14  өдрийн  ажил тасалсан”  гэх үндэслэлээр  үүрэгт ажлаас нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн чөлөөлжээ. (хх- ийн11 дүгээр тал)

Ажил олгогч ажилтан нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний  өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “ажилчны албан тушаалын нэр” гэдэгт “сахиул” гэж, “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэл” гэх хэсгийн 7.2.7-д “Урьдчилан мэдэгдэлгүйгээр 2-оос дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж уг гэрээний 7.2.-т Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар талууд тохиролцжээ. (хх- ийн 6,32 дугаар  тал)

Б.Энхмэндийг 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгт сахиулаар ажилд авсан болох нь тус Цэцэрлэгийн эрхлэгчийн 2005 оны  05 дугаар тушаалаар тогтоогдож байна. (хх- ийн 12 дугаар  тал) Хэргийн 9 дүгээр талд   Б.Энхмэндийн Нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгт сахиулын ажилд томилж, сахиулын ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэжээ.

Хариуцагч тал Б.Энхмэнд нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны 15 цаг 32 минутаас хойш хуанлийн 14  өдрийн  ажил тасалж,  Хөдөлмөрийн  гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.7-д   заасан “ноцтой зөрчил” гаргасан тул Хөдөлмөрийн тухай  хуулийн 40 дүгээр  зүйлийн  40.1.4-т зааснаар түүнийг ажил олгогчийн санаачилгаар сахиулын ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн  үндэслэлтэй гэж тайлбарлажээ. (хх- ийн 26-28 дугаар  тал)

Нэхэмжлэгч нь газрын асуудлаас болж цэцэрлэгийн эрхэлэгч бид нарын дунд  хагарал үүссэн ба ажлын хариуцлага алдаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, ажил олгогч ажлаас намайг халах талаар надад мэдэгдээгүй гэж тайлбарласан байна. (хх- ийн 19 дүгээр  тал)  Ажилтан нь 14 хоног ажил тасалсан талаараа маргахгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж  2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ажилтныг “ажлаас чөлөөлөх” тухай Б/04      дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний  өдөр ажилтантай  байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээний хавсралт, 2017 оны  04 дүгээр сарын ажлын цаг ашиглалтын бүртгэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. Дээрх баримтуудаас цаг ашиглалтын бүртгэлийн 5 дугаарт 04 дүгээр сарын 8-24-ний өдөр хүртэл сахиул Б.Энхмэндийн ажилласан байдал бүртгэгдээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.”Ноцтой зөрчил” гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардах юм.

Хэрэгт авагдсан ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг нягтлан үзвэл гэрээний 7.2.-т Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцжээ.Уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.7-д “Урьдчилан мэдэгдэлгүйгээр 2-оос дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” тохиолдолд уг зөрчлийг “ноцтой зөрчил” байхаар  гэрээндээ нэрлэн зааж энэ тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар  ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах үндэслэл байхаар тусгажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар  ажилтан Б.Энхмэнд нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны 15 цаг 32 минутаас хойш хуанлийн 14  өдрийн  ажил тасалж, Хөдөлмөрийн  гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.7-д нэрлэн заасан “ноцтой зөрчил” гаргасан  нь тогтоогдсон байх ба түүнийг  чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4.-т  заасан шаардлагад  нийцсэн байна.

Дээрх хуульд зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал ажил олгогчийн санаачилгаар хийгдэж байгаа ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн үйл ажиллагаа, эрх хэмжээг хуулиар тогтоосныг   үгүйсгэх үндэслэл болгож болохгүй ба анхан шатны шүүх энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийг   буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1,40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэх үүргийг хүлээхээр зохицуулжээ.  Харин Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд дээрх хуульд заасан үүргийг ажил олгогч хүлээгээгүй байна.Ажилтны тайлбарласнаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа ажилтан мэдэгдээгүй гэж ажил олгогчийг буруутгах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2017/00322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Энхмэндийн “хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

 

Н.ТУЯА