Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Д,

Хохирогч К.Т,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ат холбогдох эрүүгийн 2213000000017 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр баг, Цагаан түнгэ гэх газарт оршин суух хаягтай,  урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овгийн М-гийн А, РД: ББ97050315,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өнер худаг” гэх газарт хохирогч К.Ттай мал услах асуудлаар маргалдаж, улмаар “түрүүлж малаа услах гэлээ” гэх шалтгаанаар хохирогч руу малын яс шидэн, бургас модоор толгойны дагз хэсэгт, гараараа нүүрэнд нь тус тус цохиж, эрүүл мэндэд нь “тархины доргилт, дээд ба доод зовхинд цус хуралт, хамрын ясны хугарал, зулай орчим зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлтийн хүрээнд М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

1.2 Хохирогч К.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ”...Шүүгдэгч М.А нь миний эмчилгээтэй холбоотой зардлыг бүрэн барагдуулсан, М.Ат зодуулсны дараа би өөрөө малаа хариулж чадахгүй байж байгаад 5 бог мал чононд идүүлж, миний эд хөрөнгөнд хохирол учирсан. Иймд надад учирсан эд хөрөнгийн хохирол болох 790.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

1.3 Хохирогчийн өмгөөлөгч Х.З: Шүүгдэгч М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлыг бүрэн гаргуулах нь зүйтэй гэв.

1.4 Шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

1.5 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А: Шүүгдэгч М.Аыг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.

 

1.6 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч М.А, К.Т нар нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өнер худаг” гэх газарт мал усалж  яваад тааралдаж, М.А нь К.Тад хандан “би эхлээд малаа усална” гэж хэлэхэд хохирогч К.Т хариуд нь “Би эхлээд бог малаа усалчихъя, чи дараа нь бод малаа усалчих” гэж хэлснээс үүдэн тэдний хооронд маргаан үүсэж, улмаар шүүгдэгч М.А уурлан хохирогч К.Т руу малын яс шидэж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон, хохирогч К.Т шүүгдэгч М.Аын шанаа тус газарт ташуураар цохиж, хоорондоо зодолдох явцад гэрч Ө.Алтынбек тэднийг салгаж явуулсан.

Хэсэг хугацааны дараа шүүгдэгч М.А тухайн газарт дахин ирж, хохирогч К.Тийн дагз хэсэг рүү бургас модоор цохисон гэх үйл баримт нотлогджээ.

Шүүгдэгч М.Аын үйлдлийн улмаас хохирогч К.Тийн эрүүл мэндэд тархины доргилт, баруун дээд ба доод зовхинд шаргал туяатай цус хуралт, баруун чамархайд хавдар, хамрын ясны хугарал, хамрын нуруунд хаван, мурийлт, баруун талын завж орчим шарх, зүүн завжинд зулгаралт, баруун талын хацарт хаван, зулай орчим зөөлөн эдийн хаван,баруун чихний дэлбэнгийн дунд хэсэгт шарх зэрэг гэмтэл учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд болох нь тогтоогдсон,

Хохирогч К.Тийн үйлдлийн улмаас шүүгдэгч М.Аын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй болох нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тус тус  тогтоогджээ.

1.7 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

1.Хохирогч К.Тийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2.Хохирогч К.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанцөгц сумын 3 дугаар баг “Өнер худаг” гэх газарт малаа услах гээд явж байхад Н гэх хүний хүүхэд мотоциклтой малын бэлчээрт миний хажууд ирээд үхрээ усална гэхэд би эхлээд бог малаа услаад дараа бод малыг усалж янзалъя гэж хэлсэн. Тэрнээс болж /нэрийн мэдэхгүй/ Нийн хүүхэд над руу үхсэн тэмээний нэг ясыг шидсэн. Тэгээд би морьтой явж байсан ба морь үргэж магадгүй гэж мориноосоо буутал Нийн хүүхэд гүйж ирээд миний нүүрний баруун хэсэгт цохисон. Тэгээд би зөрүүлээд нэг удаа ташуурдахад Нийн хүүхдийн баруун шанаа хэсэгт хальт оносон. Тэгээд миний төрлийн дүү болох Алтынбек ирээд бид хоёрыг салгаад явуулсан. Тэгээд би худаг дээр ирээд Н-ийн утасны дугаарт залгаж “Чиний хүү ирээд намайг зодоод явлаа” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа Н болон түүний хүүхэд ирээд худагны хажууд мал услаад зогсож байсан намайг мөргөж зогссон. Тэр үед мотоциклийг Нийн хүүхэд барьж явсан ба намайг баруун талын гуя хэсэгт мөргөж зогссон. Тэгээд яагаад мөргөсөн бэ гэхэд Нийн хүүхэд гүйж ирээд миний хоёр гараас бариад авсан. Дараа нь Н бас гүйж ирээд миний хоёр гараас бариад авахад Нийн хүүхэд гартаа мод бариад миний дагз хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед би сонин болоод явсан. Тухайн үед би “Н чи намайг алахаар ирсэн юм уу?” гэхэд тавьж явуулсан ба Нийн хүүхэд худагны хажууд зогсож байсан Ө.Алтынбект очоод сая К.Тийг зодож байхад чи салгасан гэж хэлээд тэрийг бас нүүрэн тус газарт гараараа цохиж хамраас нь цус гарсан. Тэгээд бид бүгд тараад явсан. Намайг Нийн хүүхэд хэн нэгэнтэй бүлэглэж зодоогүй. ...Надад эмчилгээний хугацаанд эмчлүүлсэн гэх зардлын мөнгө болох 825.680 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Харин намайг зодуулсны 2 өдрийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мал хариулах хүн байхгүй болоод мал эзэнгүй байсан учир манай малд чоно дайраад миний 5 тооны малыг идсэн ба тэрний хохирол мөнгө 790000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54, 57 дахь тал/,

3.Гэрч Х.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ байж байтал миний 94721637 гэсэн дугаарт К.Т залгаж чиний хүү М.А намайг цус нөжид хутгаад зодоод явлаа, мал усалдаг худган дээр хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй гэрт М.А мотоциклтой ирээд намайг суулгаж аваад шууд хөдөлсөн. Тэгээд худаг дээр очиход К.Т худагны хажууд зогсож байсан ба бид нар очиж зогсоод юу болсон талаар асууж тодруулахад К.Т “М.А намайг зодлоо” гэж хэлээд хөхөрсөн байсан нүдээ үзүүлсэн. Тэгээд М.А мотоциклоос буугаад К.Т руу дахиад дайрахад би гүйж очоод тэд нарыг салгасан. Тэгээд та нар нэг нэгэндээ гар хүрсэн байна, чиний нүд хөхөрсөн, М.Аын баруун шанаа хэсэг хавдсан байна та нар одоо боль, эвтэй байгаад малаа услаад тарцгаа гэж хэлээд бүгд тараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

4. Гэрч Ө.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны 12 сарын 07-ны өдөр “Өнер худаг” худгаас ус авч бог малаа услах гээд очиход М.А мотоцикпьтой ирээд би үхрээ усалмаар байна. Та нар дараа бог малаа усал гэж хэлээд шууд мотоциклоо асаагаад яваад өгсөн. Би худагны хажууд хүлээж байтал К.Тийн авч ирж байсан 2 морь сул ирсэн. Тэгээд энэ 2 морь яагаад сул ирсэн юм бол гээд барьж автал  худагны дээд талд К.Т, М.А хоёр заамдалцаж барилцаад зогсож байсан. Намайг очиход К.Тийн чихнээс цус гарсан, нүүрэн хэсэг хавдсан байхаар нь салгасан. Салгаж байхад К.Т гартаа барьж байсан ташуураар М.Аын нүүрэн хэсэгт нэг удаа ташуурдсан. Би тэднийг салгахад М.А мотоцикльтой яваад, К.Т морьтой худаг руу явсан. Би араас нь хонийг нь туугаад худагт ирэхэд М.А, К.Т, Х.Н нар дахиж зодолдож байсан ба тэр үед М.А гүйж ирээд намайг нүүрэн тус газарт цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Тэгээд бүгд тараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

5.Гэрч Х.Етын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Иргэн К.Т нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай сумын багийн эмч Жемисгүлд дуудлага өгөхөөр нь тэр очоод эмнэлэгт авч ирсэн. Эмнэлэгт ирэхээр нь би биед нь үзлэг хийхэд баруун талын нүдний дээд болон доод талын зовхи нь хөхөрч улайсан өвдөлттэй, чамархайн дунд хэсгээр хавантай, өвдөлттэй, хамрын дунд хэсгээр шалбарсан, цус гарсан байдалтай. Толгой эргэнэ, зүрхээр дэлсэнэ гэсэн зовиуртай, 2 өдрийн өмнө хүнээр зодуулсан гэж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/

6. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай“...Иргэн З.Табаракийн биед тархины доргилттой, баруун дээд ба доод зовхинд шаргал туяатай цус хуралттай, баруун чамархайд хавдартай, хамрын яс хугарсан, хамрын нуруунд хавантай, мурийлттай. Баруун талын завж орчим шархтай, зүүн завжинд зулгарсан, баруун талын хацарт хавантай, зулай орчим зөөлөн эдийн хавантай. Баруун чихний дэлбэнгийн дунд шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Иргэн К.Тийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

7.Мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хавтаст хэргийн 05-15 дахь тал/,

8. Шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...Урьдаас нь тосож очоод уулзахад К.Т надтай тоглоом хийж бид эхлээд малаа усална, дараа нь та нар малаа усла гээд намайг тохуурхаж дооглоод харьцаж байсан. Ингээд бид хоёр хоорондоо маргаад эхэлсэн ба би уур хүрээд К.Т руу газарт байсан малын ясыг аваад шидсэн. Тэр үед К.Т мориноос бууж ирээд надтай барилцаж авсан. Тэр үед би К.Тийг нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед Ө.Алтынбек ирээд бид хоёрыг салгаж авсан. Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 114-115 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар “Шүүгдэгч М.А нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Өнер худаг” гэх газарт хохирогч К.Тийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн, шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам-д үндэслэн бодитой тогтоосон байх тул яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн  дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Ат холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

1.8 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.9 Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.А нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч К.Тийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд М.Аын үйлдэл нь мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцаа шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

1.10 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Аын  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Тийн эрүүл эрүүл мэндэд тархины доргилт, баруун дээд ба доод зовхинд шаргал туяатай цус хуралт, баруун чамархайд хавдар, хамрын ясны хугарал, хамрын нуруунд хаван, мурийлт, баруун талын завж орчим шарх, зүүн завжинд зулгаралт, баруун талын хацарт хаван, зулай орчим зөөлөн эдийн хаван,баруун чихний дэлбэнгийн дунд хэсэгт шарх зэрэг гэмтэл  бүхий, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч К.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 7 хоног “Нурлы” эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн нь хэргийн 36-47 дахь талд авагдсан “Өвчний түүх”-ийн хуулбар, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Т нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохиролд 825.680 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.А бүрэн төлж барагдуулсан нь хохирогч К.Т, шүүгдэгч М.А нарын мэдүүлгээр нотлогдсон бөгөөд тэд энэ талаар маргаагүй.

Харин хохирогч К.Т мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие шүүгдэгч М.Ат зодуулж, эмчилгээтэй байх хугацаанд мал ахуй маань хариулгагүй үлдэж, 5 тооны бог малыг чоно идсэн. Хэрэв би М.Ат зодуулж, гэмтэл авч хэвтээгүй байсан бол малаа хариулж, хамгаалж ийм гарз хохирол амсахгүй байсан. Иймд шүүгдэгч М.Аоос миний эд хөрөнгөд учирсан хохирол болох 790.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл хохирогч К.Т нь 5 тооны бог малын үнэ 790.000  төгрөгийг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлж, шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч М.Аыг хохирогч К.Тийн эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай, идэвхтэй үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан буюу  гэм хор учруулсан гэж үзэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч М.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Т эмчилгээ хийлгэх явцад түүний мал ахуй хариулгагүй үлдэж, 5 тооны бог малыг нь чоно идэж, эд хөрөнгөд нь  790.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогч К.Тийн эд хөрөнгөд учирсан хохирол, М.Аын гэм буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан зохицуулалтуудаас үзэхэд өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иймд хохирогч К.Тийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн эрх бүхий шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн БӨА-22-19 дугаартай дүгнэлт, малын эмч Ц.Баярцогтын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч М.Аоос 5 тооны бог малын үнэ 790.000 төгрөг гаргуулж, хохирогч К.Тад олгож, түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч К.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 825.680 төгрөгийг М.Аоор бүрэн төлүүлж авсан, эд хөрөнгөд учирсан 790.000 төгрөгийн хохирлыг төлчихвөл М.Аоос өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул түүний цаашид эмчилгээтэй холбоотой хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

2.1 Шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.А нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь хавтаст хэргийн 123 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан 825.680 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч М.Аын хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Баян-өлгий аймгийн Алтанцөгц сумын төвд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

2.2Шүүгдэгч М.А нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн 75 см-ийн урттай гадна талын хальсыг нь арилгасан бургас мод -1 ширхэг, мал /амьтан/-ын хугархай яс-1 ширхэг зэргийг тус тус устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгах нь зүйтэй байна.

2.3 Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Ж овогт М-йн А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат  260 (хоёр зуун жар)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Ат оногдуулсан 260 (хоёр зуун жар)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч М.А нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 825.680 (найман зуун хорин таван мянга зургаан зуун ная) төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Аоос гэмт хэргийн хор уршигт 790.000 (долоон зуун ерэн мянга)-н төгрөг гаргуулж, хохирогч К.Тад олгосугай.

7. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад тусган ирүүлсэн малын хугархай яс 1 ширхэг,  75 см хэмжээтэй бургас мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах шилжүүлэх комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б