Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 62

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

         Шүүгдэгч Ш.О ы өмгөөлөгч Э.Ганбат

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 2018/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ш.О ы давж заалдах гомдлоор  Ш.О , Н.Н  нарт холбогдох 18238000090063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1970 оны 11 дүгээр  сарын 15-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зөвлөх поликлиникийн тасагт ахмадын эмч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, ......................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Гурвансайхан овгийн Ш.О , регистрийн дугаар .....................,

Монгол улсын иргэн, Өмнөговь аймаг,  Даланзадгад суманд 1994 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй,             Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн түргэн тусламжийн их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ............................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Нөмгөн овгийн О.Н , регистрийн дугаар ...................... Ш.О  нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед Н.У т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсний улмаас Н.У  нас барсан,   

О.Н  2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Н.У т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсний улмаас Н.У  нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.            Өмнөговь аймгийн прокурорын газраас Ш.О , О.Н  нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.                                                        

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Н , Ш.О  нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О , О.Н  нарыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 5400000 төгрөгийн торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар  Ш.О , О.Н  нарт оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг DVD /СD/-г тус хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт хавсарган ирүүлсэн О.Н ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0006769 дугаартай, Ш.О ы мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0015874 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Ш.О  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд:        Шүүгдэгч Ш.О  нь эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээг хийж, шат дараалсан арга хэмжээг авалгүй цаг хугацаа алдсаны улмаас хохирогч Н.У  нас барсан ... талийгаачид зүрхний булчинт давхаргын шигдээсний хүндрэлээс өмнө зохих эмчилгээг эмнэл зүйн удирдамжийн хугацаа алдалгүй хийж, шат дараалсан арга хэмжээг аваагүйн улмаас амь аврах боломжгүй байдал үүссэн гэж үзэхээр байна ... шүүгдэгч нарын үйлдэл  болон эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогдож  гэсэн дүгнэлт хийсэн байна.

Миний бие тухайн үед болсон үйл явдал болон өвчтөний биеийн байдалд өгсөн үнэлгээ, хийсэн эмчилгээ, үйлчилгээний талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэхдээ шаардлагатай арга хэмжээ авахгүй байх, албан үүргээ биелүүлэхгүй байх, хайхрамжгүй байдал гаргах зорилгоор хандаагүй бөгөөд эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх, зөв оношлохыг өөрийн зүгээс анхаарч байсан.

Тухайн үед өвчтөний биеийн байдалд өөрийнхөө зүгээс хийсэн үнэлэлт дүгнэлтийн дагуу эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийсэн боловч үр дүнд хүрэлгүй харамсалтай зүйл тохиолдсон. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд олон удаа нарийн мэргэжлийн шинжээчид томилогдож дүгнэлт гаргасан бөгөөд эдгээр дүгнэлтэд: “талийгаачид зүрхний булчинд давхаргын шигдээсний хүндрэлээс өмнө зохих эмчилгээг эмнэл зүйн удирдамжийн дагуу хийгээгүйн улмаас барсан" гэсэн дүгнэлт байгаагүй.

Гэтэл шүүх хэт нэг талыг баримтлан тодорхой баримт нотолгоогүйгээр миний хийсэн үйлдлийн улмаас талийгаач нас барсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Миний бие өөрийн үйлдэлд тохирох хариуцлагыг хүлээж болох ч эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн ялтан болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Талийгаачийн ар гэр, ах дүү нарын өмнө надад өөрийгөө өмөөрч хаацайлах сэтгэл алга байна. Харин шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хуулиа зөв хэрэглэж алагчлалгүй, шударга хандаасай гэсэндээ энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ\164 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон иргэн Ш.О  намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ш.О  нь хохирогчийн биеийн байдалд өөрийн зүгээс хийсэн үнэлэлт дүгнэлтийн дагуу эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийсэн боловч үр дүнд хүрээгүй ... шүүх хэт нэг талыг баримтлан тодорхой баримт нотолгоогүйгээр миний хийсэн үйлдлийн улмаас хохирогч нас барсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ш.О  нь хохирогчийг эмнэлэгт хүлээн авч зүрхний цахилгаан бичлэг хийгээд бичлэгээр зүрхний цочмог шигдээс болохыг оношилж, зүрхний цочмог шигдээсний эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилгээг цаг алдалгүй хийх өөрөөр хэлбэл МОНА эмчилгээг хийх ёстой байтал морфины оронд анальгин тарьсан. Энэ нь өөрийнх нь мэдүүлэгт тодорхой байгаа. Эрсдэлийн зэргийг тодорхойлж чадаагүй. Зүрхний цочмог шигдээсний эмнэл зүйн удирдамжийн Г.2.1 титэм судасны цусан хангамжийг сэргээх эмчилгээг эмнэлэгт ирснээс хойш 30 минутын дотор бүлэн уусгах эмчилгээ хийх ёстой байтал хийгээгүй. Энэ нь хүлээн авахын камерын бичлэгээр нотлогдоно. Ш.О  нь яаралтай сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж, нарийн мэргэжлийн эмч /зүрх судасны/-тэй холбогдож, зөвлөгөө аваагүй, өвчин намдаах тарилга хийсэн төдийгөөр өөрийн эмчилгээний хүрээг хязгаарласан.

Ш.О  нь эмчилгээг эмнэл зүйн удирдамжийн дагуу хийгээгүй нь түүнийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэж үзэх хангалттай, эргэлзээгүй нотлох баримт хэрэгт цугларсан тул шүүх хэргийн бодит байдлыг тогтоож, нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч Ш.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Прокуророос давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн оношийг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо төвийн яаралтай тусламжийн эмч зөв оношилсон боловч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд зүрхний цахилгаан бичлэгийг 10 минутын  дотор хийж, ST сегментэнд өргөгдсөн  эсэхийг үнэлэх яаралтай МОНА эмчилгээ хийх буюу морпин, нитроглицерин, хүчилтөрөгч, аспирин уулгах ёстой. “...Анхан шатны шүүх гэрч Н.Г , И, А болон шинжээч Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 04 дүгээр сарын 11 өдрийн 16/0327 шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтүүдийг үндэслээд мөн улсын яллагчийн яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэр гаргасан. Энэ гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул Ш.О ы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан. Тухайлбал улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч О.Н  нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсний улмаас Н.У  нас барсанд гэм буруутай гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Ш.О ыг мөн дээрх ижил нөхцөлөөр гэм буруутай гэж үзсэн. Гэхдээ энэ 2 хүний хугацаа алдсан гэх ойлголт өвчин хүндэрсэн ойлголтын мөн чанар, энэ өвчний онцлог, үүнийг нотолсон нотлох баримтын хувьд 2 өөр ялгаатай байна. Цаг хугацааны хувьд шалтгаант холбоо шийдвэрлэсэн эсэх дээр шүүх тодорхой ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй. Эрүүл мэндийн яамны зүрх судас болон амь тэнцсэн мэдээгүйжилт эрчимт эмчилгээний салбар зөвлөлийн нарийн мэргэжлийн зүрх судасны туслалцаа үзүүлдэг удирдамж бичиг баримтыг боловсруулдаг анагаахын  нарийн мэргэжлийн олон эмч нар дүгнэлтийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу гаргаагүй гэж үзсэн. Яг ямар заалтаар гараагүй юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн ямар заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар үндэслэл журмыг зөрчсөн юм бэ гэдгийг заагаагүй атлаа ерөнхийд энэ хуулийг заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14-д зааснаар шүүх шийдвэрийнхээ удирдлага болгоогүй. Энэ хэргийн хувьд Ш.О  эмчилгээ оношилгоонд яаж оролцсон гэхээр 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цаг 50 минутад яаралтай тусламжинд ирэх үед Ш.О  үзээд хүлээн аваад зүрхний шигдээс гэсэн онош тавьсан. Тухайн үед морпины оронд демидрол хэрэглэсэн. Энэ эмчилгээ нь зөвхөн өвчин намдаах, тайван байлгах, өвдөлтийг намдаах эмчилгээ. Энэ эмчилгээг хийснээр шууд судасны бөглөрсөн зүрхний титэм судас тэлэх, шууд бөглөөсийг арилах эсхүл урьд үхжил үүссэн олон цаг өвдөөд, үхжилийн процесс урьд явагдсан байсан процессыг арилгах эмчилгээ биш юм. Үүнийг хийсэн. Тайван хэвтүүлсэн өвчтөн нас барсан. Ийм л үйл явдал болсон. Ш.О  эмч зөв оношилсон боловч зүрхний цахилгаан бичлэг 10 минутын дотор хийх ёстой байжээ. Гэтэл хавтаст хэргийн 50-р хуудсанд зүрхний цахилгаан бичлэгийг 20 цагт хийсэн, цахилгаан бичлэгийн зураглал тэмдэглэгээ байгаа. Энэ материалыг шинжээч нарт өгөөгүй юм шиг байна. Мөн бичлэг дээр эм тариа найруулж хийж байгаа дүрс бичлэгээр нотлогддог. Мөн 2 цагийн дотор бүлэн хайлуулах тараагуур судасны дотуурх эмчилгээ хийх боломжтой арга хэмжээг үнэлэх. Тараагуур судасны дотор эмчилгээ хийх гэдэг нь зөвхөн Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт хийх ёстой боломжтой хүнд заалт байгаа тохиолдолд хийдэг. Аврах боломж байсаар байхад аварч чадаагүй гэсэн  үндэслэлээр  Ш.О д шинжлэх ухаан болон амьдралын баталгаан дээр буруу дүгнэлт хийсэн. Ш.О д холбогдох хэргийг шүүх авч үзэхдээ шалтгаант холбоо тогтоогдоогүй. Ш.О  эмчилгээ хийгээгүй гэхээр хийсэн байдаг.  Оношлоогүй юм уу гэхээр зүрхний шигдээс гээд оношилсон. Хүлээн авахад хэвтүүлж, дараа нь тасагт хэвтүүлэх асуудлыг шийдвэрлэх явцад нас барсан. Ш.О ыг гэм буруутай гэж үзэж байгаа нь шударга бус байна. Өмнө гаргасан 312 дугаар  шинжээчийн дүгнэлт нарийн мэргэжлийн эмчийг оролцуулна гээд зарим нотлох баримтуудтай үнэлж үзээд саналыг аваад дахин нягталж шалгахгүй бол болохгүй юм байна гэж шүүх өөрөө шийдвэр гаргаж шинжээч томилсон бөгөөд  ирсэн  шинжээчийн  дүгнэлтэд шүүх хуралдаан болохоос өмнө тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт өгөөд үүнийхээ дараа санал хүсэлтийг авах ажиллагаа огт хийгээгүй. Шууд гэм буруугийн хурал хийж, нотлох баримтаа шинжлэн судалж, хэрвээ шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байвал талуудад мэдэгдэж, энэ талаар санал хүсэлтийг нь асууж тодорхой хэмжээнд ажиллагаа хийх ёстой” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “Өвчтөнийхөө төлөө эмнэлзүйн удирдамжийн дагуу ажлаа хийгээгүй. Хавтаст хэргийн материалтай танилцахад өөрийнхөө бурууг хүлээсэн мэдүүлэг байдаг. Талийгаач ах маань өнгөрсний дараа маргааш нь Өмнөговь аймагт очоод Бүсийн оношилгоо үйлчилгээний төвийн орлогч дарга Нэргүймаагийн өрөөнд Ш.О , О.Н  эмч нарыг дуудаж уулзсан. Тэгэхэд миний ах ямар оноштой нас барсан бэ гэж асуухад. Мэдэхгүй гэж хариулсан. Яаралтай тусламжийн хуудас байна уу үзүүлээч гэж асуухад. Байхгүй гэж хариулсан. Мөн өвчтөний ямар түүх нээсэн бэ? үзүүлээч гэж асуухад. Байхгүй гэж хариулсан. Биднийг 11 дүгээр сарын 27-ны өдөр очиж асуухад үзүүлэх ямар нэгэн баримт байхгүй байсан.  Үүнээс хойш 9 хоногийн дараа энэ яаралтай тусламжийн хуудас, өвчтөний түүх гэсэн баримтыг олж авсан. Гэтэл Ш.О  эмч уулзалтанд миний буруу үнэхээр харамсалтай юм боллоо гээд буруугаа хүлээж байсан хүн. 9 хоногийн дараа өөрөө хийсэн юм шиг бичсэн байсан. Эмч хүний хийдэг асуудал мөн үү хийгээгүй зүйлээ хийсэн мэтээр бичээд. Би үнэхээр гомдолтой байна. Талийгаач ухаан алдаад амьсгал хураасан. Сэхээн амьдруулах тасагт оруулахад Ш.О  эмч байхгүй зугтаагаад явсан. Ш.О  эмч нь бүх эмчилгээг хийсэн, амь насыг аварч чадсангүй гэж худлаа хэлж байхад би үнэхээр их гайхаж байна. Олон хүний амь насаар битгий тоглоосой. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь ард түмэн авч байгаасай. Дахин ийм хэрэг битгий гаргаасай гэсэн үүднээс явж байгаа. Хүн өвдөхөөрөө яаралтай түргэн тусламж авдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү. Камерын бичлэг дээр Ш.О  эмчтэй холбоотой асуудлууд байгаа. Өвчтөнөө оношлоогүй, эмчилгээ хийгээгүй. Хүлээн авахын өрөөнд миний ах гадуур хувцастай шургаж унаад амьсгал хураасан. Дараа нь сэхээн оруулах тасагт оруулж хэдэн эм тариа хийсэн юм шиг байсан. Тэгээд өөрөө хийсэн юм шиг гүжирдэж бид нарыг хүнд байдалд оруулж байна. Эмчилгээ хийсээр байхад амь насыг нь аварч чадаагүй юм шиг тайлбартаа хэлж байна. Энэ эмч ажлын хариуцлага алдсан, өвчтөнөө оношлоогүй, эмчилгээ хийгээгүй. Үүнд гомдолтой байна. Яаралтай тусламж аваад, удирдамжийн дагуу яаралтай сэхээн амьдруулах тасагт оруулж эмчлэх ёстой. Гэтэл бүтэн 1 цагийн турш хүлээн авахын сандал дээр суулгаж байгаад амьсгал хураалгасан. Энэ эмч ажлын хариуцлага алдсан, мэдлэг чадваргүй. Өвчтөндөө анхаарал тавиагүй. Хэрэв эмчийнхээ үүргийг гүйцэтгэсэн бол өнөөдөр би ингээд зогсож байхгүй байсан. Тийм учраас эмч байх эрхийг нь хасаж, хариуцлага тооцож өгнө үү” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар шүүх гэм буруутайд тооцохдоо үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан. Үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан энэ хүнд зүрхний шигдээсийн механик хүндрэл болох зүрхний булчингийн урагдалт нь маш богино хугацаанд гэнэтийн үхэлд хүргэдэг. Тухайн өвчтөний өвчнийг эмчлэх удирдамж байдаг. Энэ удирдамжинд заасны дагуу ажиллагаа хийсэн үү гээд үзэхэд Зүрхний цочмог шигдээс өвчинд энэхүү удирдамжийг мөрдөж ажиллана. Энэхүү удирдамжид эмнэлэгт ирснээс хойш 10 минутын дотор зүрхний цахилгаан бичлэг хийнэ. Яаралтай тусламжийн хуудаснаас харахад зүрхний цахилгаан бичлэг хийсэн цаг хугацаа байхгүй учраас үнэлэх боломжгүй. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зүрхний бичлэг хаана байна гэж Ш.О  эмчээс асууж аваад мөрдөгчөөр авхуулсан  зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаас гардаг он сар өдөр 2007 он, гээд цагтай байсан. Тэр зүрхний цахилгаан бичлэгийг хохирогчийнх мөн гэж үнэлэх боломжгүй. Яаралтай тусламжийн өрөөнд зүрхний цахилгаан бичлэг хийсэн гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шинжээч дүгнэлт өгсөн. Эмнэлзүйн удирдамжинд МОНА эмчилгээг өөр бусад эм тариагаар орлуулах боломжгүй. Өнөөдөр морпины оронд демидрол хийсэн. Анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд анальгин хийсэн гэж тайлбарласан. Өвчин илэрсэн хугацааг тэмдэглэсэн байх ёстой. Энэ тэмдэглэгээ өвчтөний түүхэнд байхгүй. Яаралтай түргэн тусламжийн хуудсанд байхгүй. Титэм судасны цусан эргэлтийг сэргээх эмчилгээ бүлэн хайлуулах  эмчилгээ огт хийгээгүй. МОНА эмчилгээг яаралтай хийх 2 цагийн дотор бүлэн хайлуулах эмнэлзүйн удирдамжийн дагуу шат дараалсан арга хэмжээг авах ёстой байжээ.  Энэ арга хэмжээг аваагүй учраас энэ эмнэлзүйн удирдамжийн дагуу оношилгоо үйлчилгээ, эмчилгээ явагдаагүй байна. Энэ удирдамжийн дагуу ажиллаагүй учраас хугацаа алдсан гэж үзсэн. Эмнэлгийн хүлээн авах өрөө, сэхээн амьдруулах тасгийн камерын бичлэгт тодорхой байгаа. Бүтэн цаг хүлээн авах өрөөний сандал дээр суусан. Яг сууж байгаад унаснаас хойш 1 минутад сэхээн амьдруулах тасагт оруулж хэвтүүлээд мэргэжлийн эмч ирээд зүрхэнд нь массаж хийгээд нас барсан. Өмнө нь шүүх хуралдаанд О.Н  нь Ш.О ыг сүүлд онош тавьсан гэж хэлсэн. Эмнэлзүйн судлалын эмч Ихбаяр гэдэг хүнтэй уулзаад тэр  хуудсыг нөхөж бичсэн гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.  

                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О ы бичсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “дахин шинжилгээ хийлгэх тухай” хүсэлтийн дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЗ/203 дугаартай захирамжаар яллагдагч Ш.О , О.Н  нарт холбогдох эрүүгийн хэрэгт дахин шинжилгээ хийлгэхээр Эрүүл мэндийн яамны амь тэнссэн үеийн анагаах ухааны зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх зүрх судасны эмгэгийн нарийн мэргэжлийн салбар зөвлөлийг тус тус дүгнэлт гаргуулахаар томилсон боловч анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулаагүй нь мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1-д заасан шинжилгээ хийлгэх үед хэрэгжүүлэх оролцогчийн эрхийг хязгаарласан.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан шинжээчийн эрх, үүрэг Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан шинжээч худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлагыг Эрүүл мэндийн яамны Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/21 дугаартай дүгнэлтийг гаргасан гэх мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэжлийн зөвлөлийн дарга Л.Г , Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Г , Монгол улсын зөвлөх зэргийн эмч, УНТЭ-ийн мэдээгүйжүүлгийн тасгийн эмч Л.Ө  нарт тус тус тайлбарлан танилцуулаагүй, дээрх шинжээчийн дүгнэлтэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1-д заасан зүйлүүдийг тусгаагүй, А/21 дугаартай болон эмч Ө.Ц гийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан гэх дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатад тус тус танилцуулаагүй байна /хх-103/.

              Мөн ...Эрүүл мэндийн яамны дэргэдэх зүрх судасны эмгэгийн нарийн мэргэжлийн салбар зөвлөлийг ...дахин дүгнэлт гаргуулахаар томилсон байхад уг салбар зөвлөл нь дүгнэлт гаргаагүй ба Эрүүл мэндийн яамны дотрын анагаахын салбар зөвлөлийн зөвлөх зэрэгтэй зүрхний эмч Ө.Ц  нь уг зөвлөлд тавигдсан асуултуудад хариулт бичиж дүгнэлт гаргасан байх боловч түүнийг шинжээчээр томилсон тухай холбогдох зөвлөлийн шийдвэрийг хэрэгт хавсаргаагүй, дүгнэлтэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1-д заасан зүйлүүдийг тусгаагүй байна.

            Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дахин шинжилгээ хийлгэх хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх тухай захирамжийг гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шинжилгээ хийгээгүй байх тул оролцогчийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй гэж үзлээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын зүгээс дээрх шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд дээр маргаж, мэтгэлцсэн болно.

           Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

          Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан учир шүүгдэгч Ш.О ы давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй болно.

         

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 2018/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.О , Н.Н  нарт холбогдох 18238000090063дугаартай эрүүгийн хэргийг  дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ш.О , Н.Н  нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА   

                                                                                                                          П.ДОЛГОРМАА