| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00358/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 396
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн нэхэмжлэлтэй Ц.Гэрэлт-Од, Н.Цогоо нарт холбогдох “310.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ... 2005-2006 оны хичээлийн жилд Ц.Гэрэлт-од нь элсэлтийн шалгал өгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний их сургуульд элсэн орсон. Ц.Гэрэлт-Од болон түүний аав Н.Цогоо нар нь амьдрал ахуйн байдлаа харгалзан үзэж, төрийн сангийн хөнгөлөлттэй тэтгэлэгт хамруулж өгөхийг хүссэн хүсэлт болгон сургуулийн захиргаа, сургалтын төрийн санд өргөдөл гаргасныг хүлээн авч Ц.Гэрэлт-Одыг сургалтын төрийн сангийн хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, сургалтын төлбөрийг санхүүжүүлэх гэрээ байгуулсан. Ц.Гэрэлт-од нь сургалтын төрийн сангаас 2005-2006 оны хичээлийн жилд 310.000 төгрөг зээлээр авч суралцаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургуулиа орхисон. Сургалтын төрийн сан, сургалтын төлбөрийг санхүүжүүлэх журмын дагуу суралцагч Ц.Гэрэлт-одыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир сургалтын төлбөрт төрөөс олгосон зээлийг 2012 онд сургуулиар нөхөн төлүүлсэн. Тус сургууль эрх зөрчигдсөнөө 2012 оноос эхлэн тооцож нэхэмжлэлийн өргөдөл гаргаж байна. Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх тухай 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээний 3.3 –т суралцагч ... цаашид суралцахгүй болсон бол сургалтын төлбөрийн тооцоог бүрэн барагдуулна... гэж заасны дагуу суралцагч Ц.Гэрэлт-од болон асран хамгаалагч Н.Цогоо нараас 310.000 төгрөг гаргуулж сургуулийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3-14 тоотод оршин суух Н.Цогоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт Цогоогийн Гэрэлт-Од /РД:МЮ86050718/ -нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Шинжлэн ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй Н.Цогоо, Ц.Гэрэлт-Од бидэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох 310.000 төгрөгийг төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн нэхэмжлэлтэй Ц.Гэрэлт-Од, Н.Цогоо нарт холбогдох “310.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Цогоо, Ц.Гэрэлт-Од нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 310.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 9950 төгрөгний тал хувь болох 4975 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн нэхэмжлэлтэй Ц.Гэрэлт-Од, Н.Цогоо нарт холбогдох “310.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 310.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 9950 төгрөгний тал хувь болох 4975 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН