Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 397

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Чулуунхүүгийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Д.Чулуунхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч; Хардал мэргэд овогт Дашдэлэгийн Чулуунхүү, РД:/МН-67040164/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие анх 1984 оны 09  дүгээр сарын 01-ний өдөр Түшиг сумын Цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. 1990 он хүртэл тасралтгүй 6 жил ажилласан. 2002 оны  08 сард цахилгааны улмаас  манай гэр шатаж бид өмссөн хувцастайгаа  үлдсэн. /Гэр бүлийн маань бүх бичиг баримт: Үүнд миний хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнүүд/. Ийд хөдөлмөрийн дэвтэр шатсан тул туслах багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч; Сэлэнгэ аймаг Түшиг сум, Ар нуга 2 дугаар баг, 1-17 тоотод оршин суух,  эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Хардал мэргэд овогт Дашдэлэгийн Чулуунхүү, РД:/МН-67040164/-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие 1984 оны 09 дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт асрагч багшаар ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 1990 оны 12 дугаар сарын 10-нд цомхтголоор гарсан. Мөн 2002 онд манай гэр шатаад миний хөдөлмөрийн дэвтэр хамт шатсан. Ингээд тэтгэвэрт гарах гэхээр ажилд орсон гарсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэр маань байхгүй тул тэтгэвэр тогтоолгож чадахгүй нөхцөл байдал бий болоод байгаа юм. Тухайн үед манай архив хариуцсан эзэнгүй болчихсон байсан. Тэр үед надтай хамт ажиллаж байсан бүх хүмүүсийн ажилд орсон гарсан тушаал нь олдохгүй байгаа. Иймд намайг 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт асрагч багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Чулуунхүүгийн тус шүүхэд гаргасан ... 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны  12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд  Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт  туслах багшаар ажиллаж  байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.  

Учир нь: Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд, тус газарт ажиллаж байсан тухайгаа шүүхэд амаар болон бичгээр тайлбарлаж байгаа хэдий ч энэ байдлаа бичгийн чанартай бусад баримтаар давхар хангалттай нотолж чадаагүй, хавтаст хэрэгт энэ тухай ач холбогдол бүхий, хангалттай баримт байхгүй байна. Мөн хэргийн 4 -10 дугаар талд авагдсан архивын лавлагаа, бичиг баримт шатсан тухай сумын болон багийн засаг даргын тодорхойлолт, хамт ажиллаж байсан 3 гэрчийн тодорхойлолт, мэдүүлэг байх боловч нэхэмжлэгч нь энэ байдлаа бичгийн чанартай  бусад баримтуудаар давхар  нотлоогүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй.  Харин цаашид нэхэмжлэгч нь  нотлох баримтын үндсэн дээр  дээрх ажилласан байдлаа дахин шүүхээр   тогтоолгох эрхийг нээлттэй үлдээвэл зохино.

Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.Чулуунхүүгийн Сэлэнгэ аймгийн  Түшиг сумын цэцэрлэгт туслах багшаар  1984 оны  09 дүгээр сарын 01-ний өдрөөс  1990 оны  12  дугаар сарын 10-ны өдөр хүртэл  ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь  нотлох баримтын үндсэн дээр дээрх ажилласан  хугацааг тогтоолгохоор дахин шүүхэд  хандах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭНХТАЙВАН