| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0308/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/303 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/303
2022 04 20 2022/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ийн А-т холбогдох эрүүгийн 22100 0000 0245 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Э.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний 1890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Э-ийн А /РД:хххх/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гасан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүр дотор шалтаг шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогч М.Т-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “...баруун хацарт цус хуралт, хамар ясны хугарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Э.А Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би 14 настай хүүхэд цохисон гэдгээ ойлгож байгаа, ямар шалтгаанаар цохисноо өөрөө мэдэхгүй байна. Би хохирогчийн ар гэрийнхэнтэй нь уулзаж, эмчилгээний зардалд 1.000.000 гаран төгрөг төлсөн. Хэрэг гарсан орой КТГ-д харуулсан. Нөгөөдөр нь хагалгаанд оруулж, эм тариа авч өгсөн. Байцаагч дээр очиж хохирогч талтай тохиролцсон, хэргээ хаалгаж болох уу гэж асуусан боловч прокурор руу шилжүүлэхээр болсон гэж хэлсэн. Би тухайн үед архи уугаад согтуу байсан учир болсон явдлыг сайн санахгүй байгаа. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна.“ гэсэн мэдүүлэг,
Гурав: Эрүүгийн 22100 0000 0245 дугаартай хэргээс:
1. Насанд хүрээгүй хохирогч М.Т-гийн биед үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 06-07 дахь тал),
2. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гасан Хайрхан” нэртэй дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 10-13 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй М.Т-гийн хохирогчоор өгсөн:
“...Би өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэрийнхээ хажууд байдаг Янгир нэртэй дэлгүүрээс чипс авах гээд зогсож байхад хажуу талаас нэг үл таних ах архи худалдан авах гэж байгаад миний очерийг дайрч орж ирээд “зайл” гээд намайг түлхсэн. Тэгээд баруун хөлөөрөө миний зүүн шилбэ рүү өшиглөсөн бөгөөд миний хамар луу гараараа цохиж гэмтээсэн. Тэгээд тухайн дэлгүүрийн худалдагч эгч цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Дэлгэрцэцэгийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гасан Хайрхан” нэртэй дэлгүүрийн кассчинаар 4 дэх жилдээ ажиллаж байна. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дэлгүүртээ ажиллаж байхад орой 19:00 цагийн орчим гаднаас улбар шар өнгийн куртиктэй эрэгтэй хүүхэд орж ирээд чипс аваад кассан дээр тооцоогоо хийх гээд мөнгөө өгчихөөд зогсож байхад дэлгүүрт байсан согтуу залуу тэр хүүхдийн зүүн гар талаар нь дайрч орж ирээд кассын ширээн дээр архиа тавьсан. Тэгээд хүүхэд рүү харснаа “надтай дуугардаггүй хэн бэ, чи” гээд гараараа нүүр лүү нь нэг удаа хүчтэй цохисон ба тэр хүүхэд нүүрээ гараараа дараад ухарч зогссон. Тэгээд би шууд гүйж гараад тэр залууг татаад хаалгаар гаргаад, цагдаад дуудлага өгсөн, мөн хүүхдийн ар гэрийнхнийг нь дуудсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2587 дугаартай:
1. М.Т-гийн биед баруун хацарт цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүссэн байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 29-30 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхдаа эхнэртэйгээ маргалдаад, орой 21:00 цагийн үед байх цагийг нь санахгүй байна, гэрээс гараад өөрийн эзэмшлийн Lexus RX маркийн машиндаа ганцаараа 0.75 литрийн Эдэн нэртэй архийг уусан юм. тэгээд Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн “Гасан хайрхан” нэртэй дэлгүүрээс архи авахаар орсон ба нэг мэдэхэд цагдаагаас хүмүүс ирчихсэн байсан, мөн манай эхнэр ирчихсэн байсан. Тэгээд эрүүлжүүлэх байранд хоноод, маргааш нь эхнэрээс сонсоход хүүхэд зодсон гэж байсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, надад гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Тухайн хүүхдийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Хохирлыг төлнө.” гэсэн мэдүүлэг (хэргийн 169-170 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 40 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 56-57 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 64 дэх тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1890 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 71-73 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Аын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гасан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүр дотор шалтаг шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогч М.Т-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “...баруун хацарт цус хуралт, хамар ясны хугарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- насанд хүрээгүй хохирогч М.Т-гийн биед үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 06-07 дахь тал),
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гасан Хайрхан” нэртэй дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 10-13 дахь тал),
- насанд хүрээгүй хохирогч М.Т-гийн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэрийнхээ хажууд байдаг Янгир нэртэй дэлгүүрээс чипс авах гээд зогсож байхад хажуу талаас нэг үл таних ах архи худалдан авах гэж байгаад миний очерийг дайрч орж ирээд “зайл” гээд намайг түлхсэн. Тэгээд баруун хөлөөрөө миний зүүн шилбэ рүү өшиглөсөн бөгөөд миний хамар луу гараараа цохиж гэмтээсэн. Тэгээд тухайн дэлгүүрийн худалдагч эгч цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17 дахь тал),
- гэрч С.Дэлгэрцэцэгийн: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гасан Хайрхан” нэртэй дэлгүүрийн кассчинаар 4 дэх жилдээ ажиллаж байна. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дэлгүүртээ ажиллаж байхад орой 19:00 цагийн орчим гаднаас улбар шар өнгийн куртиктэй эрэгтэй хүүхэд орж ирээд чипс аваад кассан дээр тооцоогоо хийх гээд мөнгөө өгчихөөд зогсож байхад дэлгүүрт байсан согтуу залуу тэр хүүхдийн зүүн гар талаар нь дайрч орж ирээд кассын ширээн дээр архиа тавьсан. Тэгээд хүүхэд рүү харснаа “надтай дуугардаггүй хэн бэ, чи” гээд гараараа нүүр лүү нь нэг удаа хүчтэй цохисон ба тэр хүүхэд нүүрээ гараараа дараад ухарч зогссон. Тэгээд би шууд гүйж гараад тэр залууг татаад хаалгаар гаргаад, цагдаа дуудлага өгсөн, мөн хүүхдийн ар гэрийнхнийг нь дуудсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2587 дугаартай:
1. М.Т-гийн биед баруун хацарт цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүссэн байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 29-30 дахь тал) болон шүүгдэгч Э.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 169-170 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч насанд хүрээгүй М.Т-гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун хацарт цус хуралт, хамар ясны хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.А түүний нүүр лүү гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Аын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Насанд хүрээгүй хохирогч М.Т-гийн биед учирсан “...баруун хацарт цус хуралт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх, ...үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн насанд хүрээгүй хохирогч М.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Б нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Э.А нь эмчилгээний болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй.” хэмээн хэрэгт бичгээр гаргасан хүсэлтэд (хэргийн 187 дахь тал) илэрхийлсэн баримттай байна.
Иймээс шүүгдэгч Э.Аын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлбөрт тооцож энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Б нар нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.А нь урьд гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 64 дэх тал), шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 71-73 дахь тал) тус тус авагдсан ба уг ялыг эдэлж дуусган, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 04 сарын 09-ны өдрийн байдлаар дууссан тухай тэмдэглээ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн байна.
“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “...Э.А нь эмчилгээний болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй.” гэх хүсэлт, санал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус тус нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Э.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Э-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ат 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Т, түүний хууль ёсны төлөөлөгч А.Б нар нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
6. Энэ хэрэгт Э.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД