Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/568

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Э.Чанцалням,

шүүгдэгч: А.Ц,

шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ц-нд холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт А-ын Ц /РД:000000000/, 

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ****** аймагт төрсөн, эмэгтэй, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ****** аймгийн Б сум, 0 дугаар баг Х-д оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жанцангийн автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэхээр зогсож байхдаа АТМ-с гарч ирсэн мөнгийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жанцангийн автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэхээр зогсож байхдаа АТМ-с гарч ирсэн мөнгийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Т-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4-р хуудас/,

-Хохирогч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрөө АТМ-с мөнгө авч чадахгүй учраас тэр өдөр охин Т-лд өөрийн эзэмшлийн Төрийн банкны картаа өгөөд мөнгө авахуулах гэж АТМ-рүү явуулсан. Манай охин тухайн үед над руу гар утсаар залгаж яриад таны данснаас зарлага гарсан байна уу шалгаад өгөөч Хаан банкны АТМ-д таны картыг уншуулаад мөнгө аваагүй, харин дахин өөр АТМ-руу ороод картыг уншуулаад мөнгө авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж ярьсан. Энэ үед миний данснаас 500.000 төгрөгийн зарлага гарсан талаар миний гар утсанд мэдэгдэл ирсэн байна гэж охин Т хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22-р хуудас/,

Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 24-нд 15 цаг 48 минутанд Жанцан дээр байрлах Хаан банкны АТМ-д 500.000 төгрөг авах гэж Төрийн банкны тэтгэврийн карт уншуулсан ба уг гүйлгээг хийхэд 500 төгрөгийн гүйлгээний шимтгэлтэй гүйлгээг зөвшөөрөх үү гэж бичиг гарч ирсэн ба үгүй гэдэг дээр нь дарсан чинь гүйлгээ цуцлагдаад карт гарч ирсэн ба картаа аваад хажуу талд нь байрлах ЖМЖ төвийн Төрийн банкны АТМ-д орж картаа дахиж уншуулсан чинь 500.000 төгрөг авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь хадам ээж рүү залгатал 15 цаг 48 минутанд зарлага гарсан байна гэж хэлсэн. Буцаад Хаан банкны АТМ дээр очтол Хаан банкны заалны ажилтан зогсож байхаар нь очоод болсон явдлын талаар хэлэхэд Төрийн банкны лавлах утас руу залгаж асуугаарай гэхээр нь би 18001881 утас руу залгаад гүйлгээ хийхийг зөвшөөрөөгүй байхад зарлага гарсан талаар хэлэхэд ажлын 5-7 хоногийн хугацаанд шалгаад хариу хэлнэ гэсэн юм. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10 цагт Төрийн банкнаас холбогдоод таны мөнгийг дараагийн харилцагч авсан байна, утас нь холбогдохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандана уу гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/,

-2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “...Бичлэгийн цагаар 15 цаг 45 минут 59 секундэд Ц.Т нь цагаан өнгийн ноосон малгай, хар өнгийн куртик өмссөн, ногоон өнгийн карт уншуулаад нууц кодоо хийгээд, харилцах гэсэн товчийг сонгож, өөр дүнгээр гүйлгээ хийх гэсэн товчийг дараад, мөнгөн дүнгээ 500.000 төгрөг гэж бичэхэд та 500 төгрөгийн гүйлгээний шимтгэлтэй гүйлгээг зөвшөөрөх үү гэсэн бичиг гарч ирэхэд үгүй гэсэн товчийг дараад картаа буцаад аваад гарч байгаа...Бичлэгийн 15 цаг 46 минут 47 секундэд Ц.Т-ийн дараагийн үйлчлүүлэгч 40 орчим насны, зүүн гартаа ягаан өнгийн түрийвч барьсан, хар хөх өнгийн өвлийн куртиктэй, цэнхэр өнгийн масктай үсээ ардаа боосон, шар өнгийн жижиг үүргэвч үүрсэн үл таних эмэгтэй ногоон өнгийн Хаан банкны виза карт гаргаж ирж тус АТМ-д уншуулах гээд зогсож байх үед АТМ-н бэлэн мөнгө гардаг хэсэг нь онгойж тухайн үл таних эмэгтэй түр хүлээгээд баруун гараа мөнгө авдаг хэсэг рүү ойртуулж мөнгийг аваад зүүн гартаа ягаан өнгийн түрүүвчин доороо хийж бариад, баруун гартаа картаа шилжүүлж бариад АТМ-руу өөрийн картаа уншуулж байх бөгөөд мөнгө авалгүй картаа буцааж аваад гарч буй бичлэг байв...” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-13-р хуудас/,

-Хаан банкны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0/0 дугаартай “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр АТМ000 дугаартай АТМ-аар 9496********9567 дугаарын картаар 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн үйлчлүүлэгчийн дараа 15 цаг 47 минутанд 9496******1205 дугаарын карттай 00000000 тоот данс эзэмшигч ..........0101 регистрийн дугаартай А-ын Ц гүйлгээ хийсэн байна. Хаяг-Төв лүн 2-р баг утас-000000...” гэх албан тоот /хавтаст хэргийн 6-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч А.Ц-гийн яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны Жанцангийн автобусны буудлын Хаан банкны АТМ дээр өөрийн дансны үлдэгдэл шалгах гээд бэлэн мөнгөний машин дээр оочирлож зогсож байсан ба хажуугийн АТМ сулрахаар нь би уг АТМ дээр очоод картаа хийх гээд хүлээгээд зогсож байтал уг АТМ цагаан бичиг гарч ирээд хэсэг хугацааны дараа дотроос нь багц мөнгө гарч ирсэн. Би тухайн үед балмагтаад уг мөнгийг аваад АТМ дээр хэсэг зогсож хүлээж байгаад өөрийнхөө дансны үлдэгдлийг шалгаад өөр гүйлгээ хийгээгүй явсан. Би АТМ-ээс буцаад алхаж байх үедээ уг мөнгийг тоолж үзэхэд 500.000 төгрөг байсан. Би Төв аймгийн Баянхангай суманд мал маллаж амьдардаг ба тухайн өдрийн орой нь хөдөө гэр рүүгээ явсан...” гэж /хавтаст хэргийн 35-36/  мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс хувийн байдлын: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 46-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 47-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 48-хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 49-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 50-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-54-р хуудас/, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтүүд /хавтаст хэргийн 55-56-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

  Шүүгдэгч А.Ц нь хохирогч Ж.Т-гийн 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч завшиж, нийт 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч А.Ц нь хохирогчийн эд хөрөнгө буюу 500.000 /таван зуун мянган/” төгрөгийг өөртөө авах зорилгоор санаатайгаар АТМ-ээс авч, улмаар өөртөө ашиглаж байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.

Шүүгдэгч А.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Иймд шүүгдэгч А.Ц дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ж.Т нь хохиролд 500.000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч А.Ц бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч А.Ц-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч А.Ц нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлттэй: “...Улсын яллагчтай санал нэг байна. А.Ц анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчтай ял тохиролцсон байгаа. Улсын яллагчтай тохиролцсон 450.000 төгрөгөөр торгох саналыг хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул улсын яллагчийн санал болгож байгаа ялыг оногдуулах саналтай байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Ц-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт (мал аж ахуй эрхэлдэг), ам бүлийн байдал (нөхөр 6-14 насны 4 хүүхдийн хамт)-ыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Ц нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ш овогт А-ын Ц-нг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар А.Ц-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.    

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА