Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 616

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЗ69020108, Хошууд овогтой Норслойгийн Лүнзэдмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Н.Лүнзэдмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1969 онд төрсөн, 48 настай, ам бүл 6. Би Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 16 настайгаасаа буюу 1985 оны 1 дүгээр сараас эхлэн эвлэлийн илгээлтээр малчин болж 1992 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа тул “Пионер” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний 1985 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Лүнзэдмаа нь миний төрсөн ээж юм. Тэрээр Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас эхлэн эвлэлийн илгээлтээр малчин болж 1992 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан. Дандаа бог мал маллаж байсан. Түүний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч элэгдэж муудаад тамга тэмдэг нь бүдгэрч шаардлага хангахгүй байгаа ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд Н.Лүнзэдмаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Н.Лүнзэдмаа нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

       1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн Норслойгийн Лүнзэдмаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

     2. 1985 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлээс 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

     3. 1990 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлээс 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

       4. Итгэмжлэл,

     5. Гэрч Е.Цэвэлмаагийн шүүхэд өгсөн: “Би 1971 оноос Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Хужирт биргадын малчнаар 1992 онд тус нэгдэл тарах хүртэл ажилласан. Н.Лүнзэдмаа бид хоёр нэг сумын Хужирт бригадад олон жил айл хөрш амьдарч ирсэн бөгөөд 1985 оноос эхлэн мал маллаж  1992 оныг дуустал ажилласан юм. Н.Лүнзэдмаа нь нэгдэлд ажилд ороод удаагүй нөхөр С.Магсартай гэр бүлж болж гэр бүлийн хамтаар малаа маллан амьдарч ирсэн. Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргаар Т.Цэвээн, Б.Доржсүрэн, н.Орших, Ж.Сайнхжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

    6. Гэрч Н.Пансаагийн шүүхэд өгсөн: “Би 1967 оноос Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Хужирт биргадын малчнаар 1992 онд тус нэгдэл тарах хүртэл ажилласан. Н.Лүнзэдмааг би хар багаас нь таньж мэдэх бөгөөд Норслой гэх айлын 2 дахь охин бөгөөд түүний аав, ээж ах дүү нар бүгд Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд мал маллаж байсан хүмүүс байдаг юм. Н.Лүнзэдмаа өөрөө 7 дугаар анги төгсөөд 1985 онд илгээлтээр тус нэгдлийн малчин болж 1992 онд нэгдэл тарах хүртэл бид хамтдаа ажиллаж байсан. Н.Лүнзэдмаа нь одоо малаа маллан Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдарч байна” гэх мэдүүлэг,

       7. Гэрч Е.Цэвэлмаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 171 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Пансаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Н.Лүнзэдмаа нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн Н.Лүнзэдмаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, 1985 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлээс 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, 1990 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлээс 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, гэрч Е.Цэвэлмаа, Н.Пансаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Н.Лүнзэдмаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Лүнзэдмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хошууд овогтой Норслойгийн Лүнзэдмаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Лүнзэдмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР