| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2022/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/34 |
| Огноо | 2022-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/34
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е
Орчуулагч, хэлмэрч Б.Ж,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ед холбогдох 2213000000010 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, БА91052532 регистртэй, Ители елтох овогт Жакегийн Е,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Е нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө байшинд согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр М.Жгийн нүд рүү нь цохиж зодсон, мөн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө байшинд согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр М.Жг зодсон, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед тус аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө байшинд согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр М.Жг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Гэм буруугийн талаар:
А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, тайлбар
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Х.Еы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Еыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Жг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн М.Жг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,
2.Хохирогч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:”...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхөр маань найзуудтайгаа хамт архи уусан. Би тэрнээс сарын өмнө булчирхайн хагалгаанд орсон байсан. Тухайн 10 дугаар сарын 27-ны өдөр би хувцас хунараа угаачхаад боолт хийлгэж, хүүхдийнхээ тариаг тариулахаар эмнэлэг рүү явж байгаад нөхөр Ж.Етай тааралдаж, “...гэрт хүүхдүүд эзэнгүй байна, гэртээ оч” гэж хэлээд би өөрөө эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт очиход эмч байхгүй байхаар нь гэртээ очоод хүүхдүүдээ эргээд ирье гээд буцаад явж байхад нөхөр Ж.Е дэлгүүрээс нэг шил архи аваад гарч ирж байсан. Тэгээд би нөхөрт “гэртээ харья, хүүхдүүд эзэнгүй байгаа” гэж хэлээд авсан архийг нь машин дотор сууж байсан хүмүүст өгөөд дагуулж явсан. Гэтэл нөхөр Ж.Е нь гэрт очоод намайг зодсон.
....Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Муратбектэй хамт машин дотор архи ууж ирээд надад хоол аягалаад өг гэж хэлсэн. Тухайн үед би шал угааж байсан болохоор “...миний гар бохир байна, чи өөрөө хоолоо аягалаад идчих” гэж хэлэхэд нөхөр Ж.Е нь “хоол аягалж өгсөнгүй” гэж уурлаад гэрээс гараад явсан. Би араас нь тавчиктай гүйж гараад “...хаашаа явах гэж байгаа юм бэ, гадаа байгаа нүүрсээ амбаарт оруулья” гэж хэлэхэд, тэр гэрт орж ирээд “...чи миний араас тавчиктай гарч, хүмүүсийн дэргэд гудамжинд намайг дуудлаа” гэж уурлан намайг зодсон нь үнэн.
.....2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахиад Муратбектэй хамт архи ууж байхаар нь “...би ус аваад ир, хүүхэд өмдөндөө баалаа” гэж хэлээд 2 хувин аваачаад өгсөн. Гэхдээ ус авчирч өгөөгүй, тэгээд өөрөө ус авч ирээд хүүхдийнхээ баасыг цэвэрлээд гэр орноо цэвэрлэж байхад нөхөр гэрт Айдостой хамт орж ирсэн. Тэгээд Айдост архи ууя гэж хэлэхээр нь би “одоо болно амар” гэж хэлэхэд Айдос манайхаас гараад явсны дараа надад дахиад агсам тавьсан. Тэр үед манайд Е ирсэн. Би Ет “манайд жаахан сууж байгаад яваач, нөхөр надад агсам тавьж байна, зодож магадгүй” гэж хэлсэн. Манай нөхөр Е нь Ет хоёулаа пиво ууя гэж хэлээд надаас виза карт асуухад би өгөөгүй. Тэгээд дахин намайг зодсон. Одоо надад гомдол санал байхгүй. Нөхөр надаас уучлалт гуйж, бид эвлэрч хамт амьдарч байгаа. Нөхөр Ж.Е нь намайг эмнэлэгт үзүүлж, 250.000 төгрөгийг эм тариа хийлгэж өгсөн. Түүнээс хойш нөхөр Ж.Е архи уугаагүй 3 сар болж байна. Тиймээс хуулийн хөнгөлөлт үзүүлж, хорих ял оногдуулахгүй байхыг хүсэж байна гэв.
3.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:”...Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудтай танилцсан. Шүүгдэгч Ж.Е нь нэг биш удаа эхнэрээ зодсон нь нотлогдож байх тул яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд маргахгүй” гэв.
4. Шүүгдэгч Ж.Е мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Б.Шүүх хуралдаанаар эрүүгийн 2213000000010 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэгийн“...Хэрэг учрал болсон гэх газар нь тус аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв шороон замын хажууд байрлах иргэн Ж.Еы хувийн өвлийн байшинд болсон байв. Уг байшин нь баруун болон зүүн талдаа тус тус хаалгатай бөгөөд баруун талын хаалгыг Ж.Е нь “эхнэрийн үсчин хийдэг өрөө лүү орох хаалга, зүүн хаалга нь байшин руу өөрсдөө орох хаалга” гэж тайлбар хэлснийг тэмдэглэлд тусгав. Байшингийн гадна талд үзлэг хийхэд гадна цонхнууд болон хаалганууд нь бүрэн бүтэн байх бөгөөд зүүн талын хаалгаар дотогш нэвтрэхэд үүдний хэсэгтээ жижиг амбаартай, амбаар дотор гэр ахуйн эд хогшлууд байрлах бөгөөд хэрэгт ач холбогдолтой ул мөр, эд мөрийн баримтгүй байв. Амбаараас зүүн тийш нэвтрэхэд 6x4 метр хэмжээтэй гал тогоо, зочны өрөө байрлах бөгөөд өрөөний зүүн талд ширээ, буйдан, баруун хананд гал тогооны шкаф харагдах ба гэрийн эд хогшлууд нь эмх цэгцтэй байрлах ба хэрэгт ач холбогдолтой ул мөр, эд мөрийн баримтгүй байв. Гал тогооны өрөөнөөс баруун тийш зэрэгцээ хаалгагүй хоёр өрөө байх бөгөөд дээд талын хаалгаар нэвтрэхэд унтлагын өрөө, доод хаалгаар нэвтрэхэд үсчин хийх үйлчилгээний жижиг өрөө байрлах ба хэрэгт ач холбогдолтой ул мөр, эд мөрийн баримтгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7 дугаар дахь тал/,
2. Хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
3. Гэрч Ө.Сын гар утсанд үзлэг хийсэн“...Иргэн Ө.Сын ашиглаж буй гар утас нь хар хөх өнгийн “Самсунг-А10” маркийн ухаалаг гар утас байх бөгөөд гаднаа хар өнгийн гэртэй байв. Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахаар утасны түгжээг иргэн Ө.Сын өөрөөр нь онгойлгуулж фейсбүүк чат руу нь орж үзэхэд “Botahan Malik” гэх хаяг руу бичсэн болон ирсэн зурвас байх ба уг хэрэглэгчээс ирүүлсэн мессеж рүү орж үзэхэд хохирогчоос ирүүлсэн гэх хохирогчийн баруун нүд нь хавдаж улайсан байдалтай гэрэл зураг байх бөгөөд уг зургийг явуулсан цаг хугацаа нь “27 Осt АТ 18:09” байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг үргэлжлүүлэн үзлэг хийхэд иргэн Ө.Саас хохирогч руу явуулсан гэх казах хэл дээр бичигдсэн зурвас байсныг гэрэл зургаар бэхжүүлэн орчуулагч томилж, Монгол хэл рүү хөрвүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, казак хэл дээрх зурвасыг орчуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 24-27,29 дэх тал/,
4. Шүүгдэгч Ж.Еы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлүүдийг хураан авч, үзлэг хийсэн“...модон сандал болон бор өнгийн гутланд үзлэг хийхэд модон сандал нь 38 см өндөртэй, дээд тавцан нь 27x27 см хэмжээтэй бөгөөд уг сандлыг цагаан өнгийн будгаар будсан байх ба будаг халзарч хуучирсан байв. Уг сандалд шинээр үүссэн эвдрэл, гэмтэл харагдахгүй байв. Үргэлжлүүлэн бор өнгийн хос гутланд үзлэг хийхэд яллагдагч Ж.Е нь “эхнэрээ өшиглөх үед баруун талын гуталны ул нь салчихсан байсныг буцааж оёулж засаж авсан” гэснийг тэмдэглэлд тусган баруун талын хөлний гутлын улыг оёсон хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг гутал нь 39 размерын богино түрийтэй өвлийн бор өнгийн гутал байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
5. Хохирогч М.Жгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Миний бие нөхөр болох Е, 3 хүүхдийн хамт Алтай сумын төвд амьдардаг бөгөөд өөрөө хувиараа үсчний ажил хийдэг, харин нөхөр маань өмнө нь галч хийж байгаад саяхан өнгөрсөн намраас Төв аймагт уурхайн компанид ажиллаж байгаа. Эхнээс нь хэлэхэд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, амралтын өдөр байсан, өглөө нөхөр бид хоёр боссоны дараа манай хөрш Муратбек тамгын газрын машинтай ирээд гэрийн үүдэнд зогсоод нэг залуугийн хамт архи уугаад сууж байсан. Тэр үед манай нөхөр бие засахаар гадаа гарахад нөхрийг дуудаж архи өгсөн. Хэсэг хугацааны дараа Муратбек манайд орж ирээд надад “танай нөхөр надтай цуг явж болох уу, манай машинд сууж байсан нэг нөхөр согтчихсон байна, гэрт нь хүргээд өгье” гэхээр нь би түүнд “манай нөхрийг үлдээгээд явчих, хүн хүргэхэд манай нөхөр ямар хамаатай юм бэ” гэж хэлээд гэрээс гаргасан. Гэтэл нөхөр Е гэрт орж ирээд над руу уурлаад Муратбектэй цуг явж ирье гэж хүч өгөхгүй байхаар нь би түүнд за за тэгвэл яваад ир гэж хэлсэн. Тэгээд нөхөр Муратбектэй цуг түүний машинаар гэрийн урдаас яваад өгсөн ба хэсэг хугацааны дараа манай гэрийн үүдэнд дахин Муратбекийн машинтай хүрч ирээд тэр хоёр машин дотор дахин архи уугаад суугаад байсан. Тэгээд архи нь дууссаны дараа Муратбек машинтайгаа яваад өгсөн, харин нөхөр гэрлүү согтуу байдалтай 13 цаг өнгөрч байхад орж ирээд надад хоол аягалаад өг гэхээр нь би түүнд “өөрөө аягалаад идчих” гэж хэлсэн. Уг нь тэр үед гэр цэвэрлээд шал угааж байсан болохоор тэгж хэлсэн. Тэгсэн нөхөр босож ирээд надад хоол аягалж өгсөнгүй гээд миний баруун мөр лүү нэг удаа цохиод үсчингийн өрөөний хаалгаар гадагшаа гараад явчихаар нь би араас нь тавчиктай гараад хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь нөхөр буцаж надтай цуг гэр лүү орж ирсэн. Би нөхрийг агсам тавих байх гэж бодоод гэрийн хойд хэсэг рүү гараад нүүрс оруулъя гээд хойд хаалгаар гарч байтал нөхөр араас гарч ирээд үүдний амбаар дотор надад “чи миний араас гудамжинд тавчиктай гарч ирээд дуудлаа” гэж хэлээд намайг үсдэж аваад толгой, нүд рүү гараараа цохиж, дараа нь хөлөөрөө миний хэвлий болон хөл хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Дараа нь намайг гэрийн үүдний амбаараас хувцаснаас татаж, гэрт чирч оруулаад үсдэж аваад гараараа миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа алгадаад дараа нь хөлөөрөө миний шилбэ, гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж байхад нөхрийн гутлын ул нь салчихсан. Тэгсэн чинь чамаас болж гутлын ул саллаа гэж хэлээд миний хөл, гуя хэсэг рүү бас хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би уйлсан чинь нөхөр буйдан дээр очоод суучихсан. Тэгэхээр нь би гэрийн шаланд дэвссэн хивсийг аваад гадагшаа гараад оройн 18 цаг хүртэл амбаар луу нүүрс оруулчхаад гэртээ орсон. Гэртээ ороод хүүхдүүдийн дэвсгэр даавууг угаах гэж байтал нөхөр “чи дандаа юм угаадаг” гэж хэлээд үглээд эхлэхээр нь би юм яриагүй байж байтал түүний утас нь дуугарсан, хэн залгасныг мэдээгүй, тэгээд нөхөр гэрээс гараад явчихсан. Тэр өдрийн шөнө дунд 02 цагийн үед нөхөр согтуу байдалтай орж ирээд амарсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өглөө нөхөр бид хоёр боссоны дараа манай нөхөр лүү Муратбек утсаар залгасан ба удалгүй Муратбек захиргааны машинтай манай гэрийн хойно хүрээд ирсэн. Тэгэхлээр нь би нөхөрт “дахиж Муратбектэй цуг архидах гэж байгаа юм уу” гэхэд тэр надад “битгий хуц” гэж хэлээд гэрээс гараад Муратбекийн машинд очоод суусан ба тэр хоёр архи уугаад сууж байхаар нь би Муратбект “чи дандаа нөхөрт архи өгөх юм, хар үүрээр архидах гээ юу” гэж хэлэхэд Муратбек архиа машиныхаа хойно нуусан ба нөхөр цаад суудалд нь сууж байгаад надад “яваад ус аваа ир” гэхээр нь би түүнд чи өөрөө усанд яв гээд машиных нь хажууд хоёр хувинг үлдээгээд гэр лүүгээ орчихсон. Гэртээ ороод цонхоор хэсэг харсан боловч нөхөр Муратбекийн машинаас ерөөсөө буугаагүй, тухайн үед манай бага хүүхэд өмдөндөө баачихсан болохоор нь ус хэрэгтэй байсан. Тэгээд би Муратбекийн машин хажууд байсан хувинг аваад өөрөө усанд явсан. Манайх усаа хадам ах Камелханы хашаанаас авдаг юм. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед нөхрийг манай гэрт хөрш Рийн А гэх залуу дагуулаад хүрээд ирсэн. Би Айдосоос нөхрийг хаанаас авчирсан талаар асуухад надад танай гэрийн хажуугаар өнгөрч байтал Муратбек дуудаад Еыг гэрт нь оруулчих гэхээр нь оруулаад ирлээ гэж хэлсэн. Айдос нөхрийг гэрт оруулсны дараа нөхөр түүнд “чи дээшээ суу, хоёулаа нэг шил ууя” гэж хэлэхээр нь Айдос түүнд “би гараад аваад ирье” гэж худлаа хэлээд манай нөхрөөс зугтах шиг болоод гэрээс гараад явчихсан. Түүний дараа нөхөр надад “чи дандаа хувцас угаадаг” гэж үглэж эхлээд би ханын пийшинд хувцас хатаах гэж байтал нөхөр араас ирээд нуруу хэсэгт нэг удаа цохихоор нь би уйлаад түүнд “би хувцас угаахгүй, өөр юу хийх юм бэ” гэж хэлээд байж байтал манай гэрт худ Е гар утсаа авахаар ороод ирсэн. Е ороод ирэхээр нь би буруу харж нулимсаа арчаад Ет утсыг нь өгсөн. Тэгээд Еыг суулгаад цай хийж өгсөн. Тэр үед нөхөр намайг хэл амаар доромжилж үглээд байсан бөгөөд гэнэт намайг цохихоор гараа далайлгаад босоод ирэхэд Е салгаж авсан. Тэгээд би Ет хандаж, “чи манай гэрт хэсэг сууж байгаач, чамайг гараад явчихвал энэ намайг зодож магадгүй” гэж хэлсэн чинь Е манай гэрт 1 цаг гаруй суусан. Энэ хугацаанд би нөхөртөө “чи согтуу орж ирэх бүртээ намайг зодох юм, намайг өнчин өрөөсөн гэж байгаа юм уу” гэхэд нөхөр надад “чи тэгээд хоёр ахаа дуудаач дээ” гэсэн. Е түүнд “та тэгж хэлж болохгүй, яагаад эхнэртээ гар хүрдэг юм бэ” гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа манай гэрт гаднаас И гэх манай хадам дүү орж ирсэн. И орж ирэх үед би нөхрийнхөө хэл амаар доромжилсонд тэсэлгүй, уйлаад сууж байсан бөгөөд тэр манай нөхөрт хандаад “та яагаад дандаа эхнэртээ гар хүрдэг юм, ямар учиртай вэ” гэхэд нөхөр хэсэг дуугүй сууж байгаад намайг зодохоор босож дайрах үед И, Е нар салгаж аваад И нөхөрт “та ингээд байвал уячихна шүү” гэхэд нөхөр түүн рүү уурлаж эхлэхээр нь Е, И хоёр “та боль, үг ойлгохгүй юм байна” гэж хэлээд гадаа гараад явчихсан. Тэр хоёр манайхаас гараад явсны дараа нөхөр надаас архи ууна, виза карт аваад ир гэхээр нь би түүнд өгөхгүй гэж хэлээд картыг гаргаж өгөөгүй, тэгж байтал манайд Е дахиж орж ирсэн бөгөөд тэр манай нөхөрт “та виза картаар яах гээд байгаа, унтаж амраач дээ” гэсэн боловч нөхөр ерөөсөө хүч өгөлгүй надаас дахин дахин карт нэхээд байхаар нь би түүнд картыг нь өгөөгүй. Тэгтэл нөхөр карт өгсөнгүй гээд миний баруун мөр хэсэгт нэг удаа гараараа цохих үед нь Е нөхрийг салгаж авсан. Удалгүй Еын ээж залгаж дуудсан тул тэр манайхаас гараад явчихсан. Еыг манайхаас гарсны дараа манай нөхөр надад “чи миний картыг өгсөнгүй” гэж хэлээд намайг үсдэж аваад нүүр, ам хэсэг рүү гараараа 3, 4 удаа цохихоор нь би түүнд картыг нь өгсөн чинь нөхөр надад “чи одоо Иыг дууддаг болсон уу” гэж хэлээд намайг дахиж үсдээд толгой, нүүр хэсэг рүү гараараа бас хэд хэдэн удаа цохиж байхад гар нь миний зүүн талын нүдэнд оносон. Тэр үед миний зүүн нүд хавдчихсан. Би зодуулах явцдаа толгойгоо хамгаалахаар буйдан дээр хэвтээд толгойгоо дэрээр хаахад нөхөр нэг хатуу эд зүйлээр миний нуруу хэсэг рүү цохисон. Би юугаар цохисныг харахад модон сандал нөхрийн гарт байсан. Дараа нь нөхөр зодохоо болиод суусан ба манай бага хүүхэд өмдөндөө баачихаар нь би ус аваад ирье гэж хэлээд хувин авч гараад хадам ах Камелханы хашаанд очоод хувингаа хашаанд үлдээж тэдний хашаагаар цаашаа гараад Базаргүл эгчийн гэр лүү явж байтал цаанаас Е хүрээд ирсэн. Тэгээд тэр надад “таны нүд яасан бэ” гэхээр нь би түүнд “нөхөртөө зодууллаа” гэж хэлээд Еын утсаар өөрийн төрсөн ах Досжаны утас руу залгахад бэргэн С авч ярихаар нь би тэр хүнд нөхөртөө зодуулснаа хэлээд нүдээ хөхрүүлчихлээ гэж ярьсан. Тэгээд утсаар ярьчхаад хувинд ус хийж аваад гэртээ очоод хүүхдийнхээ өмдийг угааж байтал нөхөр гал тогооны өрөөнөөс хутга барьж аваад над руу дөхөж ирээд “чамайг ална” гэж хэлээд хэсэг айлгаж байгаад хутгаа буцааж тавьсан. Гэхдээ надад хутгаа хүргээгүй, нөхөр хутга аваад над руу дөхөж ирэхээр нь би гэрийнхээ буланд очоод маш их айсан, ...Нөхөр бид хоёр гэрлээгүй байхад тэр архи уудаг байсан бөгөөд бид 2016 оны 01 дүгээр сард гэрлэсэн. Бид гэрлээд 2017 оны 09 дүгээр сар хүртэл хадам аавын гэрт амьдарч байсан. Тухайн үед нөхөр хааяа нэг архи уудаг байсан ба надад гар хүрдэггүй байсан. Харин 2017 оны 09 сараас эхлэн нөхөр бид хоёр тусдаа гарсан, сүүлийн хоёр жилийн хугацаанд нөхөр өдөр болгон архи уудаг болчихсон. Архи ууж согтуу ирэх болгондоо үл ялиг зүйлээр шалтаглан агсам тавьж, намайг зоддог болсон..., Манай нөхөр 2021 оны 08 дугаар сарын сүүл үеэс эхлээд Төв аймагт байдаг нэгэн уурхайд ажилд орсон бөгөөд нэг явахдаа 15 хоног ажил хийгээд, буцаж ирээд 10 гаруй хоног амарч байгаад явдаг юм. Миний санаж байгаагаар нөхөр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа буугаад гэрт 10 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа, 2021 оны 10 дугаар сарын 27-ны орой хоёр дахь хүүхдэдээ тариа хийлгэхээр эмнэлэг рүү тэврээд явж байтал нөхөр гудамжинд үл таних машин дотор хэсэг хүмүүстэй цуг архи уугаад сууж байхаар нь би нөхөртөө “гэрт хоёр хүүхэд эзгүй байгаа, хурдан очоодох” гэж хэлээд хүүхдээ эмнэлэгт аваачаад буцаад иртэл нөгөө үл таних машин дэлгүүрийн урд зогсож байсан ба нөхөр дэлгүүрээс тортой архи бариад гараад ирэхээр нь би нөхөртөө “наад архиа өгчхөөд хүүхдээ тэврээд гэрлүү явъя” гэхэд нөхөр гартаа байсан архийг нөгөө машинд оруулж өгөөд хүүхдээ тэврээд гэр хүртэл хамт ирсэн. Бид хоёр ирж байх замд би нөхөртөө “чи энд 15 хоног яах гэж ирдэг юм, дандаа архи ууна” гэж хэлсэн, харин нөхөр юм дуугараагүй. Тэгээд гэрийн урд хаалгаар /үсчингийн өрөөний/ гэр лүүгээ орж байтал нөхөр хүүхдийг эхлээд гэрт оруулчхаад дараа нь намайг гэрт орох үед миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон.Тэр үед миний баруун нүд хавдаад маргааш нь хөхөрчихсөн. Нөхөр миний нүд рүү цохисны дараа намайг гэрт оруулж,шаланд хэвтүүлээд нүүр, нүдгүй цохиж, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-48, 50-51 дэх тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
6. Гэрч Ө.Муратбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын дундуур байсан байх, нэг удаа Ж.Еы эхнэрийн нүд хөхөрчихсөн байхыг харсан. Өдрийг нь санахгүй байна. Тухайн үед Е хотоос ирчихсэн үе байсан. ...Өчигдөр 13 цагийн үед Еы гэрийн хажууд байдаг байшинд очоод гражнаас нэг сэлбэг аваад буцаж ажилдаа явах гэж байтал Е гэрээсээ гарч ирээд миний машинд хэсэг сууж надтай юм ярьж байгаад гэрийнхээ гадаа буусан.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 55 дахь тал/,
7. Гэрч Х.Базаргүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Еы ээж 16 цаг өнгөрч байхад над руу утсаар залгаад “манай хүү Е эхнэр Жг зодож агсам тавьж байгаа гэж байна, аймгаас Жгийн ээж нь залгаж байна, очоод бэрийг хүүхдүүдтэй нь цуг аваадах” гэхээр нь би Еы гэрт ганцаараа яваад очсон. Тухайн үед тэдний гэрт бэр Ж гурван хүүхдийн хамт байсан ба бэрийн хоёр нүд нь хавдсан байдалтай харагдсан. Ж тухайн үед гэрээ цэвэрлэж байсан бөгөөд надад “нөхөр согтуу ирээд учир зүггүй агсам тавьж намайг зодлоо” гэж хэлсэн. Харин Е гэртээ байгаагүй, гадагшаа гараад явчихсан байсан. Тэгж байтал манай ах Ж тэднийд ирээд Е руу залгаад гэртээ ир гэж дуудсан. Ж ах Еыг хэсэг хүлээж байгаад гэрлүүгээ явчихсан. Би бэр Жг хүүхдүүдтэй нь хамт дагуулж явах гэж байтал Е халамцуу байдалтай хүрээд ирсэн. Тэгээд би Еыг гэртээ унтаж амар гэж хэлээд гэрт нь үлдээгээд Ботаг хүүхдүүдтэй нь цуг өөрийнхөө гэрлүүгээ аваад явсан. Е миний мэдэхийн энэ жил эхнэрээ хоёр удаа зодож байна. Эхнийх нь одоогоос 3, 4 хоногийн өмнө байсан, өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан бэр Ж манайд ирээд надад “нөхөр согтуу гэрээс гараад явахаар нь араас нь очиж дуудсан, тэгсэн чинь гэрлүү орж ирээд намайг гудамжнаас дуудлаа гээд гар хүрч зодлоо” гэж хэлсэн. Харин яг хаана нь яаж зодсоныг надад хэлээгүй. ...Хоёр дахь нь өчигдөр болсон. Дүүгийн гэрт очиход бэрийн хоёр нүд нь хавдчихсан байсан бөгөөд надад “нөхөр согтуу ирээд дахиж зодлоо” гэж хэлсэн. Хаана нь яаж зодсоныг хэлээгүй. Бэрийн нүд нь хавдсаныг бодвол нүүр, нүд хэсэгт нь цохисон байх. ...Харин хэд хоногийн өмнө Ж манайд ирээд нөхөртөө зодуулснаа ярихад түүний биеийн нүдэнд харагдах хэсгүүдэд ямар нэгэн бэртэл, гэмтэл харагдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 58 дахь тал/,
8. Гэрч А.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Е согтуу ирээд гэртээ агсам тавьж байна гээд миний бие очиж салгаж байсан асуудал огт болоогүй, харин хэзээ билээ, миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын дундуур байх, Еы эхнэрийн нүд хөхөрчихсөн байна гэж манай эхнэр хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
9.Гэрч Х.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүү Е 2016 онд Маликийн Ж гэх хүнтэй гэр бүл болсон, одоо гурван хүүхэдтэй, хүүхдүүд нь дандаа бага насны хүүхдүүд юм. Бэр М.Ж МСҮТ-ийг үсчин мэргэжлээр төгссөн. Байшингийнхаа нөгөө талд үсчин хийх жижиг байртай, тэрүүгээр сумын иргэдийг хүлээн авч, үс засах үйлчилгээ үзүүлж хэдэн төгрөг олдог. Хүү Еы хувьд хааяа нэг цайллага, нийллэгээр болон найз нөхөдтэйгээ нийлээд архи уучихдаг асуудал байгаа, тэгээд архи уусан үедээ архинаас болж бэртэй муудалцаж гар хүрдэг асуудал бас гарч байсан. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр үдээс хойш над руу манай худ Жгийн ээж аймгаас залгаад “Е агсам тавьж, Ботаг зодсон байна, та хэд очоорой” гэж хэлсэн. Тэгээд эхнэр маань Базаргүл рүү залгаад Еы гэрт очоорой гэж хэлсэн. Би мөн хүүгийн гэрт очиход тэднийд манай дүү Б болон бэр Ж, хүүхдүүдтэйгээ байсан. Манай бэр тухайн үед гэрээ цэвэрлэж байсан бөгөөд бэрээс юу болсон талаар асуухад надад “Е согтуу ирээд зодлоо” гэж хэлээд уйлсан. Миний мэдэхийн 2021 оны 10 дугаар сарын дундуур байсан, өдрийг нь мэдэхгүй байна. Манай хүү Е хот руу ажилдаа явахаас өмнө бас эхнэртээ гарч хүрч зодсон асуудал гарсныг мэдэж байна. Тухайн үед бэрийн нэг нүд нь хөхөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
10. Гэрч О.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Е нь манай хөрш, бас манай нөхөртэй хамаатан болдог. Ж.Е нь ер нь бол өдөр өнжөөд л архи уугаад яваад байгаа харагддаг. ...Хааяа эхнэртээ гар хүрдэг асуудал байгаа гэж боддог. Миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын дундуур байсан, би Еы гэрт нэг ороход эхнэрийнх нь нэг нүд нь хөхөрчихсөн байсныг харсан. Би түүнээс яасан ийснийг асуугаагүй. Тэдний гэрлүү ороод зам руу гардаг үсчний байрны хаалгаар нь гараад явсан. Еы эхнэр ч асуудлаа хүнд нэг их хэлдэггүй, даруухан хүн юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 67 дугаар дахь тал/,
11. Гэрч Ө.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 16 цагийн үед байх, цагийг нь нарийн санахгүй байна, ямар ч байсан хадам дүү Ж нь манай хамаатан дүү Еын 99548227 дугаараар манай нөхрийн 99425085 дугаар луу залгасан. Тухайн үед би нөхрийнхөө утсыг ашиглаад явж байсан болохоор Ж залгах үед авч ярьсан. Ж надтай утсаар ярихдаа уйлаад “нөхөр архи ууж ирээд намайг зодлоо, би арай гэж гэрээс зугтаж гараад явж байгаад Етой таарлаа, аав ээжид энэ талаар хэлээд намайг ирээд аваадах гэж хэлээч” гэж хэлсэн. Сүүл рүүгээ уйлаад утсаар ярьж чадахгүй байхаар нь би Етой ярихад “урьд нь ч гэсэн нөхөр нь зодсон байна шүү дээ, та хэд яагаад аав ээжид нь хэлээгүй юм бэ, нүд нь хавдаад хөхөрчихсөн байна, надтай гудамжинд таарлаа, аав ээжид нь хэлээрэй” гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн өдрөөс өмнө буюу 12 сарын 07-ны өдрөөс хэд хоногийн өмнө Ж хадам ээжид нөхөртөө зодуулсан талаар хэлсэн байна лээ. Би түүнийг нөхөртөө зодуулсныг хадам ээжээс сонсож байсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын сүүлээр хадам дүү Ж мөн нөхөртөө зодуулж байсан бөгөөд тэр үед нөхөр нь хотоос ажил хийгээд гэртээ хэд хоног амрахаар ирсэн байхдаа архи ууж агсам тавьж, Жг зодсон байсан. Тухайн үед Ж надтай фейсбүүк чатаар холбогдож өөрийнхөө зургийг явуулсан. Түүний явуулж байсан мессеж нь одоог хүртэл миний фейсбүүк чаатад байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,
12. Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2021 оны 12 дугаар сарын 07-ны орой байсан, цагийг нь санахгүй байна. Бидэн рүү бэр С нь утсаар залгаад “дүү Жг нөхөр нь агсам тавьж зодсон байна, сая над руу Еын утсаар ярилаа, та хэдэд хэлээрэй гэсэн, ирээд аваарай гэж байна” гэхээр нь Жгийн дугаар луу залгахад хэсэг авахгүй байсан. Тэгээд нилээн оройхон Ж залгаж “Е согтуу ирээд агсам тавьж, намайг нүүр нүдгүй өшиглөж, цохиж зодлоо, нүд минь хавдчихлаа” гэж ярьсан. Би тэр дор нь худ Ж рүү залгаж, энэ талаар хэлээд очоод ямар байгааг нь мэдмээр байна гэж хэлээд дараа нь хүү Б гэртээ дуудаад Ж удаа дараа нөхөртөө зодуулж байна, очиж авмаар байна гэхэд тэр өдрийн орой нь Б Алтай сум руу явж очоод охин Жг хоёр хүүхдийн хамт гэрт аваад ирсэн. Тэд нар 12 сарын 08-ны өдрийн үүрээр 05 цагийн үед ирсэн бөгөөд тухайн үед охин Жгийн нүүр ам нь хавдчихсан хүрээд ирсэн, маргааш нь нүднийх нь хавьцаа хөхөрчихсөн байсан. ...Үүний өмнө 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, амралтын өдөр байсан санагдаж байна, охин Ж над руу өөрөө залгаад нөхөр агсам тавьж, зодлоо гэхдээ бие маань гайгүй байна гээд утсаар ярьж байсан. Тэгэхээр нь би хүргэн Еы утас руу залгаж, түүнийг загнаад дахин асуудал гаргавал охиноо салгаж авна шүү гэж хэлж байсан. Харин түүнээс өмнө 2021 оны 10 дугаар сарын сүүлээр хүргэн хүү Е мөн адил согтуу гэртээ ирээд охин Жг зодож нэг нүдийг нь хөхрүүлж байсан. Тухайн үед Ж нүднийхээ зургийг бэр С луу явуулаад тэр зургийг нь би харж байсан. Тухайн үед хүргэн хүү хотоос ажил хийгээд ирчихсэн үе байсан.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 71 дэх тал/,
13. Гэрч Т.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутын үед гэрээс гараад сумын төвд байх Ж.Еы /Хожых хочтой/ гэрт ирсэн. Намайг тэднийд ороход Ж.Е болон түүний эхнэр нь М.Ж мөн хүүхдүүд нь байсан. Тухайн үед Ж.Е нь халамцуу, согтуу байсан ба, гэртээ агсам тавьж чанга чанга дуугарч байсан. Ж.Е нь эхнэр болох М.Ж руу дайрч давшлаад байхаар нь би түүнийг болиулж, 2 цаг гаруй тэдний гэрт суусан. Тэр үед хөрш болох И гэдэг ах ирсэн. Тэр ах ч гэсэн Ед одоо болно яах гээд байна вэ гэж хэлээд бид хоёр Ж.Еыг тайвруулж суулгасан. Тэгээд К.И яваад өгсөн ба хэсэг хугацааны дараа над руу ээж маань утасдаж ярьсан. Тэгээд би ээж дуудаж байна гэж хэлээд гараад явж байтал найз Т.Айдос над руу утсаар залгаж, яриад бид хоёр уулзахаар болсон. Тэгээд намайг Т.Айдосын гэр лүү явж байтал замд Ж.Еы эхнэр М.Ж нэг айлын хашааны булангаас гараад ирсэн. М.Жгийн нүд хөхөрсөн байдалтай, уйлаад явж байсан. Тэгээд юу болсныг асуухад Ж.Е гараараа миний нүд рүү цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,
14. Гэрч К.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 сарын 07-ны өдөр Ж.Еы гэрт ороход Ж.Е, түүний эхнэр М.Ж, манай сумын залуу Т.Е гурав байсан. Тэднийд ороход Ж.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба гэр орондоо агсам тавьсан шинжтэй харагдсан юм, ...Ж.Е нь эхнэртээ агсам тавьсан байдалтай, Т.Е түүнийг болиулсан байдалтай сууж байсан. Тэгээд би ч гэсэн Ж.Ед хандаж “одоо болно залуу яагаад гэр оронд зүгээр байж чадахгүй байна бэ, одоо унтаж амраарай” гэж хэлээд гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,
15. Гэрч Т.Айдосын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээс 12 цагийн үед гараад гэр хорооллын гудамжаар явж байхад Засаг даргын тамгын газрын жолооч Ө.Муратбек машинтай зогсож байгаад намайг дуудахаар нь яваад очиход уг машинд Е нэлээн согтуу байдалтай сууж байсан. Ө.Муратбек намайг Ж.Еыг гэрт нь оруулаад өгөөч гэсэн. Тэгээд би Ж.Еыг машинаас буулгаж гэрт нь оруулсан. Гэртээ ороод Ж.Е нь надаас нэг шил архи нэхэхээр нь би дэлгүүрээс аваад ирье гэж хэлээд тэднийд хэсэг хугацаанд суусан. Тэр үед Ж.Еы эхнэр түүнд “одоо архи уухаа болиоч, 2 өдөр архи уулаа” гэж хэлэхэд Е уурлан эхнэртэйгээ маргахаар нь би тэднийхээс гараад явчихсан. Түүнээс хойш нэг цагийн дараа би найз Т.Е руу утсаар яриад Т.Е бид хоёр Ж.Еы гэрийн ойролцоо гудамжинд уулзаж байтал нэг айлын хашааны булангаас Ж.Еы эхнэр нь М.Ж уйлаад гараад ирсэн. Бид хоёр түүнээс юу болсныг асуухад тэр Ж.Е намайг зодлоо гэж хэлсэн ба нэг нүд нь хөхөрсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,
16.Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай “...иргэн М.Жгийн биед тархины доргилттой, зүүн дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, доод эрүүний зүүн талд хөх ягаан туяатай цуг хуралттай хавдартай, баруун хацарт зурагдсан шарх, цээжний баруун талд шархтай зүүн чихний дэлбэнгийн дотор талд шархтай, хүзүү хоолойнд хөх ягаан өнгийн туяатай цус хуралттай, баруун бугалганд, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай, дагзанд зүүн талд хавдартай, баруун талд хавдартай гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 93-96 дахь тал/,
17.Шүүгдэгч Ж.Еы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад холбогдох хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн анх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, тухайн үед би хотод ажил хийж байгаад амрахаар ирчихсэн үе байсан бөгөөд орой нь найз нарын хамт гудамжинд архи ууж байтал эхнэр таараад намайг загнаад гэртээ дагуулаад ирсэн. Тухайн үед эхлээд хүүхдээ гэрт оруулчхаад араас эхнэр орж ирэх үед би эхнэр М.Жгийн баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон нь үнэн. Гэхдээ тэр өдөр дахиж гар хүрээгүй, би халамцуу байсан. Маргааш нь эхнэрийн нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бас гэртээ согтуу ирээд архины гайгаар жижиг сажиг юмыг шалтаг болгоод эхнэртээ гар хүрч түүнийг эхлээд амбаар дотор, дараа нь гэрт оруулж байгаад нүүр, толгой руу нь гараа цохиж, шилбэ, гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодсон маань үнэн, энэ бүхэндээ гэмшиж байна. Сүүлд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өдрийн цагаар бас гэртээ архи ууж ирээд эхнэрээсээ виза карт асуухад намайг архи уух гэж байна гээд өгөөгүй. Түүнээс болж мөн эхнэртээ гар хүрч, мөн нүүр, нүд рүү нь гараараа цохиж, улмаар хөл, гуя руу нь өшиглөж байснаа бүдэг бадаг санаж байгаа. Ер нь бол архи гэдэг гашууны гайгаар эхнэртээ гар хүрдэг болсондоо маш ихээр харамсаж байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйсан, бид хоёр эвлэрсэн байгаа. Дахиж эхнэрээ зодохгүй гэж аав ээждээ болон хадам талдаа амлалт өгсөн байгаа. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
18.Шүүгдэгч Ж.Еы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 127 дахь тал/,
19. Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолтууд /хавтаст хэргийн 131-133, 136-137 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
20.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
21.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Ед холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ж.Еыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
В.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал буюу хэргийн үйл баримт:
1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Еы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
2. Шүүгдэгч Ж.Е нь 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Жг зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,
3.2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр М.Жг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тусгаж ирүүлсэн нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
4. Тодруулбал: Шүүгдэгч Ж.Е нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээсээ гарч, дэлгүүрийн үүдэнд хүмүүстэй машинд архи ууж байх үед түүний эхнэр М.Ж тааралдаж, Ж.Ед хандан “Гэрт хоёр хүүхэд эзэнгүй үлдсэн, хурдан очоод хүүхдүүдээ харж байгаач, би 2 дахь хүүхдийнхээ тариаг хийлгэхээр эмнэлэг явж байна” гэж хэлээд хүүхдээ тэврээд эмнэлэг явсан байна.
5. Хохирогч М.Жг буцаад ирэхэд түүний нөхөр Ж.Е дэлгүүрээс тортой архи барин гарч ирээд дахин нөгөө машинд суух үед хохирогч М.Ж түүнд хандан “тортой архиа наад хүмүүстээ өгчхөөд хүүхдээ тэврээд хамт гэртээ харья” гэж хэлэн нөхрийгөө дагуулан гэртээ очиход Ж.Е гэрийнхээ үүдний амбаарт эхнэр М.Жгийн баруун нүд рүү нэг удаа цохисныхоо дараа түүнийг гэртээ оруулан, шалан дээр унагааж, нүүр, нүд, хэвлий, цээж гэх мэт газарт нь хэд хэдэн удаа цохиж, зодсон байна.
6. Тухайн үед хохирогч М.Ж нь нөхөртөө зодуулсан талаар цагдаа, хууль хяналтын байгууллагад хандаагүй байх бөгөөд бэр эгч Ө.Стай “messenjer” чаатаар холбогдон, нөхөр Ж.Ед зодуулснаа хэлж, баруун талын нүд нь хавдсан байдалтай, өөрийн зургийг бэр эгч Ө.Сын чаат руу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 09 минутад явуулсан байсныг мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байна.
7. Түүнчлэн шүүгдэгч Ж.Е нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М.Жг зодсон талаар хохирогч М.Ж, гэрч А.Ж, Х.Ж, О.Алтыншаш, Ө.С, Б.Г, Ө.Муратбек нар мэдүүлсэн, мөн шүүгдэгч Ж.Е хэргээ хүлээн мэдүүлснээр түүний 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр М.Жг зодсон үйлдэл нотлогдож байна.
8.Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Ж.Е нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна Ө.Муратбекийн машинд архидан согтуурсан үедээ “Чи намайг гудамжинд явж байхад таавчигтайгаа гарч ирж дуудлаа” гэж уурлан эхнэр М.Жг үүдний амбаараас үсдэн чирч гэртээ оруулж, улмаар гараараа толгой тархи руу нь цохиж, хөлөөрөө гэдэс, хэвлий, хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөж байх үед Ж.Еы гутлын ул салсан байна. Тэр үед шүүгдэгч Ж.Е “Чамаас болж миний гутлын ул саллаа” гэж хохирогч М.Жг дахин зодсон болох нь хохирогч М.Ж, гэрч Х.Базаргүл, Ө.С, Б.Г нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Еы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Еы эхнэрээ өшиглөж зодож байхад ул нь салсныг оёулж засварласан гэх бор өнгийн, 38 размерын өвлийн, хос гутлыг Ж.Еаас хураан авч, эд мөрийн баримтаар тооцож ирүүлжээ.
9.Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтаар тооцож хураан авсан Ж.Еы гэх бор өнгийн өвлийн хос гутлыг шинжлэн судлахад баруун хөлийн гутлын ул салж, оёулж засварласан байсан нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн мэдүүлгээр Ж.Е нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өмсөж байсан гутлынхаа улыг салтал эхнэрээ өшиглөж зодсон нөхцөл байдал тогтоогдсон байна.
10. Хохирогч М.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Ж.Ед зодуулсан талаараа мөн цагдаа, хууль хяналтын байгууллагад хандаагүй болох нь тогтоогджээ.
11.Шүүгдэгч Ж.Е нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт байрлах гэрийнхээ гадна мөн Ө.Муратбекийн машинд архидан согтуурсан үедээ эхнэр М.Жг “чи дандаа хувцас угаадаг” гэж уурлан нуруу тус газарт нь нэг удаа цохисон, мөн хэсэг хугацааны дараа архи уух зорилгоор эхнэр М.Жгаас виза карт нэхэж, улмаар карт өгсөнгүй гэх шалтгаанаар М.Жг үсдэж, гараараа нүүр, ам хэсэг рүү 3.4 удаа, зүүн талын нүд рүү нь 1 удаа, нуруу тус газарт нь модон сандлаар 1 удаа цохиж, М.Жгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
12. Шүүгдэгч Ж.Е нь хохирогч М.Жг зодож гэмтээснийхээ дараа гал тогооны өрөөнөөс хутга авч, “чамайг ална” хэмээн айлгах үед хохирогч М.Ж маш их айсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.
13. Хохирогч М.Ж нь тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Ж.Ед зодуулсныхаа дараа Л.Еын утсаар төрсөн ах Досжаны утас руу залган, бэр эгч Ө.Стай ярьж, түүнд нөхөртөө зодуулсан талаар хэлж, ар гэртээ хэл дуулгаснаар цагдаагийн байгууллагад хандан, хүүхдүүдийн хамт гэрээсээ явсан нөхцөл байдал хохирогч М.Ж, гэрч Х.Базаргүл, Х.Ж, Ө.С, Б.Г, Т.Е, К.Исбазар, Т.Айдос, Ө.Муратбек нарын мэдүүлэг, 1 ширхэг модон сандлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудаар нотлогдсон ба шүүгдэгч Ж.Ед зодуулсны улмаас хохирогч М.Жгийн эрүүл мэндэд тархины доргилт, зүүн дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, доод эрүүний зүүн талд хөх ягаан туяатай цуг хуралт, хавдар, баруун хацарт зурагдсан шарх, цээжний баруун талд шарх, зүүн чихний дэлбэнгийн дотор талд шарх, хүзүү хоолойд хөх ягаан өнгийн туяатай цус хуралт, баруун бугалга, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралт, дагзны зүүн, баруун талд хавдар зэрэг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогджээ.
Г.Эрх зүйн дүгнэлт:
1.Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар яллах дүгнэлтээр Ж.Еы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.
3. Шүүгдэгч Ж.Е, хохирогч М.Ж нар нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрлэж, гэрлэсний бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт цугларсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул хохирогч М.Ж, шүүгдэгч Ж.Е нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж, мөн хуулийн 6.2-д ”Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заажээ.
5. Шүүгдэгч Ж.Е нь хохирогчийн эсрэг 3 удаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүнийг зодсон нь тогтоогдож байх ба үйлдэл тус бүр нь ижил төстэй, байнга давтагдах шинжтэй байна.
6. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгодог.
7. Шүүгдэгч Ж.Еы хувьд 2021 оны 10 дугаар сарын 27, 2021 оны 12 дугаар сарын 04, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Жгийн халдашгүй байдалд халдан зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хийсэн нь тогтоогдож байх ба 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг зодох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогджээ.
8. Шүүгдэгч Ж.Еы үйлдэл хоорондын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Ж.Е нь дээрх үйлдлийнхээ улмаас ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна.
9.Хууль тогтоогчоос гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан ба харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчлаагүй байна.
10. Тодруулбал: Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс нь хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэхээр байна.
11.Иймд прокуророос шүүгдэгч Ж.Еы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давхар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, Ж.Еы үйлдлүүд дээрх гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ж.Еыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
12. Шүүгдэгч Ж.Е нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
13. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Еы зан байдал, ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна.
14. Хохирогч М.Ж нь шүүгдэгч Ж.Еаас гэмт хэргийн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
2.Шүүхээс шүүгдэгч Ж.Еыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Шүүгдэгч Ж.Еы үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
5.Шүүгдэгч Ж.Е нь хувийн байдлын хувьд 1991 онд төрсөн, 30 настай, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт эхнэр, 3 хүүхдийн хамт 5 ам бүлээр амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
6.Шүүгдэгч Ж.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж, эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
7.Улсын яллагч нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
8. Учир нь хохирогч нь бие махбодь, сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй байсны улмаас шүүгдэгч Ж.Еы эрхшээлд байсан нь тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хүндрүүлэх нөхцөлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.
9. Шүүгдэгч Ж.Е нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч согтуурсан үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр 3 удаагийн давтамжтай үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр М.Жг зодсоныг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
10.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ж.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцон, 32 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн Ж.Еы нийт эдлэх ялыг 6 сар 32 хоногоор тогтоох саналыг,
11.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
12.Хохирогч М.Ж нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Ед аль болох хорих ял оногдуулахгүй байх хүсэлтийг,
13.Шүүгдэгч Ж.Е нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх хүсэлтийг тус тус гаргажээ.
14.Шүүхээс шүүгдэгч Ж.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялаас хорих ялыг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг тус тус сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэм бурууг нь ухамсарлуулж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
15. Шүүгдэгч Ж.Еы үйлдсэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь нийгмийг бүрдүүлэгч анхан шатны нэгж болох гэр бүлийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, цаашлаад хүний эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавартай, дахин давтагдах шинжээрээ нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Ед оногдуулсан ял тус бүрийг нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэв.
16.Шүүгдэгч Ж.Е нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, 250.000 төгрөг төлсөн, хохирогч М.Ж нь Ж.Ед гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Ж.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасан ялын доод хэмжээг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
17.Шүүгдэгч Ж.Е нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
18. Ж.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ялыг түүний цалин, хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
19.Шүүгдэгч Ж.Ед оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж, энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
20.Шүүгдэгч Ж.Е нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн Ж.Еы өвлийн, бор өнгийн, 38 размерийн хос гутал, цагаан өнгийн будгаар будсан хуучин модон сандал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Е, хохирогч М.Ж нарт буцаан олгох нь зүйтэй.
21.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогтой Еыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ж.Еыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ед оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял, 6 (зургаа)-н сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 (зургаа)-н сар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4/ дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Шүүгдэгч Ж.Ед оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж, энэ тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагаан өнгийн будгаар будсан, хуучин модон сандал 1 ширхэг, бор өнгийн, 38 размерийн, өвлийн хос гутал 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ж.Е, хохирогч М.Ж нарт буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б