Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 63

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

         Яллагдагч Ц.Д

         Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЗ/318 дугаар шүүгчийн захирамжийг  эс зөвшөөрч гаргасан  прокурорын эсэргүүцлээр Ц.Д ид холбогдох 1828001410140 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

                                                                                                                    

  Ц.Д  нь 2018 оны 08 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг Их–Уулын 20-08 тоотод Б.Н ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.     

 Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Д ид холбогдох хэрэгт яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.                                                                      

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ц.Д ид холбогдох 1828001410140 тоот8 нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж, яллагдагч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Прокурор Ц.Ариунжаргал эсэргүүцэлдээ: “...Прокурор шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн ба энэ зүйл хэсэгт заасан хохирогчийн “сэтгэцийн өвчтэй" байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон эсэх, орохыг завдсан эсэх, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн эсэх асуудлыг шалгаагүй орхигдуулснаас шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр тогтоол хэрэгт авагдаагүй байгаа нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх хуулийн зорилтод нийцэхгүй байна” гэсэн дүгнэлт хийж яллагдагч Ц.Д ид холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.                                                                      

Б.Б ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлгүүдээр Б.Б  нь Ц.Д , Б.Н  нарын хажууд байгаагүй, Ц.Д  нь Б.Н ын бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ оруулсан эсэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн эсэхийг харж байгаагүй, лавтай сайн мэдээгүй болох нь тогтоогдож байна. Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 25/18 дугаартай “Б.Н  нь сэтгэцийн хувьд оюуны хомсдол хөнгөн хэлбэр хэмээх өвчтэй болно. ...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно” /хх-ийн 46-47-р хуудас/ гэсэн дүгнэлт гарсан байдаг.                                     Б.Н  нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр“...Б.Н  нь сэтгэцийн өвчтэй тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Яллагдагч Ц.Д  нь Б.Н ыг сэтгэцийн өвчтэй гэдгийг урьдчилан мэдэж, энэ байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан гэх нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдоогүй.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэргийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл

хийсэн...” байх ойлголтыг хуульчилсан байх бөгөөд энэ зүйлд заасан “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж тайлбарлажээ.                                          Дээрх зохицуулалтаас үзэхэд хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орох буюу бэлэг эрхтнээ хохирогчийн бэлэг эрхтэнд оруулж хүчиндэх, харин бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх ойлголт нь хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулах, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан байдлаараа ялгаатай байна.                                            Яллагдагч Ц.Д ид холбогдох хэргийн хувьд хохирогч Б.Н ыг хүчиндэхээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчээр баруун талын гэрт оруулж өмдийг нь шувталсан үйлдэл хийсэн боловч бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэнд оруулсан эсхүл биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, бэлэг эрхтэнд нь өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9014 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд хүргүүлсэн дотуур хувцас, Б.Н аас авсан арчдас зэргээс үрийн шингэн илрээгүй.                                   

Прокуророос дээрх хуульд заасан үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж яллагдагч Ц.Д ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.  Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 318 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү” гэжээ.            

Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2,8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн ба энэ зүйл хэсэгт заасан хохирогчийн сэтгэцийн өвчтэй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, орохыг завдсан эсэх бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн эсэх асуудлыг шалгаагүй орхигдуулсан. Энэ талаар эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр тогтоол хэрэгт авагдаагүй. Гэмт хэргийг бүрэн илрүүлэх хууль зүйд нийцээгүй байна гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн  шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Б.Н аас гэрчийн мэдүүлэг аваад, хохирогчийн сэтгэцийн байдалд эргэлзээ төрсний үндсэн дээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд Б.Н  сэтгэцийн хувьд оюуны хомсдол  хөнгөн хэлбэр өвчтэй, Б.Н  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй гэсэн дүгнэлт гарсан. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй тохиолдолд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийн зөрүүг мөрдөн байцаалтын шатанд арилгах боломжгүй. Анхан шатны шүүхээс боломжтой гэж үзвэл гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг оролцуулаад мэдүүлэг авах ажиллагаагаар энэ мэдүүлгийн зөрүүг арилгах боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 90/14 дугаартай дүгнэлтэд хохирогчоос авсан арчдас, эд мөрийн баримтаар хурааж авсан дотуур хувцсанд шинжилгээ хийхэд эр бэлгийн эс илрээгүй гэсэн. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 414 дугаартай дүгнэлтэд Б.Н  нь бэлгийн бойжилт олсон байна. Б.Н  нь эмэгтэйчүүдийн үзлэгээр охин хальсанд хуучин урагдалт тогтоогдлоо. Б.Н ын биед гэмтэл тогтоогдсонгүй, бэлгийн замын халдварт өвчин байхгүй байна гэсэн. Б.Н ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргийг үндэслээд бэлгийн харьцаанд хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл зэрэг тогтоогдохгүй байна. Сэтгэцийн өвчтэй байдлыг нь далимдуулаагүй гэдгийг яллагдагч Ц.Д ийн  гэрчээр өгсөн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн болон Б.Б ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой бичигдсэн. Анхан шатны шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.       

          Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тус шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, анхан шатны шүүх хурал зарлаад гэм буруугийн байдлыг шийдэх эрх зүйн үндэслэлтэй. Мэдүүлгийн зөрүүг гаргах шаардлага, эрх зүйн үндэслэл байхгүй. Гэмт хэрэг гарсан гэх гомдол, мэдээллийн дагуу хохирогчийг анх гэрчээр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гэрчээр тус тус асуусан.  2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу хохирогчийг мэдүүлэг өгсний дараа сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар дээр дүгнэлт гардаг. Энэ хүн нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах  чадваргүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, өөрөөр хэлбэл нотлох чадвар байхгүй. Хохирогч хэргийн хүрээнд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй гэж тогтоосон учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүгчийн захирамж учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тухайн хэргийн гэм буруугийн байдлыг шийдвэрлүүлэх эрх зүйн үндэслэлтэй байна” гэв.                                                                                                                               

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/22 дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Анхан шатны шүүхээс ...хохирогчийн “сэтгэцийн өвчтэй“ байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон эсэх, орохыг завдсан эсэх, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн эсэх асуудлыг шалгаагүй орхигдуулсан, гэмт хэргийг бүрэн илрүүлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

         Мөрдөгч нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр Б.Б ийг тогтоох тухай тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон гаргахдаа насанд хүрсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх Б.Б ийг тогтоосон нь Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, 64 дүгээр зүйлийн 64.1.5, 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсгийн заалтуудтай нийцээгүй байна.

       Мөн мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгчөөр Б.Б ийг тогтоохдоо мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр болжээ. Гэрчээр асуугдсан Б.Б ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хохирогчийг асуусан байцаалтад түүнийг оролцуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн заалтуудтай зөрчилдөж байгаа эсэхийг анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

          Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолд /хх-45/ ...М.Э ээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд шинжилгээ хийлгэхийг гэж шинжилгээ хийлгэх үндэслэлээ заасан байх бөгөөд хавтас хэрэгт М.Э  нь Б.Н ын сэтгэцийн байдлыг тогтоолгохоор гомдол, мэдээлэл, хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байна.

          Харин гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд /хх-03/ М.Э ээс 93219993 дугаараас мэдээлэхдээ ...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Их уулын 20-08 тоот хашаанд манай дүү Б овогтой Б.Н-ыг Ц.Д  гэгч хүчиндчихлээ гэж гэмт хэргийн талаар гаргасан мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01 цаг 05 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв гэж бичсэн байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3-т ...гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох зорилгоор заавал шинжилгээ хийлгэхээр заажээ.

          Гэтэл мөрдөгч нь шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо хохирогч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрсөн талаар бодит баримтад тулгуурласан дүгнэлтийг хийлгүйгээр хохирогчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шийдвэр гаргасан байх тул мөрдөгчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.Б ийг тогтоох тухай шийдвэрийг мөрдөгч гаргасан атлаа түүнд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг танилцуулан гарын үсэг зуруулсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй бичигдсэн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.6-т заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын явцад нотолж чадаагүй учир прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/22 дугаартай “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЗ/318 дугаар шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээсүгэй.

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

              ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                  П.ДОЛГОРМАА