Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 440

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Б.Пүрэврэнцэнгийн нэхэмжлэлтэй  “Хаан банк” ХХК /Сэлэнгэ салбар/ -д холбогдох “Гэм хорын хохирол 7.000.000 төгрөг гаргуулж, мөн надад холбогдох лавлагаанд хугацаа хэтрүүлсэн гэсэн ангилалыг арилгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэврэнцэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...  Б.Пүрэврэнцэн миний бие Янший овогтой Оюунцэцэгтэй хамтран 2007 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар багийн 2 дугаар хэсэгт орших ХААН банкны Сэлэнгэ салбарын тооцооны төвтэй зээлийн гэрээ, мөн 570 тоот барьцааны гэрээ байгуулан хашаа байшин худалдаж авсан.  Энэхүү зээлээ бид хоёр төлж явж байгаад Я.Оюунцэцэг надад өөрийнхөө хувийг 2008 оны 06 дугаар сарын 13-нд зарсан. Ингээд би үргэлжлүүлэн зээлийг төлж байтал миний бие эрүүгийн хэрэгт холбогдон төлбөрийн чадваргүй болсон. Энэхүү эрүүгийн хэргээс надад үлэмж хохирол учруулсны нэг нь энэ. Ингээд Я.Оюунцэцэг зээлийг дахин төлж явсаар зээлийг хугацаандаа дуусгасан.  Гэтэл ХААН банк хашаа байшингийн гэрчилгээг Я.Оюунцэцэгт өгөөгүй байсан. Уяир нь бид хоёрыг цуг ирж ав гэсэн шаардлагаар. Энэ тухай Я.Оюунцэцэг надад хэлээгүй байж байгаад би 2014 онд мэдэж ХААН банкнаас бичиг баримтаа нэхсэн. Би ХААН банкинд учир байдлаа хэлж, Я.Оюунцэцэгээс худалдаж авсан баримтаа үзүүлэн тухайн байшин эрхийн бичиггүйгээс засвар хийж болохгүй, дээр нь хүн амьтанд зарж болохгүй байна гэж учирлан гуйхад бас тоогоогүй. Бүр Улаанбаатар хотын ХААН банкны тооцооны төвд очиж учир байдлаа  хэлтэл бас л тоогоогүй.  Ингэсээр байтал нөгөө байшин маань бороо цасанд сэг болсон. Үнэ өртөг гэхийн аргагүй боллоо. Уул нь ХААН банкнаас бичиг баримтаа хөөцөлдөж явахад хажуугийн мах зардаг Монхор гэгч хүн 20.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэж байсан. Ингээд би аргагүйдэж 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкны Сүхбаатар салбар тооцооны төвөөс гэрчилгээнүүд хадгалагдаж байгаа гэсэн тодорохойлолт авсан.  Ингээд ХААН банкнаас гэрчилгээнүүдийг авах сөрөг арга хэмжээ авахаар шийдэж Хүдэр ХААН банкны салбараас авсан зээлийг төлөхгүй, гэрчилгээнүүдийг гаргаж өгсөн нөхцөлд төлнө гэж хэлсэн. Үүний дараа Хүдэр тооцооны төвөөс ярьж, дээр нь ХААН банкнаас бас Я.Оюунцэцэг рүү ярьж би Я.Оюунцэцэгт надад зарсан хувийг эргүүлж 3.000.000 төгрөгөөр зарж байшингаа сэргээхээр ярьж тохирсо. Ингээд бид гэрчилгээнүүдээ авч би Сэлэнгэ Хүдэр салбарын зээлээ төлж хаасан.  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор жчруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаар Б.Пүрэврэнцэн миний үл хөдлөхийн эрхэд гэм хор учруулж шаардах эрхийг Сэлэнгэ аймгийн ХААН банк тооцооны төв үүсгэлээ.  Түүнчлэн 570 тоот хашаа байшингийн барьцааны гэрээнийи байрьцаалагчийн эрх үүргийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар “Зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж барьцаалуулагчид хүлээлгэн өгөх үүрэг”-ээ  биелүүлээгүй байна.  Мөн эл хэрэг явдлаас үүдэн би Хүдэр салбарын зээлийг төлөхгүй удааснаар хугацаа хэтрүүлсэн гэсэн ангилалд орж өнөөдөр банкны лавлагаагаар бусад банкнаас зээл авч чадахгүйд хүрч хохирлоо.

Иймээс миний эрхэнд халдаж гэм хор учруулсан гэж үзэн Сэлэнгэ салбарын ХААН банкнаас 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.  Мөн банкны надад холбогдох лавлагаанд хугацаа хэтрүүлсэн гэсэн ангиллыг ХААН банк арилгах шаардлага тавьж байна  гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Пүрэврэнцэн нь  шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ...  Б.Пүрэврэнцэн миний бие “Хаан банк” ХХК-ний Сэлэнгэ тооцооны төвд холбогдуулан гаргасан  “Гэм хорын хохирол 7.000.000 төгрөг гаргуулж, мөн надад холбогдох лавлагаанд хугацаа хэтрүүлсэн гэсэн ангилалыг арилгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна.  Учир нь Хаан банктай ярьж тохиролцоод надад зээл олгосон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                       

                Нэхэмжлэгч Б.Пүрэврэнцэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр батлагдаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай   хуулийн  75-р зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74–р зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэврэнцэн нь  “Хаан банк” ХХК /Сэлэнгэ салбар/ -д холбогдуулан гаргасан “Гэм хорын хохирол 7.000.000 төгрөг гаргуулж, мөн надад холбогдох лавлагаанд хугацаа хэтрүүлсэн гэсэн ангилалыг арилгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэврэнцэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 63475 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН