Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/578

 

 

 

 

 

 

 

 

 

       

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Отгончимэг,

шүүгдэгч: Г.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ш-д холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ын Ш /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн ***** суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машиннист, ................ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо 0 гудамж 0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Г.Ш нь Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Одонтын 0 тоотод 2022 оны 3 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Н-ийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дээд, доод уруулын салстад цус хуралт, цээж баруун шуунд цус хуралт, баруун гарын дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Ш нь Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Одонтын 0 тоотод 2022 оны 3 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Н-ийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд, доод уруулын салстад цус хуралт цээж баруун шуунд цус хуралт, баруун гарын дунд хурууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

           -гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2-р хуудас/,

              -Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 19-ний орой найз залуу Г.Ш нэг найзтайгаа миний ажлыг тараад Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Одонтын 0 тоотод манай гэрт ирсэн юм. Тэгээд би Г.Ш, Г.Ш-гийн найз хоёрт нэг шил архи авч өгөөд байж байсан чинь Г.Ш-гийн найзынх нь эхнэр нь ирээд нөхрөө аваад явсан. Тухайн үед орой 23 цаг өнгөрч байсан тэгээд найз явсан чинь Г.Ш бид хоёр унтах гээд Г.Ш том өрөөнд орон дээр, би жижиг өрөөнд газар ор засаад унтах гээд хэвтсэн чинь гэнэт шөнө Г.Ш босож ирээд миний нүүрэн тус газар цохиод авсан тэгсэн миний хамарнаас цус гарсан юм. Уг нь Г.Ш бид хоёр хэрэлдэж маргасан асуудал байхгүй зүгээр л унтах гээд хэвтсэн юм. Тухайн үед миний хамар хавдсан нүд хөхөрсөн байсан...” “... Надад эмчилгээний зардал гэж толгойны зураг авахуулсан 130.000 төгрөг өгсөн мөн эм авч өгсөн би хэдэн төгрөгөөр авч өгсөнийг мэдэхгүй байна. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 11-р хуудас/,

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0 дугаартай:

               1. “...Д.Н-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дээд, доод уруулын салстад цус хуралт, цээж, баруун шуунд цус хуралт баруун гарын дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18-20-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Ш-гийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид хоёр унтах гээд хэвтэж байхад би архиныхаа халуунд хүмүүсийн нэр хэлсэн чинь Н уурлаад өөр өрөөнд очиж унтах гээд явахаар нь би араас нь очоод цохиод авсан тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас яагаад цохиж авсанаа мэдэхгүй байна. Н-ийн биед учирсан гэмтэл шархыг би учруулсан...” гэж /хавтаст хэргийн 49-50/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 29-р хуудас/, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 30-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 31-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 32-р хуудас/, иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 33-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 34-35 хуудас/, ......төвийн тодорхойлолт /хавтаст хэргийн 36-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ш нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Н-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Ш нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Д.Н-ийн нүүрэн тус газар цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ш-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Ш-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Г.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.Ш нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт /......./-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

2.3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Г.Ш 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг торгох ялын 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, /3х15,000/ эдлэх ялаас хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Г-ын Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Ш-гийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 45 /дөчин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45.000 /дөчин таван мянга/-н төгрөгийг эдлэх ялаас хасч, Г.Ш-гийн биечлэн эдлэх торгох ялыг 655 /зургаан зуун тавин таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 655.000 /зургаан зуун тавин таван мянга/-н төгрөгөөр тогтоосугай. 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Ш-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.  

          6. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА