Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0005/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А  овогт М  О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118003670394 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А  овогт М  О /РД: ....... /, ...........  оны ......  дугаар сарын ....... -ны өдөр ..........  аймгийн.........  суманд төрсөн, .......  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... , ...-ын хамт ..........  аймгийн ......  сумын 6 дугаар багийн ......... ийн .........  тоотод оршин суух хаягтай, Урьд ..............  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .....  дугаар сарын .........-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.О нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “С М” шатахуун түгээх станцын орчим иргэн И.Б ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх, баруун нүдний зовхи болон духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдээгүй.” гэв.

Эрүүгийн 2118003670394 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 15-18 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагааны “...Хохирогч И.Б  нь миний яриад байгаа хүн 2 дугаарт байгаа өтгөн хар хөмсөгтэй, хар алаг нүдтэй, туранхай бор 35-45 орчим насны хүн мөн байна. ...2 дугаарт Мягмар овогтой О /РД: ИЭ72061318/” гэх тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны гэрэл зураг /Хавтаст хэргийн 19, 20-22 дахь тал/,

 

Хохирогч И.Б ын мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 23, 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед ажлаасаа бууж ирээд гэртээ найзуудтайгаа архи уучхаад хүнсний зүйл авар гээд ганцаараа халамцуу бирж рүү явсан. Тэгээд Дархан захын урд павилоны урд талын модны хашлага дээр ганцаараа архи уугаад сууж байтал зүс таних хэлгүй Бор ёсолгоо гэдэг хочтой залуу над руу ирээд намайг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би “яаж байна аа” гэж хэлээд босох гэтэл миний цээжин дээр суучхаад чулуугаар толгойн орой хавьцаа 3 удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэрээд захын нойл ороод цусаа угаачхаад гэр рүүгээ явсан. Тухайн үед цалин буугаад мөнгөтэй байсан болохоор гурав хоног гэртээ архи ууж өнжсөн чинь гурав дахь хоногоос нь миний толгой өвдөөд босох гэхээр хөндүүр болоод байхаар нь хажуу айлынхаа Ц  гэдэг залууг дуудаад толгойгоо харуулсан чинь “таны толгой аймаар болчихсон байна. Та эмнэлэг явахгүй бол болохгүй юм байна” гэж хэлсэн. Мөн манай эмэгтэй дүү ирээд “Таны толгой идээлсэн байна” гэж хэлээд толгойн зураг аваад явсан. Тэгэхээр нь эмнэлэгт үзүүлэхэд томографын шинжилгээ өгөөд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 22-ны өдөр эмнэлгээс гарсан. Би Оаас 350,000 төгрөг нэхэмжилж байна. М.Оаас мөнгөө авчих юм бол гомдол санал гээд байх зүйлгүй.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 26, 79 дэх тал/,

 

Гэрч Э.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...УлаанБ  хот руу ээжийгээ сахих гээд явсан байхад манай төрсөн эгчийн хүүхэд Янжмаа залгаад “Б  ах зодуулсан байна. Эмчид үзүүлсэн чинь томографын зураг авахуулах шаардлагатай байна гэнэ, толгойноос нь идээ гоожоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Гялс эмчилгээ хийлгээрэй” гэж хэлсэн. Тэгээд яг хэзээ над руу ярьж хэлсэн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай ээжийн бие муу байсан учраас ээжийгээ асраад завгүй байсан юм. Манай ээж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Тэгээд манай гэр бүлийнхэн шууд талийгаачаа аваад Дарханд ирсэн. Намайг ирэхэд Б  ах эмнэлэгт хэвтсэн байсан. Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан захын дэргэдэх С М-ын шатахуун түгээх станцын самбарыг доор гэр лүүгээ явах гээд хашлага дээр сууж байсан чинь зүс таних “Ёсолгоо” гэх хочтой залуу ирээд нүүр лүү нь түлхэж унагаад боссон чинь хажуудаа байсан чулууг аваад толгой руу нь хоёр удаа цохисон гэж Б  ах хэлсэн. Тухайн өдөр нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байсан гэж байсан.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Гэрч А.Ц гийн мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б  ахын гэрээр ороод гарахад орон дээрээ хэвтэж байхаар нь “юу байна ах, юу хийж байна” гэж асуусан чинь “Бирж дээр согтуу явж байсан чинь орох гарах дээр яваад байдаг нөгөө Ёсолдог хэлгүй нөхөр миний толгойг хага цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь толгойг нь харсан чинь хавдаад том ангайчихсан, идээ юм уу шүүс гоожоод дэрэн дээр нь үстэй нь наалдсан байхаар нь тамедины уусмалаар арчиж дарж өгөөд яаралтай эмнэлэг явах хэрэгтэй. Амь насанд чинь аюултай гэмтэл байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Гэрч Л.Х- ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14-15 цагийн орчимд Дархан захын гадна буюу Монос эмийн сангийн ойролцоо тамхи татаад зогсож байсан чинь хажуу талын нийтийн нойлоос Б  хувцас хунар нь цус нөж болчихсон нүүр гараа угаасан байдалтай гарч ирсэн бөгөөд пязда, хэлгүй хар лалар намайг нухчихлаа. Толгой хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би чи одоо эмнэлэг яв. Толгой тархи чинь аймаар болсон байна гэж хэлээд салцгаасан. Дараа нь захын тэр хавиар явж байсан чинь архичид хэлгүй Ёсолгоо Б ын толгойг цохиод хагалсан талаар ярьж байна лээ.” гэх мэдүүлэг /Хавтас хэргийн 40 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 707 дугаартай “...И.Б ын биед тархи доргилт, хуйхны шарх, баруун нүдний зовхи, духанд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. И.Б ын биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. И.Б ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

М.Оын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр, 12 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...Намайг Ёсолгоо гэж дууддаг. Би Б ыг танина. Болсон явдлыг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 37-38, 68 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Оын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар /Хавтаст хэргийн 72, 60-62 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч М.Оын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.О нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “С М” шатахуун түгээх станцын орчим иргэн И.Б ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх, баруун нүдний зовхи болон духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.О нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн И.Б ыг зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогчийн нэхэмжилсэн 338,290 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох саналтай байна. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа тул тус нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж цуглуулсны дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.О нь 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг, сэтгэцийн хувьд эрүүл гэж байгаа боловч өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадваргүй, төрөлхийн дүлий хүн. Шүүгдэгч нь хохирогч И.Б ыг мэдэх боловч цохиогүй гэж мэдүүлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьцангуй үнэн зөв ярьдаг гэж үздэг юм. Хэдийгээр шүүгдэгч өөрийн хийсэн хэргээ хүлээх үүрэггүй боловч зохиож худал мэдүүлэг өгөх талаар ойлголт, мэдлэг байдаггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, М.Оыг гэм буруугүйд тооцож өгнө үү.” гэв.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд И.Б ын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хуйхны шарх, баруун нүдний зовхи болон духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О нь хохирогч И.Б ыг мэдэхгүй. Надад Ёсолгоо гэх хоч байхгүй. Гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргасан боловч шүүгдэгчийн уг мэдүүлэг нь хохирогч И.Б ын мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Л.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.О-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хэрэгт хохирогч И.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 338,290 төгрөг нэхэмжилсэн холбогдох баримтыг гарган өгсөн ба шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оаас 338,290 төгрөг гаргуулан хохирогч И.Б т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгчид оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлын нэг хоногоор тооцож, 1 сар 20 хоногийн хорих ялаас түүний цагдан хоригдсон 22 хоногийн хорих ялыг хасаж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сар 14 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялаас хасаж, 64 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 хоногийн хорих ялаар сольж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 10 сар 14 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн, биеэр эдлэх ялыг 10 сар 22 хоногийн хорих ялаар тогтоох саналтай байна” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч М.О-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, энэ хэрэгт цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцож элэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг хэмжээг 64 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоож шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 10 сар 22 хоногийн хорих ялаар тогтоож, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А  овогт М  О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасаж, ялын хэмжээг 64 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 10 сар 22 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 10 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 338,290 төгрөг гаргуулан хохирогч ..........  аймгийн ..........  сумын .........  баг, .......  тоотод оршин суух ........  овогт И-ны Б  /РД: ......... , утас-....... /-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР