| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00366/И |
| Дугаар | 422 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 422
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч; Боохой данзан овогт Дондолын Буяндэлгэр /РД:МЬ62032407/-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Д.Буяндэлгэр миний бие нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн хууь зүйн зөвлөгөө өгөх газар бичээчээр орж ажилласан 9 жил, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орон тооны илүүдлээр ажилаасаа чөлөөлөгдөж Аймгийн Санхүү тасгийн мэдэлд очиж 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Аймгийн даатгалын салбарын бичээч няраваар орж ажиллаж 5 жил 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот тушаалаар орон тооны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдсөн. Хууль зүйн зөвлөгөө өгөх газар, Аймгийн Монгол даатгалын салбарт улсад ажилласан 14 жилийг маань тогтоож өгнө үү. Би одоо 55 нас хүрсэн өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл орсон гарсан тушаал, шийдвэр олдохгүй байна. Хамт ажиллаж байсан 2 хүний мэдүүлгийг үндэслэн улсад ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч; Боохой данзан овогт Дондолын Буяндэлгэр /РД:МЬ62032407/-нь шүүхэд утсаар өгсөн хүсэлтдээ ... Миний хүүгийн бие муу эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа тул 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болох шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Буяндэлгэрийн тус шүүхэд гаргасан ... 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 20-ны хүртэл Сэлэнгэ аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээч, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын салбарт бичээч, нярваар ажиллаж байсан хугацааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Д.Буяндэлгэр нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн даргын 12 тоот шийдвэрээр тус газарт бичээчээр орж 1990 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мөн газрын даргын 03 тоот шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөж, улмаар 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн даатгалын салбарын даргын 06 тоот тушаалаар тус салбарт бичээч, няравын ажилд орж, 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мөн салбарын захиралын 35 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэргийн 1-27, 42-47 дугаар талд авагдсан нэхэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, мэдүүлэг, ажилд авсан , чөлөөлсөн тушаал, шийдвэрийн хуулбар, ээлжийн амралт, шагнал, тэтгэмж олгох тухай шийдвэрийн хуулбарууд, цалингийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүгчийн 1288 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боохой данзан овогт Дондолын Буяндэлгэрийг 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээчээр, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн даатгалын салбарт бичээч, няраваар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн 1288 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсаныг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН