Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт ******* д холбогдох эрүүгийн 2221000000141 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* ******* 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 452 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан,

мөн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1268А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.3-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Шарайд овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн ******* 10 дугаар багт байрлах “*******” нэртэй зочид буудалд 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар бусадтай маргалдах үедээ хохирогч нүүрэн тус газарт нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад “Парис” баарны үүдэнд хуурай ах таарч хамт “*******” буудлын өрөөнд ороход ахын найз гээд нэг ах унтаж байсан. Бид хоёр гаднаас авсан 0,5 граммын 1 шил архиа хувааж уугаад байж байхад ах хажуу өрөөнд байсан дүү нартай маргалдаж байсан. Тэгэхээр нь би тэр дүү нарт “манай ах андуурсан байна” гэж учирлаж хэлээд ахыг өрөө рүүгээ аваад орсон. Тэгэхэд буудлын ресейпшн эгч цагдаад дуудлага өгчихсөн байсан. Тэр дүү нар буудлын өрөөнөөс гараад явчихсан байсан. Тэгэхээр нь ах тэднийг “зодно” гэхээр нь би буудлаас гарч харахад дүү нар нь аль хэдийн зугтаад яваад өгсөн байсан. Би буудал руугаа буцаж ороход буудлын үүдэнд ах намайг яг юугаар цохисныг би санахгүй байна. Ямар ч байсан ах миний нүүр хэсэгт маш хүчтэй цохисон. ...Миний хувьд аас одоогоор эмчилгээний зардлаа бүрэн авсан учраас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 17-19/

Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтлүүд нь 1 удаа сандлаар цохиход үүсэх боломжтой. ******* биед үүссэн тархи доргилт, хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, духанд язарсан шарх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар болон зүүн нүдний дээд зовхинд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүрдэл байдлаараа гэмтлийн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 46-47/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 250 тоот дүгнэлтэд:

1. ******* биед тархи доргилт, хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, духанд язарсан шарх, хамар, зүүн нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 42-43/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...буудлын ресейпшн эгч “чамайг доор нэг давхарт хажуу өрөөнд байсан залуучууд дуудаад байна” гэхээр нь гарч нэг давхарт очиход тэр надтай маргалдсан залуу над руу хандаж “цагдаа бид хэдийг авч явчихаад чамайг яахаараа авч явдаггүй юм” гэж хэлээд над руу цохих гэж дайрахаар нь би бултаж өөр рүү нь уурлаж хажууд байсан сандал аваад дайрахад тэр хоёр залуу гарч зугтаасан. Тэгэхээр нь би буудлын гаднах хашаа хүртэл хөөгөөд болиод зогсож байхад араас хүн хашгираад гүйгээд ирэхээр нь тэр залуусын нэг нь байна гэж бодоод барьж байсан сандлаараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиход өөдөөс “яаж байна ах би байна” гэж хэлэхээр нь таньсан...” гэжээ. /хх-ийн 55-56/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 12/

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 29/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 67/

Хохирогч ******* Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 75/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн сандал 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Шарайд овогт ******* нь  2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн ******* 10 дугаар багт байрлах “*******” зочид буудалд бусадтай маргалдах үедээ хохирогч нүүрэн тус газарт нь сандлаар цохиж, түүний биед тархи доргилт, хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, духанд язарсан шарх, хамар, зүүн нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...би буудлын гаднах хашаа хүртэл хөөгөөд болиод зогсож байхад араас хүн хашгираад гүйгээд ирэхээр нь тэр залуусын нэг нь байна гэж бодоод барьж байсан сандлаараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиход өөдөөс “яаж байна ах би байна” гэж хэлэхээр нь таньсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...Тэр дүү нар буудлын өрөөнөөс гараад явчихсан байсан. Тэгэхээр нь ах тэднийг “зодно” гэхээр нь би буудлаас гарч харахад тэд нар аль хэдийн зугтаад яваад өгсөн байсан. Би буудал руугаа буцаж ороход буудлын үүдэнд ах намайг яг юугаар цохисныг би санахгүй байна. Ямар ч байсан ах миний нүүр хэсэгт маш хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг, гэрч , , , шинжээч эмч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 250 тоот болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 250 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 /нэг/ ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн нэг ширхэг сандлыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА