Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч, Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-,

шүүгдэгч А.Е- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.а овогт А-ы Е-д холбогдох эрүүгийн 2213000260055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлах бодогч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ......... дугаар багийн ..... дугаар гудамжны .......... тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 жил 4 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд биечлэн эдэлж байгаа, И.а овогт А-ы Е-, регистрийн дугаар БЮ..................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Е- нь ХААН банкны Баян-Өлгий аймгийн Булган сумын салбар тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хохирогч О.А-н ХААН банканд итгэмжлэн хариуцуулан хадгалуулж байсан мөнгийг ............... дугаартай хугацаагүй хадгаламжийг барьцаалах зээлийн гэрээ хуурамчаар үйлдэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 6.001.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.999.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг гарган авч завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Е-ы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Харин иргэний хариуцагч нь 459.404 төгрөгийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

 

1.2. Шүүгдэгч А.Е- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэв.

 

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлсөн байгаа” гэв.

 

1.4. Иргэний хариуцагч С.Е- мэдүүлэхдээ: “Анх харилцагчийн данснаас 2 удаагийн үйлдлээр 8.770.000 төгрөг гаргаж авсан байдаг. Шүүгдэгч А.Е-аас мөрдөн байцаалтын шатанд 5800.000 төгрөгийг төлсөн. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2990.000 төгрөг төлсөн байна. Тэгэхээр хадгаламжаас гарсан мөнгийг бүрэн төлж өгсөн гэж үзэж байгаа. Анх авсан 8.770.000 төгрөгийн өнөөдөр хүртэлх хүү нь болох 459.404 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.   

 

2. Эрүүгийн 2213000260055 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

2.1. ХААН банкны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5180/731 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл харилцагчийн гомдол, шалгасан тухай 5180/02 дугаартай дүгнэлтүүд /хавтаст хэргийн 01-02 дугаар хуудас/,

 

2.2. Хохирогч О.А-н ХААН банкны ..............., ..............., ..............., ............... дугаартай данснуудын хуулга /хавтаст хэргийн 05-06, 24 дүгээр хуудас/

 

2.3. О.А-н ХААН банкны ............... дугаартай хугацаагүй хадгаламжийн дэвтрийн хуулбар, дансны хуулга /хавтаст хэргийн 08-15, 26 дугаар хуудас/,

 

2.4. Е.С-ийн ХААН банкны ............... дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

 

2.5. А.М-гийн ХААН банкны ............... дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

2.6. ХААН банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/170, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0047/21 дугаартай тушаалуудын хуулбар /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

2.7. ХААН банкны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5184 салбарын 821513 дугаартай зарлагын мэдүүлгийн хуулбар /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

2.8. Хохирогч О.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

 

2.9. Гэрч Б.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

 

2.10. Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

 

2.11. Гэрч Е.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

 

2.12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22/16 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 75-87 дугаар хуудас/,

 

2.13. Шүүгдэгч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/ зэргийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс:

3.1. Шүүгдэгч А.Е-ы ялын тооцоо /хавтаст хэргийн 145 дугаар хуудас/,

3.2. Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн төлбөр төлсөн 2 ширхэг баримт зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Харин иргэний хариуцагч С.Е- болон шүүгдэгч А.Е- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Е-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

    1. Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч А.Е- нь ХААН банкны Баян-Өлгий аймгийн Булган сумын салбар тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хохирогч О.А-н ХААН банканд итгэмжлэн хариуцуулан хадгалуулж байсан мөнгийг ............... дугаартай хугацаагүй хадгаламжийг барьцаалах зээлийн гэрээ хуурамчаар үйлдэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 6.001.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.999.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг гарган авч завшсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

3.1.1. ХААН банкны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5180/731 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл харилцагчийн гомдол, шалгасан тухай 5180/02 дугаартай дүгнэлтүүд /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

 

3.1.2. Хохирогч О.А-н ХААН банкны ..............., ..............., ..............., ............... дугаартай данснуудын хуулга /хавтаст хэргийн 05-06, 24 дэх тал/,

 

3.1.3. О.А-н ХААН банкны ............... дугаартай хугацаагүй хадгаламжийн дэвтрийн хуулбар, дансны хуулга /хавтаст хэргийн 08-15, 26 дахь тал/,

 

3.1.4. Е.С-ийн ХААН банкны ............... дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

3.1.5. А.М-гийн ХААН банкны ............... дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33 дахь тал/,

3.1.6. ХААН банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/170, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0047/21 дугаартай тушаалуудын хуулбар /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

3.1.7. ХААН банкны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5184 салбарын 821513 дугаартай зарлагын мэдүүлгийн хуулбар /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

3.1.8. Хохирогч О.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус сумын төвд ирж ХААН банканд байгаа хугацаагүй хадгаламжид бэлнээр 1.500.000 төгрөг хийснээр дансанд 10.000.000 төгрөг болсон байсан. Тэрнээс хойш тухайн хугацаагүй хадгаламжаас хүү болон ямар нэгэн мөнгө гаргуулж авахаар ХААН банкны салбарт очиж байгаагүй, 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр хүү болох А.А- нь хурим хийхээр болж ХААН банканд байгаа хугацаагүй хадгаламжид байсан мөнгөнөөс мөнгө авахаар Булган сумын ХААН банкны салбарт очиж эрхлэгч Т.Р-гаас 3,000,000 төгрөг гаргуулж авъя гэхэд таны хугацаагүй хадгаламжид байгаа мөнгө хүрэлцэхгүй байна гэж хариулсан. Би уг хадгаламжид 10,000,000 төгрөг байх ёстой яагаад хүрэлцэхгүй байгаа талаар дахин асуухад Т.Р- миний дансыг шалгаж, таны хугацаагүй хадгаламжийг барьцаалж зээлж гаргуулж авсан байна. Таны данснаас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээл болох 8,800,000 төгрөг гарсан байна. Таны гомдлыг аймгийн ХААН банкны салбарт танилцуулж өгнө гэж надад хэлсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

3.1.9. Гэрч Б.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Миний бие 2010 оны 10 дугаар сараас эхэлж 5184 дугаар буюу ХААН банкны Булган тооцооны төвийн ажилтнаар 11 дэх жилдээ ажиллаж байна..., ...харилцагч О.А- манай тооцооны төвд 2021 оны 12 дугаар сарын сарын 06-ны өдөр өөрийн биеэр ирж, хугацаатай хадгаламжид байгаа мөнгөнөөс мөнгө авахаар ирсэн. Тэгээд миний дансанд 10,000,000 төгрөг байх ёстой би хүүхдийн хуримын цайллагад 4,000,000 төгрөг авна гэж хэлэхээр нь теллерүүдээр шалгуулсан боловч дансанд байгаа, хугацаатай хадгаламжийг барьцаалж зээл гарсан байсан тул мөнгө хүрэлцэхгүй байсан. Энэ талаар харилцагчид танилцуулж таны хугацаатай хадгаламжийг барьцаалж зээл авсан байна. Та өөрөө авсан уу гэж асуухад би зээл аваагүй гэж хэлсэн. За тэгвэл би таны дансыг дахин шалгаж, аймгийн төвд байгаа ХААН банкны салбартай танилцуулж өгнө гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

3.1.10. Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний ХААН банкны ............... дугаарын дансанд тухайн өдөр ............... дугаарын данснаас 805.000 төгрөг орсон. Тухайн мөнгийг миний данс руу ХААН банканд ажиллаж байсан А.Е- шилжүүлж надаас Рысжан ШТС-ын борлуулсан бензиний мөнгөнөөс бэлэн мөнгө авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

3.1.11. Гэрч Е.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний ХААН банкны дансанд тухайн өдөр ............... дугаарын данснаас 1.193.000 төгрөг орж байсан. Тухайн мөнгийг шилжүүлсэн талаар манай сумын ХААН банканд ажилладаг А.Е- хэлж байсан. Тэгээд надаас дэлгүүрийн орлогоос бэлнээр мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,

 

3.1.12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22/16 дугаартай “...ЗГ/2011230275 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/2011230275 дугаартай барьцааны гэрээ, ХААН банкны иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлтийн маягтад зурагдсан гарын үсэг нь О.А-н чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 75-87 дахь тал/,

 

3.1.13. Шүүгдэгч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Булган сумын ХААН банкны тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа тус сумын иргэн О.А-н нэр дээр онлайн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг харилцагч банканд биеэр ирээгүй байхад өөрөө О.А- болон тооцооны төвийн эрхлэгч Ж.Ахтоты нарын гарын үсгийг дуурайлган зурж эхлээд 6,001,000 төгрөг, дараа нь 1,999,000 төгрөгийг О.А-н харилцах данс руу шинээр нээсэн зээлийн данснаас шилжүүлж 6,000,000 төгрөгийг бэлнээр, 805,000 төгрөгийн Булган сумын иргэн А.М-гийн данс руу шилжүүлж, түүнээс бэлнээр, 1,193,000 төгрөгийн Булган сумын иргэн Е.С-ийн данс руу шилжүүлж түүнээс бэлнээр тус тус гаргуулан авч хувьдаа хэрэглэж дуусгасан. Яг юунд зарцуулсан талаараа сайн санахгүй байна. Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

4.2. Шүүгдэгч А.Е- нь ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Булган сумын тооцооны төвд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн теллер, ахлах теллерээр ажилласан байх ба хэрэгт авагдсан ахлах теллерийн ажлын байрны тодорхойлолтын 2.17-д “Хадгаламж барьцаалсан зээлийг холбогдох журмын дагуу судлан олгох, мөн олголтын гүйлгээн дээр хяналт тавьж ажиллах бөгөөд эргэн төлөлтийн төлбөрийг хугацаа хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй” гэж тусгажээ.

 

4.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Е- нь эрхэлж байгаа ажил үүргийн хувьд иргэд, хуулийн этгээдийн хадгаламж барьцаалан зээл олгох хүсэлтийг хүлээн авч судлан зээл олгох эрхтэй байжээ.     

 

4.4. “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 

4.5. Шүүгдэгч А.Е- нь хохирогч О.А-гаас хадгаламжийн данснаас мөнгө гаргуулах, мөн хадгаламж барьцаалан зээл авах тухай хүсэлтээ холбогдох журмын дагуу гаргаагүй байхад албан тушаалын байдлаа ашиглаж, хууль бусаар банкны программд хохирогчоос бэлэн мөнгө гаргуулах, зээл авах тухай хүсэлт, зээлийн эрх нээх, барьцааны гэрээг бүртгэн хэвлэжээ.

 

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Е- нь ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Булган сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, нийт 8000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

4.7. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч А.Е-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд шүүхээс шүүгдэгч А.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4.8. Шүүгдэгч А.Е- албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 

5.2. Шүүгдэгч А.Е-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.А-д 8000.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Е- нь хохирогч О.А-н данснаас завшсан 8.000.000 төгрөг, түүний хүү 770.000 төгрөг бүгд 8.770.000 төгрөгнөөс 5.800.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн, 2990.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулж, 20.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

5.4. Харин иргэний хариуцагч байгууллагыг төлөөлж С.Е-аас хадгаламжийн хүү гэж 459.404 төгрөг нэхэмжилсэн боловч энэ хэрэгт ХААН банкийг иргэний нэхэмжлэгчээр биш, иргэний хариуцагчаар тогтоосон байх тул 459.404 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 8 /найм/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож, түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч  А.Е-аас хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх хүсэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс “..шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

 

2.2. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Е-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

2.4. Шүүгдэгч А.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

2.5. Шүүгдэгч А.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч А.Е-ы энэ удаагийн үйлдэл нь тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахаас өмнө үйлдэгдсэн байдлыг ял оногдуулахад харгалзан үзлээ.

 

2.6. Шүүгдэгч А.Е- нь ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх ба хувийн байдлын хувьд ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байна.

 

2.7. Шүүгдэгч А.Е- нь хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч А.Е-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэв.

 

2.8. Шүүгдэгч А.Е-д тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаас өнөөдрийн байдлаар 6 сар 6 хоногийн ялаа биеэр эдэлсэн, шагналын хоног 28 хоног, нийт 7 сар 4 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүний тоо бүртгэлийн байцаагч, ахмад Б.Исагийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хоригдлын ялын тооцоогоор тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Е-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 8 /найм/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоов.

 

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч А.Е-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тус бүрд дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгч А.Е-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

2.10. Шүүгдэгч А.Е-д хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

 

2.11. Шүүгдэгч А.Е- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.а овогт А-ы Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Е-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Е-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 8 /найм/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил,  8 /найм/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-д оногдуулсан 2 /хоёр/ жил,  8 /найм/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч нь шүүгдэгч А.Е-аас 459.404 /дөрвөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг нотлох баримтуудаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч А.Е- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч А.Е-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК