Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0081

 

“Д Б Э Т р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Д Б Э Т р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д Б Э Т р” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт орших 4193Х тоот хайгуулын лиценз бүхий “Луус” худгийн чулуун нүүрсний орд газарт 2011 оноос хайгуулын ажлыг зохих аргачлал технологийн дагуу хийж байгаа болно. Дээрх газар 5656 тууш метр баганат өрөмдлөгөөр 47 цооног, тэдгээрийн холболтууд, дээжлэлт 1372 т.н цооногийн каротаж, 5.6 км.кв талбайн 1:2000 геологийн зураглал, 96.3 т.км геофизикийн эрэл тандалт, 6650 т.м зүсэлт, 560 га талбайд байр зүйн зураглал, түүний холболтууд, гидрогеологийн ажлуудад нийт 1 тэрбум 316 сая төгрөгийг зарцуулаад байна.

2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 163 дугаар шийдвэр гарч тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөөгүй үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын Х\/-004193 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчин, их хэмжээний хохирол учруулж байна. Энэхүү шийдвэрийн талаар бид 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 56.3, 56.4-т заасны дагуу боломжийг олгоогүй болно. “Д Б Э Т р” ХХК нь ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 4193Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан. 2010 онд уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаасаа хойш тусгай зөвшөөрлийн талбай дээр ашигт малтмалын хайгуулын ажил хийж байсан ба нийтдээ 1 тэр бум 310 сая төгрөг зарцуулан ажилласан. 2011 онд ашиглалтын өмнөх гэрээг Ашигт малтмалын газартай байгуулсан. Гэрээн дээрээ үндэслэн хайгуулын ажлын үр дүнг тайлагнах зэрэг ажлыг боловсруулж уурхайгаа нээж ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд ороод явж байсан. Энэ хугацаанд сүүлийн жилийн төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө хэрхэн тооцох вэ, тооцоолол ойлгомжгүй байгаа тул тодруулга хийх хэрэгтэй байна гэж холбогдох хүмүүст нь хандаж байсан.

2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 163 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч компани 2013 оны 7 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зохих ёсоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй. Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 6 дугаар хэсэгт хуулийн 56.2-т заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан байгаа. Тусгай зөвшөөрлөө хүчинтэй хэвээр хадгалах эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан болон цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж байгаа процесс нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу биш ба нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ашиглалтын өмнөх гэрээ байгуулсан гэж байгаа. Энэ тухай тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад 2011/00132 тоот шийдвэрийн дагуу 3 жилийн хугацаагаар ашиглалтын гэрээг сунгаж байгуулав гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна гэж заасны дагуу байгуулсан байна. Нэхэмжлэгчийг зүгээс гаргаж өгсөн шинэ нотлох баримтаас үзэхэд нөхцөл байдлыг өөр байдлаас харах нөхцөл болж байна. 3 жилийн хугацаатай байгуулсан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацааг наашлуулж татсан байдаг. 2011 оны 11/00132 тоот гэрээний сунгалтын хавсралт 32/01 тоот гэрээний сунгалт дээр тодорхой заасан байгаа. Дуусгавар болох хугацааг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоож өгсөн байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөх хугацааг 1 жилээр төлөх үү, 9 сараар төлөх үү гэдэг эргэлзээтэй байхад Ашигт малтмалын газар 1 жилийн төлбөр шаардсан байна. Гэрээнд заасан хугацааны дагуу бүтэн жилийн төлбөр 14264.79 доллар байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу үржүүлсэн байгаа. Нэг сар нь 1188 доллар байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Ашигт малтмалын газар 3 сарын хугацаагаар гэрээг нь наашлуулж татсан байхад 3566 доллар илүү төл гэсэн.

Ашигт малтмалын газрын 2013 оны 3 дугар сарын 19-ний өдрийн 6/1466 тоот мэдэгдлээр жилийн ээлжит төлбөр төлөөгүй байна гэсэн. Мөн маргаан бүхий акт дээр жилийн ээлжит төлбөрөө төлөөгүй байна гэсэн. Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 15 дугаар зүйлд хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан тодорхой хугацаануудыг Иргэний хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан тоолж, тодорхойлно гэж заасан. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газар 3 сараар нааш нь татсаныг мэдсээр байж төлбөрийг үндэслэлгүй нэхсэн. Эргэлзээтэй байсан тул тодруулъя хэмээн зүй ёсны шаардлага тавьсан боловч энэхүү шаардлагыг хүлээж авалгүй 1 жилийн төлбөр нэхэж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулдаг. 23 дугаар зүйлийн 23.2-т Ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна гэж заасан. 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хугацаа нь дуусаад ашиглалтын өмнөх гэрээний дагуу хугацаа нь тоологдоод явсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл, заалтын дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй эсэх. Дуусгавар болох, цуцлах бодит боломж байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ашиглалтын өмнөх гэрээтэй байсан тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53, 56 дугаар зүйлийн зохицуулалтын хоорондын уялдааг алдагдуулсан гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс шүүхийн жишиг харгалзан үзэх ёстой гэж удаа дараа хэлдэг, Шүүх хууль хэрэглэсэн жишиг нь хуулийн тайлбарын үндэслэл байна. Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл заалттай холбоотой маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх бага бус шийдсэн байгаа.

“Д Б Э Т р” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр цуцалсан байна. Иймд “Д Б Э Т р” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 дүгээр шийдвэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гартал маргаан бүхий 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Д Б Э Т р" ХХК-иас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 тоот шийдвэрт нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг хүргүүлсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй тодорхойгүй байна гэж дүгнэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын 4193Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6- 1466 тоотоор хүргүүлсэн.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба "Д Б Э Т р" ХХК-д 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6- 1466 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх 2013 оны 01 дүгээр дэвтрийн хуулбараар баталгаажиж захиргааны хэргийн материалд хавсаргагдсан байгаа.

"Д Б Э Т р" ХХК нь мэдэгдлийг хүлээн авсан атлаа төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байгааг шүүх үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар "Д Б Э Т р” ХХК нь 4193Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан болно.

Нэхэмжлэгч тал 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан АӨҮА-2011/001/32 тоот гэрээний сунгалтын хавсралт №32/1 тоотод гэрээний дуусгавар болох хугацааг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгохоор заасан гэж тайлбарлаж байгаа боловч тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүлээн авмагц 1 жилийн төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байгаа бол гэрээний хугацаа дуусгавар болох үеийн 9 сарын төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.

Гэтэл төлбөрийг төлөөгүй, төлөх оролдлого хийгээгүй байдлыг харгалзан үзэлгүйгээр ашигт малтмалын хайгуулын 4193Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийн "Д Б Э Т р" ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч “Д Б Э Т р” ХХК нь “...2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 163 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын Х\/-004193 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчин, их хэмжээний хохирол учруулж байна. Энэхүү шийдвэрийн талаар бид 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 56.3, 56.4-т заасан боломжийг олгоогүй” гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө" гэж

заажээ.

Нэхэмжлэгч “Д Б Э Т р" ХХК нь хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор урьдчилан төлөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, хугацаандаа төлбөрөө төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь тус компанийн ашигт малтмалын хайгуулын 4193Х дугаарын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болж байна.

Мөн нэхэмжлэгчийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний сунгалтын хавсралтад дуусгавар болох хугацааг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоож өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөх хугацааг 1 жилээр төлөх үү, 9 сараар төлөх үү гэдэг нь эргэлзээтэй байсан, учир нь тус компанийн төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ тодорхойгүй байсан” гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь,

Тус компани нь 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газартай “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ’’-г байгуулсан байх ба ашиглалтын өмнөх үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зохицуулсан байна.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23.2-т заасан хугацаанд мөн хуулийн 32.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилийн төлбөр төлнө”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд ... 7-9 дэх жилд тус бүр

  1. 5 америк доллар байна”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.3-т “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй” гэж тус тус зааснаар тус компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд төлбөрийн хэмжээ хуульд зааснаар тодорхой байна. Мөн, нэхэмжлэгч нь сүүлийн жилийн төлбөрийг хэрхэн тооцох талаар Ашигт малтмалын газарт хандаж байсан гэсэн тайлбар гаргах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

Түүнчлэн, хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн

  1. 1, 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6-1466 тоот албан бичгээр тус компанийн оршин байрладаг, улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх албан ёсны хаягаар хүргүүлсэн байх тул түүнийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хуулийн этгээд нь өөрийн албан ёсны харилцах хаяг өөрчлөгдөх тохиолдолд хариуцагч байгууллагад мэдэгдэж өөрчлөлтийг бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хаягийг өөрчлөөгүй, мэдэгдэл хүргүүлэх цаг хугацаанд тухайн хаягтаа байрлан үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч “Д Б Э Т р” ХХК-д мэдэгдлийг хүргүүлсэн боловч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй нь тогтоогджээ. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “мэдэгдэл өгөх” гэсэн заалт нь мэдэгдэл хүргүүлснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн бол түүнийгээ нотлох боломж олгосон агуулгатайгаас, захиргааны байгууллага мэдэгдэл хүргүүлснээр эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх тухай ойлголт биш юм.

Иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан "... хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Д Б Э Т р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэр үндэстэй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагагүй бөгөөд шүүхээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гартал маргаан бүхий 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 23 дугаар зүйлийн 23.4, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д Б Э Т р” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийн “Д Б Э Т р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА