Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 400

 

    Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би У.Ундрамын нэхэмжлэлтэй  Н.Батсайханд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Ундрам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...  Миний бие нь  2015 онд Н.Батсайхантай танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Улмаар бидний дундаас  2016 ны  06 сарын 19-ний өдөр  охин Оюунбилэг төрсөн, Хэдийгээр бид гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч хүүгээ өөрийнх нь эцгийн нэрээр овоглуулсан. Гэвч Батсайхан ээж нь биднийг 2017 оны  03 сард маргалдсанаас болж салахыг шаардсан. Үүнээс болж гэр бүл үргэлж маргаантай болсоноор тусдаа амьдардаг болсон. Энэ хугацаанд надтай болон охинтойгоо ч уулзахыг хүсээгүй. Иймээс миний охины эцэг болох Н.Батсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар  миний гаргаж буй нэхэмжлэл нь Шүүхийн онцгой харъяалалд багтах тул  тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан болно гэжээ.

 

Нэхэмжлэгч У.Ундрам нь  шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие Ууганбат овогтой Ундрам нь  Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Н.Батсайхантай  эргэж хамтран амьдрах болсон тул иргэний хэргийг хуулийн дагуу шийдэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгазлсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                       

       Нэхэмжлэгч У.Ундрам нь шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байгаа нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр батлагдаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

       Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай   хуулийн  75-р зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74–р зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар У.Ундрамын шүүхэд гаргасан Н.Батсайханаас “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгч У.Ундрамын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28195 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 14097,5 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН