Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0111

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

 

2014 оны 03 дугаар сарын 05 өдөр       дугаар 111            Улаанбаатар хот

 

 

Н.Ч-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Ч-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны , хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/294 дүгээр захирамжийн Н.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу хуулийн үндэслэлтэй гарсан. Тухайн зүйлийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ( тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж Дээд шүүхийн тайлбарт бий. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шийдвэрээр.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтуудыг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/294 дүгээр захирамжийн иргэн Н.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгож

шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй", тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтыг баримтлан нийслэлийн Засаг дарга 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/294 тоот захирамжийг гаргасан болно.

Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан "...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүйг байхыг ойлгоно" гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... барилга барих асуудлыг 2008 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцэн дэмжиж, уг дүгнэлтийг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамж гарган шийдвэрлэсэн боловч дээрх хувийг иргэн Н.Ч-д гардуулан өгөөгүй хариуцагчийн буруутай үйлдэл бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ" гэж заасан байх тул нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдээгүй байжээ" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болсон байна.

Учир нь нэхэмжлэгч Н.Ч нь өөрөө барилга барих зөвшөөрөл олгох тухай хүсэлт гаргасан атлаа гаргасан хүсэлтийг нь төрийн байгууллага хэрхэн шийдвэрлэсэн талаар хөөцөлдөж, гарсан шийдвэрийг өөрийн биеэр ирж, гардаж авах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч 2008 оноос хойш 2013 он хүртэл ямар шийдвэр гарсан болоод шийдвэр гарсан эсэх талаар огт мэдээгүй байсныг барилга барих нөхцөл бүрдээгүй гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн "Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2013 оны 12 дугаар сарын 04-ны өдөр нотлох баримтаар өгсөн иргэн Н.Ч-гийн эзэмшиж байсан газрын байршлын зураг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар өмнө нь тус газар дээр шугам сүлжээтэй байсан бөгөөд одоогийн зургаар шугам, сүлжээ нь нэхэмжлэгчийн газар дээр давхцаагүй байна гэсэн тайлбараар нотлогдож байх тул ..." гэж дүгнэсэн байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/294 тоот захирамжийн үндэслэл нь шугам сүлжээтэй огт холбоогүй бөгөөд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т "Хот тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлага ... -ыг үндэслэнэ" гэсэн заалт бөгөөд Барилгын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 4 дүгээр хавсралтын Галын аюулаас хамгаалах шаардлагын 1-д Тал тэсвэршилтийн 1 ба 2-р зэргийн орон сууц, олон нийтийн барилга болон тэдгээрийн туслах барилгаас бусад барилга хүртэлх зайг 9 метрээс багагүйгээр ... төлөвлөнө", 10-т "Хэрвээ эсрэг талын барилгын хана галд тэсвэршилтийн зэрэгтэй бол галд тэсвэршилтэй 1, 2 дугаар зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хоорондын зайг 6 метр хүртэл төлөвлөхийг зөвшөөрнө", 12-т "Зам, гарцаас 10 хүртэл давхар барилгын хана хүртэлх зай 5 метрээс багагүй, 10-аас дээш давхар барилгын хана хүртэлх зай 15 метрээс багагүй байхаар тооцож төлөвлөнө. Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин саадгүй зорчих боломжтой төлөвлөнө. Барилгын орцгүй ханын дагуу галын машин зорчих 6 метрээс ихгүй зурвас зай гаргаж төлөвлөнө" гэж заасныг тус тус зөрчин иргэн Н.Ч-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Мөн иргэн Н.Ч-гийн эзэмшил газар нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо орон сууцны 23 дугаар байрны зүүн талд 10 дугаар хорооллын үерийн далангийн урд талд зэрэгцээ байдлаар байрлаж байгаа нь тухайн газар дээр барилга барих боломжгүй гэдгийг нотолж байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын далангийн урд амины орон сууцны зориулалтаар 720 м.кв газрыг эзэмших эрхийг Х.Батболд, Н.Ч нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар олгохоор шийдвэрлэж, эрх бүхий байгууллагаас гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор тухайн газрыг эзэмших эрх хууль ёсоор үүссэн, улмаар Нийслэлийн Засаг дарга 2007 оны 482 дугаар захирамжаар Н.Ч-гийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэснийхээ дараа 2013 оны А/294 дүгээр захирамжаараа Газрын тухай хууль зөрчиж, дэд бүтцийн хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэхгүйгээр эзэмшүүлсэн, тухайн газрыг зориулалтын дагуу 13 жилийн турш ашиглаагүй гэх үндэслэлээр дээрх захирамжуудынхаа Х.Батболд болон Н.Ч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

Гэтэл Н.Ч-гээс 2007 онд Барилгын зураг төсөл, Орон сууцны барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт зэргийг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлсний үндсэн дээр Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт барилгын зураг төсөл батлуулахаар хүсэлт гаргасныг мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцэн дэмжсэн, түүнийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрлийг түүнд олгосон. Мөн энэхүү захирамжийн талаар нэхэмжлэгч мэдсэн эсэхээс үл шалтгаалж тэрээр эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах бололцоогүй байсан нь тухайн газарт автомашины граж барьсан Ж.Алтанцэцэг нарын иргэдэд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай Н.Ч-гийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1162 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 651 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 613 дугаар тогтоол зэргээс харагдаж байна.

Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтан Н.Ч-д газар эзэмшүүлэхдээ дэд бүтцийн хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй гэх боловч энэ талаар ямар нэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, санал гараагүй байхад холбогдох норм, дүрмүүд зөрчигдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх эдгээр болон бусад асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.