Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            04           13                                       2022/ШЦТ/278                                 

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б овогт Т-ийн Б-д холбогдох эрүүгийн 21100 1408 0680 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, модны үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 1, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- мөн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн,

- мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 03 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэснийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцсон, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Т-ийн Б /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны шөнө Хххх тоотод найз охин Б.С-ийг бусадтай хардаж, улмаар оршин суух гэрийнх нь хаяанд нь хувцсыг нь шатаах зорилгоор гал тавьсны улмаас монгол гэрийн хаяа хэсэг шатаж, Б.Эт 545.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Одоо хэргийн талаар нэмж хэлэх зүйл байхгүй. Би урьд С-тэй 3 сарын хугацаанд хамт амьдарсан. Бид хоёр маргалдахад намайг хэл амаар доромжлоод, “тайранхай хөлт” гэж хэлэхээр нь уурлаад гал тавьсан. Үүнээс гарч болох үр дагаврыг ойлгосон.

Одоо би ганцаараа амьдарч байгаа ба манай ээжийн бие муу байгаа учраас хэргээ шийдвэрлүүлээд ажлаасаа чөлөө авч, ээж рүүгээ явна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. Ажлаа хийж ээжийгээ асарна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 1408 0680 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ын хохирогчоор өгсөн:

“...Би хххх тоотод эхнэр, хүүхдийн хамт байшинд амьдардаг юм. Тухайн тоот хашаанд манай ээж Лхамянжмаа, аав Амраа нар гэрт амьдардаг. Мөн манай ээжийн дүү Батбаатар нь эхнэр хүүхэдтэйгээ гэрт амьдардаг. 2021 оны 6 дугаар сард би өөрийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг хашаандаа аав ээж хоёртоо барьж өгсөн. 2021 оны 4 дүгээр сард манай төрсөн дүү С Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас хотод ажил хийхээр ирсэн ба удалгүй түүний найз залуу Б гэдэг залуу хотод ирсэн.

Тухайн үед С манай гэрт амьдардаг байсан. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өглөө ажилдаа 08:00 цагийн орчимд яваад ажил дээрээ байж байхад манай хөрш айлын ах 22:00 цагийн үед “танай гэр шатаад байна” гэж хэлсэн. Би яараад гэртээ ирэхэд миний аав, ээж хоёртоо барьж өгсөн 5 ханатай монгол гэр баруун хаяанаасаа шатаж байсан. Тэгээд би савтай ус аваад цацаж унтраасан юм. 545.400 төгрөгийн хохирол учирсан.

...Надад ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй, хохирлоо барагдуулаад авчихсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 35, 112 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Лхамянжмаагийн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хайрт хан амралтын газар ажиллаж байсан. Өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 08-ны өглөө охин Отгонжаргал залгаад “ээжээ, танай гэрийн баруун талын хаяанаас хүн гал тавиад зугтчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би өглөө гэртээ ирэхэд манай гэрийн баруун урд талын хаяанаас дээш шатсан байдалтай байсан. Би Хайрт хан амралтад ажиллаж байгаа болохоор С гэрт ганцаараа амьдарч байсан. Манай охин С-тэй үерхдэг Б гэх залууг сэжиглэж байна. Манай охиныг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд дарамтлаад байхаар нь би охиноо хотод авч ирэхэд араас нь дагаад ирчихсэн байсан. Миний гал голомтыг шатаачихсанд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),

 

3. Гэр шатсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 21 дэх тал),

 

4. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ХУ2-21-318 дугаартай: 

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээгээр нийт 545.400 /таван зуун дөчин таван мянга дөрвөн зуу/ төгрөг.” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 18-20 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б-н яллагдагчаар өгсөн:

...Би ял сонсгож, яллагдагчаар татаж байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Стэй хувийн шалтгаанаар муудаад, гэрийнх нь гадаа ирэхэд хувцсыг нь шатаагаад гараад ирсэн юм. Тэгээд гэртээ унтаж байсан чинь С аав ээжтэйгээ хамт ирээд, намайг ална гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Би гэрийг нь шатаана гэж бодоогүй. Уур хүрээд Сийн хувцсыг шатаачихсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 53-54, 109-110 дахь тал) болон урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 28 дахь тал), Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар (хэргийн 60-67, 68-72, 125-140 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Бйн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны шөнө Хххх тоотод найз охин Б.С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар оршин суух гэрийнх нь хаяанд нь хувцсыг нь шатаах зорилгоор гал тавьсны улмаас монгол гэрийн хаяа хэсэг шатаж, Б.Эт 545.400 /таван зуун дөчин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Б.Эын: “...Би Хххх тоотод эхнэр, хүүхдийн хамт байшинд амьдардаг юм. Тухайн тоот хашаанд манай ээж Лхамянжмаа, аав Амраа нар гэрт амьдардаг. Мөн манай ээжийн дүү Батбаатар нь эхнэр хүүхэдтэйгээ гэрт амьдардаг. 2021 оны 6 дугаар сард би өөрийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг хашаандаа аав ээж хоёртоо барьж өгсөн. 2021 оны 4 дүгээр сард манай төрсөн дүү С Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас хотод ажил хийхээр ирсэн ба удалгүй түүний найз залуу Б гэдэг залуу хотод ирсэн. Тухайн үед С манай гэрт амьдардаг байсан. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өглөө ажилдаа 08:00 цагийн орчимд яваад ажил дээрээ байж байхад манай хөрш айлын ах 22:00 цагийн үед “танай гэр шатаад байна” гэж хэлсэн. Би яараад гэртээ ирэхэд миний аав, ээж хоёртоо барьж өгсөн 5 ханатай монгол гэр баруун хаяанаасаа шатаж байсан. Тэгээд би савтай ус аваад цацаж унтраасан юм. 545.400 төгрөгийн хохирол учирсан. ...Надад ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй, хохирлоо барагдуулаад авчихсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 35, 112 дахь тал),

- гэрч Г.Лхамянжмаагийн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хайрт-хан амралтын газар ажиллаж байсан. Өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 08-ны өглөө охин Отгонжаргал залгаад “ээжээ, танай гэрийн баруун талын хаяанаас хүн гал тавиад зугтчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би өглөө гэртээ ирэхэд манай гэрийн баруун урд талын хаяанаас дээш шатсан байдалтай байсан. Би Хайрт хан амралтад ажиллаж байгаа болохоор С гэрт ганцаараа амьдарч байсан. Манай охин Стэй үерхдэг Б гэх залууг сэжиглэж байна. Манай охиныг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд дарамтлаад байхаар нь би охиноо хотод авч ирэхэд араас нь дагаад ирчихсэн байсан. Миний гал голомтыг шатаачихсанд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),

- гэр шатсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 21 дэх тал),

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ХУ2-21-318 дугаартай: 

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээгээр нийт 545.400 /таван зуун дөчин таван мянга дөрвөн зуу/ төгрөг.” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 18-20 дахь тал) болон шүүгдэгч Т.Бас  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “эд хөрөнгө гэмтээх” гэж ойлгох ба тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.  

 

Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна. 

 

Хэрэг гарсан 2021 оны 7 дугаар сарын 07-ны шөнө Т.Б нь Хххх тоотод найз охин гэх Б.С-тэй таарамжгүй харилцаатай байсан нөхцөл байдлаа далимдуулан түүний оршин суух гэрийнх нь гадна хаяанд нь хувцсыг нь шатаах зорилгоор гал тавьж, улмаар хохирогч Б.Эын монгол гэрийн хаяа хэсэг шатсанаас түүний эд хөрөнгөд 545.400 /таван зуун дөчин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учируулсан үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Бйн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Эын эзэмшлийн монгол гэрийн хаяа хэсэг шатсанаас үүссэн эд хөрөнгийн хохирлын үнэлгээг нийт 545.400 төгрөг гэж тогтоосон дүгнэлтийг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн, нөгөөтээгүүр уг үнэлгээний тайлан дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар хэргийн оролцогч талуудаас гомдол гаргаагүй байна. 

 

Иймээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон “545.400 төгрөг” гэж тодорхойлон тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарах юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тухайлан зааж зохицуулсан байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Бйг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 545.400 /таван зуун дөчин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.      

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. 

 

Хэргийн хохирогч Б.Э нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “......Надад ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй, хохирлоо барагдуулаад авчихсан байгаа.” хэмээн хохирогчоор өгсөн мэдүүлэг (хэргийн 112 дахь тал) болон хэрэгт бичгээр гаргасан хүсэлтэд (хэргийн 93 дахь тал) илэрхийлсэн баримттай байна.

Иймээс шүүгдэгч Т.Бйн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Т.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 28 дахь тал), шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 60-67, 68-72, 125-140 дэх тал) тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан зэрэг нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж шийдвэрлэв.         

 

Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т-ийн Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Э-т 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.  

 

5. Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД