Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

  2022        04            15                                    2022/ШЦТ/60  

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн  прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хнд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2022 оны ............-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...............

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ........ тоотод хохирогч У.Мын нүүрэн тус газар гараараа цохиж эрүү ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэрт байж байхдаа У.М ахын 3 хүүхдийг айлгаж уйлуулахаар нь боль хүүхдүүд айгаад байна гэхэд чи тийм том болчихсон юм уу гэхээр нь хоёулаа гаръя гэж гаргаад чи согтчихсон байна одоо гэр рүүгээ явчих гэхэд намайг ахынхаас минь хөөдөг хэн бэ гэж хэлсэн. Би төрсөн ахындаа байна чи зүгээр харьж амар, согтчихсон байна гэхэд намайг 2 удаа цохихоор нь биеэ хамгаалах зорилгоор зөрүүлээд цохисон гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч У.Мын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдэн цагийн орчимд С ахынхаас гарсан болон гадаа нь хэр удсанаа тодорхой санахгүй байна. "... Надад яллагдагч Хаас нэхэмжлэх зүйл байна. Миний эмчилгээ, шинжилгээ болон Улаанбаатар хот руу ээж, эхнэрийн хамт явсан зардал эм тангийн мөнгө зэрэг 361.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид миний эрүү хадуулсан мэс заслын зардлыг иргэний журмаар шүүхээр нэхэмжилнэ. Миний эрүү хадуулах эмчилгээний зардал ойролцоогоор 3.000.000 орчим болох байх...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 05-06, 44 дүгээр тал),

 

Гэрч Д.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...... тоотод байдаг гэртээ манай хөгшин Б, бэр С нар байж байтал 17 цаг өнгөрч байхад манай хүү Мыг нэг залуу дагуулчихсан ирээд “би Болдоог зодсон юм” гэж хэлээд гэрт үлдээчхээд яваад өгчихсөн. Юунаас болж хоорондоо маргалдаж муудалцсанаа огт хэлээгүй, харин тэр залуу нь би ганцхан удаа цохисон шүү, харин наадах чинь ухаан алдчихаад босоод ирэхэд эрүү нь хөдөлж болохгүй болчихсон байсан шүү гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 8 дугаар тал),

 

Гэрч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мын мотоциклыг нь гэртээ оруулж байгаад цахилгааны монтажийг нь янзлаад, амортизаторыг нь цэнэглэх гэтэл гэнэт уурлаж бухимдаад янзалж дуусаагүй байхад мотоциклоо аваад гарсан. Би тухайн үед гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байсан чинь зүс таних Ганпүрэв гэх залуу ирээд маргалдаж байгаад Ганпүрэв нь явчихсан. Тэгэхээр нь би 16 цагийн цагийн орчимд Мын ээжийнх нь гэр лүү очиж “хүүхэд чинь болохгүй байна, хүүхдээ ирж ав” гэж хэлтэл Мын аав нь “хэрэггүй ээ, тэгээд орхичих” гэж хэлэхээр нь буцаад явчихсан юм. Буцаж ирээд Мыг яв гэж хэлтэл явахгүй, хүүхдүүд айлгаад байхаар нь манай төрсөн дүү Хтай маргалдаад эхэлсэн бөгөөд “чи ийм том болчихсон юм уу, чи яадаг болчихсон юм” гэх мэтээр хэрэлдээд зууралдаад гаръя гэж хэлээд гарцгаачихсан, харин тэр хоёрын араас Хы эхнэр М гарсан. Би тухайн үедээ согтчихсон байсан болохоор гэртээ үлдсэн ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумаас ирээд хамтран амьдрагч Б.Хы хамт Б ахынх нь гэрт очиж хоносон юм. Тэгээд маргааш өглөө 09 цаг өнгөрч байхад У.М нь 0,5 литрийн Ерөөл нэртэй архитай ирээд Бтай хувааж уучихаад ойролцоогоор 10 цаг өнгөрч байхад гараад өдөр 12 цагийн орчимд ирэхдээ 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг авчраад Б, манай хамтран амьдрагч Х нартай хамт ууцгаасан. ... Тэгтэл Сгийн 3 хүүхэд нь айгаад уйлаад байсан чинь манай хамтран амьдрагч Б.Х дагуулаад гэрээс гарсан. ... Манай хамтран амьдрагч Б.Хыг У.М гэгч нь цохиж авахад нь уурандаа зөрүүлээд шанаа орчимд нь 2-3 удаа цохиход нь би салгаж болиулсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ,,,, дугаартай дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 20 дугаар тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 45 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ........ тоотод оршин суух С.Бы хашаанд  хохирогч У.Мын нүүрэн тус газар гараараа цохиж эрүү ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч У.М, гэрч Д.У, С.Б, Э.М нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 02/076 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/076 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж,хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Улсын яллагчаас “яллах дүгнэлтийг хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлт үйлдсэн прокурор шилжин явж, хэрэг өөр прокурорын хяналтад ирж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн гэм буруугийн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогчийг архи ууснаас үүдэн өөрийгөө авч явах чадвар сул, өөрийнх нь эсрэг эсэргүүцэл үзүүлэх, биеэ хамгаалах оролдлого хийх чадваргүй байсан, үүнийг мэдсээр байж зодож гэмтээн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрч Э.М, Г.Энхзаяа, С.Б нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн яллах дүгнэлтэд шүүгдэгчийг уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлийн аль заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхойгүй байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж дүгнэлт гаргасан улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч  Б.Х  нь хохирогч У.Мын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хохирогчоос 361,595 төгрөгийн эмчилгээний зардлын нотлох баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн ба нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гаргуулан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч У.М нь эхнэр, ээж хоёртойгоо явсан замын зардал 50,895 төгрөгийг төлөх үндэслэлгүй, өөрөө ганцаараа явж эмчлүүлэх боломжтой” гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогчийг ганцаараа биеэ эмчлүүлэх боломжтой талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдлаас асаргаа халамж зайлшгүй шаардлагатай байсныг үгүйсгэсэн баримтгүй, түүний эрүүний яс хугарснаас бусадтай харилцахад ямар нэгэн хүндрэл учрах боломжтой гэж үзэх нөхцөл байдал харагдаж байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй ба хохирогч нь цаашид эрүү хадуулах хагалгаанд орох 3000000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэзээ, хэдэн төгрөгийн төлбөртэй, ямар хагалгаанд, хаана орох эсэх нь тодорхойгүй, нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь тодорхой бус /тооцож гаргасан баримтгүй/ байх тул энэ шүүх хуралдаанаар хохирлыг тооцон гаргах боломжгүй байна гэж үзлээ. Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч У.Мод шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохирлын баримтыг шүүхэд хүргүүлнэ гэсэн боловч ирүүлээгүй мөн шүүх хуралдаан хойшлуулахаар бичгээр хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Улсын яллагчаас Б.Хд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс торгох ял оногдуулж  өгнө үү гэсэн ялын саналыг тус тус гаргажээ. 

Шүүхээс улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал/ эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид хохирол төлөөгүй/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

 1.Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй. 

  

 2.Шүүгдэгч Б.Хныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.     

 

           6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 361595 төгрөгийг гаргуулж хохирогч У.Мод олгож, цаашид эмчлүүлэх 3000000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 8.Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН