Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 34

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж,  Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхий Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Чандмань сумын ******* ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах, Зэвсэгт хүчний ******* дугаар ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.,  хариуцагчийн өмгөөлөгч Л., нарийн бичгийн даргаар Н.Очирбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 31,785,518 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний хүү Л. нь онд төрсөн, настай. 2011 оны 10 сард аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас авч, Цэргийн албаны комиссын эмч нарын үзлэг сорилд "бие эрүүл" гэж тэнцэн Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний *******-р ангид цэргийн алба хаахаар хуваарилагдсан.

Хүү Л. нь цэргийн албанд татагдахаас өмнө эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж үзээгүй, цоо эрүүл хүүхэд байсан юм. 2012 оны 04 сард хүү нь 7 хоногийн чөлөөгөөр гэртээ ирсэн. Бид хүүгээ хүлээж авахад тэр "үг яриа орон гаран, хольж хутгасан" байдалтай бидэнтэй ярилцаж чадахгүй байсан тул эхнэр хүүгээ аваад Ховд хот руу эмчид үзүүлэхээр явсан. Ховдод ирээд "Ачтан" эмнэлгийн н.Шинэбаяр эмчид үзүүлэхэд "мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай" гэж хэлсэн. Намайг 2012 оны 08 сард *******-р ангид хүүтэйгээ эргэлтээр уулзахад хүү Л.гийн "хэл нь унжсан, өрөөсөн шанаа чих нь хавдартай, чихнээс нь шингэн ус гоожсон" байдалтай байсан. Тухайн үед би энэ талаар *******-р ангийн сувилагч гэдэг хүнтэй уулзаж, хүүгийнхээ талаар асуухад "Л. одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа, өвөл хөлдсөнөөс болж чих нь ийм болсон, одоо гэсэж байгаа." гэсэн юм. Гэвч н. сувилагчийн надад хэлсэн зүйл худал болохыг би хүүтэй хамт цэргийн алба хаасан Чандмань сумын н.Бэхболд гэдэг цэргээс асуухад "ротын дарга н. зодсоноос болж чих нь мөгөөрс нь хугарч идээлсэн" гэж хэлсэн. Чихний мөгөөрс нь эдгэхгүй ус гоожсон тул эмнэлэгт хэвтсэн байсан.  Бид арга буюу 2013 оны 01 сард хүүгээ аваад Солонгосын Тэжан хотын мэдрэлийн эмнэлэгт үзүүлсэн юм. Тус эмнэлгийн эмч нараас "тархины усжилт бий болоод удаан хугацаа өнгөрсөн тул тухайн үед хагалгаа хийх боломжгүй, эхлээд биеийн эсэргүүцэл сайжруулахаар удаан хугацааны эмчилгээ хийлгэсний дараагаар хагалгаа хийх боломжтой талаар надад хэлсэн. Би хүүгээ цэрэгт байхдаа бусдад зодуулж байсан талаар хамт цэргийн алба хаасан нутгийн залуучуудаас асууж сурагласан юм. Цуг цэрэгт явсан хүмүүс Алтай сумын н., Чандмань сумын н., н. нараас асууж тодруулахад " нь цэрэгт байхдаа зодуулж байсан. Батальеон Захирагчийн орлогч н. нь нэг удаа хэвтэрт ортол нь зодсон. Ротын дарга н. нь бас зодож" байсан талаар надад хэлсэн. Түүнчлэн ротын захирагч н.*******адорж, салаан захирагч н. нар нь бас миний хүүг зодож байсан байх магадлалтай байгаа юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар миний хүүг шат шатны олон эмнэлэгт эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсан зардал гэх мэт нийт хохиролд 31785518 төгрөгийг хариуцагч Зэвсэгт хүчний ******* дугаар ангиас гаргуулан нэхэмжлэгч Д.*******а надад олгоно уу.” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.*******аас тус ангитай холбогдуулж гаргасан иргэний хэрэгт Ховд аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар аймгийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******а нь нэхэмжлэлдээ аймгийн эрүүл мэндийн комиссын үзлэгийн дүн "бие эрүүл" гэж тэнцэн цэрэгт татагдсан гэж байгаа юм. Аймгийн цэрэг татлагын комиссын үзлэгт нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг хэдий ч үзлэгт нарийн мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж ашигладаггүй. Ердийн буюу анхан шатны үзлэгээр тархины дотор гэмтэл илрэх боломжгүй гэдгийг ч эмч нар тайлбарласан. Тухайн үед аав ээж нь ирж уулзах үед ахмад Х.*******адорж, ахлах дэслэгч Ц. нар “танай хүү орондоо шээсэн.” /цэрэгт ирээд 2 сар болоогүй үе/ гэхэд гэрээсээ тос авч ирж давсгийг нь тосолсон, “зүйл сурахгүй байна гэдгийг хэлж байсан Энэ. үед аав Д.*******а нь ойлгож байна бие султай,  муу хүүхэд байгаа юм аргалаад  албыг нь хаалгаад өгөөрэй гэж офицер, ахлагч нарт нь хэлдэг байсан.

 Тэрчлэн Д.*******а аймагт болдог олон нийтийн арга хэмжээний /үндэсний бөх, уралдаан, тэмцээн/ үед салаа, салбарын офицер, ахлагч нартай таарахдаа зүгээр мэнд устай хүүгээ асуугаад сул доройг нь хэлээд захиад явдаг байсан. Нэхэмжлэгч Д.*******а нь 2014 оны 01 дүгээр сараас гомдол гарган шалгуулж Цагдаа, Прокурорын шалгалтаар гэрчүүдийн мэдүүлэг Л.г болон бусад цэргүүдийг хэн нэгэн офицер, ахлагч гэмтэл учруулан зодож, цохиж байгаагүй гэдгийг батлан гэрчилсэн байна. Мөн хэд хэдэн гэрчүүд Л.г аавдаа байнга зодуулж, дарамтлуулдаг тухай гэрчилсэн байдаг. Нэхэмжлэгч Д.*******а  хүү Л.   цэргийн   алба хааж нутагтаа гэр орондоо очоод жил гаруй болоход одоо яриад байгаа гомдлынхоо талаар манай байгууллагад нэг ч удаа мэдэгдээгүй гомдол гараагүйн үнэн болно. Д.*******а нь хүүхдээ мөнгө хөрөнгө зарцуулж, гадаад дотоодод эмчилгээ хийлгэхдээ тус ангитай ямар нэгэн холбогдолгүй байсан учраас гомдол хүсэлт гаргаагүй гэж үзэж байна. Д.*******а нь 2013 оны 11 дүгээр сарын 24-нд буюу 01 жил, 01 сар 10 хоногийн дараа анги дээр ах , хүү гийн хамт ирж энэ талаар уулзсан болно. Бид г цэргээс халагдаад жил гаруй болох хугацаанд хаана юу хийж байсан, биеийн эрүүл мэндийн байдал нь ямар байсныг анги байгууллага сайн мэдэхгүй. Гэвч цэргийн албанд ирэхээсээ өмнө аав намайг байнга зоддог ээжийг эзгүйд бүр их зоддог гэж хамт алба  хааж байсан  цэргүүддээ болон  салааны захирагчдаа ярьж байсан нь өнгөрсөн энэ хугацаанд ааваараа зодуулсан байж болзошгүй гэсэн хардалтыг төрүүлж байна. Мөн цэргийн албанд ирэхээс өмнө гэмтэл авсан байх нь ч эргэлзээ төрүүлж байгаа аймгийн эмч нарын үзлэгээр тархины гэмтлийг ердийн болон анхан шатны үзлэгээр тогтоох боломжгүй гэдгийг эмч нар нотолж байгаа юм гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний ******* дугаар ангиас 3,759,200 /гурван сая долоон зуун тавин есэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,406,318 /гучин сая дөрвөн зуун зургаан мянга гурван зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Зэвсэгт хүчний ******* дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамж 75,098 /далан таван мянга ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.*******ад олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.*******ад 3.759.200 төгрөг Зэвсэгт хүчний ******* дугаар ангиас гаргуулан олгохоор шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхгүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргаагүйд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Зэвсэгт хүчний ******* дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан нэр бүхий албан  хаагч нараар зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан болох нь тогтоогдсон. 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ мөн 498 дугаар зүйлийн 498.2-д хуульд заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэсний дагуу албан хаагч нарынхаа гэм буруутай үйлдлийн хариуцлагыг ажил олгогч этгээд болох ******* дугаар анги хариуцах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.*******а нь хариуцагч Зэвсэгт хүчний ******* дугаар ангид холбогдуулан гэм хорын хохиролд 34.355.018 /гучин дөрвөн сая гурван зуун тавин таван мянга арав найм/ төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган гэм хорын хохирол 34.165.518 /гучин дөрвөн сая нэг зуун жаран  таван мянга таван зуун арав найм/ төгрөг гэж тодорхойлжээ.

Хариуцагч Зэвсэгт хүчний ******* дугаар анги нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.           

Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь: Хууль тогтоогч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагыг хуульчилсан.

 Тухайлбал, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж, 498.5 дахь хэсэгт “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, нэгдүгээрт төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан гэм хор, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа” болох нь нотлогдон тогтоогдсон байх, хоёрдугаарт “Уг гэм хорыг учруулсан албан хаагч буюу хариуцах эзэн нь тогтоогдсон байх” буюу хэн гэдэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан гэдэг нь тогтоогдсон байх, гуравдугаарт “Уг гэм хорыг арилгасан байгууллага буюу төр нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс  /албан хаагчаас/ шаардан гаргуулах боломжтой байх” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлүүд тусгагджээ.

 

Гэтэл шүүх үйлдэл, эс үйлдэхүй, гэм хор, шалтгаант холбоо, гэм буруу зэрэгт ач холбогдол өгөхгүйгээр “хариуцагч Зэвсэгт хүчний ******* дугаар анги нь талийгаач Л.гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг зөрчсөн, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “байлдагч түрүүчийг эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас нь өмнө цэргийн албанаас чөлөөлж болно” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэм буруутай байна гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ротын дарга , штабын захирагчийн орлогч , ротын захирагч *******адорж, салаан захирагч нар нь  миний хүүг зодож байсан байх магадлалтай” гэж дурдсан боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлд нэр нь дурдагдсан дээрх албан хаагчдын хэнийх нь ямар гэм буруутай, үйлдэл эс үйлдэхүйн улмаас байлдагч Л. нь гэмтэл авсан, өвчин туссан гэдэг нь тогтоогдоогүй.

Мөн хэрэгт авагдсан баримтаар нийт 6 удаагийн шинжээчийн дүгнэлт[1] гарсан байх бөгөөд уг дүгнэлтүүдээр Л. нь сэтгэцийн эмгэг өвчтэй болох нь тогтоогддог боловч түүний энэхүү өвчин нь хэзээ ямар шалтгааны улмаас үүссэн эсэх, уг өвчин нь тархины гэмтэл болон өвчний алинаас нь үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.  

Иймд нэхэмжлэгчийн эрх залгамжлагчийн “миний хүү Л.г цэргийн алба хаах хугацаанд нь нэр бүхий албан хаагч нар зодсоны улмаас гэм хор учирсан” гэх үйл баримт нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316900 төгрөгийг төрийн сангийн  зохих данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75098 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас буцаан гаргуулж Зэвсэгт хүчний ******* дугаар ангид тус тус буцаан олгож, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,   Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Зэвсэгт хүчний ******* дугаар ангид холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 34.165.518 /гучин дөрвөн сая нэг зуун жаран  таван мянга таван зуун арав найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316900 төгрөгийг төрийн сангийн  1100003668 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75098 төгрөгийг төрийн сангийн 1100003668 тоот данснаас гаргуулж Зэвсэгт хүчний ******* дугаар ангид тус тус буцаан олгож, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

М.НЯМБАЯР

 

 


[1] Нэгдүгээр хавтас, 126-137, 205-206 дугаар хуудас.