Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0112

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

 

2014 оны 03 дугаар сарын 05 өдөр       дугаар 112            Улаанбаатар хот

"Б к г к" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Б к г к" ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Б к г к" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Б к г к" ХХК нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн баруун дэнж нэртэй газарт 17180Х тоот ашигт малтмалын уулын тусгай зөвшөөрлийг 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай эзэмшиж, улмаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлж, сунгалтыг хуульд заасан хугацаанд нь хийлгэж, хууль ёсоор эзэмшиж байсан юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд ... байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргана" гэж заасан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1- д "хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ" гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудыг удирдлага болгон "Б к г к" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Уянга сумын Засаг даргад 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянуулж, батлуулахаар хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд уг төлөвлөгөөг хуулийн үндэслэлгүй шалтгаанаар баталж өгөөгүйгээс компанийн хайгуулын 171802Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна. Манай компани нь Загарзүсэм даргатай хамтран ажиллах санамж бичиг хийж гарын үсэг зурсан. Энэ санамж бичигт жил болгон сумын дансанд 300 сая төгрөг байршуулах саналыг сумын зүгээс гаргаж манайх хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийг 6 дугаар сард байгуулсан учраас манай компанийн хувьд 150 сая төгрөг хийхээр тохирсон. Тухайн үед компанийн хувьд мөнгөний асуудалтай байсан учраас мөнгийг нь бүрэн хийж амжаагүй болохоор манай төлөвлөгөөг баталж өгөхгүй байсан. Уянга суман дээр би өөрийн биеэр очиж төлөвлөгөөгөө батлуулах гэсэн боловч Засаг дарга нь эзгүй байгаа хот руу явчихсан байсан. Би утсаар ярьсан боловч батлах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ингэснээр тус компани нь уг тусгай зөвшөөрлийг эзэмших эрхгүй болж тус компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хохирсон ба сумын Засаг даргын энэхүү хууль бус эс үйлдэхүйн талаар түүний шууд харьяалах дээд шатны албан тушаалтан болох Өвөрхангай аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч үндэслэлгүй хариуг өгсөн байна. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг баримтлан шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

  1. Уянга сумын Засаг даргын байгаль орчны төлөвлөгөөг баталж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа эс үйлдэхүйг захиргааны хууль бус акт болохыг тогтоолгох,
  2. Уянга сумын Засаг даргад "Б к г к" ХХК-ийн 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Б к г к" ХХК-ийн захирал Ц.Мянганбаярын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр Засаг даргаар томилогдон ажиллах бүрэн эрх нь 2012 оны 12 дугаар сарын 24-нөөс үүсч, 2012 оны 12 дугаар сарын 28-нд Засаг даргын ажлыг хүлээж авсан учир 2012 онд холбоотой захиргааны акт бичигт одоогийн Засаг дарга холбогдолгүй болно.

"Б к г к" ХХК-ийн 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нөхөн баталж өгөх эрх зүйн үндэс бүрэлдэхгүй болохыг тайлбарлан хүргүүлж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлан "Б к г к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох Уянга сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус сумын Засаг даргад "Б к г к" ХХК-ийн 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө баталж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө албан ёсоор Уянга сумын Засаг даргад хандаж байгаагүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянуулж батлуулахаар Засаг даргад хүргүүлж байгаагүй нь нотлогдож байна гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг хэтэрхий өрөөсгөл нэг талыг барьсан хууль бус дүгнэлт гэж үзэж байна.

Учир нь, нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд Ашигт ( малтмалын газарт байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянуулж батлуулахаар хүргүүлэх ёстой байсан ба үүнээс өмнө буюу 2012 оны 3 болон 10 дугаар сард Уянга сумын Засаг даргад хандаж албан бичиг болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тус тус хүргүүлсэн юм. Захиргааны хэргийн шүүх нь нотлох баримтыг өөрөө санаачилгаараа бүрдүүлэх үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу гэрчүүдийг байцаасан ба дүгнэлт гаргахдаа гэрчийн мэдүүлгийг харгалзан үзээгүй байна.

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх маргааныг заасан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй маргаан нь бүрэлдэхүүнтэй хуралдах маргаан биш юм. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр энэ асуудлаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 42 дугаартай захирамж гарсан болно. Энэ нь захирамж учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд хамаарахгүй. Мөн шүүх бүрэлдэхүүнд өмнө нь захирамж гаргасан шүүгч оролцсон байна. Энэхүү шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
  2. Иймд, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б к г к” ХХК-д Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Өлтийн баруун дэнж нэртэй газарт 17180Х дугаар ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2012 оны 10 дугаар сарын 17- ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

Нэхэмжлэгч “Б к г к” ХХК нь “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2012 оны 3, 10 дугаар саруудад Уянга сумын Засаг даргад 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянуулж, батлуулахаар хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд уг төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс тус компанийн хайгуулын 171802Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон” гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ...”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлнэ” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Засаг даргаар батлуулсан байх үүрэгтэй байна.

Гэвч нэхэмжлэгч “Б к г к” ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулахаар сумын Засаг даргад 2012 оны 3 болон 10 дугаар саруудад хүргүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, шүүхээс баримт бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6-5893 тоот албан бичиг, гэрч Х.Болортуяа, Л.Батцэцэг, П.Загарзүсэм нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд, нэхэмжлэгчийн, хуульд заасан үүргээ биелүүлж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Засаг даргад батлуулахаар хүргүүлээгүйд сумын Засаг даргыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн, “шүүх дангаар шийдвэрлэх хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, шүүх бүрэлдэхүүнд өмнө нь орсон шүүгч оролцсон” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3, 53[1] дүгээр зүйлийн 531.1-т зааснаар шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд шүүгч Б.Сугар оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.