Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/302

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          04           20                                      2022/ШЦТ/302                             

                                                                                                                     

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т овогт Х-ын М-д холбогдох эрүүгийн 22100 0000 0257 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч О.Доржмаа, хохирогч Н.А, шүүгдэгч Х.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зэвсэгт хүчний 150-р ангид харуулын тасагт харуулчнаар ажиллаж байсан гэх, ам бүл 2, эмээгийн хамт хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Х-ын М /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.М нь 2022 оны 02 дугаар сарын 05, 16, 17-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны 78 тоот гэртээ хамтран амьдрагч Н.Атай маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь “...зүүн хацар яс, баруун гайморын хөндийн дотор хана, баруун нүдний ухархайн дотор ханын хугарлууд, тархи доргилт, дээд уруулын шарх, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, зүүн шуу, зүүн дал, хэвлий, зүүн өвдөгний цус хуралтууд, зүүн чигчий хурууны зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Х.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Х.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 02 дугаар сарын 05-ны Н.А бид хоёр уулзсан. Хохирогчийн мэдүүлэг үнэн зөв. Би А-ыг өмнө нь зодож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийн ял авч байсан. Харин Н.А-ын хүүхдийнх нь мэдүүлэгт өмнө гарын яс нь хугарсан гэж амны зоргоор ярьсан байна. Би Н.Аыг байнга зоддог байсан бол 3 жилийн хугацаанд надтай уулзахгүй байх байсан. Би гэм буруугаа үнэнээр нь хүлээн зөвшөөрч байна. Өдий насны залуу өөрийнхөө ээж шиг эмэгтэйг хайрлаж авч явж чадаагүй миний буруу. Өнгөрсөн 2 сарын хугацаа надад там шиг байлаа. Би хохиролд нийт 210.000 төгрөг төлсөн. Цаашид эмчилгээний зардал гарч нэхэмжилбэл би төлнө. гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Н.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Х.М-тай уулзаж, намайг зодсон. Би өөрийнхөө гар утсан дээрээ нэг дугаарыг блоклосон байсан. Тэр дугаарыг олж хараад намайг тэр залуутай хардсан. Би тэр дугаарыг устгасан байсан боловч утасны хогийн саванд орсон байсныг нь мэдээгүй. Гэмт хэргээс болж миний хавирга хугарч, нүүрний яс цөмөрсөн. Нарийн гоо сайхны хагалгаанд орох гэсэн боловч яс хатуужсан байна. Хагалгаа хийх боломжгүй гэж хэлсэн. Ихэвчлэн яс хугарсан. Гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөрийн баримт байхгүй. Нүүрний гоо сайхныг янзлуулмаар байна. Уруулдаа 6 оёдол тавиулсан тул нүүрний хэлбэр алдагдсан. Тэр гажигийг янзлуулмаар байна. Хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. Би М-аас баримттай гарсан эмчилгээний зардалд 210.000 төгрөгийг хүлээн авсан.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 0000 0257 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А-ын хохирогчоор өгсөн:

“...Би Х.М гэх өөрөөсөө 21 насаар дүү залуутай 2018 оны 7 дугаар сард ургийн баярын арга хэмжээн дээр танилцсан. 2018 оны 11 дүгээр сараас хойш эхлэн бид дотно харилцаатай болж, бие биедээ хайртай болсон юм. Тэгээд өнөөдрийг хүртэл бид ирэн очин уулзаж учирсаар байгаа ба бид хоёр битүүний урд өдөр тэднийд уулзсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр уулзахаар тохирч, би тэдний гэрт очсон. Х.М эмээтэйгээ байдаг болохоор би эмээтэй нь золгоод тэднийд хоносон. Тэр орой Х.М бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгж байхад манай аав Нацагдорж, нагац ах Эрдэнэбаатар нар над руу залгаж ярихад Х.М “яахаараа энэ хүмүүс чам руу орой болсон хойно залгадаг юм” гэж уурлаад миний нүүр лүү цохисон. Тэгээд тайвшраад дахиж зодоогүй ч намайг унтаад сэрэхэд миний нүүр маш ихээр хөхөрсөн байсан. Өглөө нь Х.М “аавтайгаа уул тахина” гээд гараад явсан хойно би гэрээс нь гарч зугтаад, найзынхаа гэрт очиж 2 хоноод нүүрээ гайгүй болохоор нь хүүхдүүд дээрээ очихоор шийдсэн. Гэтэл Х.М залгаж уучлал гуйгаад 2 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 08-ны өдөр Багшийн дээд дээр уулзаад, тэдний 120 мянгатад байх 18-78 тоот гэрт нь ирсэн ба гэрт эмээ н.Янжмаа ганцаараа байсан. Тэгээд тэднийд хэд хоноход миний нүүрний хөхрөлт багассан.

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Х.М ажлаас ирэхэд нь бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгж суухад тэр миний утсан дахь блоклосон утасны дугааруудыг гаргаж ирээд “энэ хэний дугаар юм бэ” гэх мэтээр асууж хоргоогоод, бас л хэрүүл үүсэж миний зүүн нүд рүү 1-2 удаа цохисон. Тэгээд миний зүүн нүд хавдчихсан байсан.

2022 оны 02 дугаар сарын 17-ны өглөө босоод байж байхад Х.М архи авчирч уучхаад унтсан, би тэрнээс нь 3 татсан. Тэгэхэд надаас хэрүүл гуйж харааж байгаад унтсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар төрсөн дүү Ариунтуяа руу “Х.М-д зодуулчихлаа, намайг хурдан ирж аваарай” гээд хаягаа бичээд явуулсан. Тэгж байхад Х.М сэрээд эмээгээ архинд явуулсан. Эмээ нь гараад явчихсан байхад орой 22 цагийн үед намайг дахин зодож эхэлсэн.

Бас л блоклосон дугаар ярьж, чи намайг хуурч өөр хүнтэй уулзсан байна гэж газар унагаагаад дэвсээд, дээрээс дарж нүүр нүдгүй цохиж өшиглөсөн. Тэгэхэд миний утсанд мессеж ирсэн ба Х.М харчхаад “чи дүү рүүгээ ийм мессеж бичсэн байна” гээд байсан. Би уг нь устгасан гэж бодоход хогийн саванд нь байсан юм байна лээ. Яг тэр үед хэн нэгэн хаалгыг зөөлхөн тогшсон ба Х.М эмээгээ дэлгүүрт байгаа гэж бодсон бололтой утас руу нь залгаад “та хаана байна вэ, үүдэнд хүмүүс ирсэн байна, та битгий ирээрэй” гэж хэлсэн. Тэр хооронд нь би гялс гүйгээд хаалга онгойлгох гэхэд араас гүйж ирж барьж аваад гал тогооны өрөөнд оруулаад “дуу гаргаж болохгүй шүү” гээд намайг хөдөлгөөгүй. Удалгүй 5 минутын дараа буюу 22:30 цагийн үед гэрийн хаалгыг эмээ нь онгойлгоод, Х.М-ы аав н.Хатанбаатар, ээж н.Үүрийнцолмон болон манай хүү А.Энхболд, А.Энхбат нар эхнэрүүдтэйгээ ороод ирсэн. Тэгээд намайг харсан хүн болгон “арай ч дээ” гэж дуу алдсан. Тэгэхэд Х.М манай хоёр хүүгийн өмнөөс гантель бариад дайрсан ба би айгаад коридорт гарахад Х.Мы ээж над руу элдвээр хэлж дайраад, гэрт пижигнэлдээд байсан. Удалгүй цагдаа ирж Х.Мыг барьж, хэлтэс рүү авч явсан.

...Би хэргийг хуулийн дагуу шийдүүлмээр байна. Би өмнө нь зодуулчихаад “гомдолгүй” гэж хэлдэг байсан. Одоо салах бодолтой байна. Х.Маас эмчилгээнд гарах зардлыг гаргуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17-19, 21 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Янжмаагийн гэрчээр өгсөн:

“...Миний зээ хүү Х.М өөрөөсөө 20 гаруй насаар эгч Н.А гэх хүүхэнтэй холбогдоод 2-3 жил болж байна. Би болоод аав, ээж нь маш дургүй. Гэр бүлийн хурал хүртэл хийгээд дахин уулзахгүй гэснээ уулзсаар л байсан. Би сүүлийн 7-8 хоног Амгаланд байдаг үеэл дүү Наранцэцэгийн гэрт байж байгаад гэртээ уржигдар ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай гэрт А- ирчихсэн, М-тай хамт байсан. Тэр орой бид гурав хамт хоноцгоосон. Би өчигдөр өглөө охин Үүрийнцолмонгийн гэрт очиж, хүүхдийг нь харж байгаад гэртээ ирэхэд М-, А- хоёр гэрт сууж л байсан.

Архи уусан бололтой, А, М-д “дахин 100 граммыг авчих л даа, яадаг юм бэ” гээд шахаад байх шиг байсан. Тэгээд би удаагүй буцаад гарсан. Зээгээ хичээлээс нь аваад гэрт нь хүргэж өгчихөөд буцаад 21-22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалган дээр хүргэн Хатанбаатар, охин Үүрийнцолмон, А-ын хүү Энхболд, Энхбат нар эхнэрүүдтэйгээ ирчихсэн байсан. Би юу болоод байгааг ч мэдээгүй.

Тэгээд би хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ороход тэд надтай хамт манай гэрт яваад орсон ба А-ын хоёр хүү нь шууд М-ыг барьж аваад цохиж зодоод эхэлсэн. Аав Хатанбаатар бас хүү М-ыг загнасан. А- нүүр ам нь хавдсан юм шиг гадаа үүдэнд зогсож байсан ба М-ы ээж А-ыг “хөгшин гичий, зайл, хүүхдийн толгой эргүүлж бузарлаад” гэж элдвээр хэлж загнасан. Тэгж байхад цагдаа нар орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29-30 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Энхболдын гэрчээр өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 17-ны орой 00 цагийн орчим манай төрсөн дүү Энхбат над руу залгаад “ээжийг М- зодоод байгаа юм байна” гэж хэлсэн. Ээж өөрөө төрсөн дүү Ариунчимэг рүү 91150621 дугаарын утсаараа “намайг ирж аваач, би үхтэл ээ зодуулсан, битгий залгаарай, би нууцаар бичиж байна шүү” гэсэн мессеж илгээсэн байсан. Тэгээд би дүүтэйгээ цаг тохироод ээжийн явуулсан хаягаар нь очиход манай дүү Энхбат өөрийн эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 1-р хороо, 18-78 тоот гэрийн үүдэнд ирчихсэн хүлээж байсан. Би эхнэр Баярмаагийн хамт очоод, бид 4 хаалгыг нь цохилгүйгээр мессеж бичээд “гараад ир” гэсэн боловч ээж гарч ирээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалгыг нь цохисон боловч онгойлгоогүй.

Цаана нь пижигнээд л явчихсан, бодвол ээж хаалга онгойлгох гэж байгааг мэдээд М- бариад авсан байх. Тэгээд бид дөрөв хаалгыг нь нүдээд байж байхад доороос М-ы аав Хатанбаатар, ээж Цолмон нар нь ирээд “бузар ээжийгээ миний хүүхдээс хол байлга” гэх мэтээр харааж зүхсэн. Удалгүй 2-3 минутын дараа М-ы эмээ нь хүрээд ирсэн ба хаалга онгойлгоод гэрт орцгоосон. Бид нарыг ороход ээж том өрөөний буйдан дээр суучихсан, М- амыг нь гараараа дараад сууж байсан. Миний өмнө аав, ээж нь ороод бид дөрөв араас нь орсон.

Аав нь гаднаас “ингээд ялаа үүр, хохь чинь пизда минь, би чамд өчнөөн хэлээ биз дээ” гэхэд цаанаас М- гантель бариад босоод ирсэн. Тэрүүгээрээ бид нарыг цохих гэж дайрсан. Дүү бид хоёр гантелийг цохиж, гараас нь унагаад буйдан дээр дарж хэвтсэн. Тэгэхэд М- “гараа зүсчихсэн, цус гараад байна хөгшөөн, дахиад нэмээд бооё” гэхээр нь би дээрээс нь босоод орон дээрээс нь тамхийг нь авч өгөөд байж байхад гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэр үед ээж коридорт зогсож байсан. Учир нь ээж рүү М-ы ээж болон эмээ нар нь хэл амаар дайраад байсан.

Ээжийн нүүр ам хүн танихын аргагүй болчихсон байсан. Би хараад хэлэх үг олдоогүй. Гэрт нь энд тэнд аяга шанага унасан, шалан дээгүүр цус болчихсон, ээжийн өмсөж явсан цайвар өнгийн цамц, өмд нь нил цус болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 32-34 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Энхбатын гэрчээр өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би найз охин Анхзаяагийн хамт гэртээ байж байхад орой 22 цагийн үед ээжийн төрсөн дүү Ариунчимэг над руу залгаад “ээж чинь М-ы гэрт очоод зодуулаад, цус нөжтэйгээ холилдсон байна гэнэ, чи яваад очоодох” гэхээр нь би өөрийн ах Энхболдод хэлээд бид хоёр хамт очихоор болсон. М-ы гэрийн гадаа Энхболд ах эхнэр Баярмаатайгаа, би найз охинтойгоо дөрвүүлээ уулзсан. Би тийшээ очихоос өмнө цагдаад дуудлага өгчихсөн байсан. Бид нар 5 давхрын 78 тоотын үүдэнд очоод чагнахад чимээ гарахгүй байхаар нь хаалгыг нь зөөлхөн тогшиход нэг хүний хөлийн чимээ гараад онгойлгох гэж байх шиг байхад эмэгтэй хүний орилох чимээ гараад, цааш нь хүн аваад явчих шиг болсон.

Тэгээд бид нар ээжийг хаалга онгойлгох гээд чадсангүй гэж мэдээд, ах “М-, чи хаалга онгойлго, ээжийн үснээс нэг үс унасан байвал би чамайг ална шүү” гэж орилсон. Тэгж байхад доороос М-ы ээж, аав нь өгсөөд гарч ирсэн ба 2 минутын дараа эмээ нь ганцаараа хүрч ирээд биднийг хараад “юун хүмүүс вэ, юу болоод байгаа юм бэ” гэсэн. Тэгээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод бид нарыг дагуулаад гэртээ орсон.

Гэрт ороход М- буйдан дээр суучихсан, ээж цаана нь зодуулаад хүн танихын аргагүй нүүр амтай, юу ч дуугарч чадахгүй сууж байсан. Энхболд ах М-д “чи миний ээжийг яаж байгаа юм бэ” гэхэд өөдөөс нь “яадаг юм” гээд 10 орчим кг жинтэй төмөр гантель аваад дайрах гэхэд ах гантелтэй гарыг нь цохиж, гантелийг газар унагаад өөрийнх гарыг өчиж, буйдан дээр дээрээс нь дараад суусан.

Аав Хатанбаатар нь хүүгээ өмөөрч байгаа бололтой, ахыг хүүгээсээ холдуулах гээд ахаас зуураад байхаар нь би ...хойш нь татахад эргэж хараад миний хамар луу цохиж, хоолой боосон. Тэгснээ “та нарыг ална шүү” гэсэн. Ахын эхнэр Баярмаа түүнийг загнаад, надаас холдуулсан юм. Энэ үед ээж биднийг хараад орцонд зогсож байсан. Ээжийг М-ы ээж, эмээ нар нь “гичий минь зайл, хүүхдээс холд, бузрын авгай” гэх мэтээр харааж зүхсэн. Яг тэр үед цагдаа нар орж ирээд М-ыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 40-42 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Үүрийнцолмонгийн гэрчээр өгсөн:

“...Миний хүү М- сүүлийн 2-3 жилийн хугацаанд өөрөөсөө эгч, надтай нэг айлын бэр байсан А- гэх эмэгтэйтэй найзлаад салахгүй, бидний хувьд хүнд асуудал болоод байгаа юм. Тэгэхэд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай Янжмаа манай бага хүү Мөнхцогийг сургуулиас нь аваад манай гэрт хүргэж өгөөд байж байгаад явсан. Би 22 цагт ажлаа тараад гэртээ ирээд байж байхад ээж над руу залгаад “энд чинь бөөн юм болж байна, та хоёр хүрээд ир” гэхээр нь би нөхөр Хатанбаатарын хамтаар ээжийн гэрт яваад очиход гэрийнх нь үүдэнд А-ын хоёр хүү болох Энхболд, Энхбат нар 2 эмэгтэйн хамт зогсож байсан.

Юу болсон талаар асуухад Энхболд “манай ээжийг М- зодоод байна, би авах гэж ирлээ, орж М-ыг ална” гэсэн. Тэгж байхад ээж хүрээд ирсэн. Бид хоёрыг гадна хүлээж байсан юм шиг байна лээ. Биднийг үүдэнд маргалдаж байхад гэрт ямар нэгэн чимээ гараагүй, харин тэд нар хаалга үүдийг өшиглөөд нүдээд байсан. Ээж ирээд гэрийн хаалгыг түлхүүрдэж онгойлгоод, бид хамтдаа гэрт ороход М-, А- хоёр том өрөөнд буйдан дээр сууж байсан ба А-ын нүд хөхөрсөн байдалтай байсан.

М-ыг А-ын том хүү Энхболд нь барьж аваад нүүр нүдгүй цохиж, буйдан дээр дараад М-ыг огт босгоогүй. Нөхөр маань Энхболдыг М-аас салгах гээд чадаагүй. Би А-д хандаж “чи яасан хачин хүүхэн бэ, хаширдаггүй юм бэ, ямар санаатай ингээд яваад байдаг юм бэ, би чамд өмнө нь зөндөө хэлж сануулсан” гэж хэлсэн. Гэрт 10-15 минут орчим иймэрхүү байдал үргэлжилж байхад гаднаас 2 цагдаа ороод ирсэн. Тэр хоёрын хэн, хэн нь уусан байдалтай согтуу байсан. Гэрийн эд зүйл ундуй сундуй болсон аяга шанага хагарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 44-46 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ариунтуяагийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 17-ны 22:00 цагийн үед миний утсанд А-ын 91150621 дугаарын утаснаас “намайг авраарай, би 120 мянгатад байна, үхтэл ээ зодуулсан, залгаж болохгүй шүү” гэж мессеж ирсэн. Би Хайлаастаас очих боломжгүй байсан болохоор эгчийн бага хүү Энхбат руу ирсэн мессежийг нь явуулаад, “яаралтай оч” гэж хэлсэн. Удалгүй хоёр 2 хүү нь очиж байна гэж над руу ярьсан. 23 цаг өнгөрч байхад Энхболд, Энхбат хоёр “М-ы гэрт ирчихсэн байна, хаалгаа онгойлгохгүй байна” гэсэн ба удалгүй “цагдаа дуудсан, бид нар ээжийг аваад эмнэлэг рүү явж байна” гээд Туулын хүн аймаар болтол зодуулсан зургийг над руу явуулсан.

Би маргааш нь Туул эгч дээр бага хүүгийнхээ гэрт байхад нь очиж уулзахад хүн танихын аргагүй болчихсон байсан. Юм ярьж чадахгүй, хөдөлж ч чадахгүй, өвчин намдаах эмээр л өвчнөө намдааж байсан. Тэгэхэд хавирга нь хугарсан, уруул нь сэтэрсэн, нүүрний ухархай, шанааны яс хугарсан гэж эмч хэлсэн гэсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 48-50 дахь тал),

 

7. ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3198 тоот:

1. Н.Аын биед зүүн хацар яс, баруун гайморын хөндийн дотор хана, баруун нүдний ухархайн дотор ханын хугарлууд, тархи доргилт, дээд уруулын шарх, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, зүүн шуу, зүүн дал, хэвлий, зүүн өвдөгний цус хуралтууд, зүүн чигчий хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой, шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 54-55 дахь тал),

 

8. Хохирогч Н.А нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 107 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Мы яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ийм зүйл болсонд маш их гэмшиж, харамсаж байна. А-тай би 21 насны зөрүүтэй, надаас эгч хүн байгаа юм. Гэхдээ бид хоёр хэн хэндээ маш их хайртай учраас ар гэрийнхэн хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн салж чадахгүй 3 жил болж байна. Ийм болтол нь түүнийг зодож гэмтээе гэж бодоогүй, архи хэтрүүлэн хэрэглэж уураа барьж дийлээгүйгээс ийм асуудал гаргасан. Түүнээс маш их уучлал гуйж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 71-73 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ж.Очир-Эрдэнийн мэдүүлэг (хэргийн 37-38 дахь тал), шүүгдэгч Х.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 62 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 84 дэх тал), Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажлын тодорхойлолт (хэргийн 85 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 86 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд (хэргийн 89-91, 92-95 дахь тал), шүүгдэгчийн гаргасан амжилтыг тодорхойлсон баримтууд (хэргийн 99-104 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Мы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.М нь 2022 оны 02 дугаар сарын 05, 16, 17-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны 78 тоот гэртээ хамтран амьдрагч Н.Аыг бусадтай хардаж маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь “...зүүн хацар яс, баруун гайморын хөндийн дотор хана, баруун нүдний ухархайн дотор ханын хугарлууд, тархи доргилт, дээд уруулын шарх, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, зүүн шуу, зүүн дал, хэвлий, зүүн өвдөгний цус хуралтууд, зүүн чигчий хурууны зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

- хохирогч Н.А (хэргийн 17-19, 21 дэх тал), гэрч Т.Янжмаа (хэргийн 29-30 дахь тал), гэрч А.Энхболд (хэргийн 32-34 дэх тал), гэрч А.Энхбат (хэргийн 40-42 дахь тал), гэрч Я.Үүрийнцолмон (хэргийн 44-46 дахь тал), гэрч Н.Ариунтуяа (хэргийн 48-50 дахь тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3198 тоот:

1. Н.Аын биед зүүн хацар яс, баруун гайморын хөндийн дотор хана, баруун нүдний ухархайн дотор ханын хугарлууд, тархи доргилт, дээд уруулын шарх, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, зүүн шуу, зүүн дал, хэвлий, зүүн өвдөгний цус хуралтууд, зүүн чигчий хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой, шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 54-55 дахь тал),

- хохирогч Н.Аын эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 107 дахь тал) болон шүүгдэгч Г.Гэрэлттөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 71-73 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч Н.Аын биед учирсан “зүүн хацар яс, баруун гайморын хөндийн дотор хана, баруун нүдний ухархайн дотор ханын хугарлууд, тархи доргилт, дээд уруулын шарх, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, зүүн шуу, зүүн дал, хэвлий, зүүн өвдөгний цус хуралтууд, зүүн чигчий хурууны зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Х.М нь түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.М нь 2022 оны 02 дугаар сарын 05, 16, 17-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны 78 тоот гэртээ хамтран амьдрагч Н.Атай бусадтай хардаж маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь “...зүүн хацар яс, баруун гайморын хөндийн дотор хана, баруун нүдний ухархайн дотор ханын хугарлууд, тархи доргилт, дээд уруулын шарх, нүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, зүүн шуу, зүүн дал, хэвлий, зүүн өвдөгний цус хуралтууд, зүүн чигчий хурууны зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Н.Аын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “......Баримттай гарсан зардалд 210.000 төгрөг авсан. Цаашид гоо сайхны хагалгаа хийлгэмээр байна, өөр эмчилгээ хийлгэсэн баримттай зардал байхгүй.” хэмээн хохирогчоор (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) мэдүүлжээ.

 

Иймээс шүүгдэгч Х.Мы хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлбөрт энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 86 дахь тал), шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт (89-91, 92-95 дахь тал) тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүх, шүүгдэгч Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт Х.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                               

ТОГТООХ нь:

 

1. Т овогт Х-ын М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.М-ыг 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт Х.М нь 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг хохирогч Н.А-д нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Х.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД