Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 007/2013/0000/З |
Дугаар | 221/МА2014/0080 |
Огноо | 2014-02-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2014/0080
2014 оны 02 дугаар сарын 13 өдөр дугаар 80 Улаанбаатар хот
Д а Д с А н х б с и Т Х д А намын бүлгийн
ахлагч А.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, гуравдагч этгээд Г.С, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Д а Д с А н х б с и Т Х д А намын бүлгийн ахлагч А.Б-ийн нэхэмжлэлтэй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг зөрчиж Г.С-г 10 төлөөлөгчид хуралдаж даргаараа сонгосон. Мөн "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах, шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журам"-ын 4, 5 дугаар заалтыг зөрчсөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгохдоо зохион байгуулалтын асуудал хэлэлцэх тухай Ардчилсан намын бүлэгт мэдэгдэл өгөлгүй МАН-ын төлөөлөгчид өөрсдөдөө ашигтайгаар шийдвэрлэсэн тул Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Уг хуралдаанд 21 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч оролцож, 71.4%-ийн ирцтэй хурал эхэлсэн. Хурлын даргыг сонгох үед АН-ын төлөөлөл 3, бие даагч 1, МАН-ын төлөөлөл 7 хүн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намын төлөөлөл бүгд байсан. Хурлын дарга Т.О-ын хагас жилийн ажлын тайланг өөрөө болон хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонх нь "Хангалтгүй” гэж дүгнэснээс үүдэн зохион байгуулалтын асуудал хэлэлцэх шаардлага гарсан. Төлөөлөгчид хурлыг орхин гарсан тул төрийн албаны тасралтгүй байх зарчмыг үндэслэн хуралдааныг үргэлжлүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.9-г үндэслэн шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хурлын даргын ажлыг хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын саналаар хангалтгүй гэж дүгнэсэн. Иймээс төрийн алба тасралтгүй байх зарчмын дагуу дараагийн даргыг сонгох болсон. Энэ үед бүх субъектүүдээс төлөөлөл байсан. Хурал хуулийн дагуу явагдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэжээ.
Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д а Д с А намын хороо болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч А.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай" 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “...1. Нэхэмжлэгч Даланжаргалан сумын АН-ын бүлгийн ахлагч А.Б Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "Сумын ИТХ-д асуудал оруулах, шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын" 4.5 дугаар заалтыг зөрчсөн нь 08/03 тогтоол хууль бус гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл ийм заалт уг журамд байхгүй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь процессын алдаа гаргасан.
4. Хариуцагч МАН-ын төлөөлөгчид өөрсдөдөө ашигтайгаар шийдвэрлэсэн гэсэн
нь үндэслэлгүй, 08/03 тогтоолыг хэлэлцэн батлахад 71,4%-ийн ирцтэй, АН-ын төлөөлөл 5, бие даагч 1, бусад нь МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчид оролцсоныг шүүх бодит байдалд буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Бид намчирхаагүй зөвхөн сумын ард иргэдээс сонгогдсон. Иймд төрийн албыг гацааж болохгүй, тухайн үе нь маш эгзэгтэй өвлийн улирал, төсөв төлөвлөгөө хэлэлцэн батлах, орон нутгийн чухал асуудлуудыг шийдвэрлэх зэргийг шүүх анхаараагүй .
5. Шүүхийн "Хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй" ажээ гэж дүгнэсэн нь тухайн нөхцөлд нийцэхгүй байна. АН-ын бүлгийн дарга нь хурлаа хаяад гараад явсан нь эсрэг" саналтай байгааг илэрхийлэн шүүх АН-аас 2 байсан гэж нь буруу, 5 төлөөлөгч оролцсон байгаа.
Шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.1 заасныг зөрчжээ гэсэн нь буруу дүгнэсэн ИТХ-ын даргын ажлыг хэлэлцэн "хангалтгүй" дүн өгсөн. Дарга хурлаа хаяад явсан, даргагүй байж болохгүй нөхцөл үүссэнийг шүүх үнэлж, дүгнэсэнгүй нь өрөөсгөл байна.
Шүүхийн АН-ын бүлгийн ахлагч, төлөөлөгч Ө.О нар нь " Хурлын даргыг шинээр сонгох тухай" асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцэх болсныг мэдээгүй бөгөөд энэхүү зохион байгуулалтын асуудалтай хамааралгүйгээр 8-р хуралдааныг орхиж гарсан байхад тэднийг" хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хуралдааныг орхиж гарсан гэж үзэж эсрэг санал өгсөнд тооцсон нь үндэслэлгүй байна гэсэн нь хууль зүйд нийцэхгүй байна. Нэр бүхий төлөөлөгчид хурлын ямар ч асуудал хэлэлцэж байх үед тэр тусмаа орон нутгийн удирдлагын ажлын тайлан сонсох эгзэгтэй үед хуралдааныг орхин гарах учиргүй гэж үзэж байна.
Иймд АН-ын бүлгээс ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хууль ёсны эрхийг зөрчөөгүй бөгөөд тэд сумын ИТХ-ыг үл хүндэтгэсэн байхад шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн 2013 оны 12-р сарын 09-ны 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Наймдугаар хуралдаанд 21 төлөөлөгчөөс 15 нь оролцон 71,4 хувийн ирцтэйгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д заасан төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирж хурлыг эхэлсэн боловч хуралдааны явцад зарим төлөөлөгч хурлыг орхин гарч 13 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлж, хурлын даргын 2013 оны хагас жилийн ажлын тайланг хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар “хангалтгүй” гэж дүгнэж, улмаар Д.О-ыг хурлын даргаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Үүний дараа хурлын даргыг шинээр сонгох асуудлыг шууд хэлэлцэж 10 төлөөлөгч оролцсоноос, 1 төлөөлөгч татгалзсан, хурлыг орхин гарсан 5 төлөөлөгчийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д заасны дагуу эсрэг санал өгсөнд тооцон, 9 төлөөлөгч дэмжсэнийг олонхын санал авсан гэж үзэн Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Г.С-г хурлын даргаар сонгож, 08/03 дугаар тогтоол гаргажээ.
Маргаан бүхий тогтоолыг гаргахдаа иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэлэлцэх асуудалд товлогдоогүй, хурлын төлөөлөгчдөд урьдчилан тараагдаагүй асуудлыг хэлэлцсэн, Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 /Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй/, мөн тус хурлаас баталсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах, өргөн мэдүүлэх журам” -ын Дөрвийн 5-д /Хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөл нь төлөөлөгч, тэргүүлэгчдэд нэгээс доошгүй хоногийн өмнө урьдчилан танилцуулагдах/, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд баримтлах хуралдааны дэгийн 5 /Хуралдаанаар хэлэлцэх асуудал...төлөөлөгчдөд нэг өдрийн өмнө тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй/ дахь заалтуудыг зөрчсөн нь тус хурлын Наймдугаар хуралдааныг товыг тогтоосон 40 дүгээр тогтоол, хуралдааны урилга, тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх байдлаар хууль болон тогтоосон дэгээ зөрчиж, асуудлыг хэлэлцсэн тохиолдолд Хурлын даргыг сонгох үед хуралдаанд Ардчилсан намын төлөөлөгчид оролцсон, өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх боломжтой байсан эсэхээс үл хамааран иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль бус болох тул хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН Ц.ЦОГТ
Б.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР