Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

   2022          04            15                                  2022/ШЦТ/59

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

 Хохирогч Г.Ц

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо

 Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цийн Жөд холбогдох эрүүгийн ........0 дугаартай хэргийг 2022 оны ... дугаар сарын ............-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ................

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ..... оршин суух хохирогч Г.Цийн гар болон хөлөн тус газар заазуураар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Ц.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр орой юу болсныг сайн санахгүй байна, эрүүлжүүлэхээс өглөө гарснаа санаж байна. Гэм буруугаа ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Г.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өглөө Жийг унтаад босохгүй байхаар нь би янз бүрээр хэлж загнасан. Шөнө түчигнээд орж ирэхээр нь гал дээр хоол хийгээд тавьсан байгаа, тэрийг идээрэй гэж өндийж харчихаад архи уугаагүй зүгээр байна гэж бодсон. Бие засах гээд хажуугаар нь гарсан чинь архи сэнгэнэхээр нь уур хүрээд чи ер нь ямар учиртай болоод архи уугаад байгаа юм гэж хэлээд өмдөө өмсөх гээд доошоо тонгойход нэг зүйл гартаа бариад далайсан. Ширээн дээр байсан заазуур аваад баахан цохисон. Би орон дээр ойчоод хөл, гараараа хамгаалсан. Эмнэлэгт ирээд ухаан алдсан, тухайн үед ээж нь цагдаа дуудсан байсан. Хүүг маань цагдаа ирээд авч явсан байсан. Ерөнхийдөө би нар Ц.Жийг хүмүүжүүлэх гэж 2 дээд сургуульд оруулсан боловч янз бүрийн шалтаг тоочиж байгаад сургуулиа хаясан. Өмнө нь ийм хүүхэд байгаагүй, сэргэлэн, цовоо байсан. Аргаа бараад цэрэгт явуулж, цэргээс халагдаж ирэхээр нь Солонгос улс руу дагуулж явж хамт ажил хийсэн. Солонгос улсад үлдэж хэдэн сар болохдоо тархи, толгойдоо гэмтэл авсан уу, цэрэгт байхдаа хүнд зодуулсан уу, эсвэл их сургуульд суралцаж байхдаа сахилгагүйтэж ийм байдалд орсон уу, бид нартай 7 хоногт 5 үг ярьдаг, дүмбийж, гөлийгөөд сууж байдаг болсон. Юм хэлэхээр өөдөөс хараад инээдэг  байдлаас нь болж хэрүүл маргаан гардаг. Ээж нь энэ жил өндөр насны тэтгэвэртээ гарна. Бид хоёр  хоорондоо ярилцаж хүүгээ тууштай эмчилгээнд явуулахаар ярилцсан. Ц.Жийг эмнэлэгт үзүүлэхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч тархины хавдартай, гадны нөлөөнөөс болсон байна гэсэн. Миний хүүхэд ийм байгаагүй, сэргэлэн цовоо, сурлага сайтай байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд гэртээ за, үгүй гэсэн үг хэлээд бусад үед таг дуугүй байдаг болсон. Би хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлж, буруу арга барилаар хүмүүжүүлсэн. Би залуудаа бага биш алдаа гаргаж, архи, согтууруулах ундаа хэрэглэж, шүүхийн хаалга татаж байсан. Би өөртөө дүгнэлт хийж чадахгүй байдлаасаа болж хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлж, буруу аргаар хүмүүжүүлсэн. Би өөрийгөө ойлгож, сүүлийн үед хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх гэж тамхинаас яаж гардаг талаар заасан. Ноднин жилээс эхэлж архи уухаа больж, зан араншны өөрчлөлт хийж байгаа. Миний хувьд хүүхдэдээ гомдсон зүйл байхгүй. Яагаад гэвэл миний буруу арга барил, буруу үйлдэл, буруу үлгэр дуурайллаас болж ийм байдалд хүрсэн гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж орж ирээд бууз жигнэж идэх гэтэл аав нь шөлтэй хоол хийчихсэн байгаа наад шөлтэй хоолноосоо ид буузаа цагаан сараар хэрэглэхээ бод гэж хэлээд аав нь босоод өмдөө өмссөн чинь гэнэт пижигнэлдээд явчихсан ширээн дээр байсан заазуурыг Ж аваад аавыгаа заазуураар хэд хэд цохисон ....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 1 дүгээр тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 3-7 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны ........ дугаар сарын .........-ны өдрийн ............ дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 62 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө .......од хохирогч Г.Цийн гар болон хөлөн тус газар заазуураар цохиж, баруун сарвууны шөрмөсний тасрал, шивнүүр ясны хугарал, баруун сарвуу, гуя, шагай, зүүн шуу, өвдөг, шагайн шарх” бүхий гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

 

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Бие засах гээд хажуугаар нь гарсан чинь архи сэнгэнэхээр нь уур хүрээд чи ер нь ямар учиртай болоод архи уугаад байгаа юм гэж хэлээд өмдөө өмсөх гээд доошоо тонгойход нэг зүйл гартаа бариад далайсан. Ширээн дээр байсан заазуур аваад баахан цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...аав нь босоод өмдөө өмссөн чинь гэнэт пижигнэлдээд явчихсан ширээн дээр байсан заазуурыг Ж аваад аавыгаа заазуураар хэд хэд цохисон ...”гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны ....... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ....... дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгч нь хохирогчтой нэг гэрт хамт амьдардаг, гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай төрсөн аав, хүү боловч хохирогчид учирсан уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ц.Ж нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Ц нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Ц.Жийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Жийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Улсын яллагчаас Ц.Жөд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож өгнө үү гэсэн ялын саналыг тус тус гаргажээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Жөд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал/биеийн эрүүл мэнд/, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...миний хувьд хүүхдэдээ гомдсон зүйл байхгүй. Яагаад гэвэл миний буруу арга барил, буруу үйлдэл, буруу үлгэр дуурайллаас болж ийм байдалд хүрсэн” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хүрэн бор өнгийн модон бариултай төмөр заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Д.Цийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жөд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жөд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.          

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Жөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 6.Шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн модон бариултай төмөр заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН