Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0018/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б  овогт А-ийн  Хад холбогдох эрүүгийн 2118000000381 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б  овогт А-ийн  Х /РД:........... /, ........ оны ....... дугаар сарын .... -ны өдөр ........  аймгийн ....... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ...............-ийн хамт .........  аймгийн .....  сумын ....... багийн .......  дугаар байрны ......  тоотод оршин суух хаягтай /...... .хот, ......... дүүрэг, ......  дугаар хороо, ....... ...... дүгээр байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Сум дундын .........  дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,

.........  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

.......  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн .......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар хорих ял,

.........  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

.........  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн .........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт урьд шүүхээр хорих ял шийтгүүлж, хорих ялаа эдэлж дууссаны дараа дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аавыг гэрт ирсэн байхад эхнэр хөөж туугаад над руу утас авч шидэхээр нь уурлаад цохисон. Харин 8 дугаар сарын 03-ны өдөр зодоогүй. Зүгээр л маргалдсан. Би шалтгаангүй уурлаж дайраагүй. Зүгээр байхад өдөж хоргоогоод албаар хэрүүл зодоон үүсгээд байдаг юм. Хааяа зодохоос өөр аргагүй байдаг. Учир нь хүн амьтантай архи уудаг. Мөн намайг хардаж сэрдээд уур хүргээд байдаг юм. Хийсэн хэргээ ойлгож байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

 

Эрүүгийн 2118000000381 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Д-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой гэртээ байхад хадам аав гаднаас 0,33 литрийн нэг шил архи, 2 лааз пиво бариад орж ирсэн. Түүнийг нь Х хувааж уугаад сууж байтал хадам аав намайг хөөе янхан, гичий минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд Хын нуруун тус газар нь гар утасныхаа цэнэглэгчээр нэг удаа ороолгосон чинь Х одоо чамайг ална гээд миний үснээс зулгааж байгаад уруул руу гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл миний шүд унаж дээд давхрын Цэнгэл эгч орж ирээд бид нарыг салгаж намайг дагуулаад гэртээ орсон. /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Гэрч С.Ц-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед гэртээ сууж айтал гаднаас Х-ын хоёр жаахан хүүхэд уйлж орж ирээд “Эмээ манай аав ээжийг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь ортол хоорондоо зодолдсон байдалтай гэр орон нь цус болчихсон, Д-ийн хамар амнаас цус гарсан байхаар нь юу болсон талаар асуухад “Х зодоод шүд унагачихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 782 дугаартай “...Э.Д-ийн биед дээд уруулд шарх, нүүр,  хуйханд цус хуралт, 2 шүдний хугарал, 1 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Д-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Д-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-аар алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээ “...0-3 буюу бага” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

 

А.Х-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой манай аав гаднаас 0,33 литрийн Хараа архи болон 0,5 литрийн 2 лааз пивотой орж ирээд бид хамт уусан. Тэгээд аавтай юм ярьж байтал Д манай аавыг зайл, хөгшин новш гэх мэтээр хэлээд байснаа сүүлдээ миний нуруун тус газарт утасны цэнэглэгчээр 2-3 удаа ороолгохоор нь миний уур хүрээд босож ирээд Д-ийн амны орчим гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь амаас нь цус гарч миний шүд гээд байсан. Энэ үед гаднаас Ц  эгч орж ирээд Д-г аваад дээд давхарт байх гэртээ орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

 

Шүүгдэгч А.Х-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд /хавтаст хэргийн 58-87 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч А.Х-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Д-г байнга зодсон хэрэгт урьд шүүхээр хорих ял шийтгүүлж, хорих ялаа эдэлж дууссаны дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ........  аймгийн ........  сумын ........  багийн .........  тоот гэртээ зодсон, мөн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ....... аймгийн .......... сумын ........ багийн ........... тоот гэртээ дахин зодож эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, нүүр, хуйханд цус хуралт, 2 шүдний хугарал, 1 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Х нь эхнэр Э.Д-г байнга зодсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогдоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч А.Х нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч А.Х-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Шүүгдэгч А.Х-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Дг урьд зодож эрүүгийн хариуцлага хүлээсэн нь түүний Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн байнга гэсэн шинжийг үгүйсгэх шалтгаан болохгүй юм.

А.Х-ын үйлдлүүдийг “Байнга” үйлдсэн гэх шинжээр нэгтгэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тооцоход үйлдэл хоорондын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч А.Х-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон гэр бүл, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Х-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогч Э.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгч А.Х-аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ. Харин хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялаас хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч А.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч А.Х нь урьд 5 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч А.Х-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож оногдуулсан ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 11 сар 27 хоногоор тогтоож, шүүхээс тогтоосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт А-ийн  Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, оногдуулсан ялаас хасаж шүүгдэгч А.Хын биечлэн эдлэх ялын хэмжээг 11 сар 27 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х оногдуулсан 11 сар 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР