Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 35

 

 

Б.Ариуцэнгэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүчг Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2017/00372 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 01-14 тоотод оршин суух, Их шарынхан овогт Балжиннямын Ариунцэнгэлийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 01-14 тоотод оршин суух, Бор овогт Баасанхүүгийн Ганзоригт холбогдох иргэний хэргийг харицагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ариуцэнгэл, хариуцагч Б.Ганзориг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Б.Ганзоригтой 2006 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Түүнээс хойш 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Батжаргал, 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Буянжаргал нар төрсөн. Бид 2010 он хүртэл хамтдаа амьдарсан. Б.Ганзориг нь агсам согтуу тавьдаг, намайг зоддог болж хэрүүл маргаан тасрахгүй болсон.

Тиймээс 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу бараг 8 жил тусдаа амьдарч байна. Б.Ганзориг нь үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй. Эвлэрэх санаачлага гаргаж ирж уулзаж байгаагүй.Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Батжаргал, охин Г.Буянжаргал нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, мөн биднийг гэр бүл болоход өгсөн 6 ханатай бариа гэрийг хүү Г.Батжаргал, охин Г.Буянжаргал бид гурвын өмчлөлд үлдээж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие нь Б.Ариунцэнгэлтэй 2006 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Түүнээс хойш 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Батжаргал, 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Буянжаргал нар төрсөн. Эхнэр Б.Ариунцэнгэл нь хүүхдүүдээ өөрөө хардаггүй. Манай хадам ээж хардаг. Би эхнэрээ хамтдаа амьдаръя гэж олон жил гуйж бас хүлээж байна. Б.Ариунцэнгэл нь өөрийгөө аваад явах бүрэн чадваргүй. Тиймээс би хоёр хүүхдээ өөрөө авах хүсэлттэй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2017/00372 дугаар шийдвэрээр:“ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Их шарынхан овогт Балжиннямын Ариунцэнгэл, Бор овогт Баасанхүүгийн Ганзориг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Батжаргал, 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Буянжаргал нарыг эх Б.Ариунцэнгэлийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Батжаргал, 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Буянжаргал нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Баасанхүүгийн Ганзоригоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ганзоригоос 6 ханатай бариа гэр гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунцэнгэл, хүү Г.Батжаргал, охин Г.Буянжаргал нарын өмчлөлд үлдээсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.Ганзориг нь хүү Г.Батжаргал, охин Г.Буянжаргал нарыг эх Б.Ариунцэнгэлийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ариунцэнгэлийн гэрлэлт цуцлах шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ариунцэнгэлээс 70200 /хүүхдийн асрамж/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Ганзоригоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунцэнгэлд олгож, хариуцагч Б.Ганзоригоос 46918 /хүүхдийн тэтгэлэг/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: “Нэхэмжлэгч Б.Ариунцэнгэл нь гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний бие Б.Ариунцэнгэлтэй 2006 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болж 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Батжаргал, 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Буянжаргал нар тус тус төрсөн.

 Эхнэр Б.Ариунцэнгэл нь хүүхдээ өөрөө хардаггүй. Манай хадам ээж хардаг, би эхнэрээ хамт амьдаръя хүүхдүүдээсээ салмааргүй байна гэж олон жил гуйж байсан боловч ирээгүй.

Б.Ариунцэнгэл нь гэртээ тогтвор суурьшилтай байдаггүй хот, хөдөө гадаа байнга явдаг бөгөөд 2 хүүхдийг эмээгийнд нь орхиод өөрөө хэд хоногоор ч хамаагүй алга болчихдог, олон жил архи ууж байгаа, биеэ аваад явах чадваргүй, мөн тодорхой эрхэлсэн ажилгүй ээжийнхээ тэтгэврээр амьдардаг.

 Миний бие хоёр хүүхэдтэйгээ байнга уулзаж шаардлагатай хувцас, хичээлийн хэрэгслийн авч өгдөг. Анхан шатны шүүх Б.Ариунцэнгэлийн хувийн байдлыг судлалгүйгээр, шинжээч томилж дүгнэлт гаргах эрхээр хангалгүйгээр бага насны хоёр хүүхдийг ээжийнхэн асрамжинд үлдээсэнд гомдолтой байна. Миний хувьд байнгын хоёр хүүхэдтэйгээ холбоотой амьдарч, хувцас байнгын хэрэглээг нь авч өгдөг.

Би Дашваанжил ХХК-ны харуулаар ажиллаж байгаа цаашид хоёр хүүхдээ тэжээн тэтгээд аваад явах чадвартай бөгөөд Г.Буянжаргал, Г.Батжаргал нарыг суралцах, өсөж хүмүүжих бүхий л орчныг бүрдүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ариунцэнгэл хариуцагч Б.Ганзориг нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Батжаргал, охин Г.Буянжаргал нарыг эх Б.Ариунцэнгэлийн асрамжид үлдээж, тэднийг эцэг Б.Ганзоригоор тэжээн тэтгүүлж, дундын өмчлөлийн 6 ханатай монгол гэрийг хариуцагч Б.Ганзоригоос гаргуулж, нэхэмжлэгч Б.Ариунцэнгэлд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Гэрлэгчид нь тусдаа амьдраад 7 жил болж байгаа болох нь тэдний тайлбараар тогтоогддог бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилгүй дуусгавар болсон, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар 3 сарын хугацаатай гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахад, эвлэрээгүй байх тул шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн мөн хуулийн 14.3-т заасантай нийцсэн байна.

 

            Харин хариуцагч Б.Ганзоригийн “Б.Ариунцэнгэл нь архи уудаг байхад бага насны 2 хүүхдийг түүний асрамжид үлдээсэнд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын тухайд:

            Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 8 настай охин Г.Буянжаргал, 11 настай  хүү Г.Батжаргал нараас тайлбар авахад “эх Б.Ариунцэнгэлтэй хамт үлдэнэ” гэсэн тайлбар өгсөн байх тул хүүхдүүдийн саналыг харгалзан эх Б.Ариунцэнгэлийн асрамжид өгснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.

            Гэрлэгчдийг тусдаа амьдрах 7 жилийн хугацаанд хүү Г.Батжаргал, охин Г.Буянжаргал нар нь эх Б.Ариунцэнгэлийн асрамжид байсан, “энэ хугацаанд ээжтэйгээ хамт амьдраад дасчихсан учраас аавтайгаа хамт амьдрахгүй талаараа” тодорхой тайлбар өгсөн байх тул шүүхээс хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрлэгчдийн хувийн байдлыг шинжээч томилон тогтоолгох шаардлагагүй байна. 

            Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “нэхэмжлэгч Б.Ариунцэнгэл нь олон жил архи ууж байгаа, хүүхдүүдээ болон өөрийн биеэ аваад явах чадваргүй” гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

            Нэхэмжлэгчийн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай шаардлага нь гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгад багтсан байх тул анхан шатны шүүхээс хүүхдийн асрамжид улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн гаргуулсныг хассан өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 7 дахь заалтад оруулах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2017/00372 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “нэхэмжлэгч Б.Ариунцэнгэлээс 70200 /хүүхдийн асрамж/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,” гэснийг хассан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

 

М.НЯМБАЯР