Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0110 |
Огноо | 2014-03-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2014/0110
2014 оны 03 дугаар сарын 05 өдөр дугаар 110 Улаанбаатар хот
С.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, гуравдагч этгээд Ц.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 530 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Э-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.Манлайжав нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын газар эзэмших эрх олгосон 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 тоот захирамжийн иргэн Ц.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Энхбаатар миний газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү" гэжээ.
Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: "...Иргэн Ц.З-д Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны 235Б тоот 290 м.кв талбайтай, маргаж буй газрыг Нийслэлийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаараа өмчлөх эрхийг олгосон байх тул уг захирамжийн иргэн Ц.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт иргэн Ц.З-ийн газар өмчлөх эрхийг Г-2205005037 дугаарт бүртгэн 000106380 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул бүртгэлийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна" гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш. Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны 2356 тоот хашааны нэгж талбарын 18639312307111 дугаар бүхий 290 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар иргэн Ц.З-аад эзэмшүүлсэн. Иргэн Ц.З-аас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20,3-т заасан бичиг баримт, түүний дотор иргэн Ц.З нь уг хашаанд ам бүл 4-үүлээ амьдардаг болохыг тодорхойлсон тус дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсарган 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад гаргасан газар өмчлөхийг хүссэн өргөдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны 2356 тоот хашааны нэгж талбарын 18639312307111 дугаар бүхий 290 м.кв газрыг иргэн Ц.З-д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэн Ц.З-д газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дүгээр захирамжийн иргэн Ц.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна" гэжээ.
Хариуцагч Баянгол Засаг дарга нь шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Д.Т нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д зааснаар уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байсан тул өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд иргэн Ц.З-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: Газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 13, 14 дүгээр зүйл, "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийн 22 дугаар зүйлүүдийг тус тус баримтлан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.
Иймд иргэн С.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Гуравдагч этгээд Ц.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 290 м.кв талбайтай газрыг хууль дүрэм, журмын дагуу тухайн анхан шатны байгууллагаар дамжуулан дүүргийнхээ газрын албанд өргөдөл гаргаж өгсөн ба үүний дагуу надад Баянгол дүүрэг, Нийслэлийн Засаг даргын захирамж гарч уг газрыг олгосон билээ.
Иймд С.Э-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү"
гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21.1, 22.1, 25.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын"Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжуудын иргэн Ц.З-д холбогдох хэсэг болон эрхийн улсын бүртгэлийн Г-2205005037 дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, иргэн Энхбаатар миний газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: С.Э би анхан шатны шүүхийн 330 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.
Баянгол дүүргийн 9 дүгээр хэсгийн ахлагч Ц.З-ийн тайлбараар анхнаасаа газрын маргааны асуудлыг нарийвчлан судлаагүй, танил тал албан тушаалаа ашиглаж ирсэн. Ц.З намайг газрын маргааны асуудлаар хэрэгт холбогдуулан шалгагдаж байхад газрын асуудлыг буруу шийдүүлж өөрийн нэр дээр болгож авсан. Нарийвчлан судалж газрын асуудлыг хуулийн дагуу зөв шийдэж өгнө үү.
Мөн иргэн Ц.З миний 2009 онд барьсан амбаар, 2012 онд барьсан хашаанд буучхаад намайг анх буухад энэ газарт юу ч байгаагүй гэж шүүх хурал болгон дээр худлаа тайлбар өгч, олон улсын хэмжээнд мөрдөгддөг гүгэлийн 2011 оны зургийг өөрийнхөөрөө худал гаргуулсан.
Намайг 2009, 2010, 2011 оны гүгэлийн зураг мэргэжлийн хүнээр тайлбар авахыг, мөн гэрчүүдийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг харгалзаагүй. Газрын маргаанаар миний гаргуулсан кадастрын зураг, өргөдөл, гүгэлийн сансраас авсан /2009,2010,2011/ зураг, мөн хашааны доторх гэрэл зургууд Ц.З-ийн албан тушаалаа ашиглан гаргуулсан бичиг, баримтуудаас цаг хугацааны хувьд өмнө байдгийг харгалзаагүй.
Т.Мөнхзаяа (хуучин 9-р хорооны Засаг дарга) амарсан байхад тус хорооны зохион байгуулагч Бадамханд уг газрыг хүлээн зөвшөөрч цохсоноор газрын маргаан эхэлсэн байдаг.Буруу тайлбарыг нарийвчлан судлаагүй.
Энгийн иргэд гэрчүүдийн тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй, зөвхөн холбогдох дарга нарын шийдвэрээр асуудлыг буруу шийдсэнд гомдолтой байна. Энэ газрын асуудлыг нарийвчлан судалж тайлбарлан, зохих хуулийн дагуу зөв шийднэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч С.Э-ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Э нь 290 м.кв газрыг Ц.З-д эзэмшүүлж, өмчлүүлсэн болон өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 307 м.кв газарт гэрийн буйр засаж, 2009 онд тухайн газар дээр жижиг байшин барьж хорооны Засаг даргад уг газрыг эзэмшиж болох, тодорхойлолт хийж өгөх асуудлаар хандаж байсан байна. Тэрээр 2010 оны 1 дүгээр сард “Т" XXК-д хандан тухайн газрын байршил, хэмжээг тодорхойлон харуулсан кадастрын зураглал1 хийлгэж байсан нь зураглал, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Тухайн үед 9 дүгээр хорооны Засаг дарга тус “газрыг үерийн аюултай” хэмээн хүсэлтийг хүлээн авч, цааш газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд болох дүүргийн газрын албанд уламжлахаас татгалзсан байх бөгөөд гэрч С.Алтангэрэл нь 2009 онд амбаар барихад тусалсан, Б.Саруулболд нь 2012 онд хашаа барихад тусалсан хэмээх мэдүүлсэн байна.
Гэтэл үүнээс хойш гуравдагч этгээд Ц.З-ийн өргөдлийг хорооны Засаг дарга [1] хүлээн авч, цааш уламжлан тодорхойлсны дагуу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны 235-6 тоот хашааны нэгж талбарын 18639312307111 дугаар бүхий 290 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна.
Захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан “нягтлан хянах” үүргээ биелүүлэлгүй, тухайн газар дээр бодит байдалд бусдын эд хөрөнгө байгаа эсэх талаар шалгаж тогтоохгүйгээр шийдвэрлэсэн байна.
Иргэд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлага болох хорооны Засаг даргад тухайн хорооны нутаг дэвсгэрт хамаарах газрын асуудлаар хүсэлт гаргах, хорооны Засаг дарга Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3 -т зааснаар “нутаг дэвсгэртээ нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг хариуцах” үүрэгтэйн хувьд уг газрын ашиглалт хамгаалалтын талаар цааш уламжлан тодорхойлсноор газар эзэмшүүлэх үйл явц эхэлдэг нь тогтсон харилцаа[2] юм.
Иргэн Ц.З-г өргөдөл гарган шийдвэрлүүлэх үед уг газарт С.Э эд хөрөнгө байршуулан ашиглаж байсан, С.Э-ыг хүсэлтээ гаргах үед уг газрыг үерийн эрсдэлтэй газар гэж цааш тодорхойлон уламжлахаас татгалзсан атлаа Ц.З-г өргөдөл гаргахад хүлээн авч, эзэмшүүлэх боломжтой хэмээн тодорхойлсон нь газар эзэмшүүлэх харилцаанд “шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй бөгөөд С.Э-ын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь буруу байна.
Иймд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга энэхүү шийдвэрийн дагуу уг газар нь иргэдэд эзэмшүүлж болох газарт хамаарч байгаа эсэхийг нягтлах зэргээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан, тухайн газарт давхцуулахгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх боломжийг харгалзан хуульд заасан журмыг баримтлан шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
|