| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2022/0042/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/47 |
| Огноо | 2022-04-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн гишүүн, өмгөөлөгч С.Алтай, Л.Э,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ат холбогдох эрүүгийн 21130001910009 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс урианхай, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, Сагсай сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд Монгол хэл, уран зохиолын багш ажилтай, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сайд овгийн Дамбажавын А, РД:БИ89120801,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Д.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:” Д.А нь Баян-Өлгий аймгийн Төрийн сангаас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр данс андууран шилжүүлсэн А.Аийн буцаан олголтын 682.227 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлтийг,
2. Иргэний нэхэмжлэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт “...2021 оны 9 дүгээр сард Сагсай сумын татварын байцаагч холбогдож “манай сумын А.А- гэх хүний татварын буцаан олголт нь ороогүй байна. Та шалгаад өгөөч” гэсэн. Шалгаж үзтэл Төрийн банкны дансанд орсон байсан ба “Наад хүндээ дансаа шалгаарай гэж хэлээрэй” гэх хариу өгсөн. Дараа нь 10 дугаар сард дахин залгаж “Д.А, А.А- гэх хүмүүсийн данс нь давхардсан байна” гэхэд нь “татварын байцаагч өөрөө мэдээлэл оруулсан учир өөрөө учраа ол” гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлэг өгсөн байгаа. Хувь хүний орлогын албан татварын тайланг etax.mn сайтад татвар төлөгч нэвтрэх нэр, нууц дугаараа оруулан нэвтэрч, өөрөө шивэх ёстой байтал өмнөөс нь татварын байцаагч мэдээллийг нь оруулж байгаа нь буруу. Д.А нь А.Аийн авах ёстой буцаан олголт 687.227 төгрөгийг А.Аид төлсөн тул манай байгууллагад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
3.Гэрч К.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: ”Миний бие Сагсай сум дахь татварын байцаагчийн хувьд жил бүр татварын буцаан олголтын материалыг хүлээн авдаг. Татвар төлөгч өөрөө анхан шатны материалаа бүрдүүлэн надад өгнө. Тухайн материалуудыг үндэслэн цаасан хэлбэрээр тайлангаа гаргаад, аймгийн төвд авчирч ахлах байцаагчаар хянуулсны дараа тайлангаа шивж, нэгтгэлийг гаргаж, Төрийн сангийн хэлтэс рүү явуулдаг. А.А-, Д.А нар нэг сургуульд ажилладаг учир хамт ирээд, материалаа нэг дор өгөөд явсан. Тухайн үед хамт ирсэн учир Д.Аийн дансыг А.А-ид давхардуулж бичсэн байна. Д.А нь 7 дугаар сарын 30-ны хавьцаа буцаан олголтоо авсан байсан. Улмаар А.А- багш 10 дугаар сард ирээд “Миний мөнгө яагаад орохгүй байна, бусад багш нар авсан байна” гэсний дагуу аймгийн Төрийн сангийн хэлтэс ирээд шүүлгэж үзээд А.А-ийн мөнгө орсон гэх дансыг бичүүлж аваад банк руу очиж шүүлгэж үзэхэд тэр нь Д.Аийн данс байсан. Тэгээд Д.Ат таны данс руу хоёр удаа буцаан олголт орсон байна гээд хоёр багштай уулзаж та хоёрын мөнгө адилхан нэг данс руу орсон байна. Буцааж өгөөрэй гэхэд “Идэшний үе болж байна, мөнгөний боломж байхгүй байна” гээд явсан. Тэгээд би А.А-ид жилийн эцэс хүртэл таны мөнгийг олж өгнө. Та хэрүүл маргаан гаргахгүй байж байгаарай гэж хэлсэн. Дараа нь Д.Атэй уулзаж “Та сар болгон 100.000 төгрөгөөр ч хамаагүй А.А-ийн мөнгийг өгмөөр байна. А.А-ийг гомдолгүй болгох ёстой.” гэж хэлсэн. Гэтэл энэ хоёр хүн хоорондоо ойлголцож чадаагүй юм уу ийм байдалд хүрсэн байсан. ...Би Д.Аээс буцаан олголтын материал хүлээн авч, түүний хувь хүний орлогын албан татварын тайланг татварын etax.mn-д шивсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед Д.Аийн нэвтрэх нэр, нууц кодыг түүнээс авч etax.mn сайтад хандаж, мэдээллийг нь оруулсан.Түүнээс гадна Д.Аийн цалинд өөрчлөлт ороогүй тохиолдолд жил бүр авах татварын буцаан олголтын хэмжээ өөрчлөгдөхгүй, урьд жил нь авч байсан буцаан олголтоо дараа жил нь аваад явдаг” гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай шүүхийн хэлэлцүүлэгт:” Шүүгдэгч Д.А нь алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгах нь зүйтэй” гэх дүгнэлтийг,
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт:” Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч К.Ж, А.А- нарын мэдүүлгээр Д.Аийг яллах боломжгүй. Д.А нь тухайн жилд өөрөө татварын буцаан олголт авах ёстой байсан, авах ёсгүй мөнгийг авсан асуудал байхгүй. Хамгийн гол нь Д.А тухайн жилд хэдэн удаа, хэдэн төгрөгийн буцаан олголт авах байснаа мэдэх боломжгүй байсан учраас өөрийн авах ёстой татварын хөнгөлөлтийг авсан гэж ойлгосон байгаа. Иймд Д.Аийн үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-д зааснаар түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
6.Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт:”...Би гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн жил нөхөр бид хоёр өөрийн гэсэн байшинтай болох үүднээс зээл авч байшин барьсан. Үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэн, 40 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ авч,татварын буцаан олголтоо авахын тулд материалаа бүрдүүлэн татварын байцаагч К.Ж гэх хүнд өгсөн. Байшингаа 29 сая төгрөгөөр үнэлүүлсэн. Тухайн үед бүрдүүлж өгсөн баримтууд хавтаст хэрэгт байгаа. Х.Аүл, К.Ж гэх хүмүүс мэдүүлэг өгөхдөө “тайлангаа өөрөө шивдэг” гэж буруу мэдүүлсэн байна. Би ямар хаяг руу орж, яаж тайлан шивдэгийг мэдэхгүй. Тухайн үед материалаа л өгсөн. К.Ж гэх хүн шивэлтийг өөрөө хийдэг. 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр буцаан олголтын мөнгө орж ирсэн. Тухайн үед миний “99658922” дугаар утсанд ХХОАТ-ийн буцаан олголтын мөнгө гэж орж ирсэн учир миний авах ёстой, манай байшингийн буцаан олголтын мөнгө орж ирсэн гэж ойлгосон. Утга хэсэгт нь ямар нэгэн хүний нэр байхгүй байсан учир өөр хүний мөнгө гэж бодоогүй. 3 сарын дараа цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахдаа намайг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж гэмт хэрэгтэн болгосон. Үүний улмаас өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтэн болж зогсож байгаадаа гомдолтой байна. Тухайн мөнгийг би хүний халааснаас эсхүл данснаас нь аваагүй. Төрөөс орж ирж байгаа миний л авах ёстой мөнгө гэж ойлгосон. Материалаа бүрдүүлж өгөөд, тухайн сард авах ёстой мөнгөө л авсан. А.А-, Д.А гэдэг нь хоёр өөр хүн бөгөөд өөр өөр данстай, өөр регистрийн дугаартай байхад андуурснаас болж өнөөдрийг хүртэл хохирч явж байна. Миний бие Монгол Улсын иргэн, мөн ээж, багш хүнийхээ хувьд гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ хэлмээр байна. Төрөөс авах ёстой мөнгөө л авсан. Тухайн хүнээс эсхүл төрөөс булааж аваагүй. Иймд хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж, намайг цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.А.Алтыншышаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.Д.Аийн Төрийн банк дахь 290900181333 дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 06 дахь тал/,
3.Д.А, А.А- нарын 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайлан /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,
4.Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 185 дугаартай албан бичиг / хавтаст хэргийн 48 дахь тал/,
5.Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 217 дугаартай албан бичиг, хавсралтууд / хавтаст хэргийн 52-57 дахь тал/,
6.Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад 2021 оны 7 дугаар сард аймгийн татварын газраас хашаа, байшингийн буцаан олголтын мөнгө гэж 690.000 төгрөг ирэх ёстой байсан. 2021 оны 7 дугаар сард мөнгө орохгүй болохоор нь 2021 оны 9 дүгээр сард Сагсай сумын татварын улсын байцаагч К.Жтай уулзаж, хашаа байшингийн буцаан олголтын мөнгө яагаад орохгүй байгаа юм бол гэж асуухад буцаан олголт авах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аймгийн төрийн санд хүргүүлсэн, буцаан олголт удахгүй орох байх гэж хэлсэн. Дараа нь дахиж К.Жтай уулзаж, миний буцаан олголтыг ямар дансруу шилжүүлэхээр өгсөн талаар асуухад К.Ж надад төрийн банкны данс өгсөн. Уг дансыг төрийн банкинд очиж шалгуулахад тухайн данс нь миний данс биш Д.А гэх нэртэй хүний данс байсан. Тэгэхээр нь Сагсай сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Ат учир байдлаа хэлж, түүнийг дагуулан Сагсай сумын төрийн банкинд очиход Д.Аийн дансанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хашааны буцаан олголтын мөнгө 2 удаа давхардаж орсон байсан. Тэгээд Д.А бид хоёр буцаж, татварын улсын байцаагч К.Жийн өрөөнд очиж буцаан олголт Д.Ат 2 удаа орсон байсан талаар тайлбарлаж, тухайн мөнгийг хэнийх болохыг асуухад К.Ж 690.000 төгрөг нь миний мөнгө буюу надад олгох ёстой байсан хашааны буцаан олголтын мөнгө байна, чи буцаагаад А.А-ид өгчих гэж хэлэхэд Д.А цалингаас 50.000 төгрөгөөр суутгаад авбал ав эсхүл дараа жил буюу 2022 онд буцаагаад авчих гэсэн. Тэгээд Д.А К.Ж ахад “Энэ таны буруу, яагаад миний данс руу хоёр удаа мөнгө хийсэн юм, энэ мөнгийг би үрчихсэн, буцааж өгч чадахгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 73 дахь тал/,
7.Иргэний нэхэмжлэгч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аймгийн санхүү төрийн сангийн хэлтэст хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын жагсаалтыг аймгийн татварын хэлтсээс манай хэлтэст буцаан олгох мөнгөн дүн, овог нэр, регистрийн дугаар, мөнгө хүлээн авах дансны дугаарын хамт албан тоотоор ирүүлдэг. 2021 оны хувьд 1576 иргэний материалыг ирүүлсэн байсан. Тэгээд бид жагсаалтын үндэслэж төрийн сангаас мөнгийг нь олгодог. Сагсай сумын иргэн Д.А, А.А- нарын мэдээллийг авч 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрийн банкинд 94 хүний жагсаалтыг хүргүүлсэн. Тэр жагсаалтад Д.Аийн буцаан олголтын мөнгөн дүн, мэдээллийг өгсөн. Иргэн өөрөө Е.Тах гэх цахим хаягаар бүрдүүлэх материал болон мэдээллээ өөрөө шивж оруулаад сумын татварын байцаагч баталгаажуулаад аймгийн, татварын хэлтэст хүргүүлснээр дахин аймгийн татварын хэлтэс хянаж эцсийн байдлаар манай санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлдэг юм. Тухайн иргэн өөрөө мэдээллээ татварын Е.Тах гэх цахим хаягаар бүртгүүлж байхдаа өөрөө хэдэн төгрөгийн буцаан олголт авахаа мэдэх боломжтой. Тэр нь уг сайтад өөрийн нэр кодоор орж байгаа учир нээлттэй харагдаж байдаг юм. Буцаан олголтын мөнгө жилд нэг л удаа ордог. Мөнгийг хувааж оруулдаггүй. Иргэн Д.А нь андуурсан гүйлгээний мөнгийг А.А-ид буцаан өгсөн байгаа учир манай хэлтэст ямарч хохирол учраагүй. Хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 71 дэх тал/,
8.Гэрч К.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...А.А- нь 2021 оны 10 дугаар сард миний буцаан олголтын мөнгө яагаад орохгүй байгаа юм бол, бусад буцаан олголт авах ёстой иргэд мөнгөө авчихсан байна гэж ирсэн. Тэгэхээр нь Баян-Өлгий аймгийн Төрийн сан дээр ирээд иргэн А.А-ийн мөнгө яагаад орохгүй байгаа талаар шалгуулсан. Тэгэхэд төрийн сангаас 290900181333 тоот дансруу иргэн А.А-ийн буцаан олголтын мөнгө орсон байна гэж хэлсэн. Тэгээд би А.А-ид чиний буцаан олголтын мөнгө Төрийн банкны 290900181333 дансаар орсон байна гэж хэлээд түүнийг банк руу явуулсан. Удалгүй А.А- Төрийн банк дээр очиж ирээд дээрх данс миний данс биш байна. Харин Д.А гэх хүний данс байна. Миний буцаан олголт Д.Аийн дансанд орсон байна гэж хэлээд Д.Аийг дагуулж ирэхэд Д.А нь энэ миний буцаан олголтын мөнгө, 2021 оны 7 дугаар сард орж ирсэн. Тухайн мөнгийг би зарцуулчихсан одоо буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Харин дараагаар нь Д.Аийн нөхөр Отгонхүү нь аймгийн татварын хэлтэст гомдол гаргасан байсан. Тухайн гомдол нь буцаан олголтын давхардуулан авсан мөнгийг буцааж төлөхгүй, энэ мөнгийг хэн буруутай этгээд өөрөө хариуцах ёстой гэж өргөдөл өгсөн байсан. Тэгээд би Д.Аийн гэрт очиход нөхөр болох Отгонхүү нь Улаанбаатар хотруу ажлаар явсан байсан ба харин Д.А нь 2021 оныг дуустал сар бүр хувааж төлж дуусгая гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр нь болох Отгонхүү надруу залгаад та юу яриад байгаа юм би Улаанбаатар хотод орон сууц авч байгаа тийм мөнгө өгөх боломжгүй дараа онд аваарай гэсэн. Д.Аийн нөхөр Отгонхүү өөрөө өмгөөлөгч авсан, мөн хуулийн зөвлөх авсан, Татварын ерөнхий газарт гомдол гаргана, бид энэ мөнгийг төлөхгүй юм байна, хэрэв төл гэх юм бол 2022 оны буцаан олголтын мөнгөнөөс төлнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,
9.Гэрч Х.Алмагүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Татвар төлөгч 2017 оноос эхлэн цахимаар өөрийн тайлангаа Е.Тах.mn сайтаар өөрөө регистрийн дугаараар бүрдүүлж, цаанаас олгосон нууц үгээрээ уг сайтруу нэвтрэн орж хувийн мэдээлэл, шаардагдах баримт бичгийн мэдээллээ оруулдаг болсон юм. Иргэн мэдээллээ оруулж тайлангаа бичиж байхдаа тухайн жилд хэдэн төгрөг орж ирэх ёстойг харах боломжтой. Учир нь тайлангаа бичиж байхад л доод хэсэгт нь автоматаар буцаан олголтын мөнгөн дүн гараад ирдэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/,
10.Шүүгдэгч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрийн банкны 290900181333 дугаарын дансанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхлээд 854.804 төгрөг орж ирсэн талаар гар утсанд мессеж ирсэн. Уг мөнгөний утга дээр буцаалт гэсэн байсан. Дараа нь удалгүй 687.227 төгрөг мөн адил буцаалт гэсэн утгаар орж ирсэн. Тэгээд тэр мөнгийг авч хэрэгцээндээ зарцуулсан. 3 сарын дараа манай сургуульд хамт багшилдаг А.А- ирээд миний буцаан олголтын мөнгө чиний дансруу орсон байна, хоёулаа төрийн банк дээр очъё, сумын татварын байцаагч К.Жтай очиж уулзъя гэхээр нь би хамт гарч Төрийн банкны теллерээр шалгуулахад миний дансанд хоёр удаа буцаан олголтын мөнгө орсон байсан. Тэгээд би А.А-ын авах ёстой буцаан олголтын мөнгийг авснаа мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Э хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Д.Аийн хувь хүний орлогын албан татварын тайлангийн хуулбар /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
2. Д.Аийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
3.Д.Аийн нөхөр Х.Отгонхүүгийн Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ажилд томилогдсон тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 28 дахь тал/,
4. Орон сууцны зээлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 30-37 дахь тал/,
5.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлтийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
6.”Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар /хавтаст хэргийн 40-48 дахь тал/,
7.Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга А.Кын 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 49 дэх тал/,
8. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга А.Каын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 217 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
9. Д.Аийн 2020 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангийн хуулбар /хавтаст хэргийн 53-57 дахь тал/,
10.Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 48 дугаартай “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар буцаах тухай” тогтоол /хавтаст хэргийн 61 дэх тал/,
11. Шүүгдэгч Д.Аийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 105 дахь тал/,
12. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас” /хавтаст хэргийн 138 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
13.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай болон шүүгдэгч Д.А нар хэргээс тусгайлан судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.
Оролцогчийн эрхийн хэрэгжилт
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
2.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ат холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл:
2. Баян-Өлгий аймгийн Төрийн сан нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банкаар дамжуулан иргэн А.Аийн харилцах данс руу татварын буцаан олголтын мөнгөн шилжүүлэг хийхдээ данс андуурч, иргэн Д.Аийн Төрийн банк дахь 290900181333 тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд Д.А нь өөрийнх нь дансанд орж ирсэн 687.227 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
3.Тодруулбал: Баян-Өлгий аймгийн Төрийн сан нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн татварын хэлтсээс ирүүлсэн Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг үндэслэж, Сагсай сумын нэр бүхий 94 иргэнд Төрийн банкаар дамжуулан татварын буцаан олголтын мөнгийг олгожээ. /хавтаст хэргийн 71,75 дахь тал/,
4. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Сагсай сум дахь татварын байцаагч К.Ж нь тус сумаас татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн нэрсийн жагсаалт үйлдэхдээ андуурч, иргэн А.А-ийн буцаан олголтын материал дээр Д.Аийн дансыг бичиж төрийн санд хүргүүлсний улмаас аймгийн Төрийн сангаас Сагсай сумын 5 дугаар багийн иргэн А.А-ид олгох ёстой байсан ХХОАТ-ын буцаалт 687.227 төгрөгийг тус сумын 5 дугаар багийн иргэн Д.Аийн Төрийн банк дахь 290900181333 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. /хавтаст хэргийн хавтаст хэргийн 6, 48, 71, 73, 75,101-102 дахь тал/,
5. Алдаатай гүйлгээ хийгдсэнээс хойш 2 сар гаруй хугацааны дараа, 2021 оны 9 дүгээр сард иргэн А.А- нь Сагсай сум дахь татварын байцаагч К.Жтай уулзаж, өөрийнх нь авах ёстой ХХОАТ-ын буцаалт 687.227 төгрөг олгогдохгүй байгаа шалтгааныг тодруулснаар түүний буцаан олголтын мөнгө хамт ажилладаг багш Д.Аийн Төрийн банк дахь 290900181333 тоот дансанд орсныг олж мэдсэн байна. /хавтаст хэргийн 73,75 дахь тал/,
6. Улмаар тухайн өдрөө А.А- нь шүүгдэгч Д.Аийг дагуулан Төрийн банкинд очиж, данс андуурагдсан эсэхийг шалгуулахад шүүгдэгч Д.Аийн Төрийн банк дахь 290900181333 тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ХХОАТ-ын буцаалт гэх утга бүхий, 687.227, 854.000 төгрөгийн үнийн дүнтэй, 2 удаагийн гүйлгээ хийгдсэн нь тодорхой болсон байх бөгөөд түүний 687.227 төгрөгийн ХХОАТ-ын буцаалт гэх гүйлгээ нь алдаатай гүйлгээ буюу А.А-ийн 2020 оны ХХОАТ-ын буцаан олголт болох нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 6,18-19, 73,75,101-102 дахь тал/,
7. Шүүгдэгч Д.А нь өөрийнх нь дансанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орсон 687.227 төгрөгийг алдаатай гүйлгээ буюу А.А-ийн авах ёстой татварын буцаан олголт гэдгийг мэдсэн атлаа буцааж төлөөгүй, төлөхөө бодитой илэрхийлээгүй тул иргэн А.А- 2021 оны 10 дугаар сарын 31-нд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. /хавтаст хэргийн 6,18-19,73,75/
8.Ийнхүү иргэн А.А-ийг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа Д.А нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр алдаатай гүйлгээ 687.227 төгрөгийг А.А-ид буцаан төлсөн гэх үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүх тогтоолоо. /хавтаст хэргийн 6, 101-102,109 дэх тал/,
Хууль зүйн дүгнэлт:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Д.Аийн үйлдлийн улмаас 687.227 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.
4.Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэх замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.
5. Шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч нараас “Д.А нь 2019 онд нөхрийн хамтаар 56 м2 талбайтай хувийн орон сууц барьж, уг орон сууцаа 29.000.000 төгрөгөөр үнэлүүлж, жил бүр татварын хөнгөлөлт эдэлж байгаа. Сагсай сумаас татварын хөнгөлөлт эдлэх 94 хүний нэрсийн жагсаалтад Д.Аийн нэр байсан, жил бүр материал бүрдүүлж өгч, хөнгөлөлт эдэлдэг. Тухайн үед түүний дансанд орж ирсэн 687.227 төгрөгийг өөрийнх нь төрөөс авах ёстой буцаан олголт гэж ойлгосон. Д.А нь хувь хүний орлогын албан татварын тайлангаа etax.mn-д өөрөө шивж оруулаагүй, татварын байцаагч К.Ж түүний тайланг татварын системд шивж оруулсан учраас хэдэн төгрөгийн буцаан олголт авах ёстойгоо өөрөө мэдэх боломжгүй байсан, татварын хөнгөлөлтийг жилд хэдэн удаа олгодог талаар ч мэдэх боломжгүй байсан. Татварын байцаагч К.Ж энэ талаар Д.Ат ямар ч мэдээлэл өгөөгүй, түүнийг мэдээллээр хангаагүй. Иймд Д.Ат гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх тайлбар, дүгнэлтийг гаргасан.
6.Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Д.Аийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдоогүй, Д.А нь тухайн гүйлгээг алдаатай буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдээгүй, өөрийнх нь тухайн жилдээ авах татварын хөнгөлөлт гэж ойлгосон” гэж гэм буруугийн асуудлаар маргаж байна.
7.Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажилладаг, төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай, 56м2 талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэй, хувийн орон сууцны барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж, 000457890 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, уг байшингаа 29.000.000 төгрөгөөр үнэлүүлэн, 2020 онд 854.803 төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн нь тогтоогдож байна./хавтаст хэргийн 6,12-17,20-47, 49-51,53-57/,
8. Дээрхээс үзэхэд шүүгдэгч Д.А нь Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй субьект мөн болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр 29.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувийн сууц худалдан авсны татварын буцаан олголт 854.803 орчим төгрөгийг өмнөх жилд нь төрөөс нэг удаа авч байсан нь мөн тогтоогджээ.
9. Шүүгдэгч Д.А “Би тухайн үед хэдэн төгрөгийн татварын хөнгөлөлт авах ёстой гэдгээ мэдээгүй, миний тайланг татварын байцаагч К.Ж etax.mn-д оруулсан учраас би өөрийн авах ёстой татварын хөнгөлөлтийн мөнгөн дүнгээ мэдэх боломжгүй байсан. Би etax.mn сайтад хандаж үзээгүй, яаж хандахыг мэдэхгүй. 2 удаагийн гүйлгээгээр миний дансанд орж ирсэн буцаан олголтыг надад төрөөс өгч байгаа хөнгөлөлт гэж ойлгосон.” гэж мэдүүлж байгаа боловч гэрч К.Ж шүүхийн хэлэлцүүлэгт:”Би Д.Аээс материал хүлээн авч, түүний хувь хүний орлогын албан татварын тайланг татварын etax.mn-д шивсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед Д.Аийн нэвтрэх нэр, нууц кодыг түүнээс авч etax.mn сайтад хандаж, мэдээллийг нь оруулсан.Түүнээс гадна Д.Аийн цалинд өөрчлөлт ороогүй тохиолдолд жил бүр авах татварын буцаан олголтын хэмжээ өөрчлөгдөхгүй, урьд жил нь авч байсан буцаан олголтоо дараа жил нь аваад явдаг” гэж, иргэний нэхэмжлэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Татварын буцаан олголт жилд нэг л удаа ордог. Хоёр удаа орвол үүний нэг нь алдаатай гүйлгээ гэсэн үг. Иргэн өөрөө мэдээллээ etax.mn сайтад оруулах ёстой. Гэтэл сумуудад татварын байцаагч нь иргэдээс материал авч, мэдээллийг нь etax.mn сайтад шивж оруулж байгаа нь буруу. Гэхдээ тухайн сайтад нэвтрэх нэр, нууц үг нь иргэнд өөрт нь очдог учраас тайланг нь өөр хүн шивсэн ч дараа нь өөрөө мэдээллээ нягтлах бүрэн боломжтой. Иргэн etax.mn хаяг руу өөрийн нэр, кодоор нэвтрэхэд тухайн жилдээ хэдэн төгрөгийн буцаан олголт авах нь нээлттэй харагдаж байдаг” гэж, гэрч Х.Алмагүл мөрдөн байцаалтын шатанд “Татвар төлөгч 2017 оноос эхлэн цахимаар өөрийн тайлангаа etах.mn сайтаар өөрөө регистрийн дугаараар бүртгүүлж, цаанаас олгосон нууц үгээрээ уг сайтруу нэвтрэн орж хувийн мэдээлэл, шаардагдах баримт бичгийн мэдээллээ оруулдаг болсон юм. Иргэн мэдээллээ оруулж тайлангаа бичиж байхдаа тухайн жилд хэдэн төгрөг орж ирэх ёстойг харах боломжтой. Учир нь тайлангаа бичиж байхад л доод хэсэгт нь автоматаар буцаан олголтын мөнгөн дүн гараад ирдэг” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Д.Аийн “би хэдэн төгрөгийн хөнгөлөлт авахаа мэдээгүй, etax.mn хаягт яаж хандахыг мэдэхгүй, тухайн буцаан олголтыг өөрийн авах ёстой хөнгөлөлт гэж ойлгосон” гэх мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээ төрүүлж байна.
10. Учир нь шүүгдэгч Д.А нь etax.mn хаягт регистрийн дугаараа оруулан хандсан учраас түүнд нууц код ирсэн нь тодорхой байх ба уг кодоо татварын байцаагч К.Жт хэлж өгөн, тайлангаа татварын системд оруулсан, etax.mn хаягт өөрөө хандан мэдээллээ оруулаагүй ч дараа нь өөрийн нууц кодоороо нэвтэрч мэдээллээ шалган, тухайн жилдээ хэдэн төгрөгийн буцаан олголт авах талаар мэдэх боломжтой байсан, түүний цалинд өөрчлөлт ороогүй тохиолдолд өмнөх жил авсан 854.803 орчим төгрөгийн хөнгөлөлт дараа жилд нь өөрчлөгдөхгүй талаар гэрч К.Ж мэдүүлсэн, түүнчлэн интернет, цахим орчин, татварын байгууллагуудын вэб сайтуудаас татварын хууль тогтоомжтой холбоотой, өөрт хамаарах мэдээллийг хүссэн үедээ авах, татварын байцаагчтай холбогдож мэдээлэл авах зэргээр түүний дансанд орж ирсэн 2 удаагийн буцаан олголтын гүйлгээг алдаатай эсэхийг шалгах хангалттай хугацаа, бүрэн боломж түүнд байсан нь тогтоогдож байх тул Д.Аийн “би хэдэн төгрөгийн хөнгөлөлт авахаа мэдээгүй, etax.mn хаягт яаж хандахыг мэдэхгүй, тухайн буцаан олголтыг өөрийн авах ёстой хөнгөлөлт гэж ойлгосон” гэх тайлбар үндэслэлгүй, тэр тусмаа ижил утга бүхий 2 удаагийн гүйлгээний аль нэгийг алдаатай гүйлгээ гэдгийг мэдэх боломжтой, мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.
11. Гэтэл шүүгдэгч Д.А нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр түүний дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 687.227+854804=1.542.031 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголт орж ирснийг алдаатай гүйлгээ эсэхийг нягтлан, шалгаж, зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр илүү орж ирсэн 687.227 төгрөгийн буцаан олголтыг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр данснаасаа гарган авч, хэрэглэсэн,
12. Түүний дараа Д.А нь 2021 оны 9 дүгээр сард А.А-ийн хамт Төрийн банкинд очиж, 2021 оны 7 сарын 30-ны өдөр дансанд нь орж ирсэн 687.227 төгрөгийн ХХОАТ-ын буцаалт гэх утга бүхий гүйлгээ нь хамт ажилладаг А.А-ийн авах ёстой буцаан олголт болохыг мэдсэн атлаа төлөх санаачлагыг гаргаагүй, төлөхөө бодитой илэрхийлээгүйгээс гадна “миний данс руу 2 удаа гүйлгээ хийсэн нь татварын байцаагч К.Жийн буруу, энэ мөнгийг би төлөхгүй, үрчихсэн, 4 сарын дараа энэ мөнгийг асууна гэж бодсонгүй, хэн буруутай этгээд энэ мөнгийг төлнө, цалингаас 50.0 төгрөгөөр суутгаад ав, эсхүл дараа жилийн хөнгөлөлтөөс ав,” гэх зэргээр маргаж байсан нь гэрч А.А-, К.Ж нарын мэдүүлгээр нотлогдож байна.
13.Ийм байдлаар шүүгдэгч Д.А нь андуурагдаж дансанд нь орж ирсэн мөнгийг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж сайн дураараа буцаан төлөөгүй, энэ талаар зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд иргэн А.А-ийг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр алдаатай гүйлгээ болох 687.227 төгрөгийг иргэн А.А-ид буцаан өгсөн нь тогтоогджээ.
14. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Д.А нь тухайн 687.227 төгрөгийн алдаатай гүйлгээг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр түүний дансанд орсны дараа өөрийнх нь авах ёстой татварын буцаан олголт биш гэдгийг мэдсээр байж завших сэдэл төрж, улмаар уг гүйлгээг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр завшсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
15. Шүүгдэгч Д.А “Би татварын хөнгөлөлт жилд хэдэн удаа ордгийг мэдэхгүй, татварын байцаагч К.Ж надад татварын хууль тогтоомжийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, К.Ж данс андуурч бичиж, алдаа гаргасан буруутай, би etax.mn хаягт яаж хандахыг ч мэдэхгүй” гэж мэдүүлэх боловч хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан холбогдох, дүрэм, журмыг мэдээгүй нь түүний үйлдлийг зөвтгөх, тухайн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
16. Түүнчлэн Сагсай сум дахь Татварын байцаагч К.Ж нь А.А-, Д.А нарын дансыг андуурч бичсэний улмаас алдаатай гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдаатай гүйлгээ хийсэн этгээдийг биш, тухайн алдаатай гүйлгээг завшсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байх тул энэ гэмт хэрэгт К.Жийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
17.Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
18. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Аийн амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж шүүх үзэв.
19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Аийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Аийн үйлдлийн улмаас бусдад 687.227 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд Д.А нь учруулсан хохирол болох 687.227 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А.А-ид буцаан төлсөн нь баримтаар тогтоогдсон,
Иргэний нэхэмжлэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт: ”Д.А нь буцаан олголтын 687.227 төгрөгийг иргэн А.А-ид буцааж төлсөн тул манай байгууллагад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Аээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Д.Аийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Шүүхээс шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, Д.А нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь хавтаст хэргийн 105 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь гэрч А.А-, иргэний нэхэмжлэгч Х.С нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул эдгээр нөхцөл байдлуудыг Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.
4.Шүүгдэгч Д.А нь хувийн байдлын хувьд дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажилладаг буюу тодорхой эрхэлсэн ажил, цалин орлоготой гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
5.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас улсын яллагчийн санал болгосон торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
6.Иймд шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Ат торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овгийн Дын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Ат оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав)-н сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б