Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 13

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Чулуунбаатарын Эрдэнэбатад холбогдох 201525031863 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад, шүүн хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймаг Өндөрхаан суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгат гудамж, хөнгөн хүнсний үйлдвэр 1/30 байр 2 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ус орчины 1-2 тоотод оршин суудаг, урьд 2001 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн дугаар 278 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, 2004 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн дугаар 219 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Цорос овогт Чулуунбаатарын Эрдэнэбат /РД: Т379081312/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Ч.Эрдэнэбат нь согтуурсан үедээ буюу 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа Н.Хосбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эрдэнэбат мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай ээж согтуу байна гээд “Хар хорин” зах дээр очиж аваад гэртээ авч ирсэн. Тэгсэн ээжийн хамтран амьдрагч намайг машин хулгайлаад явчихлаа гэсэн дуудлага цагдаад өгнө гэж манай эгчид утсаар хэлээд эгч надад хэлсэн. Үүнд би уурлаад пиво уусан. Тэгэхэд би дүүгээрээ машин бариулсан. Ээж намайг эгчийндээ 2 шуудай нүүрс хүргээд өгчих гээд яваад ирэх хооронд “машин хулгайлаад аваад явчихлаа” гэх зүйл ярьсан байсан. Үүнээс болж би пиво уусан. Тэгээд Буянбадрах ирээд машины түлхүүр өг гэхээр нь би таны машин биш, манай ээжийн машин гээд маргалдаж байхад Буянбадрах гэдэг хүн цагдаа дуудсан. Тэгээд удалгүй ахлагч Хосбаяр, Уранчимэг нар ирээд намайг машинд суу гэхэд суунаа гэж байсан. Тэгсэн хажуу талаас Буянбадрах ах “чи одоо суулдаа” гэхээр нь би суухгүй, тэгвэл өөрөөр ярина гээд гэр рүүгээ ороод явахгүй гэж бодсон. Учир нь би маргааш ажилд явна гээд хүнд хэлсэн байсан болохоор ажилдаа явна гэж бодсон. Тэгэхэд би өдөржингөө хоолгүй явсан байсан болохоор эхнэр мах ид гэсэн талаар мэдүүлэг байгаа. Тэгээд би гаднаас хаалга дуугарангууд хутгаа бариад ахлагч Хосбаярын хажуугаар тэр чигтээ гүйгээд гарсан. Тэгэхэд бүх хүмүүс хараад зогсож байсан. Би өнөөдөр та нар шүүх хуралд гэрчээр оролцоочээ гэсэн боловч ажилтай, завгүй, ирж чадахгүй гэсэн. Тухайн үед нийт 4 хүн буюу эгч, 2 дүү, эхнэр байсан. Тэгэхэд ахлагч Хосбаяр миний урд талд халтирч унаад би хажуугаар нь гүйгээд гарсан. Тэгэхэд манай эхнэр ирээд намайг бушуухан яв гэж хэлээд би зугтаагаад явсан. Тэрнээс би ахлагч Хосбаярыг машин тойруулж хөөгөөгүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Н.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…би 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвзгэрт хайрхан 114 чиглэлд дэд ахлагч орчимд Хайрхан 110-аас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 29-402 тоотод нөхөр нь согтуу эхнэрээ зодоод байна гэсэн дуудлагыг хүлээн авч очиход хашааны үүдэнд Эрдэнэбат гэгчийн эгч нь гарч ирээд сая доошоо гудамжруу гүйгээд явчихсан, араас нь манай 2 зрэгтэй дүү явсан, Эрдэнэбат нь улаан өнгийн цамцтай явж байгаа би хамт суугаад заагаад өгье гэсэн. Тэгээд доошоо уруудаад явж байтал Эрдэнэбат 2 дүүтэйгээ цуг ирэхээр нь болсон асуудлыг тодруулахад эхнэр Одонтуяа нь манай нөхөр намайг зодоогүй хадам аав худлаа дуудлага өгсөн байна. Би нөхрөө өгч явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь дуудлага өгсөн Буянбадрахын утасруу залгаж таны дуудлаган дээр ирсэн байна та хүрээд ир гэхэд ирсэн. Тэгээд Эрдэнэбатаас машины түлхүүр авна гэж байсан. Эрдэнэбат нь өгөхгүй гудамжинд байгаа гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь Эрдэнэбатыг гэрээс нь дагуулан гарч хаясан гэх газарт хайхад олдоогүй ба тэр үед Буянбадрах нь би гомдолтой, намайг ална гэж сүрдүүлсэн учир та нар авч явж хууль ёсны дагуу шалгаж өг гэсний дагуу Эрдэнэбатыг автомашинд суу гэсэн хууль ёсны шаардлага тавихад "өө ингэж байгаа бол та нартай өөрөөр ярина" гэж хэлээд гэрлүүгээ гүйгээд орчихсон. Тэгсэн Буянбадрах нь наадал чинь өмнө нь хүн алж байсан чи болгоомжтой байгаарай гэж сануултал Эрдэнэбат хар өнгийн куртик өмсөөд гараад ирэхээр нь чи тавьсан шаардлага биелүүл гээд очиход миний урдаас ханцуйнаасаа хутга гаргаж ирж надруу дайрсан би биеэ хамгаалж зайлсхийгээд халтираад газар унаад босоод иртэл Эрдэнэбат нь дахиад хутгаа далайж алнаа гээд л дайраад байсан. Би машинаа тойрч зутааж арай хол зайтай зогссон. Тэр үед эхнэр нь ирж тэвэрч аваад боль гэсэн. Би шууд машиндаа сууж ороод станцаар хайрхан 10-тай холбогдож нэмэлт хүч дуудсан. Нэмэлт хүч ирж байхыг хараад Эрдэнэбат нь дээшээ зугтааж алга болсон бөгөөд араас нь очиж хайгаад олдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Буянбадрах нь би Эрдэнэбатад гомдолтой, намайг ална гэж сүрдүүлсэн учир та нар авч явж хууль ёсны дагуу шалгаж өг гэж байсан. Тэгээд би гадагш гартал Эрдэнэбат зөрж орсон ба орохдоо та нартай би өөрөө ярина гэж хэлээд орсон удалгүй гарч ирэхэд ахлах ахлагч Хосбаяр гавлаад машинд суулгах гэхэд ханцуйнаасаа хутга гаргаж ирээд Хосбаярлуу далайлгаад ална гэж дайрахад би гар бороохойгоо бариад боль, хутгаа хая гэдэг шаардалага тавихад Хосбаярлуу дайрч машин тойрч хөөгөөд байсан. Би тэр даруй Хайрхан 110-луу нэмэлт хүч явуул гэж дуудлага өгсөн ба Хайрхан 113 чиглэлийн машинт эргүүл ирсэн. Эрдэнэбат цагдаагийн машин ирж байгааг хараад гартаа байсан хутгаа шидээд зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/

Гэрч Б.Буянбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “…Эрдэнэбат гэрээс гарч ирэхдээ гарныхаа ханцуйд хутга хийчихсэн гаргаж ирэхэд цагдаа яаж ч чадаагүй. Тэгээд нэмэлт хүч дуудаж 2 дахь цагдаагийн автомашин ирж байх үед Эрдэнэбат хутгаа шидчихээд гараад зугтаачихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30х/

 

Гэрч Э.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Хайрхан 10-аас Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайрхан 114 чиглэлийн алба хаагчидьг хутга барьсан хүн шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байна танай чиглэл нэмэлтээр яваад оч, хантааз болон хутганы хамгаалалттай бээлийгээ өмсөж аюулгүй байдалаа хангаж ажиллаарай гэж мэдээлэлсний дагуу дуудлагаар очсон. Тэгээд хэв журмын офицер цагдаагийн дэслэгч Ц.Мөнхбат бид 2 дуут дохиогоо дуугарган Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усан сангийн хойд талд очиход Хайрхан 114 чиглэл болон 4-5 үл таних хүмүүс байсан бөгөөд хутга барьж эсэргүүцсэн залуу нэмэлт хүч ирж байгааг хараад зугтсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Учир нь миний хувьд цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн зүйл байхгүй. Тухайн үед дуулагаар ирсэн цагдаа очсон цагдаа намайг автомашинд суухыг шаардсан боловч би шууд гэртээ юм идэх гэж орсон. Тэгээд гэртээ ороод мах идээд сууж байхад хаалга дуугарахаар нь мах огтолж байсан хутгаа аваад гарсан юм. Тэгтэл гадаа байсан цагдаа намайг гартаа хутгайтай гарч ирэхийг хараад хойшоо ухарч байгаад газар унахаар нь би хажуугааар нь гүйж гараад зугтсан юм. Би тухайн үед мах идэж байгаад хаалга дуугарахаар нь гарахдаа хутгаа аваад гарчихсан юм. Түүнээс биш ямар нэгэн санаа зорилго байхгүй. Тухайн үед цагдаа нар намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийх гэж байна гэж бодоод би зугтчихсан юм. Миний хувьд хутга барьж хүмүүсрүү дайрсан зүйл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэбат нь согтуурсан үедээ буюу 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа Н.Хосбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 74-76х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24х/, гэрч Б.Уранчимэг /хх-ийн 26-27х/, Б.Буянбадрах /хх-ийн 28-30х/, Э.Ганзориг /хх-ийн 31-32х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтуудад нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Ч.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Хосбаярын: “...Миний болон бусад байсан хүмүүс ямар нэгэн халдлагад өртөөгүй тул ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх /хх-ийн 105х/ хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн Ч.Эрдэнэбатыг гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн гэж үзэв.    

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэбат нь урьд 2004 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 219 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тэнсэн суллагдсан байна. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл нь уг Өршөөлийн хуульд хамрагдахгүй тул Ч.Эрдэнэбатын ялтай байдлын хугацаа дуусаагүй гэж үзнэ.

 

Ч.Эрдэнэбатад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролгүй, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.    

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйл, 290.3, 294, 297,  298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх  хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цорос овогт Чулуунбаатарын Эрдэнэбатбыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар Ч.Эрдэнэбатад 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдсугай.

 

4.Ч.Эрдэнэбат цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Эрдэнэбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БАТГЭРЭЛ