Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

  

 

 

 

 

  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч  А.С,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч  Г.Б,

Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Хт холбогдох 2113001810039 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, БЙ01271312 регистртэй, Бк овогт Мны Х

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчим  өөрийн эзэмшлийн 60-91 БӨТ улсын дугаартай “Honda logo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын гэрлэн дохиогоор зохицуулах уулзвараар нэвтэрч, замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, замын зорчих хэсэгт хэвтэж байсан явган зорчигч Н.М-ыг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, тайлбар

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч М.Х нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчим  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын уулзвараар 60-91 БӨТ улсын дугаартай “Honda logo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч Н.Мыг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч М.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

2.Хохирогч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:“...Миний нөхөр Н.М нь манай гэрийн гол багана, түшиг тулгуур, бид нарыг асарч байсан хүн байсан. Нөхөр маань нас барснаар би 2 нялх хүүхэдтэй, 80 нас өнгөрсөн хадам аавын хамт хоцорч үлдсэн. Манайх хөдөө мал ахуйтай бөгөөд одоо мал маллах хүн бүлгүй маш хэцүү байна. Хоёр хүүхэд болон би сэтгэл санааны гүн хямралд орж, одоо ч гэсэн сэтгэл санааны хямралаас гарч чадахгүй байгаа. Хоёр хүүхэд маань эцгээ нэхэхээр яахаа ч мэдэхгүй байна. Хүүхдүүдээ 18 нас хүртэл нь яаж асрахаа мэдэхгүй байна. Хүүхдүүдийн ирээдүй, сургууль гээд асар их ачааг би үүрч үлдэж байна. Шүүгдэгчийн эцэг, эх нь манайд 2 удаа ирсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Шүүгдэгчийн царайг өнөөдөр л харж байна. Хадам аав маань хотод эмчилгээ хийлгэж байсан боловч эмчилгээгээ гүйцээж чадалгүй ирсэн. Маш их гомдолтой байна. Нэхэмжилж байгаа хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү. Мөн бага хүүхдийг маань 18 нас хүртэл гэм хорын төлбөр гаргуулж өгнө үү гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт:”...Хохирлыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар нэгдүгээрт оршуулгын ажилд гарсан зардал, хоёрдугаарт бусад гэм хорын хохирол гэж хоёр ангилж байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч маань нийгмийн даатгал төлдөггүй байсан бөгөөд хуваариа мал маллаж амьдардаг малчин өрх байсан. Тиймээс Нийгмийн халамжийн сангаас хохирогчийн хоёр хүүхдэд нь  188.000 төгрөгөөр тэтгэмж тогтоосон байгаа. Одоо Ковид-19 халдварт өвчинтэй холбогдуулан 288.000 төгрөг авч байгаа. Тэр нь 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 188.000 төгрөг болж өөрчлөгдөнө. 2018 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөг гэж тооцож, үүнээс 188.000 төгрөгийг хасаж 232.000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа. Тодруулбал бага хүүхэд нь өнөөдрийн байдлаар 3 нас, 9 сар, 10 хоногтой бөгөөд 18 нас хүртэл нь 14 жил, 2 сар, 20 хоног дутуу байгаа. Тэгэхээр нийт тэтгэмжийн хэмжээ нь 38.976.000 төгрөг болж байгаа. Иймд гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн гаргуулж өгнө үү” гэв. 

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:”...Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудтай танилцсан. Шүүгдэгч М.Х нь яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд маргахгүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүхээс гэмт хэргийн хор уршигт төлүүлэхээр тогтоосон 7.333.000 төгрөгийг М.Х завсарлагаа авч, бүрэн  төлж барагдуулсан. Иймд М.Хэд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

4. Шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: “Тухайн өдөр таксинд явж байсан. Баруун дөрвөн замын уулзварт ирэхэд гэрлэн дохионы улаан гэрэл асаж  байхаар нь ногоон гэрэл асахыг хүлээгээд зогссон. Тэгээд ногоон гэрэл ассаны дараа дөрвөн замын уулзварыг дөнгөж өнгөрөөд явж байтал урдаас ирж байсан машины гэрэл гялбах үед машинд “тас” гэх чимээ гарсан. Тэр даруй машинаа зогсооход тэр хавийн таксинд явдаг хүмүүс ирээд “ухар, ухар” гэж хэлсэн. Тэгээд би машинаа ухрааж, машинаа зогсоолд байршуулж, бууж очиж хартал хүн хэвтэж байсан. Тухайн хүний өмсөж явсан хувцас нь хар өнгийн хувцас байсан бөгөөд  харанхуй болчихсон байсан тул анзаараагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулсан тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

Б.Шүүх хуралдаанаар эрүүгийн 2113001810039 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас:

1.Иргэн Б.Тнаас гаргасан “...Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр баруун дөрвөн замын уулзварт зам тээврийн осол гарсан байна...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 04 дэх тал/,

2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10, 14-18 дахь тал/,

3.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / нэгдүгээр хавтаст хэргийн 19-26 дахь тал/,

4.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / нэгдүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

5.“Алтай трейд” болон “Цамбагарав” худалдааны төвүүдийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг хуулбарлан бэхжүүлсэн CD бичлэг, / нэгдүгээр хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хажуу айлын үхрийг сааж өгөхөөр явах үед нөхөр маань малаа хариулж гэрт байсан. Гэтэл тус өдөр манай хөрш болох Нямдорж миний нөхрийг аймаг руу дагуулж явсан байсан. Тэгээд тэр өдрийн орой нөхөр маань зам тээврийн осолд орж нас барсан байсан. Би энэ тухай 10 дугаар сарын 30-ны өдөр сонссон.”, “...Зам тээврийн осол гаргасан залуугийн ар гэрийн хүмүүс оршуулгын өмнө нэг удаа, оршуулгын дараа нэг удаа ирж уулзсан. Тэр үед хохирлыг тооцож үзээгүй байсан. Тийм болохоор учирсан хохирлын талаар хэлээгүй. Дараа нь надтай ирж уулзаагүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гаргасан залуу өөрөө надтай ирж уулзаагүй, надад учирсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлээгүй. Миний бие байнга өвдөж байна. Хоёр нялх хүүхэдтэй, ар гэрийн асуудал маш хүнд байна. Ийм байхад дөрвөн сарын хугацаанд хохирол, төлбөр төлөх талаар нэг ч ирж уулзаагүйд гомдолтой байна.” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 80-84 дэх тал/,

7.Гэрч П.Етын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Е.А, Е.А, И.Н бид 4 Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дастан” ШТС-ын уулзварын баруун гар талд нэг машин зогсож байхаар нь таксинд явах уу? домборын хөшөөний тийш хүргээд өг гэхэд явна, тэгье гээд урд суудалд И.Н сууж, жолоочийн арын суудалд би суугаад голын хэсэгт Е.Альпамыс сууж, түүний цаад талд Е.А суусан. Тэгээд машинд суугаад хөдлөх гэж байхад жолооч залуу Е.Альпамысын 10 жилийн ангийн хүүхэд байж таараад хоорондоо мэндлээд цааш хөдөлсөн. Тэгээд баруун 4 замаар чигээрээ өнгөрч хэсэг яваад машин доогуур юм орсон шиг дуу чимээ гарсан. Тэр үед замын хоёр талд олон хүмүүс гарч ирээд ухраач ухраач гээд орилоход жолооч ухарч машинаа замаас гаргаж тавьсан. Тэгээд бид нар машинаас бууж ирэхэд замын голд нэг хүн хэвтэж байсан..., ...тухайн үед үзэгдэх орчин харанхуй болсон ч төв хэсэг байсан учраас гэрэлтүүлэгтэй байсан.” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

8.Гэрч И.Нны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П.Е, Е.А, Е.А бид 4 “Хөрс” ШТС-ын хажууд таксины зогсоолоос хамгийн эхэнд байсан машиныг явах уу? гэхэд явна гээд би жолоочийн хажуугийн урд суудалд суугаад нөгөө 3 арын суудалд суусан. Тухайн машины жолооч нь Е.Аын 10 жилийн нэг сургуулийн залуу байсан, тэгээд бид гүүрний цаана Домбор дэлгүүрийн урд очно гээд явсан. Баруун 4 замын уулзвар дээр ирэхэд улаан гэрэл асаж зогссон. Бидний урд саарал өнгийн истима маркийн тээврийн хэрэгсэл явсан. Араас нь бид нар яваад уулзвар өнгөрөхөд машины доогуур ямар нэгэн чимээ гарсан. Тэгээд би машины доод эд ангиас ямар нэгэн зүйл унасан гэж бодсон. Тэгтэл замын хоёр талд хүмүүс ухраач ухраач гэж орилоод байсан. Тэгээд жолооч ухраад замаа чөлөөлж зогсоод бид нар машинаас буухад зам дээр нэг хүн хэвтэж байсан..., ...үзэгдэх орчин харанхуй байсан ч төв хэсэг учраас гэрэлтүүлэгтэй байсан.” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 94-95 дах тал/,

9.Гэрч Е.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П.Е, И.Н, Е.А бид 4 “Хөрс” ШТС-ын урд байрлах таксины зогсоолоос такси бариад гэртээ харихаар болж И.Н жолоочийн хажуугийн урд суудалд суугаад жолоочийн арын суудалд П.Е, голд нь би, захад нь Е.А суусан. Тэгээд таксины жолооч надтай цуг МСҮТ-д суралцаж байсан Х гэх залуу байсан бөгөөд бид нарыг хүргэж өгөхөөр баруун 4 зам дээр ирээд улаан гэрэл асахад зогсоод ногоон гэрлээр хөдөлгөөнд оролцож эхэлсэн ба бидний урд истима маркийн машин явж байсан. Тэгээд яг уулзвараас хэсэгхэн яваад машины доогуур ямар нэгэн зүйл дайрагдах чимээ гарсан. Тэгээд жолооч дахиад ухраад машинаа замаас гаргасан.” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

10.Гэрч И.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед дэлгүүрийн гадна зогсож байхад үл таних 40 орчим насны залуу таксины зогсоолд зогсож байсан мотоцикльтой жолоочтой хэрүүл маргаан гаргаж Монгол хэлээр яриад байх шиг байсан. Дараа нь би удалгүй дэлгүүрлүү ороод зогсож байхад нөгөө залуу засмал замруу алхаж ирээд цаашаа явж байгаад буцаж зам дээр дээшээ харсан байдалтай хэвтэх шиг болсон. Тухайн үед би дэлгүүр дотор цонхоор харж зогсож байсан. Тэгээд удалгүй жижиг суудлын тээврийн хэрэгсэл 4 замын уулзвараас эргэх шиг болохоор нь нөгөө хүний замаас боссон болов уу гэж харах хооронд тээврийн хэрэгсэл зам дээр хэвтэж байсан залуугийн дээгүүр гарч яваад зам дагуу зогссон.” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн101-102 дахь тал/,

11.Гэрч Е.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд дөрвүүлээ машинд суугаад тэндээс аймгийн төв рүү баруун 4 замын уулзварт хүрч ирээд улаан гэрэлд зогсож байгаад ногоон гэрлээр гараад явж байтал тас гэх дуу гарахаар нь жолоод шууд зогсоод буцаж ухраад машинаа замаас гаргаж тавьсан.” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/,

12.Гэрч Ө.Ж-кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би сар өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр орой баруун дөрвөн зам дээр өөрийн мотоциклиор таксинд явах гээд зогсож байсан. Оройн 20 цагийн үед нэг согтуу Монгол хүн миний хажууд ирээд чи таксинд явах уу? намайг хүргэж өг гэж хэлсэн. Тэр хүн нэлээд согтуу байсан болохоор нь би түүнд таксинд явахгүй, та тэр машинуудад очиж хэл гээд өөрөө мотоциклиос холдож яваад зогссон. Тэр үед уг согтуу хүн тэнд байсан бүх хүмүүсийн хажууд очиж учир зүггүй хэрүүл, маргаан гаргаж байснаа дараа нь замын зорчих хэсэг рүү гарч өөрөө хоёр гараа дэлгэж, ар нуруугаараа газарт хэвтсэн. Тэр үед гол замаар явж байсан нэг тээврийн хэрэгсэл тэрийг хүнийг дайрчих шиг болоод тухайн газарт зогссон. Тэнд байсан хүмүүс уг машины жолоочид ухар гэж хэлэх үед уг машин дахин хойшоогоо ухарч замаас гараад зогссон. Харин зам дээр хэвтэж байсан хүн ямар ч хөдөлгөөнгүй байсан...” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

            13.Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие тус өдөр баруун дөрвөн зам дээр таксинд явах гэж зогсож байсан. Миний өмнө К гэж хүн өөрийн мотоцикльтой зогсож байгаад нэг хүн аваад явсан. Түүний дараа би явах гэж зогсож байхад гадна зузаан куртик өмссөн согтуу хүн ирээд чи таксинд явах уу гэж хэлэхээр нь би тэр хүнд та согтуу юм байна, би таныг авч явж чадахгүй, та таксинд явж байгаа машинд суугаарай гэж хэлэхэд согтуу хүн халааснаасаа хэдэн зуутын дэвсгэрт гаргаж ирээд чи мөнгө авна биз дээ, явья л даа гэж хэлсэн. Тэр хүн өөрийгөө удирдах чадваргүй, ухаангүй согтуу байсан ба ярьж байгаа үг нь сайн ойлгогдохгүй байсан. Тэгээд миний хажууд дахин дахин ирж салаавч гаргаж явахгүй байхаар нь би мотоциклийнхоо хажуунаас холдож, тээврийн хэрэгслүүдийн хажууд очсон. Тэгэхэд согтуу хүн засмал замаас цааш нь гарч явж байгаад буцаж эргэж ирээд тээврийн хэрэгсэл явах хэсэгт ар нуруугаараа зам дээр хэвтсэн. Тэр үед нэг их удалгүй нэг тээврийн хэрэгсэл ирээд газарт хэвтэж байсан хүнийг дайрч зогссон..., ...уг тээврийн хэрэгслийг залуу хүүхэд барьж байсан.” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

            14.Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 120 дугаартай “...М.Хийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Цусанд этиллийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт / нэгдүгээр хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

            15.Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаартай “...Ноndа lоgо маркийн 60-91 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос нь явуулж шалгахад жигд ажиллагаатай байв. Жолооны механизм нь хэвийн, сул зайгүй, эргэх хөдөлгөөн хийхэд урд хөтлөгч нь дуугаралттай, элэгдсэн байна. Гэрэлтүүлэх хэрэгслүүд нь бүрэн бүтэн, жигд хэвийн байв...” гэх дүгнэлт / нэгдүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

            16.Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаартай “...Н.Мын биед гавал тархины битүү гэмтэл хүнд зэргийн няцралт, дух, гавлын орой, зүүн ухархай, зүүн хацар, эрүү, ясны олон үйрч бяцарсан далд, хугарал, бага тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Талийгаач Н.М нь дээрх задлан шинжилгээний оношинд тусгагдсан тархины битүү хавсарган хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Н.М нь архач хууч өвчингүй. Шүүх химийн шинжилгээгээр цусанд этиллийн 4.1% промилл этиллийн спирт илрэв. Тухайн үед хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / нэгдүгээр хавтаст хэргийн 182-187 дахь тал/,

            17.Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.Мырзабек, “Аман” авто сургуулийн жолооны багш С.Уатхан, Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.Сапарбек нарын хамтарсан шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “...Хонда лого маркийн 60-91 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт / нэгдүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/,

            18.Шүүгдэгч М.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед өөрийнхөө Хонда лого маркийн 60-91 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэрээсээ гарч Жадыра-2 нэртэй халуун усны газарт ирээд усанд орсон. Би гэрээс гарах үед ээж надад эгчрүүгээ мөнгө шилжүүлээрэй гэхээр нь 20 цагийн үед халуун уснаас гарсныхаа дараа Өлгий сумын 13 дугаар багт байдаг Хаан банкны АТМ-ээс ээжийн виза картыг ашиглаж эгч рүү мөнгө шилжүүлчихээд гараад ирэхэд манай найз болох Е.А хажуудаа үл таних хоёр хүнтэй цуг хүрч ирээд бид нарыг гэрт хүргээд өгөөч, таксины мөнгө өгье гэхээр нь би түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод Хаан банкны салбарын хажуугаас Е.А болон хажууд нь явсан хүмүүсийг машиндаа суулгаж хөдөлсөн. Тэгээд баруун дөрвөн замын уулзвараас ногоон гэрэл асаж байхаар нь хүлээж байгаад ирсэн чигээрээ хойшоо гараад явган хүний гарцаар жаахан өнгөрөөд явж байтал тас гээд чимээ гарахаар нь тормос гишгээд зогссон. Машинд байгаа хүмүүс надад хойшоо ухраарай гэхээр нь би ухрах араандаа хийгээд арагшаа ухраад дараа нь машинаа замын баруун талруу замаас гаргаж зогсоогоод машинаас буугаад харахад зам дээр нэг эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан. Би тэр үед маш их сандарсан болохоор хажууд нь дөхөж очоогүй ба цагдаагийн газарт мэдэгдэж, түргэн тусламж дуудсан. Тэнд байсан хүмүүс ч цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би уулзвараас гарч ирсэн болохоор ямар ч хурд хэтрүүлээгүй, маш удаан ирж байсан. Тэр үед анхаарал болгоомжгүйгээр зам дээр хэвтэж байсан хүнийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан бодит хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна. Мөн өөрийн гаргасан үйлдлээ сайн дугаараа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж үү.” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн  222-223 дахь тал/ зэрэг  баримтуудыг,

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Бгаас:

            1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /нэгдүгээр хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

            2.Зам тээврийн осол дээр тогтоосон акт, / нэгдүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

   3.“Алтай трейд” болон Цамбагарав худалдааны төвүүдийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, / нэгдүгээр хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

            4. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.Мырзабек, “Аман” авто сургуулийн жолооны багш С.Уатхан, Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.Сапарбек нарын хамтарсан шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, / нэгдүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/,

            5. Прокурорын яллах дүгнэлт /хоёрдугаар хавтаст хэргийн 26-34 дэх тал/,

            6. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /нэгдүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/,

            7. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

            8. Нас барсны гэрчилгээний хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 48 дахь тал/,

            9. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын мэргэжилтэн С.Жанылсыны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Чойдонжав овогтой Т нь М овогтой Тэмүүлэн /БГ17232538/, М овогтой Тэнгис /БГ 18262814/ гэсэн бага насны хоёр хүүхэдтэй тул халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 188.000 төгрөгийг сар бүр авдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /нэгдүгээр хавтаст хэргийн 49 дэх тал/,

            10.Хохирогчоос мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн гэмт хэргийн хор уршиг, оршуулгын зардалтай холбоотой баримтууд /нэгдүгээр хавтаст хэргийн 52-65 дахь тал/ зэрэг баримтуудыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Саас

            1.”Алтай трейд” худалдааны төвийн гадна байрлах хяналтын камер болон Цамбагарав худалдаан төвийн гадна байрлах хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, /нэгдүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

            2. Хяналтын камерын бичлэгийг хуулбарлан бэхжүүлсэн CD бичлэг,

            3.Шүүгдэгч М.Хээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 87 дахь тал/,

            4.Гэрч П.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Таксины жолооч тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Уулзвар гараад явж байсан болохоор бага хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

            5.Гэрч М.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Таксины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, улаан гэрэл унтарсны дараа ногоон гэрэл асахад уулзвараар нэвтэрсэн тул ойролцоогоор 20 км/ц хурдтай явж байсан байх. Тээврийн хэрэгслийн урдуур ямар нэгэн хүн, мал өнгөрөөгүй, зам дээр ямар нэгэн зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

            6.Гэрч П.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, гэрлэн дохио өнгөрөөд явж байсан болохоор маш аяархан явж байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

            7. Гэрч И.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Амь хохирогч архи уусан байх, учир нь таксины зогсоол дээр байсан мотоциклийн жолоочтой хэрүүл маргаан гаргаж, алхаж гарч ирээд буцаж явж байгаад зам дээр дээшээ хараад хэвтсэн. ....60-91 БӨТ  “Honda logo” маркийн тээврийн хэрэгсэл ойролцоогоор 10-20 км/ц хурдтай зөөлөн орж ирсэн, хурдтай ирээгүй. Тухайн үед тээврийн хэрэгсэл ихтэй, харанхуй байсан, дээр нь амь хохирогч саарал өнгийн куртиктай байсан болохоор, мөн урдаас ирж байсан тээврийн хэрэгслийн гэрэл тусахад зам дээр хэвтэж байсан хүн харагдах боломжгүй байсан байх” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

            8. Гэрч Е.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Мөргүүлсэн хүн аль талаас гарч ирснийг хараагүй. Жолооч улаан гэрэл асахад зогсож, ногоон гэрэл асахад хөдлөөд явсан. Ойролцоогоор 20 км/ц хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/,

            9.Гэрч Ш.Аманкелдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2021 оны 10 дугаар сарын 30-ны орой нар жаргаад удаагүй байхад би баруун 4 замын таксины зогсоолд ирж зогссон. Тэр үед хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд Цамбагарав худалдааны төвийн урд нэг согтуу Монгол хүн орилоод найгаад алхаж байсан. Тэр үед миний урд байсан хоёр такси хөдлөөд явахаар нь би машинаа урагшлуулчихаад унтраахад замын баруун талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд зам дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан ба түүний хажууд хар өнгийн жижиг суудлын машин байсан, жолооч нь залуухан эрэгтэй хүн байсан. Би тухайн үед машинаасаа огт буугаагүй” гэх  мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 107 дахь тал/,

            10. Гэрч Ө.Жансерикийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Тэр хүн нилээн согтуу байсан, хүн болгон руу дайрч, салаавч гарган хэрэлдээд явж байсан.Тэгээд замын зорчих хэсэг рүү гараад өөрөө зам дээр хэвтсэн. “Honda Logo” маркийн 60-91 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тийм ч хурдтай ирээгүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал,

            11.Гэрч Т.Аргынбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Тухайн согтуу хүн засмал замаас цааш нь гарч явж байгаад буцаж эргэж ирээд зам дээр ар нуруугаараа хэвтсэн. Тэр үед нэг их удаагүй нэг тээврийн хэрэгсэл ирээд тэр хүнийг дайрч зогссон. Би замтай ойрхон байгаагүй болохоор тухайн жолоочид анхааруулж хэлж чадаагүй. Зам дээр хэвтсэн хүний ярьсан үг нь ойлгомжгүй байсан ба гаднаас нь харахад нилээд согтуу байсан.Бараг өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 115-166 дахь тал/,

            12. Шинжээч, автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Женисийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/,

            13. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.Мырзабек, “Аман” авто сургуулийн жолооны багш С.Уатхан, Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.Сапарбек нарын хамтарсан шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “....Явган зорчигч /амь хохирогч/ А.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-ын а, 5.12-ын б, 5.6 дахь заалтуудыг зөрчсөн байх ба энэ нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна” гэх дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/,

            14. Зам тээврийн осол гаргасан 60-91 БӨТ улсын дугаартай “Honda logo” тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 201-205 дахь тал/,

            15.Шүүгдэгч М.Хийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:”...Тус өдөр би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр хэвтэж байсан хүнийг мөргөж амь насыг нь хохироосон үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би тэр өдөр зам дээр хэвтэж байсан хүнийг хараагүй ба анхаарал болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би амь хохирогчийн ар гэрт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 222-223 дахь тал/,

            16. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /нэгдүгээр хавтаст хэргийн 225 дахь тал/,

            17.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /нэгдүгээр хавтаст хэргийн 226 дахь тал/,

            18.Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /нэгдүгээр хавтаст хэргийн 229-230 дахь тал/,

            19.Тээврийн хэрэгслийн лавлагаа /нэгдүгээр хавтаст хэргийн 240-241 дэх тал/,

            20.Жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 244 дэх тал/,

            21.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хоёрдугаар хавтаст хэргийн 01-09 дэх тал/,

            22.Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас М.Хэд олгосон дурсамж, өргөмжлөлийн хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хоёрдугаар хавтаст хэргийн 10-12 дахь тал/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

23.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

24.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Хт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.Хийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

В.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал буюу хэргийн үйл баримт:

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Хийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

2. Шүүгдэгч М.Х нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчим  өөрийн эзэмшлийн 60-91 БӨТ улсын дугаартай “Honda logo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын гэрлэн дохиогоор зохицуулах уулзвараар нэвтэрч, замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, замын зорчих хэсэгт хэвтэж байсан явган зорчигч Н.Мыг дайрч, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогджээ.

3. Хэрэг учрал болох үед хохирогч Н.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх ба Цамбагарав худалдааны төвийн урд байрлах таксины зогсоол дээр зогсож байсан жолооч нар амь хохирогч Н.Мыг өөрийгөө удирдах чадваргүй, согтуу байсан учраас түүнд үйлчлэхээс татгалзсан талаар гэрч  Ө.Жансерик, Б.Аргынбек нар мэдүүлсэн байна. /нэгдүгээр хавтаст хэргийн 112-113, 115-116 дахь тал/,

4. Түүний дараа амь хохирогч Н.М нь гарцгүй газраар зам хөндлөн гараад явж байгаад буцаж эргэн замын зорчих хэсэгт ар нуруугаараа дээшээ хараад хэвтэх үед шүүгдэгч М.Х түүнийг өөрийн жолоодож явсан 60-91 БӨТ улсын дугаартай “Honda logo” маркийн тээврийн хэрэгслээр дайрч, зам тээврийн осол гаргасан үйл баримт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Алтай трейд болон Цамбагарав худалдааны төвийн үүдэнд байрлуулсан хяналтын камеруудад тодорхой бичигдсэн үлдсэнийг мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, CD хуурцагт хуулбарлан, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байна.

5.Амь хохирогч Н.М нь авто осолд өртөх үедээ хүнд зэргийн согтолттой /4.1 промилл/ байсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх бөгөөд ослын үеэр түүний эрүүл мэндэд “гавал тархины битүү гэмтэл хүнд зэргийн няцралт, дух, гавлын орой, зүүн ухархай, зүүн хацар, эрүү, ясны олон үйрч бяцарсан далд, хугарал, бага тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд тогтоогдож, эдгээр тархины битүү хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдсэн гэмтэл болохыг шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжээч тогтоожээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 182-187 дахь тал/,

6.Хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын уулзвараас ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглэн явах гол зам, гэрлэн дохиогоор зохицуулах уулзварын орчим, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, тэгш, асфальтан зам байх бөгөөд үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй байсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгүүд, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

7. Түүнчлэн зам тээврийн осол гарах үед шүүгдэгч М.Хийн жолоодож явсан “Honda logo” маркийн 60-91 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормоз жигд ажиллагаатай, хол, ойрын их гэрэл, гэрлэн дохио, ухрахын гэрэл хэвийн, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр техникийн үзлэгт орж тэнцсэн нь нэгдүгээр хавтаст хэргийн 175-176 дахь талд авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд тухайн үед  шүүгдэгч М.Х нь тээврийн хэрэгслээ зогсоох бүрэн боломжтой байхад зогсоох арга хэмжээг аваагүй болох нь мөн нотлогдон тогтоогджээ.

8. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Х нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сайтар ханган, анхаарал болгоомжтой байж, ямарч нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг зөв сонгож явах үүрэгтэй байх бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авахыг жолоочид үүрэг болгосон байна.

9. Гэтэл шүүгдэгч М.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчиж, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон гэж шүүх үзэв.

10. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Honda Logo” маркийн, 60-91 БӨТ  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг,

-Явган зорчигч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-ын а хэсэгт заасан “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно”, 5.12-ын б хэсэгт заасан “явган зорчигч нь аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно”, 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх орчинд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийшээ сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх бөгөөд явган зорчигч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6,  5.12-ын а, 5.12-ын б хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

11. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд амь хохирогч Н.М нь замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан, замын зорчих хэсэг дээр зам хөндлөн алгуурхан явж, буцаж эргэн замын зорчих хэсэг дээр хэвтэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, хүнд зэргийн согтолттой байсан, жолооч М.Х нь анхаарал болгоомжгүй явсны улмаас тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

12.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт” гэж үзнэ.

13.Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын амь насыг  болгоомжгүйгээр хохироосон байна.

14.Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Н.Мын амь нас хохирсон үйлдлийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх  үзлээ.

15.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч М.Хэд холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

16. Иймд шүүгдэгч М.Хийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

17. Шүүгдэгч М.Х нь гэмт хэрэгт холбогдсон үеэс гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж  тус тус заажээ.

2.Шүүгдэгч М.Хийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч Н.Мын амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Ч.Тг тогтоосон байна.

3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалд нийтдээ 21.588.500 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт “2018 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн бага хүү М.Тэнгисийг 18 нас хүртэл хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгөөс төрөөс авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 188.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх  232.000 төгрөгийг бага хүү М.Тэнгисийг 18 нас хүртэл нь 14 жил, 2 сар, 20 хоногоор тооцож, нийт  38.976.000 төгрөгийн гэм хорын төлбөр гаргуулахаар тус тус  нэхэмжилжээ.

Амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлын тухайд:

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тгаас амь хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг 21.588.500 төгрөгөөр тооцож нэхэмжлэн, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь нэгдүгээр хавтаст хэргийн 52-65 дугаар талд,

5.Түүнчлэн мөрдөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтуудад үндэслэн хохирлын хэмжээг 21.588.500 төгрөгөөр тооцож, хүснэгт үйлдсэн нь нэгдүгээр хавтаст хэргийн 66 дахь талд тус тус авагдсан байна.

6.Шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тгаас гаргаж өгсөн оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтуудыг нэг бүрчлэн харьцуулан үнэлж, дүгнээд шүүгдэгч М.Хээс нийтдээ 7.303.000 (долоон сая гурван зуун гурван мянга)-н төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тд олгож, үлдэх 14.285.500 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

7.Тодруулбал: Оршуулгын ажил явдлын үеэр хэрэглэсэн 100 литр сүүний үнэ 250.000 төгрөг /хэргийн 58 дахь тал/, хөшөө, хайрцаг зэрэгт зарцуулсан 650.000 төгрөг /хэргийн 59 дэх тал/, заншлын шинжтэй зүйлийг гүйцэтгэхэд зориулж авсан цэнхэр торго, ногоон торго, цагаан эсгий, хар, улаан хамба хилэн зэргийн үнэ 573.500 төгрөг /хэргийн 60 дахь тал/, оршуулгын үйл ажиллагаанд хэрэглэсэн адуу -1800.000, хонь 3х300.000=900.000 төгрөг,  ямаа 5х250.000=1.250.000 төгрөг /хэргийн 61-62 дахь тал/, шатахууны зардал 1.073.500 төгрөг /хэргийн 63 дахь тал/, оршуулгын ажилд хотоос ирж оролцсон н.Нямсамбуу, н.Боролзой, Н.Наранхүү нарын  замын зардал 306.000 төгрөг/ хэргийн 64 дэх тал/, нүүрсний үнэ 500.000 төгрөг /хэргийн 65 дахь тал/ зэрэг нийт 7.303.000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж,  амь хохирогч Н.Мыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд тооцон, шүүгдэгч М.Хээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тд олгож шийдвэрлэв.

8. Харин амь хохирогч Н.Мыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд тооцон нэхэмжилсэн хүнсний бүтээгдэхүүн буюу нэгдүгээр хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан 4.143.000 төгрөгийн, 53 дахь талд авагдсан 3.807.500 төгрөгийн, 54 дэх талд авагдсан 1.213.000 төгрөгийн, 55 дахь талд авагдсан 2.120.000 төгрөгийн, 56 дахь талд авагдсан 2.145.000 төгрөгийн, 57 дахь талд авагдсан 857.000 төгрөгийн, нийт 14.285.500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авсан гэх зарлагын баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж, тэдгээрийг худалдан авсан худалдааны төвүүдээс НӨАТ-ийн баримтаа гаргуулан авч, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

9.Учир нь: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1, 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулахаар заасан байх бөгөөд мөн хуулийн 17.3.2-д ”бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж, 4.1.14-д "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” ойлгохоор тус тус заажээ.

10. Дээрх хуулийн заалтаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нь бараа, ажил үйлчилгээ борлуулсан тухай бүрт төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох, төлбөрийн дугаар бүхий, татварын нэгдсэн системээр баталгаажсан, худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдан авсан зүйлийн нэр, тоо хэмжээ, үнийн мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг иргэнд олгох үүргийг хуулиар хүлээсэн байна.

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав өгөөж” худалдааны төв, Тирлик зах, Улаанбаатар хотод байрлах Хар хорин зах, “Дөл” супермаркет зэрэг худалдааны төвүүдээс их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний бараа худалдан авч, оршуулгын үйл ажиллагаанд зарцуулсан гэж нэхэмжилж байх боловч эдгээрийг нотлох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

12.Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тгаас амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд нэхэмжилсэн 21.588.500 төгрөгөөс 14.285.500 төгрөгийн барааг худалдан авсан төлбөрийн баримтаа /НӨАТ-ын баримт/ бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Гэм хор учруулсны төлбөр гаргуулах шаардлагын тухайд:

14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т нь шүүх хуралдаанд “2018 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн, 3 нас 10 сартай, бага хүү М.Тэнгисийг 18 нас хүртэл хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгөөс төрөөс авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 188.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх  232.000 төгрөгийг хүү М.Тэнгисийг 18 нас хүртэлх хугацааг 14 жил, 2 сар, 20 хоногоор тооцож, нийт  38.976.000 төгрөгийг шүүгдэгч М.Хээс гаргуулах” –аар нэхэмжилжээ.

15. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2.-т гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр \эхнэр\-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж,  508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж тус тус зохицуулсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

16. Амь хохирогч Н.М нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан тул түүний сарын цалин хөлс, орлогын дундажийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тогтоож тооцох нь зүйтэй байна.

17.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо дундаж цалин хөлс 420.000 төгрөгт, гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг хүнд оногдох хэмжээ нь 420.000:4=105000 төгрөг, үүнээс нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай, төлбөр авах эрхгүй этгээд болох эхнэрт оногдох хэсгийг хасахад 105.000х210000 төгрөг, үүнийг дундаж цалин хөлснөөс хасахад 420000 - 210000 = 210000 төгрөг үлдэж байх ба насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох тэтгэврийн хэмжээ 210000 төгрөг байна. Ийнхүү хоёр хүүхдэд оногдох тэтгэврийн хэмжээ болох 210.000 төгрөгөөс төрөөс олгож буй 188.000 төгрөгийн тэтгэврийг хасахад 22.000 төгрөгийн зөрүү гарч байна.

18.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгчөөс “Амь хохирогчийн асрамжид байсан, түүний найман нас хүрээгүй хоёр хүүхдэд Нийгмийн даатгалын сангаас 188.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон бөгөөд “Covid 19” халдварт өвчинтэй холбогдуулан засгийн газраас тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2022 оны 1 сараас эхлэн 6 сар хүртэл 288.000 төгрөг болгосон.Одоо хоёр хүүхэд маань төрөөс 288.000 төгрөгийн тэтгэмж авч байгаа” гэж тайлбарласан.

19. Амь хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдэд оногдох тэтгэврийн хэмжээ 210.000 төгрөгөөс одоо төрөөс авч байгаа 288.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасахад 78.000 /нэг хүүхэд 39.000 төгрөг/ төгрөгийг төрөөс илүү авч байгаа нь тогтоогдож, зөрүү гарахгүй байна.

20. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс амь хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдэд “Covid 19” цар тахалтай холбоотой нэмэгдүүлэн олгож байгаа 288.000 төгрөгийн тэтгэврийг хэдий хугацаанд олгох, уг хэмжээ нь хэзээ өөрчлөгдөж, 188.000 төгрөг болохыг шүүхээс урьдчилан мэдэх боломжгүй гэж үзсэн тул уг тэтгэмжийн хэмжээ өөрчлөгдөж, зөрүү гарсан үеэс гэм хорын төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

21.Түүнчлэн хэргийн 56 дахь талд авагдсан зарлагын баримтад “Төмс 300 кг, лууван 80 кг” гэх мэтээр бичсэн нь нэг хүний оршуулгын үйл ажиллагаанд хэрэглэгдэх хүнсний ногоо хэвийн хэмжээнээс илтэд их, эргэлзээ төрүүлэхүйц байсныг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

2.Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.Шүүгдэгч М.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

5.Шүүгдэгч М.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-д заасан ”хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж үзлээ.

6.Учир нь шүүгдэгч М.Х урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар М.Х нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь нотлогджээ.

7.Зам тээврийн осол гарах үед амь хохирогч Н.М нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, хүнд зэргийн согтолттой байсны улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6,  5.12-ын а, 5.12-ын б хэсэгт заасан заалтуудыг зөрчиж,  гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад буцаж эргэн замын зорчих хэсэгт хэвтэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан нь тогтоогдсон байх тул энэ нөхцөл байдлыг шүүгдэгч М.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл тооцох нь зүйтэй гэж үзлээ.

8.Шүүгдэгч М.Х нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 7.303.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг түүний гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Гэмт хэргийн хор уршиг арилаагүй, гомдолтой” гэж мэдүүлсэн, М.Хийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хохирол учирсан зэргийг харгалзан шүүгдэгч М.Хээс гэмт хэргийн хор уршигт 7.333.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох боломжгүй гэж үзлээ.

9.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналыг,

10. Хохирогч Ч.Т нь шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх санал гаргаагүй бөгөөд түүний өмгөөлөгч Г.Б нь шүүгдэгч М.Хийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлж, гэмт хэргийн хор уршгийг арилгах боломжоор хангах саналыг,

11.Шүүгдэгч М.Хийн өмгөөлөгч А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, боломжтой бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг тус тус хэрэглэх саналыг,

12. Шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн тул аль болох хөнгөн шийтгэл оногдуулах хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

13.Шүүхээс  шүүгдэгч М.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүхээс төлүүлэхээр тогтоосон гэмт хэргийн хор уршиг болох 7.333.000 төгрөгийн нөхөн төлж, иргэний журмаар хохирол нэхэмжилвэл төлж барагдуулахаа илэрхийлсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тгаас шүүгдэгч М.Хэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх санал гаргаагүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэд  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлаар:

1.Шүүгдэгч М.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн “Honda logo” маркийн 60-91 БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн улаан хүрэн өнгийн ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн юүдэнтэй өвлийн куртик 1 ширхэг, урд хэсэгтээ цахилгаантай хар хөх өнгийн судалтай, юүдэнтэй, урт ханцуйтай, ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн, босоо захтай, ханцуйтай, урд хэсэгтээ хагас цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, цайвар алаг өнгийн дугуй захтай, цээжний хэсэг нь хагас цахилгаантай, урт ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, дугуй захтай, богино ханцуйтай, улаан хүрэн өнгийн футболка 1 ширхэг, богино түрийтэй, үдээстэй, хос гутал 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, цайвар өнгийн хос оймс 1 ширхэг, бор өнгийн суран бүстэй женсен өмд 1 ширхэг, хар цэнхэр өнгийн зузаан дотуур өмд 1 ширхэг, “Соёрхол” нэртэй архины шил 1 ширхэг, нэг удаагийн гялгар аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, амь хохирогч Н.Мын өмдний халаасанд байсан AR6351755 серийн дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AQ4797477,NJ39300158, AQ0702658 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт 3 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тд олгохыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт хавсарган ирүүлсэн Цамбагарав болон Алтай трейд худалдааны төвүүдийн хяналтын камерын бичлэгийг бэхжүүлсэн авсан CD хуурцаг 2 ширхгийг тус тус хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэргийн хамт хураан ирүүлсэн шүүгдэгч М.Хийн иргэний үнэмлэх /эх хувь/, жолоодох эрхийн үнэмлэх /эх хувь/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлж, шүүгдэгч М.Хийн  эзэмшлийн “Honda logo” маркийн 60-91 БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тээврийн хэрэгслийн  гэрчилгээ /эх хувь/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч М.Хэд буцаан олгох нь зүйтэй байна.

3.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлэх хүртэл хэвээр үлдээж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

            1.Шүүгдэгч Б овогт  М-ы Хийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэд  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1,2,3-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тгаас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 21.588.500 (хорин нэгэн сая таван зуун наян найман мянга таван зуу)-н  төгрөгөөс шүүгдэгч М.Х нь гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 7.333.000 (долоон сая гурван зуун гучин гурван мянга)-н төгрөгийг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдаж, үлдэх хохирол 14.285.500 (арван дөрвөн сая хоёр зуун наян таван мянга таван зуу)-н төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, бага хүү М.Тэнгисийг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр нэхэмжилсэн 38.976.000 (гучин найман сая есөн зуун далан зургаа мянга)-н төгрөг (тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гарсан үеэс) зэргийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн “Honda logo” маркийн 60-91 БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн улаан хүрэн өнгийн ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн юүдэнтэй өвлийн куртик 1 ширхэг, урд хэсэгтээ цахилгаантай хар хөх өнгийн судалтай, юүдэнтэй, урт ханцуйтай, ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн, босоо захтай, ханцуйтай, урд хэсэгтээ хагас цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, цайвар алаг өнгийн дугуй захтай, цээжний хэсэг нь хагас цахилгаантай, урт ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, дугуй захтай, богино ханцуйтай, улаан хүрэн өнгийн футболка 1 ширхэг, богино түрийтэй, үдээстэй, хос гутал 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, цайвар өнгийн хос оймс 1 ширхэг, бор өнгийн суран бүстэй женсен өмд 1 ширхэг, хар цэнхэр өнгийн зузаан дотуур өмд 1 ширхэг, “Соёрхол” нэртэй архины шил 1 ширхэг, нэг удаагийн гялгар аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, амь хохирогч Н.Мын өмдний халаасанд байсан AR6351755 серийн дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AQ4797477,NJ39300158, AQ0702658 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт 3 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тд олгохыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт хавсарган ирүүлсэн Цамбагарав болон Алтай трейд худалдааны төвүүдийн хяналтын камерын бичлэгийг бэхжүүлж авсан CD хуурцаг 2 ширхгийг тус тус эрүүгийн 2113001810039 джгаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9.Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг  дурдаж, хэргийн хамт хураан ирүүлсэн шүүгдэгч М.Хийн иргэний үнэмлэх /эх хувь/, жолоодох эрхийн үнэмлэх /эх хувь/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлж, шүүгдэгч М.Хийн  эзэмшлийн “Honda logo” маркийн 60-91 БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тээврийн хэрэгслийн  гэрчилгээ /эх хувь/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч М.Хэд буцаан олгосугай.

10.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Хэд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б