Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 113/ШШ2020/0001

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: С овогт Д-н Д (РД:), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ХБ 17 дугаар байрны 2 тоотод оршин суух;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга;

Гуравдагч этгээд: /1/ А овогт Ж-ын Ц (РД:), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ХБ 17 дугаар байрны 2 тоотод оршин суух;

/2/ “Х” ХХК (РД:), төлөөлж Говьсүмбэр салбарын  захирал Ц.О;

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамжийн Ж.Ц-д холбогдох хэсэг[1], 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамжийг[2] тус тус илт хууль бус болохыг тогтоолгохтухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Ж.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие урьд геологийн ажилчдын нийтийн орон сууцны байрыг 1991 онд хувьчлалаар худалдан авсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Б.З нь 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 700 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар 070200088 тоот гэрчилгээг олгосон. Тус газар дээр миний өмчлөлийн Ү-1902001102 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг ХБ-17 байрны 02 тоот хаягт байрлах 48 м.кв үл хөдлөх хөрөнгийг энэхүү шийдвэрийг үндэслэн олгосон. Миний дүү Ж.Ц нь хөдөө мал дээр байж байгаад 2000 оны зуднаар хамаг малаа барж Чойрт орж ирээд эхлээд хадмындаа амьдарсан ба багтаж шингэхгүй болохоор нь өөрийнхөө байранд түр суулгасан. Ингээд 2009 онд хүүхэд оюутан болсон, зээл авах гэхээр барьцаа үл хөдлөх хөрөнгө хэрэг болоод байна гэхээр нь Ж.Ц-д үнэ төлбөргүй ашиглуулж байсан байраа бэлэглэж өгсөн.

Ингэхдээ өөрийнхөө хашаалсан газрыг өгөөгүй одоо хүртэл миний хашаалсан хашаа анх баригдсанаараа байгаа болно. Гэтэл зээл авах зориулалтаар миний бэлэглэсэн байрыг ашиглан миний хашаалсан газрыг эзэмших өргөдөл өгч миний газрыг эзэмших эрх олж авсан байна.

Надад 1998 онд анх газар олгохдоо 60 жилийн хугацаагаар олгосон ба газар олгосон захирамж хүчинтэй байтал газар эзэмшигч Д.Д надаас зөвшөөрөл авалгүй Ж.Ц-д миний газрыг олгосон үйлдэл нь илт хууль бус үйлдэл гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар тухайн газрыг өөр этгээд эзэмшиж, ашиглаж байгаа эсэх талаар тодруулга хийгээгүй байж бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газрыг өөр этгээдэд эзэмшүүлж болох хууль байхгүй.

Хэдийгээр үл хөдлөх хөрөнгө нь газар дээр байдаг боловч газрын эрх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхүүд нь тус тусдаа олгогддог тул тусдаа өөр өөр зохицуулалттай байдаг ба бусдын газар дээр өөр этгээд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж болдог. Гэтэл би газраа өөрт үлдээгээд орон сууцаа бэлэглэсэн байтал намайг газраа бэлэглэсэн болгож захирамжилж байгаа нь бас л илт хууль бус юм.

Мөн газрын алба нь газар эзэмшигчийн зөвшөөрөл, тойм зураг, эсхүл харилцан зөвшилцсөн тул энэ нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга А/300 дугаар захирамж гарган иргэн миний хашаан доторх газрыг иргэн Ж.Ц-д эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ иргэн миний болон миний эхнэр Д.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул мэдэгдэх ёстой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй.

Иргэн надад газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсаар байтал миний хашаан доторх байшинг тойрсон газрыг бусдад давхардуулан олгосон нь захиргааны байгууллага иргэний хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг зөрчсөн. Миний бие Говьсүмбэр аймгийн Засаг даргад гомдол гаргаад миний гомдлыг шийдвэрлэсэн хариуг аваад шүүхэд хандсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасныг зөрчөөгүй.

Иймд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамжийн Ж.Ц-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийг зөрчсөн. Засаг даргын захирамж 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Иргэн Ж.Ц-ээс газар олгоно уу гэсэн өргөдлийг 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан болохыг баталгаажуулж өргөдөл хүлээн авсан баримтыг үйлдсэн байдаг. Аймгийн Газрын албаны ахлах мэргэжилтэн асан Т нь шүхэд өгсөн мэдүүлэгтээ иргэний гаргасан өргөдөл нь Засаг даргын захирамжаас хойш гаргасан байх боломжгүй талаар мэдүүлсэн.

2016 оны зун аймгийн Газрын албанаас эрэгтэй хүн удаа дараа утасдаж “Газрын хууль шинэчлэгдсэн та газар эзэмших гэрчилгээгээ яаралтай солиулах хэрэгтэй” гэж шаардсанаар би 1998 онд Сүмбэр сумын Засаг даргын олгосон гэрчилгээгээ солиулсан юм. Газрын гэрчилгээг солих гэж очиход өргөдлийг яаж бичихийг зааж өгсөн. Газар дээр очоогүй, хэмжилт хийгээгүй. Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамж нь зөвхөн ганцхан надад зориулж гаргасан болох нь харагдаж байна. 2002 оноос өмнө олгосон бүх гэрчилгээг сольсон бол хавсралтаар олон хүнийг хамруулах байсан болно. Газрын тухай болон Кадастрын тухай хууль, журмуудад иргэний гаргасан хүсэлтийн дагуу төрийн байгууллага судалж үзнэ гэсэн байхад төрийн байгууллага шийдвэр гаргаад дараа нь баримт материалыг нөхөж хийсэн болох нь шүүхэд ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна. 1998 онд надад олгосон газар нь миний үл хөдлөх хөрөнгийг дагуулж хашаалсан газарт олгосон газар гэдэг нь тодорхой. Гэтэл одоо Ц-ийн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг надад олгосон юм шигээр газрын кадастр хийгдсэн гэрчилгээтэй болчихоод байна. Энэ нь Газрын алба кадастр хийж газрын мэдээллийн санд оруулахдаа огтлолцлын цэгийг буруу тогтоосноос болсон байна.

Миний байшинг тойрсон миний эзэмшлийн газрыг Ж.Ц-д эзэмшлүүлэх гэрчилгээ гаргахдаа надаас зөвшөөрөл авсангүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-д заасны дагуу мэдэгдээгүй. Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжийг хүчингүй болгох эрх зүйн ямар ч үндэслэлгүй байхад гэрчилгээгээ шинэчил гэж шаардан төрийн нэр барин дарамталж хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулиар иргэн 15-60 жилийн хугацаагаар газар эзэмших эрхтэй байхад 15 жил болгож хугацааг 4 дахин багасгаж өөрчилсөн. Ж.Ц-д байраа бэлэглэсэн нь газраа бэлэглэх, шилжүүлэх үүргийг надад хүлээлгэхгүй бөгөөд газар өгөх эсэх, хэдий хэмжээгээр өгөх зэрэг нь миний эрх мэдлийн асуудал. Газрын алба кадастрын байгууллага үүсээгүй байхад авсан миний газрыг зохистойгоор кадастржуулж өгөх нь тухайн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын чиг үүрэг гэж бодож байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, газрын даамал нь газрыг кадастржуулахдаа 2 үндсэн зарчмыг баримтлах үүрэгтэй. Энэ нь 1/ Суурин судалгаа хийгээгүй. Газрыг компьютерт шалган давхцал байгаа эсэхийг шалгаагүй. 2/ Хээрийн судалгаа буюу газрын сансраас авсан зураг, газар дээр очиж хэмжилт хийх цэг координатыг тогтоох явдал.

Иймд Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байхад шахалт үзүүлэх замаар миний эзэмшлийн газрын координатыг сольж баталгаажуулан бусдын газрыг /Д.Ц/ минийх болгож, миний газрыг бусдынх /Ж.Ц/ болгон мэдээллийн санд оруулсан, газар эзэмших хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан 60 хүртэл жилийн хугацаатайгаар эзэмших боломжийг алдагдуулж хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасан үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоож миний эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамж нь хуульд заасан бүхий л шаардлагыг хангасны үндсэн дээр тухайн үед тодорхой байсан мэдээлэлд үндэслэн хуулийн дагуу гаргасан шийдвэр юм. Иймд тус хэрэг дэх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тус газар нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт байршилтай бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн Засаг дарга нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад  газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Засаг дарга өөрийн бүрэн эрх хэмжэээний хүрээнд иргэний гаргасан хүсэлт, мэдээлэлд тулгуурлан шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна.

2016 онд иргэн Д.Д нь газар эзэмших эрхээ баталгаажуулахаар хүсэлт гаргасан байдаг бөгөөд газар эзэмших хүсэлтийн маягт дээр газар эзэмших хугацааг 15 жил гэж өөрөө бичиж тэмдэглэсэн байсан. Тус иргэний хүсэлтийг үндэслэн 2016 оны А/180 дугаар захирамжаар хувийн байр 17-01 тоот хаягт 732 м.кв газарт газар эзэмших эрх олгож 1998 оны сумын Засаг даргын 122 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байхад шахалт үзүүлэх замаар миний эзэмшлийн газрын координатыг сольж баталгаажуулан мэдээллийн санд оруулсан, газар эзэмших хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй тул 2016 оны А/180 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нөхөр, хүүгийн хамт 2001 оноос хойш нийтдээ 18 жил тус газар дээр амьдарч байна. Тухайн газрыг хууль бусаар авсан зүйл байхгүй. 2005 онд нөхөр бид хоёр амбаар сав, вагончиг тавих, 00, муу усны нүх, ахуйн хэрэглээний газар хэрэгтэй байна гээд хашааг хойшоо 2.5м зүүн тал руугаа 2.5м сунгалт хийсэн. 2009 онд хүүхэддээ оюутны зээл авна гэж бичсэн байгаа нь худлаа гүтгэлэг. Олон жил гэрэл зургийн студи ажиллуулж байсан учир хэн нэгнээс төлбөрийн мөнгө авах шаардлага байгаагүй. 2004 оноос гэрэл зургийн студийг нөхрийн хамт ажиллуулж иргэн Д.Д-ийн “Хэрлэн” захад өрөө 11 жил түрээслэж төлбөрийг цаг тухай үед нь төлж байсан. 11 жил байрандаа үнэ өртөггүй суулгасан гэж Д.Л-д худал ярьсан байна. 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр намайг эзгүйд краны жолооч Д.Л-тэй үгсэн хуйвалдаж бид нарын өргөтгөл хийсэн газарт байсан вагончигийг чирж эвдэлж гэмтээсэн.

Иргэн Д.Д нь 10 гаруй жилийн дараа бидэнд газраа зараагүй байраа зарсан гэж орж ирсэн. Сүүлдээ аймаг, сум, Газрын албанд, шүүхэд намайг гүтгэн доромжилж заль мэх хэрэглэн газрыг чөлөөлж авах хүсэлт гаргаад явж байгаа тул хэргийг тал бүрээс нь нягталж, асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын А/180 дугаар захирамж нь нэхэмжлэгч Д.Д-ийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл илт хууль бус байх захиргааны актын шаардлагыг хангахгүй байна. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамжийг хүчингүй болгох замаар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамжийн Ж.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн анхны шаардлагатай холбохоор оролдвол гуравдагч этгээд миний хуулийн дагуу газар эзэмших эрх зайлшгүй хөндөгдөх учир нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлье” гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Уг нэхэмжлэлд холбогдох Б.Б, Ж.Ц нар нь “Б” ХХК-ийн нэр дээр Х банкнаас зээл авч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1-р баг, Хувийн байр 17-02 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 502 м.кв талбайтай газрыг барьцаалсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр уг зээлээ хаасан тул Х банкны эрх ашиг хөндөгдөхгүй тул гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй байна. Иргэн Д.Д-ээс гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан аймгийн Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамжтай холбоотойгоор манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. Иймд цаашид “Х” ХХК-ийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Д нь гуравдагч этгээд Ж.Ц-д газар эзэмших эрх олгосон Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамжийг “Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжаар олгосны дагуу хашаалсан газраа эзэмших эрхийг зөрчсөн”, өөрийнх нь газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай аймгийн Засаг даргын 2010 оны А/180 дугаар захирамжийг “Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамж хүчин төгөлдөр байхад эрхэд халдах ёсгүй байсан” гэх үндэслэлээр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.

Энэ тохиолдолд (1) аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамж /Ж.Ц-д холбогдох хэсэг/ болон 2016 оны А/180 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн тодорхойлсончлон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэх, (2) тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох замаар хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай болно.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, ... /-ыг/ ... илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгааг болон зөрчигдөж болзошгүйг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой заах шаардлагатай бөгөөд шүүхээс түүний үндэслэлт байдлыг магадлах замаар шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөл юм.

Мөн хэргийн оролцогчдын гаргасан шаардлага ба татгалзлын үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Д-ээс гадна гуравдагч этгээд Ж.Ц-ийн газар эзэмших эрх хэзээ, ямар журмаар үүссэн болох, тэр нь хуульд заасан газар эзэмшүүлэх журамд нийцсэн эсэх талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлага зайлшгүй байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжаар тухайн сумын нутаг дэвсгэрт “БУК” гэх хаягт байршилтай, 30х25/=750/ кв.м хэмжээтэй газрыг Д.Д-д /дангаар/ эзэмшүүлж, 070200088 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэмжээ: 700 кв.м/ олгожээ[3].

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “энэ газар бол анх БУК-ийн ХБ-17 тоот гэх хаяг байршилтай 2 айлын орон сууцыг 1991 онд худалдаж авахад дагаж ирсэн газар” гэж тайлбарласан боловч хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт[4] болон шүүхийн хэлэлцүүлгээр энэ нь тогтоогдоогүй ба Д.Д тухайн газрыг эзэмшихээр Газрын тухай хууль /1994 он/-ийн 30 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний үнэмлэхний хуулбарыг хавсарган өргөдөл гаргаж, улмаар Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжаар анх удаа газар эзэмших эрхтэй болсон, тийнхүү анх газар эзэмшихдээ гаргасан хүсэлт нь одоо аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Говьсүмбэр аймаг дахь Төрийн архивын тасаг, Сүмбэр сумын архивт тус тус хадгалагдаагүй, архивт хадгалах хугацаа дууссан тул уг хүсэлтийг бүртгэж авсан бүртгэлийг устгасан зэрэг үйл баримтууд тогтоогдсон[5].

Дээрх захирамжийн дагуу Д.Д-ийн хашаалж эзэмшсэн гэх маргаан бүхий газар дээр 2 айлын орон сууц байх ба (а) тэдгээрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд анх бүртгэхэд ХБ 17-1 тоотыг Д.Д-ийн, ХБ 17-2 тоотыг түүний эхнэр Д.Ц-ийн 2006 онд гаргасан мэдүүлэгт үндэслэх бөгөөд Д.Ц-т ХБ 17-2 тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1902001103 дугаарт, Д.Д-д мөн ХБ 17-2 тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1902001102 дугаарт тус тус /хаалганы дугаарыг давхцуулан/ бүртгэж, гэрчилгээ олгосон[6]. Д.Ц-т олгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-1902001103 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууцны хаяг давхардуулан бичигдсэн талаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд тодруулга ирүүлсэн. Д.Д-ийн хувьд тухайн газар дээрх хил залгаа 2 орон сууцнаас эрхийн улсын бүртгэлийн Ү-1902001102 дугаарт бүртгэгдсэн, ХБ 17-2 тоот хаягтай, өөрийн өмчлөл дэх орон сууцыг 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр гуравдагч этгээд /төрсөн дүү гэх/ Ж.Ц-ийн өмчлөлд шилжүүлсэн.

(б) Улсын бүртгэл дэх иргэний байнга оршин суух хаягийн лавлагаагаар нэхэмжлэгч Д.Д ХБ 17-2 тоотод, гуравдагч этгээд Ж.Ц ХБ 17-1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүмбэр сумын 3 дугаар багийн өрхийн бүртгэлээр ХБ 17-1 тоотод нэхэмжлэгч Д.Д, ХБ 17-2 тоотод гуравдагч этгээд Ж.Ц нар тус тус гэр бүлийн хамт амьдардаг[7] байх бөгөөд ХБ 17-1, ХБ 17-2 тоот дахь орон сууцны өмчлөл, бэлэглэлийн гэрээ, бүртгэлтэй холбоотой үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамжаар Сүмбэр сумын 1-р баг Хувийн байр 17-02 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 4201000081 дугаартай, 502 кв.м газрыг Ж.Ц-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн. Энэ газар нь кадастрын зургийн хувьд өөр нэгж талбарын дугаартай боловч Д.Д-ийн эзэмшиж буй 732 кв.м газар, Ж.Ц-ийн эзэмшиж буй 502 кв.м газрууд нь нэг хашаагаар хүрээлэгдсэн[8]. Мөн нэхэмжлэгчийн анх барьж, гуравдагч этгээдийн хамт амьдарч буй хашааг 2005 онд зүүн болон хойд тал руу сунгаж, газрын хэмжээг нэмэгдүүлсэн болохыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар мэдүүлдэг. 

Нэхэмжлэгч нь “Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжаар надад хашаалсан хэмжээгээр газар олгосон, тухайн үед хэмжилт хийгээгүй, кадастрын зураг гэж байгаагүй боловч миний хашааны газраас аймгийн Засаг дарга 2010 оны А/300 дугаар дугаар захирамжаар Ж.Ц-д давхцуулж өгсөн” гэж маргах боловч Газрын тухай хууль /2002 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгосон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж сумын газрын даамлын эрх хэмжээг заасан бөгөөд Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжаар Д.Д-д газар эзэмших эрх олгосноос хойш аймгийн Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох хүртэл хугацаанд тухайн газрын кадастрын зургийг үйлдэж, улсын бүртгэлд оруулах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй нь маргаан үүсэх нөхцөл болжээ.

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас гадна энэ харилцаанд баримтлах зарчим, газар эзэмшүүлэх нөхцөл шаардлагыг тодорхойлж, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгасан зэргээс үзвэл газар зохион байгуулалтыг төлөвлөж, эзэмшүүлэхтэй холбоотой аливаа харилцааг энэ хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Тухайлбал, газар зохион байгуулалтыг төлөвлөж, эзэмшүүлэх харилцаанд эдлэх аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж, Засаг даргын бүрэн эрхийг 20.2.3-д “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...” гэж тус тус заажээ.  

Дээрх зохицуулалтаас үзвэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, Засаг дарга нь уг төлөвлөгөөнд тусгасан байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар байна. 

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Аймгийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Сумын газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөө” зэргээс үзэхэд[9] Ж.Ц-д эзэмшүүлсэн газар нь тухайн жилд иргэнд эзэмшүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөөнд тусгагдаагүй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Ж.Ц нь “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбар” –ыг тодорхойлсон хүсэлтээ гаргах ёстой.

Уг хүсэлтэд үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар “(1) хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сумын  газар  зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан эсэх, (2) хүсэлт гаргасан  газар  нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэх” зэргийг шалгаж, эзэмшүүлэх боломжтой эсэхийг тодорхойлсноор аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдох журамтай.

Гэтэл дээрх байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлснээс гадна газар эзэмших хүсэлтийг Ж.Ц өөрөө гаргаагүй, хүсэлт нь аймгийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамж гарснаас хойш буюу 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгэгдсэн болох нь газар эзэмшихээр хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд, өргөдлийг хүлээн авсан тодорхойлолт зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно[10].

Гэвч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд, газар эзэмшигчийн хүсэлтгүйгээр газар эзэмшүүлсэн гэх мэт аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамжид хамаарах шийдвэр гаргах ажиллагаан дахь хэлбэрийн шаардлагуудыг биелүүлээгүй алдаа нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн зөрчилд хүргэх үр дагавартай боловч нэхэмжлэгчийн тодорхойлсон тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй.

Учир нь маргаан бүхий газрыг аймгийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/168 дугаар захирамжаар аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний газарт оруулсан бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу тухайн газрыг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ аймгийн Засаг даргад олгогджээ.

Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл нь аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамжид хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны актууд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9 “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасантай адилтган ойлгож хэрэглэнэ.

2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь материаллаг болон процессын эрх зүйн зохицуулалтыг агуулсан холимог шинжтэй хууль байсан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа одоо үйлчилж буй процессын хуулийг, харин маргаан бүхий актад тавигдах эрх зүйн алдааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтыг хэрэглэвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй, тухайн байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг Газрын тухай хуулиар аймгийн Засаг даргад олгосон байх тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.

Үүнээс хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Д.Д нь Газрын тухай хууль /2002 он/-ийн дагуу “гэрчилгээний хугацаа сунгуулах” /агуулга/-аар өргөдөл гаргасан тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамж, 000618530 дугаартай гэрчилгээгээр Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ 17-1 тоот хаяг байршилтай 732 кв.м газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар  эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэгж талбарын 4201000255 дугаартай газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн байна.

Түүнчлэн Д.Д нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай газар эзэмших гэрээ байгуулсан, газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг гаргуулж авсан, газрын төлбөрийг 2016-2019 онуудад 732 кв.м хэмжээгээр тооцож төлсөн зэргээр[11] аймгийн Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамжийн дагуу Газрын тухай хуулиар ногдуулсан газар эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж иржээ.

Харин түүнд анх дээрх газрыг эзэмшүүлэх үед Газрын тухай хууль (1994 он) үйлчилж, энэ харилцааг зохицуулж байсан ба тус хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашааны газрын хэмжээ 0,05 га-гаас илүүгүй байна”, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг/-ийг газар эзэмших гэрээнд тусгана/” гэж заасныг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжтай, Газрын тухай хууль /2002 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ нь 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасныг аймгийн Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамжтай тус тус харьцуулан тайлбарлавал нэхэмжлэгч Д.Д-ийн 1998 оноос хойш эзэмшиж буй газрын хэмжээ нь Газрын тухай хуулиар тогтоосон “нэг удаа үнэгүй эзэмших” газрын хэмжээнээс хэтэрсэн байх ба тэрбээр өөр байршилд газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргаж байгаагүй ажээ[12].

Дээрх байдлаар эзэмшиж буй газрын хэмжээ нь хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс нэгэнт хэтэрсэн байхад түүнээс илүү хэмжээний газрыг дангаар, үнэ төлбөргүй эзэмшихээр шаардах нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-д заасан газар эзэмшихэд тэгш байдлыг хангах, газрыг хуульд заасан нөхцөл, зориулалтаар нь эзэмших зарчимд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын 2010 оны А/300, 2016 оны А/180 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг шүүхээс тогтоох эсэхээс үл хамааран нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн дагуу үнэ төлбөргүй эзэмших газрын хэмжээ нэмэгдэхгүй юм.

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий захиргааны актуудыг “газар эзэмших эрх зөрчсөн” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эхнэрийн хувьд Д.Ц-ийн “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх” зөрчигдсөн эсэх үйл баримтыг шүүхээс дүгнэхгүй, түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй тул “Ц-ийн байшингийн доорх газрыг Д-д олгосон тул Ц-д газар эзэмших эрх олгосон шийдвэр нь Ц-ийн өмчлөх эрхийг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 –д “нэхэмжлэл” гэж “хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаас үзэхэд өөрийн субъектив эрхээ зөрчигдсөн гэж үзвэл түүнийгээ хамгаалуулахаар эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж буй захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай. Д-ийн нэхэмжлэлээр Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаагаар маргаан бүхий хоёр захиргааны актын улмаас зөвхөн нэхэмжлэгчийн буюу өөрийн нь тодорхойлсон “газар эзэмших эрх” зөрчигдсөн эсэхийг шүүхээс магадлан шийдвэрлэнэ.

Д.Д 2000 оноос өөрийн мэдэлд байлгаж ирсэний хувьд өөрийн эзэмшлийн хашаа байгаа энэ газрын эзэмшлийн асуудлаар шаардлага гаргах эрхтэй боловч энэ нь Газрын тухай хуулийн зохицуулалтаар хамгаалагдсан, зүй ёсны буюу онцгой ашиг сонирхол байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлуулахаар “миний байрны доорх газрыг бусдад эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эхнэр Д.Ц нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгийн хувиар аймгийн Засаг даргад 2019 онд гомдол гаргаж, “Д.Д өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг зөвшөөрсөн” гэх агуулга бүхий хариу авч байсан үйл баримттай[13] хамтатган дүгнэвэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх буюу сэргэх боломжгүй учир “аймгийн Засаг дарга 2016 оны А/180 дугаар захирамжийн хувьд нэхэмжлэгч төөрөгдсөн байсан, Сүмбэр сумын 1998 оны 122 дугаар захирамж хүчин төгөлдөр байхад энэ захирамж гарсан тул илт хууль бус” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан нөхцөлд хамаарахгүй бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн шийдвэр гаргах ажиллагаа байхаас гадна уг эрхийн актаар үүссэн харилцаанд газар эзэмшигчийн хувиар оролцож, эрх зүйн үр дагаварыг мэдсэн зэргийг дурдах нь зүйтэй байна.

Мөн аймгийн Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамжийн 4 дэх заалтаар Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон учраас газар эзэмших эрх олгосон захирамж хүчингүй болсон тохиолдолд түүгээр үүссэн эрх зөрчигдөх, сэргэх ойлголт байхгүй, шүүх түүнийг хууль ёсны гэж үзэхгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт “аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамжаар Ж.Ц-д эзэмшүүлсэн газар нь Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар Д.Д-ийн эзэмшиж буй газартай давхацсан эсэх” асуудлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь эсрэг санал илэрхийлэх боловч “Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжийг гаргахдаа Д.Д-ийн хашаалсан газрыг хэмжээгүй, 2005 онд хашааг сунгах замаар газрын хэмжээ нэмэгдсэн, 2016 оныг хүртэл кадастрын зураг үйлдээгүй байсан” гэдгийг хэн аль зөвшөөрөх ба уг үйл баримт нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

Өөрөөр хэлбэл, Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 122 дугаар захирамжаар Д.Д-ийн эзэмшиж буй газрын хувьд анх олгохдоо хэмжилт хийгээгүй, тухайн газарт кадастрын зураг үйлдэж мэдээллийн санд оруулаагүйн улмаас түүний солбилцлыг тодорхойлох зэргээр боловсруулалт хийж, аймгийн Засаг даргын 2010 оны А/300 дугаар захирамжаар Ж.Ц-д эзэмшүүлсэн нэгж талбарын 4201000081 дугаар газартай давхцаж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй тул шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ. 

Харин аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн тайлбар, нотлох баримт зэргийг[14] хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөх замаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Нэгтгэн дүгнэвэл, газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж хүчингүй болж эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байхад түүнд үндэслэж, нэг удаа үнэ төлбөргүй эзэмших газрыг хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрүүлж эзэмшихээр шаардах нь тухайн захиргааны актыг илт хууль бус гэж тогтоох үндэслэл болохгүй ба нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх буюу сэргэхгүй энэ тохиолдолд түүний эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хууль /1994 он/-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хууль /2002 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Д-ийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамжийн Ж.Ц-д холбогдох хэсэг, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ГАНЗОРИГ

 

 

 


[1] Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөлдөө нэхэмжлэлийн шаардлагыг “... А/300 дугаар захирамжийн Ж.Ц-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... А/300 дугаар захирамжийн Ж.Ц-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан. /Хэргийн I хавтасны 1-2, II хавтасны 3 болон 103-104 дэх талд/

[2] Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020.05.04-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг шүүх хүлээж авсан болно.

/Хэргийн II хавтасны 168-171, 174-177 дахь талд/

[3] Хэргийн I хавтасны 7, 42, 45 дахь талд

[4] Хэргийн I хавтасны 162, 170, 204, II хавтасны 36 дахь талд

[5] Хэргийн I хавтасны 42, 45, 126-127, 135-137, 147, 238-239, II хавтасны 31, 68-69, 87, 138-139 дэх талд

[6] Хэргийн I хавтасны 114-122, 164-169 дэх талд

[7] Хэргийн I хавтасны 110-112, II хавтасны 123-136 болон 141 дэх талд

[8] Хэргийн I хавтасны 140-141, 207, 232 дахь талд

[9] Хэргийн I хавтасны 211-223, II хавтасны 52-57 дахь талд  

[10] Хэргийн I хавтасны 66-71 дэх талд

[11] Хэргийн I хавтасны 151-152, 155, 206-208 дахь талд

[12] Хэргийн II хавтасны 124 дэх талд

[13] Хэргийн II хавтасны 29-30 дахь талд

[14] Хэргийн I хавтасны 139, 206-207, 232, II хавтасны 120 дахь талд