Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00234

 

 

Ш.Д-, Д.Р- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

          2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 713 дугаар шийдвэр,

          Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ш.Д-

          Нэхэмжлэгч: Д.Р-

          Хариуцагч: Булган аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар

          Хариуцагч: Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар

          Хариуцагч: “Өндөрхүр” ХХК-д холбогдох

          19,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хяналтын журмаар гаргасан зохигчдын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Нямцэрэн, Өндөр хүр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бужмаа, өмгөөлөгч М.Даваасүрэн, Булган аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөгч Р.Түмэн-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны эцсийн мал тооллогоор Булган аймгийн Булган сумын 1-р багийн иргэн Ш.Д-т 58 тооны, Д.Р-д 24 тооны үхэр тоологдсон. Эдгээр үхрийн нас хүйсний задаргаа, малын А дансаар харагдана. 2017-02-р сард Ар шар чулуут гэдэг газар өвөлжиж байхад хотонд гэнэт 4 үхэр үхсэн учир аймаг руу дуудлага өгсөн. Дуудлагаар “Өндөр хүр” ХХК-ийн малын эмч Д.Бужмаа очиж үзлэг хийгээд Цусан халдвар өвчний шинж тэмдэгтэй гэж онош тавиад нэг үхрийн зэмнээс дээж авч явсан. Ингэж явахдаа халуурсан шинж мэдэгдсэн үхрийг тарь гэж 2 шил тарилга орхисон. Ингээд үзлэг, шинжилгээ хийж хариу нь гарснаар 2017-02-24, 2017-03-08-ны өдөр вакцины тарилга үхэрт хийсэн. Анхны мал эмнэлгийн тусламж ирж тарилга хийх хүртэл 6 үхэр, 2017-02-24-ний өдөр эхний вакцин тарьснаас хойш 18 толгой үхэр, 2017-03-08-ны өдөр дараагийн вакцин тарьснаас хойш 26 толгой үхэр үхсэн. Нэгэнт үхрийн өвчний онош нь батлагдаад байхад эмчилгээг ном ёсоор нь хийгээгүйгээс олон тооны үхэр хорогдсон гэж үзэж бид Булган аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргаж уг асуудлыг шалгуулсан. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар хяналт шалгалтыг биечлэн хийж бидэнд 2017-05-17-ны өдрийн 8/1526 тоот албан бичгээр хариу өгсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын явуулсан хяналт шалгалтаар “Өндөр хүр” ХХК-ийн нэгжийн малын эмч Д.Бужмаа өвчний урьдчилсан оношийг тогтоосон боловч эрүүл малыг нэмж өвчлүүлэхгүй байх, вакциныг журмын дагуу хийх, өвчилсөн малыг эмчлэн эрүүлжүүлэх ажиллагааг тогтоосон журам зааврын дагуу хийгээгүй, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэс аймгийн төвийн хажууд өвчин гарч байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч мэдсэн боловч төрөөс хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, худал акт баримт бичсэн зэрэг нь тогтоогдсон болно. Бид нийт үхсэн 50 үхрээс дуудлага өгөхөөс өмнө болон тарилга хийлгэхээс өмнө үхсэн 6 үхрийг хасч бусад үхсэн 44 үхрийн хохирлыг буруутай мал эмнэлэг болон төрийн байгууллагуудаас нэхэмжилж байна. Иймд “Өндөр хүр” ХХК-иас нийт хохирлын 40 хувь буюу 7,920,000 төгрөг, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 40 хувь буюу 7,920,000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 20 хувь буюу 3,960,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

        Хариуцагч “Өндөрхүр” ХХК тайлбартаа: 2017-02-17-ны өдөр малчин Д.Р-гийн хотонд үхэр үхсэн дуудлага авч очиход үхсэн 4 үхэр байсан. 3 үхрийн хүүр өмхийрсөн байсан тул арай гайгүй 2017-02 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө үхсэн гэх үхрийн хүүрнээс дээж авсан. Авсан дээжээ аймгийн төв рүү оруулж лаборторт өгсөн. Цэнд гуай надтай хамт орж ирсэн бөгөөд Анар төв дээр байрлах эмийн сангаасаа примавлин-ЛА-300 гэдэг 30 мл-тэй 2 шил тариаг нэг үхэрт 15-мл-ээр 3 өдөр дараалан тариарай гэж зөвлөн зээлээр өгсөн. Цусан халдвар өвчний эхэн үед антибиотик, ийлдэс хоёрыг хавсран хийх нь үр дүнтэй байдаг. Ийлдэс байхгүй учир примавлин 10 хувийн 100-мл-ээр савлагдсан тариаг үхрийн судсаар хийж эмчилгээ хийдэг. Лаборатори шинжилгээний хариунаас шалтгаалан дараагийн арга хэмжээг авна гэж хэлсэн. Лаборатори шинжилгээний хариу 2017-02-21-ний өдрийн үдээс хойш гарч 2017-02-22-ны өдөр Булган сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мэдээлэл хүргүүлсэн. Дахин дуудлага ирэхээр нь Цэнд гуайн хамт Р-гийнд очсон. Үхрийн халууныг үзээд судсаар нь тариа хийж өгөөд явсан. Энэ тариа маш хүчтэй тариа бөгөөд 3-4 хоног, зарим тариа 4-6 хоног үйлчилдэг тариа байдаг. Өвөлжилтийн байдал хүнд, цас их орсон, өвс тэжээл муутай, зутруу маягтай байсан. Ядруу үхэр нь бэлчээрт яваагүй гаднаа байсан. Тусдаа хашаанд хашсан байсан. Хашаа хороо нь нэлээд муудсан, эвдэрсэн байдалтай байсан. Тухайн үед манай аймгийн 2017 оны захиалгат эм бэлдмэл нийлүүлэгдээгүй байсан. 2017-2-23-ны орой вакцин, ариутгалын бодис хотоос ирж 2017-2-24-ний өдөр аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн вакцин, ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан их эмч Жамсранжавын хамт малчин Д.Р-гийнд очсон. Малчин Д.Р- үхсэн малыг хотноосоо зайлуулаагүй, малын байр, орчны эрүүл ахуй, муу, өвсгүй, усгүй байсан. Үхсэн малын сэг зэмийг зайлуулах талаар хэлэхэд би ганцаараа хаанаа ч хүрэлцэхгүй байна, төвөөс хүн ирэхгүй байна. Малын сэг зэмийг жижиг трактор асааж /ногоон пад/ зайлуулна даа гэж байсан. Ариутгал хийх гэтэл Р-гийнд ус байхгүй байсан. Р- мөс хайлна гэхээр нь би түүнийг аймгийн төв рүү усанд явуулсан. Жамсранжав эмч ариутгал хийж, би үхэрт вакцин хийсэн. Энэ талаарх акт үйлдэж, аймгийн Мэл эмнэлгийн хэлтэст өгсөн. Халуунтай малын халууныг үзээд вакциныг хийж байсан. Тухайн үед надтай хамт Цэнд гуай яваагүй, хүү Бат-Өлзий нь явсан. Ингээд малын хорогдол зогсохгүй байна гэж багийн Засаг дарга надад хэлэхэд нь сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Соёлмаад дуудлага өгөх талаар хэлсэн. Би сумын Мал эмнэлэг үржлийн тасаг, аймгийн мал эмнэлгийн хэлтэст танилцуулан ажлын хэсэг ажиллуулах санал гаргасан. Санал хүсэлтийн дагуу 2017-03-06-ны өдөр ажлын хэсэг томилогдон малчин Д-ын эхнэр Цэндийг авч Р-гийнд очсон. Ажлын хэсэг очиж үхсэн үхэрт задлан хийхэд усны дутагдалд орсон, нарийн гэдэс нь цагаан болсон, хутгаар зүсэхэд ус гарахгүй хатаж аргасан байсан. Мал хоол тэжээлийн дутагдалд орохоор амьд явна гэж байхгүй. Задлан хийсэн үхрээс дээж авч лабораторийн шинжилгээнд оруулсан бөгөөд уг шинжилгээгээр ямар нэг халдварт өвчний үүсгэгч илрээгүй гэсэн хариу 2017-03-10-ны өдөр гарсан. Цусан халдварт өвчин малын өөрийнх нь биед гүйлсэн булчирхайд байрлаж байдаг бөгөөд мал даарч ядрах, өлсөж сульдсанаас болж идэвхждэг өвчин юм. Малыг өвчнөөр үхсэн гэж үзэх үндэслэлгүй, мал нь олон хоног тэжээл, ус болон арчилгаа, маллагааны дутагдалтай байснаас болж хорогдсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар тайлбартаа: Өндөр хүр мал эмнэлгийн малын эмч Д.Бужмаа 2018-02-17-ны өдөр Булган сумын 1-р багийн малчин Ш.Д-ынхаас үхсэн үхрийн дээж авч, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторт хүргүүлж лабораторийн шинжилгээгээр 02-21-ний өдөр цусан халдварт өвчин оношлогдсон тул Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт хариуг өгч цусан халдварт өвчинтэй тэмцэх зааврыг мөрдөж ажиллахыг зөвлөсөн. Тухайн үед аймгийн захиалгат цусан халдвартын вакцин ирж, Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт вакциныг өгсөн. Малчин Ш.Д-ын гэрээт Өндөр хүр мал эмнэлгийн малын эмч Д.Бужмаа вакциныг хийж Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан эмч Г.Жамсранжав хашаа, хороонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна. 2017-03-07-ны өдөр мөн малчин Ш.Д-ын үхрийн хорогдол зогсохгүй байна гэсэн дуудлагаар тус газрын Мал эмнэлэг, ариутгалын халдвартын эмч Р.Түмэн-Эрдэнэ, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн эрхлэгч, шинжлэгч эмч Б.Энхболд нарыг ажиллуулсан. Малын эмч Р.Түмэн-Эрдэнэ, Б.Энхболд нарыг малчин Ш.Д-ын хотонд очиход 80 гаруй үхэр өвөлжсөнөөс 20 гаруй үхэр үхсэн байсан. Үхрийн саравчинд 1 үхэр үхэж, 1 үхэр орчноо мэдэхгүй хавтгайгаараа 3 хонож байсан тул үхсэн үхрийг задалж дээж авч шинжилгээ хийхэд 2017-03-10-ны өдрийн 31/34 тоот шинжилгээний дүнгийн хуудсаар халдварт өвчин оношлогдоогүй байна. Малын эмч нарыг очиход бяруунууд болон бэлчээрт явах боломжгүй /ядруу/ үнээгээ хашиж бусад үхэр бэлчээрт явсан байсан. Тухайн жил цас ихтэй малчин Ш.Д-ын өвөлжөөний орчим битүү цасан бүрхүүлтэй мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байсан ба хотонд нь өвс тэжээл байхгүй байсан учир Булган сумын 1-р багийн Засаг даргад өвс, тэжээл олгох хүсэлт тавьсан байсан. Тус газраас нэхэмжилсэн 7,920,000 төгрөгийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар тайлбартаа: Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5.1, 4.5.4, 4.5.10, 6.1.7 дахь заалтын хэрэгжилтийг хангаагүй, хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж ажиллаагүй Өндөр хүр, Хулсан шарга мал эмнэлгийн нэгжүүдийг шалгаж тус бүр нь хугацаатай албан шаардлага өгсөн. Удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй мал эмнэлгийн албаны дарга Л.Цэнгэлмааг 50,000 төгрөг, ажилдаа хариуцлагагүй хандсан Өндөр хүр мал эмнэлгийн нэгжийн малын эмч Д.Бужмааг 100,000 төгрөгөөр торгож, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга, Орхон сумын Засаг дарга нарт улсын байцаагчийн албан шаардлага өгч ажилласан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны нэгдсэн хяналт шалгалтын үеэр мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч К.Зурааш өргөдлийн дагуу шалгаж хяналт шалгалтын тэмдэглэл үйлдээгүй, эрхийн акт үйлдсэн гэж Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанбулагт арга хэмжээ тооцох тухай албан бичгийг тус газар хүргүүлснээр тухайн байцаагчид Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны Б/26 дугаар тушаалаар сануулах арга хэмжээг авч ажилласан. Тус газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанбулагаар иргэн Ш.Д-, Д.Р- нарын нэхэмжлэлд хариу тайлбар гаргасныг үзэхэд нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөр нь Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 10-р зүйлд заасан хяналтын албан эрх үүрэгт хамааралгүй тул манай байгууллага нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд эмчилгээг ном ёсоор нь хийгээгүйгээс олон тооны үхэр хорогдсон гэх нь мал эмнэлэг, үржлийн нэгжид хамааралтай, тухайн нэгжийг Хүнс, хөдөө аж ахуйн газар удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг. 2018-2-19-ний өдөр иргэн Ш.Д-ын гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалт хийхэд малчин өөрөө нэг сумаас нөгөө сумруу зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөн хийсэн. Ш.Д-, Д.Р- нар нь Өндөр хүр, Хулсан шарга мал эмнэлгийн нэгжүүдтэй гэрээ хийж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй. Тухайн бүс нутагт цас их орсноос хотонд нь мал үхэж хорогдож байхад хотноосоо зайлуулаагүй, цэвэрлэгээ үйлчилгээг хийгээгүй, өвс тэжээлийн хангамж дутмаг байсан, мал ядарч доройтоход малчны арчилгаа маллагаа тэжээллэгийг сайжруулаагүй байсан байна. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж тус газраас нэхэмжилсэн 3,960,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Сувдаа тайлбартаа: Иргэний хэрэгтэй танилцахад нэхэмжлэгч нар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Энэ мэдэгдэх хуудсанд хамаарал бүхий нотлох баримт байхгүй байна. Уг мэдэгдэх хуудсанд олон зүйлийг хольж сольж бичсэн байна. Үүнд Б.Алтанбулаг, Л.Цэнгэлмаа, К.Зурааш нар 2017-5-3-ны өдөр малчин Р-гийнд очиход өвөлжөөний ойролцоо болоод жалганд үхсэн малын сэг зэм байсан бөгөөд түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01 тоот актаар устгасан гэж байгаа боловч энэ актыг хэргийн материалд ирүүлээгүй байна. Мэдэгдэх хуудаст дүгнэхдээ “Өндөр хүр” ХХК-ийн эмч Д.Бужмаа халдвар өвчинд авах шаардлагатай арга хэмжээг аваагүй, мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Цэнгэлмаа аж ахуй нэгжийг удирдлага арга зүйгээр хангаж чиглэл өгөөгүй, малын халдварт өвчтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, малд эмчилгээ хийхэд хугацаа алдсан зэрэг учир дутагдалтай дүгнэлтийг хийсэн. Гэтэл үүнийг цаг хугацаа, орон зайгаар харахад тэр даруйд нь арга хэмжээ авч байсан нь нотлогдож байгаа учраас энэ дүгнэлт хийсвэр дүгнэлт байна. Тухайн үед өвөлжилтийн бэлтгэл байдал хангагдаагүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ өвчин нь дээрхи нөхцөл байдлаас үүдэн идэвхжиж мал ихээр хорогдох нөхцөл байдал болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.

       Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 713 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Өндөр хүр ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохирол 19,800,000 төгрөг гаргуулах тухай Ш.Д-, Д.Р- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

       Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаар магадлалаар Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 713 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Өндөр хүр ХХКомпани тус бүрээс 3,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс 9,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжинд 67,750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,950 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

     Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл нь нотлох баримтыг зөв үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж зөв дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэгч, хохирсон иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалж чадаагүй гэж үзэх дараах үндэслэл байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан зүйл огт болоогүй, харин тэдний өмгөөлөгч анхан шатны шүүхийн хүралдаан дээр тухайн жилд цас зудтай байсан, хариуцагч нарыг очих үед өвс тэжээлээ татаж чадаагүй байсан, хариуцагч нар малчин бас тодорхой хариуцлагатай байх ёстой гэж мэтгэлцэж байгаа хэргийн нөхцөл байдлыг хүлээн авч үнэлж, нийт өвчнөөр хорогдсон үхрийн үнэ 19,800,000 төгрөгийн 30 хувиар буюу ИХ-н 514.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлээс 5,940,000 төгрөгийг хасаж, гэм хорын хэмжээг багасгаж болох юм гэсэн санал гаргасан болно. Энэ нь: Үхсэн 44 үхрийн хэд нь өвс тэжээл, арчилгаа маллагааны дутагдлаас болж хорогдсон тухай тодорхой баримт нотолгоо байхгүй, тохиолдлын ганц үхрийн задлангийн зураг бичлэгээр 44 үхэр тураалаар үхсэн гэж үзэх боломжгүй, Малчин урьд жилүүдийн хэмжээний өвс тэжээл бэлтгэснээ тайлбарлаж нотлох баримт гаргасан, шинжээч гэх Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн гаргасан Д-, Р- нарын 2016 онд тоолуулсан нэг хотонд байсан хонин толгойд шилжүүлснээр 1724 хонин толгойд 398 640 кг ногоон өвс, 78 098,2 кг хивэг, мөн хэмжээний багсармал тэжээл, овъёос бэлтгэх ёстой гэсэн нь Монгол улс тухайн жилд 66,5 сая мал буюу хонин толгойд шилжүүлбэл 150,0 сая хонин толгойд 1,2 сая тонн өвс бэлтгэхээр төлөвлөсөн /1212.мн Монгол улсын статистикийн нэгдсэн сан/-тэй жишвэл хэтэрхий ташаа буюу өөрөөр хэлбэл энэхүү шинжээчийн тооцоогоор бол /398640: 1724=/ нэг хонин толгойд 231,2 кг; улсын хэмжээнд 34,7 сая тонн /150 000 000 х 1231,2= 34 680 000 000 кг/ өвс бэлтгэх болно гэдэг үндэслэлээр болон дээрх өвс тэжээлийн хэмжээг ямар албан ёсны манай улсад хэрэглэдэг эх сурвалжаар тооцсон нь огт ойлгомжгүй гэж няцаасан, “Өндөр хүр” ХХК малын эмч Д.Бужмаа Булган сумын Ачуут 1-р багийн 44 үхрийг өвчнөөр үхсэнээр Булган суманд мэдээлсэн, ХХААГ нь уг мэдээг хүлээн авч аймагт, аймаг улсад мэдээлсэн хэргийн энэ нөхцөлд өмгөөлөгчийн санал бол хариуцагч нарт ихээхэн боломжит, нэхэмжлэгч нарт ашиггүй санал юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 6 тоот магадлалд нэхэмжлэлийн хэмжээг 50 хувиар багасгаж хэргийг шийдвэрлэхдээ хэргийн дээрх нөхцөл байдал болон тодорхой нотлох баримтыг үндэслээгүй, ИХ-н 514.1-г тайлбарлаж хэрэглээгүй атлаа ийнхүү их хэмжээгээр гэм хорын хэмжээг багасгасан нь үндэслэл муутай байна. Хариуцагч нар МХЕГ-ын шалгалт чанаргүй хийгдсэн, улсын байцаагч Зураш шалгалтыг үндэслэлтэй хийгээгүй гэж маргаж нэхэмжлэлийг няцаахыг оролддог. Гэвч тэд ингэж маргах боломжгүй нь: Шалгалтын дүнгийн талаар ямар нэгэн гомдлыг дээд шатны байгууллага албан тушаалтанд тухайн үед огт гаргаагүй, Гаргасан зөрчилдөө зохих хууль тогтоомжийн дагуу хариуцагч байгууллагын эрх бүхий хүмүүс Д.Бужмаа, Л.Цэнгэлмаа; Б.Алтанбулаг нар хариуцлага хүлээсэн байдаг бөгөөд тэрхүү шийтгэлийнхээ талаар гомдол гаргасан зүйл байдаггүй, Иргэн Т.Цэнд /Ш.Д-ын эхнэр/ МХЕГ-т гаргасан өргөдөлд тус агентлагийн эрх бүхий этгээд маш тодорхой хариу өгсөн түл түүнийг нэхэмжлэлийн үндэслэлийн нотлох баримт болгосон нь үндэслэлтэй бөгөөд иргэн хүн төрийн байгууллагаас үүнээс илүү юм шаардах үндэслэл байхгүй зэргээр няцаагдана. Энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. ХХША-ны явцад иргэн Ш.Д-, Д.Р- нарын 44 тооны үхэр өвчнөөр үхсэн гэдгийг үгүйсгэх боломжгүй ИХШХШТХ-н 40.4-т заасан нийтэд илэрхий дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гарч ирсэн. Үүнд: Монгол улсын Статистикийн мэдээллийн нэгдсэн сан 1212.мн вэб сайтын МАА /Мал аж ахуй/ хэсгийн хүснэгт хэсгийг сонгоод Өвчнөөр хорогдсон малын тоо/Улс, бүс;аймаг, нийслэл,сум дүүрэг, баг хороо/ хэсэгт орж Үхэр, Бүлган аймаг, Бүлган сүм, Ачуут 1-р баг /нэхэмжлэгч нарын нутаглаж байсан баг/ гэж сонгоод 2017 оныг хайхад өвчнөөр 44 үхэр үхсэн улсын мэдээ гарч ирнэ. Энэ мэдээг хэрхэн гаргадгийг сонирхоход мал эмнэлэг суманд, сүм ХХААГ-т; тус газар аймагт, аймаг улсад мэдээлдэг байна. Ийм нөхцөл байдал байхад нэхэмжилсэн гэм хорын хэмжээг их хэмжээгээр хорогдуулсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч нарын төлсөн Тэмдэгтийн хураамж 256,950 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 50 хувийг хангасан нөхцөлд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувь 128,475 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгохоор заах ёстой боловч энэ талаар шийдвэрлээгүй. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, гэм буруугийн хир хэмжээг харгалзан хариуцагч “Өндөр хүр” ХХК, Д.Бужмаагаас 5,544,000 төгрөг, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 5,544,000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2,772,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, гэм хорын хэмжээг 30 хувиар хорогдуулан нэхэмжлэлээс ИХ-н 514.1-г үндэслэн 5,940,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон зөвтгөж, анхан шатны шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буцаан олгоно уу гэжээ.

       Хариуцагч Булган аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэр гарч гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасныг /ямар үндэслэлээр авснаа тайлбарлаагүй/ давж заалдах шатны шүүх хүлэн авсан. Шүүх хуралдаанд манай газраас тухайн үед ажиллаж байсан малын эмч Б.Энхболд нь Могод сум руу малын өвчний яаралтай дуудлагаар ажиллахаар явсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хойшлуулалгүй явуулсан. Иймд хяналтын журмаар хэргийг хэлэлцэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэр гарч гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасныг /ямар үндэслэлээр хүлээн авснаа тайлбарлаагүй/ давж заалдах шатны шүүх хүлээн авсан. Шүүх хуралдаанд манай газраас тухайн үед ажиллаж байсан мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанбулаг нь Хишиг-Өндөр сумруу хяналт шалгалтаар ажиллахаар явсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хойшлуулалгүй явуулсан. Иймд магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Хариуцагч “Өндөр хүр” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа МУ-ын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2017-05-17-ны өдрийн 8/1526 дугаартай хариу хүргүүлэх тухай “албан бичигт дурдсанаар хариуцагч нар нь гэм буруутай болох нь тогтоогдсон, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж үзэн нэр бүхий албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэсэн нь гэм хорын хохирлыг тодорхой хэмжээгээр хариуцах хууль зүйн үндэслэлтэй гээд “Өндөр хүр” ХХК-ийн малын эмч Бужмаа нь малын өвчний урьдчилсан оношийг зөв тогтоосон боловч нэмж өвчлүүлэхгүй байх, тухайн малд вакциныг тогтоосон журмын дагуу хийх, өвчилсөн малыг эмчлэн эрүүлжүүлэх ажиллагааг тогтоосон дүрэм зааврын дагуу хийгээгүй зэргээр буруутай байна гээд хохирлын 50 хувийг бусад хариуцагч нартай хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэнг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Өндөр хүр” ХХК-ий малын эмч Бужмаа миний бие нь 2017-02-17-ны өдөр малчин Р-гийн хотонд үхэр үхсэн тухай дуудлага авч очиход тэдний хотонд 4 үхэр үхсэн байсан ба 3 үхрийн хүүр нь өмхийрсөн байсан тул 02-16-ны шөнө үхсэн гэх арай гайгүй үхрийн хүүрнээс дээж авсан. Авсан дээжээ аймгийн төвд хүргэж ирэхдээ Д-ын эхнэр Цэндэд цусан халдвар байх магадпал өндөр байна гээд халдварт өвчин мөн эсэхийг лабораторийн шинжилгээний хариу дүгнэлтээр тодорхойлж, холбогдох арга хэмжээ авна гэдгээ ойлгуулсан. Уг өвчнөөс сэргийлэх гол арга бол вакцин тарих, вакцингүй үед антиботик /өвчний эхний үед/ тарьж болно гээд Цэндэд үзүүлсэн 2 үхэрт нь промовилин ХА- 300 гэдэг 50мл-ийн 2 ширхэг тариаг Анар төв дээр байрлах эмийн сангаасаа зээлээр өгч 1 үхэрт 15 мл-ээр 3 өдөр дараалан тарихыг зөвлөсөн. Лабораторийн шинжилгээний хариу 2017-02-21-ний үдээс хойно гарсан. Аймгийн мал эмнэлэгт бэлэн вакцин байхгүй байсан тул 2017-02-22, 23-ний өдрүүдэд гэрийн гадаа тусгай ядруу бэлчихгүй байсан 9 толгой үхрийн биеийн халууныг хэмжсэн. Халуурсан мал байгаагүй / 38,5- 39,5 байсан/ малын биеийн халуун хэвийн байна гэдэг мал эрүүл байгаагийн илэрхийлэл юм. Мал халуунгүй ч гэсэн вакцин тарихад бэлтгэн уг өвчнөөс урдчилан сэргийлж примавлин антибиотекийг 9 үхэрт малын биеийн жингээс нь хамааруулан 15- 25 мл-ээр вен судсаар 2 өдөр дараалан тарьсан. Энэ антиботикийг хийснээр өвчлөл нэмэгдэхгүй өвчний эсийг дарангуйлж эмийн аргаар тусгаарлаж байгаа тусгаарлалт юм. Лабораторийн шинжилгээгээр цусан халдварт өвчин гэж оношлогдсон тул 02-22-нд Булган сумын МЭҮТ-т энэ тухай мэдээлэл өгсөн. Аймгийн ХАА-н газрын Мал эмнэлгийн хэлтсээс 02-24-ний өдөр вакцин авч, мал эмнлэгийн халдваргүйтгэл хариуцсан их эмч Жамсрангийн хамт Р-гийн хотонд очиж цусан халдвараас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакциныг үхрийн хүзүүний арьсан дор 5мл өгч тарилгын жагсаалтанд Д.Р- гарын үсэг зурсан./ эмчилгээ хийсэн тухай баримт хавтаст хэргийн 48-53-т/ Эмч Жамсран халдваргүйтгэл хийж, халдваргүйтгэсэн тухай акт бичигдэж Д-ын Р-, Бат-Өлзий нар гарын үсэг зурж, миний бие байлцсан гэдгээр гарын үсэг зурж баримтжуулсан. Мал эмнэлгийн тусламж үйлчилгээг заавар, журмын дагуу авч вакцинжуулалтыг технологийн дагуу хийсэн. Цусан халдвар өвчний үед вакциныг 14 хоногийн зайтай 2 удаа тариад л дархлаажуулалт болдог. Үүнээс цааш хийх эмчилгээ байхгүй. Энэ өдөр очиход малчин Р- үхсэн малыг хотоос зайлуулаагүй, хотын эрүүл ахуй муу байсан ба хэлэхээр би олон малтай ганцаараа хаанаа ч хүрэхгүй байна, төвөөс манайхан гарч ирэхгүй байна сэг зэмийг ногоон падаа асааж зайлуулна даа гэж байсан. Ийм нөхцөлд малын эмч би энэ хүнийг албадан малын сэг зэмийг зайлуулуулах боломж байгаагүй ээ. Халдваргүйтгэл хийх гэхэд ус байхгүй цас хайлж хийлгэнэ гэхээр нь үгүй чи төв явж ус авчир гэж гэснээр Р- портер машинаа асаан төв явж ус авчиран эмч Жамсран халдваргүйтгэл хийсэн. Энэ байдал нь тус малчны Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.2.2, 14.2.9 дэхь заалт бүрэн зөрчигдөж байсан. Мал, амьтны халдварт / Б ангиллын өвчин/ /Үүнд: Цусан халдвар, Дотрын халдварт хордлого гэх мэт/ өвчнүүдийн үед мал, амьтан толгой дараалан өвчлөхгүй. Хязгаарлалтын арга хэмжээ тогтоодог энэ дагуу сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалт тогтоолгосон. Энэ өвчний үүсгэгчүүд малын бие махбодид оршин тогтнож байгаад гадны ямар нэг таагүй хүчин зүйлийн нөлөөгөөр уг өвчний үүсгэгчийг тээж явсан мал, амьтан өвчилдөг. Түүнээс тэнд байгаа бүх мал, амьтан толгой дараалан өвчилдөггүй. Мал, амьтан тэжээл, усны хомсдолтой олон хоног байх, хэвтэр бууц нимгэн, хөлдсөн, гадаад орчны тааламжгүй нөхцөл/ хүйтэн, халуун гэх мэт/ -ээс хамааран өвчилдөг. 24 нд вакцин ирээд 1-р тарилга хийхэд 70 үхэр байсан. Үүнээс хэд хоногийн дараа мал үхээд байна гэхээр нь цусан халдвараас өөр ямар нэг дагалдах шалтгаан байна гэж үзсэн. Яагаад гэвэл тус малчны өвөлжиж байсан Шар чулуут гэдэг газар маш их цас унасан, малын бэлчээр нүд гараагүй, өвсгүй болсон, мал услах усгүй, ажиллах хүч байхгүй, мал нь маш их эцэж турсан ганцхан Д.Р- байсан. Адуу, үхэр, хонь, ямаатай хаанаа ч хүрэлцэхгүй, хотонд хорогдсон малаа зайлуулж чадахгүй амьд, үхсэн мал хамтдаа маш зутруу байсан. Иймээс сумын мал эмнэлэг үржлийн тасагт мэдэгдэн аймгийн мал эмнэлгийн хэлтэст дуудлага өгүүлж 03-06-нд ажлын хэсэг томилуулан хорогдож байгаа шалтгааныг тогтоосон. Ингэхдээ үхсэн малд задалгаа хийж лабораторийн шинжилгээнд дээж авсан малчин Д-ын эхнэр Цэнд өөрөө яг адилхан дээж авч байсан. Дээрх лабораторийн шинжилгээний хариу 03-09-нд гарахад ямар нэгэн халдварт өвчин уүсгэгч илрээгүй нь вакцинжуулалт үр дүнтэй хийгдсэний үр дүн ба эдгээр малыг өвчнөөр үхсэн гэж үзэх боломжгүйг илэрхийлнэ. 02-24-с 03-06-ны хооронд үхсэн малд задлан хийхэд тухайн мал ямар ч тэжээлгүй, ходоод, гэдэс нь хоосон, сархинагны баас хатсан хашаанд ямар ч өвс тэжээлгүй байсан нь хоол тэжээлийн болоод усны дутагдалд орсныг гэрчлэх юм. /хх-54-59/ Нэхэмжлэгч тал өөрсдийн буруу 2016-2017 оны өвөл Булган аймгийн Булган сум цагаан зудтай байсан нөхцөл байдал, малчны хариуцлага, малын арчилгаа маллагаанд хариуцлагагүй хандсан, өвс тэжээлээ татаж авч чадаагүй, ажиллах хүчгүй байснаа өөрсдөө анхан болон давж заалдах шатны шүүх хуралд хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн дүнгээ бууруулаад байгаагаараа батлагдаж байгаа юм, МУ-ын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2017-05-17-ны өдрийн 8/1526 дугаартай хариу хүргүүлэх тухай “албан бичигт дурдсанаар хариуцагч нар нь гэм буруутай болох нь тогтоогдсон, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж үзэн нэр бүхий албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэсэн нь гэм хорын хохирлыг тодорхой хэмжээгээр хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлтийн тухайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн мал эмнэлгийн улсын байцаагч Зураш нь малчин Д-, Р- нар өргөдөл гомдол гаргасан. Ийм удирдамжтай гэж манай байгууллагад танилцуулж манай байгууллагаас тухайн малчныд очиж ажилласан байдал /дуудлагын дэвтрийн бичилт, дээжийн дагавар, лабороторийн шинжилгээний хариу, вакцинжуулсан тухай тарилгын цуваа малчин Р-гийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан материал, малын биеийн халуун үзсэн тэмдэглэл, тариа хийж халдварлалтыг зогсоосон мөнгөний хуудас зэрэг манай мал эмнэлгийн бичиг баримтыг үзэж шалгаагүй болно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017-05-04-нд Булган аймгийн хэмжээнд бүх байгууллага, аж ахуй нэгжид төлөвлөгөөт шалгалт хийхээр ирсэн. Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанбулзг, МХЕГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зурааш нар манай байгууллага дээр мал эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны МЫ5 5368:2004 стандартын хэрэгжилтийг шалгасан. Шалгалтаар манай нэгж дээр дараах зөрчил дутагдал илэрсэн 1. Зарим малчинтай гэрээ хийгээгүй үйлчилгээ үзүүлсэн 2. Эмийн жор бичилгүй эм олгодог, 3. Мал эмнэлгийн нэгж нь цэвэр, бохир усны шугаманд холбогдоогүй, 4. Ариутгал халдваргүйтлийг заавар журмын дагуу авч хэрэгжүүлээгүй гээд хугацаатай албан шаардлага өгөөд, 100,000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээг Булган аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Алтанбулаг ногдуулсан. Энэ нь дээрхи зөрчилтэй холбогдуулж авсан арга хэмжээ тул би гомдол гаргаагүй, энэ нь гэм хорын хохирол учруулсан гэж хүлээн зөвшөөрсөн зүйл биш. Эрсдэлгүй байгууллага болгох хяналт шалгалтын дүн байсан. Нэхэмжлэгч талын иргэний хэрэгт өгсөн материалууд энэ гэмийн хорын хохирлыг нэхэмжлэхэд шаардагдах албан ёсны холбогдох байгууллагаас авсан баримт, баталгаа, нотолгоо байхгүй байгаа. Өөрсдөө амаар болон бичгээр тайлбар гаргахдаа хов ярьж байгаа юм шиг учир утга нь олдохгүй зүйл ярьж бичдэг, миний ажлыг Д-ын гомдолтой холбон шалгалаа гэж шалгаагүй, ийм дутагдал доголдол байна гэж танилцуулаагүй, холбогдох/Цэндэд ирүүлсэн баримт надад ирээгүй/ шалгалтын материал өгөөгүй хирнээ Цэнд гуйн яриад яваа зүйлүүд миний ажлын дутагдал болоод МХЕГ-аас зөвхөн Цэндэд хаяглан ирүүлсэн нь үнэхээр гайхмаар Д-ын охин Ургамал нь МХЕГ-ын худалдаа үйлчилгээний хяналтын улсын байцаагчаар олон жил ажилласантай холбоотой гэж хардахаар байна. Нэхэмжлэгч нарын 44 толгой мал хорогдсон гэдгийг албан ёсоор тогтоосон байгууллага байхгүй өөрсдөө л амаар ярьж бичээд байгаа. Мал халдварт өвчнөөр хорогдсон гэдгийг нотолдог байгууллага бол мал эмнэлгийн лабороторийн шинжилгээг үндэслэн мал эмнэлгийн байгууллага шугам шугамаараа мэдээлж сум, аймаг, улсад мэдэгдэж холбогдох арга хэмжээг авдаг. Түүнээс хэн дуртай нь халдварт өвчнөөр мал үхлээ гэдгийг яриад бичээд байдаг зүйл биш. Тийм ч учраас малын тоон дээр маргахгүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нямцэрэн статистик үзүүлэлтээр зөвхөн Булган сумын 1-р багт 2017 онд 44 үхэр өвчнөөр хорогдсон мэдээ байдаг үүгээр батлагдаж байна гээд байгаа гэтэл Р-гийнх Орхон сумын бүртгэлтэй айл, нийтдээ энэ 2 өрхөөс 50 үхэр үхсэн гэдэг үүнээс харсан зөвхөн эдний мал байх боломжгүй Булган сумын 1-р багт малтай өрх олон бий. Нөгөө талаасаа өвс тэжээлийн бэлтгэлгүй байдлаа шинжээчийн дүгнэлт хэт хийсвэр гарсан мэтээр ярьдаг бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед малчин тодорхой хэмжээний бэлтгэл нөөцтэй байх үүрэгтэй, эднийх малдаа хэрэгтэй өвс тэжээлийн 2 хувийг ч бэлтгээгүй, усаар маш дутмаг байсан нь нотлох баримттай. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Ш.Д-, Д.Р- нар 2018-05-22-ны өдөр шүүхэд хандаж, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 7,920,000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 3,960,000 төгрөг, “Өндөр хүр” ХХК-с 7,920,000 төгрөг нийт 19,800,000 төгрөг гаргуулахыг шаардаж, “...2017-02-р сард Ар шар чулуут гэдэг газар өвөлжиж байхад хотонд гэнэт 4 үхэр үхсэн бөгөөд малын эмч “цусан халдвар өвчний шинж тэмдэгтэй” гэж  2 шил тарилга өгсөн... 2017-02-24, 2017-03-08-ны өдөр вакцины тарилга хийсэн ба энэ хүртэл 6 үхэр, 2017-02-24-ний өдөр эхний вакцин тарьснаас хойш 18 үхэр, 2017-03-08-ны өдөр дараагийн вакцин тарьснаас хойш 26 үхэр үхсэн.... үхрийн өвчний онош нь батлагдаад байхад эмчилгээг ном ёсоор нь хийгээгүйгээс олон тооны үхэр хорогдсон.....малын эмч оношийг тогтоосон боловч эрүүл малыг нэмж өвчлүүлэхгүй байх, вакциныг журмын дагуу хийх, өвчилсөн малыг эмчлэн эрүүлжүүлэх ажиллагааг тогтоосон журам зааврын дагуу хийгээгүй...аймгийн төвийн хажууд өвчин гарч байхад эрх бүхий газар нь шаардлагатай арга хэмжээ аваагүй...энэ талаар Мэргэжлийн хяналт мэдсэн боловч хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй...тул нийт хохирлын 40 хувийг “Өндөр хүр” ХХК-с, 40 хувийг Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас, 20 хувийг Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас авна...” гэжээ.

      Хариуцагч “Өндөрхүр” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...2017-02-17-ны өдөр  Д.Р-гийн хотонд үхэр үхсэн дуудлагаар очиход үхсэн 4 үхэрийн 3 нь өмхийрсөн байсан тул арай гайгүй буюу 2017-02 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө үхсэн гэх үхэрээс дээж авч шинжилгээнд өгсөн...2 шил тариа тарих зөвлөгөө өгсөн... шинжилгээний хариу 2017-02-21-ний өдрийн үдээс хойш гарч тариа хийж өгсөн... Өвөлжилтийн байдал хүнд, цас их орсон, өвс тэжээл муутай, зутруу, үхэр нь бэлчээрт яваагүй гаднаа тусдаа хашаанд хашсан...хашаа нь нэлээд муудсан, эвдэрсэн байдалтай ,үхсэн малыг хотноосоо зайлуулаагүй ажлын хэсэг очиж үхсэн үхэрт задлан хийхэд усны дутагдалд орсон, нарийн гэдэс нь цагаан болсон, хутгаар зүсэхэд ус гарахгүй хатаж аргасан байсан... малыг өвчнөөр үхсэн гэж үзэх үндэслэлгүй... мал нь олон хоног тэжээл, ус болон арчилгаа, маллагааны дутагдалтай байснаас хорогдсон..” гэжээ. 

     Хариуцагч Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...шинжилгээгээр халдварт өвчин оношлогдоогүй... өвөлжөөний орчим битүү цасан бүрхүүлтэй мал бэлчээрлэхэд хүндрэлтэй... өвс тэжээлгүй байсан...” гэж маргасан байна.   

     Хариуцагч Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар “...бид мал эмнэлгийн нэгжүүдийг шалгаж албан шаардлага өгсөн... торгууль тавьсан... малчин өөрөө нэг сумаас нөгөө сумруу зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөн хийсэн... цас их орсноос хотонд нь мал үхэж хорогдож байхад хотноосоо зайлуулаагүй, цэвэрлэгээ үйлчилгээг хийгээгүй, өвс тэжээлийн хангамж дутмаг байсан, мал ядарч доройтоход малчны арчилгаа маллагаа тэжээллэгийг сайжруулаагүй байсан...” гээд нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.  

    Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “....мал нь өвс тэжээлийн болоод арчилгаа маллагаа дутагдсанаас үүдэн их хэмжээгээр хорогдсон гэж үзэхээр байна.... 44 тооны үхэр хорогдсонд хариуцагч нарын үйлдэл нөлөөлөөгүй, шалтгаант холбоо байхгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

   Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, “...мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017-05-17-ны өдрийн 8/1526 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт дурьдсанаар хариуцагч нар гэм буруутай нь тогтоогдсон... тул хохиролыг тодорхой хэмжээгээр хариуцах хууль зүйн үндэслэлтэй... малын асаргаа, маллагаа дутагдсан, өвөлжилт хүнд байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар тооцож хариуцагч нараас гаргуулна...”  гээд хариуцагч тус бүрээс 3,300,000 төгрөг нийт 9,900,000 гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

    Нэхэмжлэгч нар хяналтын гомдолдоо “... нэхэмжлэгч шаардлагын зарим хэсгээс татгалзаагүй.... харин ИХ-н 514.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлээс 5,940,000 төгрөгийг хасаж, гэм хорын хэмжээг багасгаж болох юм гэж санал гаргасан.... 44 үхрийн хэд нь өвс тэжээл, арчилгаа маллагааны дутагдлаас болж хорогдсон баримт байхгүй... тохиолдлын ганц үхрийн задлангийн зураг бичлэгээр 44 үхэр тураалаар үхсэн гэх боломжгүй...шинжээч гэх Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн гаргасан дүгнэлтээр тооцвол улсын хэмжээнд 34,7 сая тонн өвс бэлтгэхээр ямар эх сурвалжаар тооцсон нь ойлгомжгүй дүгнэлт байгаа.... давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдал болон тодорхой нотлох баримтыг үндэслээгүй... гэм хорын хэмжээг багасгасан... хариуцагч нар МХЕГ-ын шалгалт чанаргүй хийгдсэн гэдэг ч дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж байгаагүй... Монгол улсын Статистикийн мэдээллийн нэгдсэн сан 1212.мн вэб сайт-с хайхад 2017 онд өвчнөөр 44 үхэр үхсэн улсын мэдээ гарч ирнэ... энэ мэдээг мал эмнэлэг суманд, сум нь Хүнс хөдөө аж ахуйн газарт, уг газар аймагт, аймаг нь улсад мэдээлдэг... ийм байхад нэхэмжилсэн гэм хорын хэмжээг багасгасан нь үндэслэлгүй... давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулаагүй.... иймд “Өндөр хүр” ХХК, Д.Бужмаагаас 5,544,000 төгрөг, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 5,544,000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2,772,000 төгрөг гаргуулж өгнө үү....” гэжээ.

     Хариуцагч Булган аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар гомдолдоо “... Нэхэмжлэгч  гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан... хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй...иймд хяналтын журмаар хэргийг хэлэлцэж өгнө үү ...” гэсэн байна. 

    Хариуцагч Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар гомдолдоо “... нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад гомдлыг хэлэлцсэн... хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй....” гэжээ.

   Хариуцагч “Өндөр хүр” ХХК хяналтын гомдолдоо “... шинжилгээгээр цусан халдварт өвчин гэж оношлогдсон тул... тусламж үйлчилгээг заавар, журмын дагуу авч вакцинжуулалтыг технологийн дагуу хийсэн...цусан халдвар өвчний үед вакциныг 14 хоногийн зайтай 2 удаа тариад л дархлаажуулалт болдог ба үүнээс цааш хийх эмчилгээ байхгүй... очиход малчин Р- үхсэн малыг хотоос зайлуулаагүй, хотын эрүүл ахуй муу байсан ...албадан малын сэг зэмийг зайлуулуулах боломжгүй.... цусан халдварын.. үед мал, амьтан толгой дараалан өвчлөхгүй... мал, амьтан тэжээл, усны хомсдолтой олон хоног байх, хэвтэр бууц нимгэн, хөлдсөн, гадаад орчны тааламжгүй нөхцөл/ хүйтэн, халуун гэх мэт/ -ээс хамааран өвчилдөг... маш их цас унасан, малын бэлчээр нүд гараагүй, өвсгүй болсон, мал услах усгүй, ажиллах хүч байхгүй, мал нь маш их эцэж турсан байсан.... зудтай байсан нөхцөл байдал, малчны хариуцлага, малын арчилгаа маллагаанд хариуцлагагүй хандсан, өвс тэжээлээ татаж авч чадаагүй, ажиллах хүчгүй байснаа өөрсдөө зөвшөөрч нэхэмжилсэн дүнгээ бууруулсан... зөрчилтэй холбогдуулж авсан арга хэмжээ нь гэм хорын хохирол учруулсан гэж зөвшөөрсөн зүйл биш.... хэрэгт гэм хортой холбоотой баримт байхгүй.... Д-ын охин Ургамал МХЕГ-ын худалдаа үйлчилгээний хяналтын улсын байцаагчаар олон жил ажилласан нь МХГ-н дүгнэлттэй  холбоотой гэж хардахаар байдаг... 44 толгой мал хорогдсон гэдгийг тогтоосон байгууллага байхгүй... хэн дуртай нь халдварт өвчнөөр мал үхлээ гэдгийг яриад бичээд байдаг зүйл биш.... учраас малын тоон дээр маргаагүй.... статистик үзүүлэлтээр зөвхөн Булган сумын 1-р багт 2017 онд 44 үхэр өвчнөөр хорогдсон мэдээ байдаг гэтэл Р-гийнх Орхон сумын бүртгэлтэй айл бөгөөд зөвхөн эдний мал байх боломжгүй Булган сумын 1-р багт малтай өрх олон бий...” гэжээ.

    Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2017-05-17-ны өдрийн 8/1526 дугаартай албан бичиг /хх1-н 18-21/-г  үндэслэсэн нь дутагдалтай болжээ.

   Шүүх хэрэгт буй нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлж шийдвэр гаргана. Гэтэл давж заалдах шатны шүүх дээр дурдсан баримтыг бусад баримттай нь харьцуулсан дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлд нийцээгүй байна.

    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар Т.Цэндэд хүргүүлсэн 2017-05-17-ны өдрийн 8/1526 дугаар албан бичигтээ “...Өндөр хүр ХХК-ийн малын эмч Д.Бужмаа нь ...цусан халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн үед авч хэрэгжүүлэх өвчтэй малыг ялган тусгаарлах, эмчилгээ хийх, хашаа хороо байр саравч тоног хэрэгсэл зэргийг халдваргүйжүүлэх, сэг зэмийг устгах зэрэг шаардлагатай арга хэмжээг аваагүй байна....үзлэгийн талаар ...дуудлагын журналд бичээгүй...тариа хийхийг зөвлөөд явсан байна...жор бичээгүй..эмийн зааврын дагуу эмчилгээ хийгээгүй байна...шинжилгээ хийсэн протоколыг стандартын дагуу хөтлөөгүй, загвар дээж аваагүй..баталгаажуулах шинжилгээ хийлгээгүй..өсгөврөө устгасан ..нь шинжилгээний үр дүнг нотлох баримтгүй тул сорилын дүнг хүчинтэй гэж үзэх боломжгүй...болгосон...халдваргүйжүүлэх арга хэмжээ аваагүй....зааврын дагуу эмчилгээ хийгээгүй....МХГ мал эмнэлгийн улсын байцаагч Б.Алтанбулаг нь газар дээр нь очиж шалгалт хийгээгүй...холбогдох бичиг баримтыг хөтлөөгүй...23 үхэр хорогдсоныг нягтлаагүй дүгнэлт гаргасан....вакцин хийсэн гэх үндэслэлгүй...дүгнэлтээ ташаа бичсэн...малын сэг зэмийг устгасан гэдэг нь нотлогдохгүй байна...Д.Р-гийнд очиж нөхцөл байдалтай танилцахад их хэмжээний зэг сэм байсныг устгах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авлаа...шаардлагатай арга хэмжээг аваагүй ..тул халдварт өвчин тархах боломжийг бүрдүүлж, мал хорогдоход нөлөөлсөн байна...” гэжээ.

    Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-т Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь акт, дүгнэлт, шаардлага зэргийг гаргах эрхтэй байхад зөрчлийн талаарх баримтыг бус, харин албан бичгийг төлбөр гаргуулах үндэслэл болгосон нь буруу болжээ.

    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2017-05-17-ны өдрийн 8/1526 дугаартай албан бичигт заасныг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

   Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2017-05-07-ны өдрийн 06-02-008/32 дугаартай албан шаардлагад дурдсан зөрчил нь Өндөр хүр ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой тул бусад хариуцагч нарт холбогдох шаардлагыг нотлохгүйгээс гадна нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой эсэх нь тодорхойгүй буюу 2017 оны хяналт шалгалтыг  төлөвлөгөөний дагуу явагдсан үйл ажиллагааны хүрээнд гарсан албан шаардлага байна.

    Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

    2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь баримтад үндэслэгджээ.  

    Нэхэмжлэгч нар нь “...эхний 4 үхэр цусан халдвар өвчнөөс болж хорогдсон нь   тогтоогдсон... түүнээс буюу 2017-02-24-ний өдөр эхний вакцин хийснээс хойш 18 үхэр... 2017-03-08-ны өдөр дараагийн вакцинаас хойш 26 үхэр нийт 44 үхэр хорогдсон...” гэх боловч уг 44 үхэр нь цусан халдвар өвчнөөс болж хорогдсон гэх баримт хэрэгт байхгүй  байна. 

   Тодруулбал, 2017 оны 02 дугаар сарын 17,19,20-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн малд эмчилгээ хийгдсэн байна /хх1-н 53, 169/ Шинжилгээний экспертизийн 2017-02-21-ний өдөр 16/16, 2017-03-10-ны өдөр 31/34 дугаар хариу гарсан бөгөөд халдварт өвчин үүсгэгч илрээгүй /хх1-н 92-93, 94-95/ гэжээ. 2017-02-24-ний өдрийн “халдваргүйжүүлэлт хийсэн “№1 актад нэхэмжлэгчийн хашаа,хороо бууц зэрэгт халдваргүйжүүлэлт хийсэн /хх1-н 160/ талаар мөн гэрч Г.Жамсранжав /хх2-н 13-14/, малын сэг зэмийг устгаагүй, мөн тэжээл бага байсан талаар гэрч /хх2-н 15-16/ Б.Алтанбулаг, Д.Нарантуяа /хх2-н 18-19/ нар тус тус мэдүүлсэн бөгөөд эдгээрийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

    Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

    Нэхэмжлэгч нарын 44 үхэр хорогдсонд хариуцагч нар гэм буруутай нь, учирсан гэх  хохирол нь хариуцагч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдоогүй байна.

    Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497,498, 510 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ. 

    Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гомдлыг хангаж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. 

    Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зарим заалтыг хэрэглээгүй нь дутагдалтай болжээ. 

    Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

    Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.

     Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүй нь дутагдалтай байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 713 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “... 498.2..” гэснийг “... 498.1,  498.2..” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын   гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 78,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Өндөр хүр” ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 67,750 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ