Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 18

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн

улсын яллагч Ш.Хосбаяр

шүүгдэгч Ч.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойжилжавын Баярсайханд холбогдох 201625030920 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, улсаас  авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чойжилжавын Баярсайхан /РД- ХИ86050199/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Ч.Баярсайхан нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 07 цагт, 12 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 1 дүгээр гудамжны 7 тоот хашаанд байх хохирогч Б.Бямбажавын байшингийн хаалгыг эвдэн нэвтрэн орж, жаазтай зураг, 2 ширхэг тогоо, битүү чанагч, тоос сорогч, тоон системийн телевизийн хүлээн авагч, шампунь, ус буцалгагч зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 295.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогч Б.Бямбажавын мөрдөн байцаалтад өгсөн: “... 11 цагийн орчимд манай хашааны эзэн Жавзан миний утас руу утасдаад ирэх болж байна уу, байшингын чинь хаалгыг эвдчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би охин Энхжаргал руу утасдаад би хүүхэд харж байна. Чи гэр рүү очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ ирэхийг хүлээж байгаад 14 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай охин Энхжаргал ирчихсэн байж байсан. Тэгээд харахад манай байшингын гадна үүдний амбаарын хаалганы нугасыг нь салгаад доод хэсгээр нь зай гаргачихсан байсан. Байшингын дотор хаалга нь онгорхой байсан юм. Тэгээд би гэртээ ороод эд зүйлээ бүртгээд үзэхэд тоос сорогч, битүү чанагч, ус буцалгагч, тогоо хоёр ширхэг, кабелийн хүлээн авагч, жаазтай зураг зэрэг алдагдсан байсан. Тэгээд цагдаа нар Баярсайхан хулгайлсан байна гэж хэлсэн. ...Би өөрийн гэрээс алдагдсан эд зүйлсүүдээ бүрэн гүйцэт буцааж авсан. Ус буцалгагчныхаа үнэ болох 20.000 төгрөгийг Баярсайханаас авсан. Манай байшингын хаалганы доод талын нугасны хадааснуудыг нь сугалсан байсан. Тэгээд буцааж хадаад зүгээр болсон. Өөр гэмтэл учраагүй. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан. Надад цаашид гаргах санал хүсэлт байхгүй. Одоо гомдол саналгүй. Баярсайхан өөрөө надаас уучлалт гуйсан. Манай хашаанд хашааны эзэн Жавзан болон Баярсайхан манай гурван байшин байдаг юм. Бид бүгдээрээ эгч, дүүсийн хамаатан хүмүүс байгаа юм. Манай гэрийн түлхүүр нэг нь надад, нэг нь манай охин Энхзулд байдаг юм. Баярсайхан нь манай гэрээс алдагдсан эд зүйлс болон гэр доторх эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/

 

Гэрч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байдаг найз Баярсайханы гэрт нь очсон юм. Тэгээд Баярсайханы гэрт нь хоёулаа 0,5 граммын Найрсаг нэртэй архи 3 шилийг хувааж уугаад хоносон. Тэгээд Баярсайханы гэрт хоночихоод маргааш өглөө нь босоод өглөө 09 цагийн үед миний жолооны үнэмлэхийг барьцаанд тавьж дэлгүүрээс 0,75 граммын Найрсаг нэртэй архи авсан. Тэгээд би тэр архиа хувааж ууж дуусгачихаад 10 цагийн орчимд буцаад унтсан. Тэгээд унтаж байгаад сэрсэн. Цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан үдээс хойш сэрэхэд Баярсайхын гэртээ тоос сорогч, битүү чанагч зэрэг зүйлс оруулж ирээд тавьчихсан байсан. Тэгээд би тэр зүйлсийг нь харчихаад хэний эд зүйлс юм гэж асуухад Баярсайханы манай юм гэж хэлсэн шиг санаж байна. Тэгээд Баярсайхан хоёулаа энэ хоёрыг дэлгүүрт барьцаанд тавиад архи авч ууя, би маргааш буцаагаад авчихна гэсэн. Тэгээд битүү чанагч, тоос сорогчийг нь Баярсайхан уутанд хийж аваад бид хоёр хамт гарсан. Тэгээд Хүчит шонхор захын ойролцоох хүнсний дэлгүүрт нэг шил архины барьцаанд тавьсан. Тэгээд тэр дэлгүүрээс Найрсаг нэртэй 0,75 граммын архи авсан. Тэгээд буцаад Баярсайханы гэр рүү явж байхдаа тоос сорогчийг нь бас нэг хүнсний дэлгүүрт 5000 төгрөгийн барьцаанд тавьчихаад Баярсайханы гэрт ирсэн. Тэгээд мөн дэлгүүрээс авсан архиа мөн хоёулаа хувааж уусан. Тэгээд би унтаж байгаад сэрэхэд Баярсайхан байхгүй байсан. Тэгээд би гэрээс нь гарахад гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд би өөрийн түр амьдарч байгаа эгч Хишиг-Эрдэнийн гэр рүү явчихсан юм. ... Намайг анх гэрт нь очиход байгаагүй. Маргааш өглөө нь унтаж байгаад сэрхэд гэрийнх нь гал тогооны өрөөнд байж байсан. Би Баярсайханаас хаанаас авсан юм гэхэд манай юм байгаа юм, манайд байсан юм л гэж хэлж байсан. Би Баярсайханы хамт тоос сорогч, битүү чанагч зэргийг тавьсан. Өөр эд зүйлс барьцаанд тавиагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 13х/

 

Гэрч Т.Жавзангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө цагийг нь сайн санахгүй байна би гэртээ байж байгаад цонхоороо харсан чинь манай хашаанд амьдардаг Баярсайхан гэр рүүгээ юм зөөгөөд орж байгаа харагдсан. Тэгээд би юу авч ордог юм бол гэж бодоод гэр рүү нь орсон. Тэгсэн чинь манай хашаанд амьдардаг Бямбажавын тогоо байсан. Тэгээд би чи яагаад айлын юм аваад байгаа юм гээд хэлчихээд тогоог нь аваад гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ ороод байж байхад 20 орчим минутын дараа Баярсайхан мөн гэр рүүгээ юм зөөгөөд орсон. Тэгээд би араас нь орсон чинь кабелийн хүлээн авагч, жаазтай зураг, тоос сорогч, тогоо, шампунь зэргийг авсан байсан. Тэгээд би уур хүрээд цагдаад өгсөн юм. Баярсайхан нь манай дүүгийн хүүхэд байгаа юм. Тухайн үед Баярсайханы гэрт найз Одбаяр нь байж байсан. Намайг гэрт нь орох үед унтаж байгаа харагдсан. Тэр хоёр хамт архи уусан байсан. Баярсайхан уг эд зүйлсийг авга эгч Бямбажавын гэрээс авсан. Намайг харж байхад хоёр удаа зөөсөн юм. ...Би яаж орсоныг нь хараагүй. Гэрт нь ороод хулгай хийснийг нь мэдчихээд Бямбажавын байшинг очоод харсан чинь хаалганы доод нугас нь салчихсан байсан. Тэгээд Бямбажавт хэлсэн юм. Намайг харж байхад ганцаараа зөөж байсан. Баярсайхан нилээн их архи уусан байсан. Одбаяр нь тасраад уначихсан байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/

 

Яллагдагч Ч.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 1-7 тоотод байдаг байшиндаа найз Одбаярын хамтаар архи ууж хоносон. Тэгээд маргааш нь өглөө нь босоод мөн 0,75 граммын Найрсаг нэртэй нэг шил архи авч хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад дахин архи авах гэхэд би мөнгөгүй болсон байсан. Одбаярт бас мөнгө байгаагүй. Тэгээд би зараад архины мөнгө болчих зүйл хайгаад хашаандаа хамт байдаг Бямбажав эгчийн байшин руу явсан. Намайг харахад Бямбажав эгчийн байшин цоожтой харагдаж байсан. Тэгээд би өглөө 07 цагийн орчимд гэрээсээ гараад Бямбажав эгчийн байшингын гадны үүдний амбаарын хаалгыг хүчтэй түлхсэн чинь доод талаараа нугас нь салаад зай гарсан. Тэгээл би тэр зайгаар нь дотогш орход дотор хаалга нь онгорхой байж байсан. Тэгээд би байшин руу нь ороод зурагтны доод талаас нь кабелийн хүлээн авагчийг нь авсан, зурагтны тавиурын хажууд тоос сорогч нь байсан. Жаазтай зураг нь зурагтны хажууд өлгөөтэй байсан. Битүү чанагч нь гал тогооны хэсэгт хоолны шүүгээнд нь байсан. Тэгээд би эхлээд тоос сорогч, битүү чанагчийг нь авч гарсан. Тэгээд гэртээ оруулсан. Тэгээд гэртээ орход манай найз Одбаяр унтаж байсан. Тэгээд би сэрээгээд Одбаярт энэ хоёр манай юм байгаа юм, хоёулаа дэлгүүрт барьцаанд тавиад архи авая гээд гарсан. Тэгээд тоос сорогч болон битүү чанагчийг авч яваад гудамжны үзүүрт байдаг дэлгүүртэй тоос сорогчийг нь 5000 төгрөгөөр барьцаанд тавьсан, битүү чанагчийг нь Хүчитшонхор захын өөдөөс харсан дэлгүүрт 5000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд битүү чанагч зарсан дэлгүүрээсээ 0,75 граммын Эзэн Чингис билүү Найрсаг нэртэй архи авсан. Тэгээд бид хоёр манай гэрт очоод архиа уусан. Тэгээд удалгүй Одбаяр тасраад унтаад өгсөн. Би 12 цагийн орчимд гэрээсээ гараад дахин Бямбажав эгчийн байшин руу орсон. Тэгээд жаазтай зураг, кабелийн хүлээн авагч, хоёр ширхэг тогоо, шампунь зэргийг авсан. Тэгээд тогоог нь үүдний амбаартаа үлдээчихээд кабелийн хүлээн авагч, жаазтай зураг хоёрыг нь гэртээ оруулсан. Тэгээд байж байхад гаднаас манай хашаанд хамт байдаг Жавзан эгч орж ирсэн. Тэгээд харчихаад чи айл руу ороод байхдаа яадаг юм гэж уурлаад кабелийн хүлээн авагч, жаазтай зургийг нь аваад гэр рүүгээ явсан. Тэгээд Бямбажав эгч рүү хэлээд цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. ... Би дахин архи уух гэхэд мөнгө олдохгүй байсан учир дэлгүүрт барьцаанд тавих эд зүйлс олох гээд Бямбажав эгчийн гэр рүү орсон юм. Би хаалгыг нь хүчтэй түлхсэн чинь доод талын нугас нь салчихсан. Уг хаалга нь хэврэг хаалга байсан юм. Намайг хулгай хийхэд бдбаяр оролцоогүй. Манай гэрт унтаж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/

 

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт /хх-ийн 11-12х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-8х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Баярсайхан нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 07 цагт, 12 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 1 дүгээр гудамжны 7 тоот хашаанд байх хохирогч Б.Бямбажавын байшингийн хаалгыг эвдэн нэвтрэн орж, жаазтай зураг, 2 ширхэг тогоо, битүү чанагч, тоос сорогч, тоон системийн телевизийн хүлээн авагч, шампунь, ус буцалгагч зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 295.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 17-18х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бямбажавын мөрдөн байцаалтад /хх-ийн 9-10х/ өгсөн мэдүүлэг, гэрч Н.Одбаяр /хх-ийн 13х/, Т.Жавзан /хх-ийн 14х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11-12х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-8х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ч.Баярсайханы гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Бямбажав нь хүсэлтдээ: “миний бие нь шүүгдэгч Ч.Баярсайханаас хохирол төлбөрөө бүрэн хүлээж авлаа. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-ийн 9-10х/ гэж байх тул шүүгдэгч Ч.Баярсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Ч.Баярсайханд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

  

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297  298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Чойжилжавын Баярсайханг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярсайханд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Баярсайханы эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ч.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ