| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0060/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/61 |
| Огноо | 2022-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.С Цид холбогдох эрүүгийн 2119000000227 дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............ С.Ц
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн .......... тоотод оршин суух хамтран амьдрагч Д.Мтай маргалдаж гараараа цээж болон гар луу нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр хоёулаа хамт уусан. Уугаад муудалцсан намайг энд тэнд самардсан. Хоёулаа уусан байсан болохоор үл ойлголцол үүсэж маргалдсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө С.Ц босоод дэлгүүр гарч идэж уух юм аваад ирье гээд ирэхдээ 4 ширхэг том 2.5 литрийн пиво болон ундаа зэрэг зүйл авчирсан байсан. Тэгээд С.Ц тус өдрийн 11 цагаас хойш дэлгүүрээс авч ирсэн 4 ширхэг пивоо нэг нэгээр нь задлаад ууж эхэлсэн ба чи яагаад надаас салах гээд байгаа юм, мөн ажлынхаа хүмүүстэй байн байн гарч ороод байгаа юм бэ гээд тэр л өдөржин хэрүүл хийгээд байсан ба орой 18 цагийн үед авчирсан 4 ширхэг пивоныхоо 3 ширхгийг уусан байсан ба С.Ц нь миний толгой болон нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохисон ба С.Ц нь чи намайг ярихад дуугарахгүй гэхээр нь намайг хариулахад чи битгий худлаа шаагаад бай гэх мэтчилэн хэл амаар доромжилсон бөгөөд халуун усаар дарж байсан бэлэн гоймонгоо миний өөдөөс цацсан. Тэгээд намайг хэл амаар доромжлох нь үргэлжилсээр байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 цаг хүртэл намайг унтуулаагүй дарамталсан. Тус өглөө 11 цаг өнгөрөөгөөд С.Ц сэрэхдээ бас хэл амаар доромжлоод намайг шалан дээр унагаагаад 2 өвдгөөрөө миний 2 мөрний хэсэгт дараад хөдөлгөөнийг хориод 2 гараа зангидаж байгаад миний цээжний хэсэгт хэд хэдэн удаа цохисон ба зүүн талын хавирганы хэсэгт баруун гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон, мөн 2 гарын булчин дээр хэд хэдэн удаа цохиж гэрээс гаргахгүй хэл амаар доромжилсон хэвээр байсан. Өмнө нь цохиж зодсон зүйл байхгүй ээ харин байнга ажлын газрын хүмүүс болон найз нөхөдтэй минь хардаж хэл амаар доромжилдог байсан ба миний төрсөн өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бас намайг хардаж хэл амаар доромжлон цагдаа дуудсан байгаа. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний биед С.Ц гар хүрсэн... гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 5-7 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны .. дугаартай “...Д.Мын биед баруун нүдний дээд доод зовхи, цээж баруун бугалга, зүүн бугалгын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 18 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 56 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн .......... тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Д.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүнтэй маргалдаж гараараа цээж болон гар луу нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 цаг хүртэл намайг унтуулаагүй дарамталсан. Тус өглөө 11 цаг өнгөрөөгөөд С.Ц сэрэхдээ бас хэл амаар доромжлоод намайг шалан дээр унагаагаад 2 өвдгөөрөө миний 2 мөрний хэсэгт дараад хөдөлгөөнийг хориод 2 гараа зангидаж байгаад миний цээжний хэсэгт хэд хэдэн удаа цохисон ба зүүн талын хавирганы хэсэгт баруун гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон, мөн 2 гарын булчин дээр хэд хэдэн удаа цохиж гэрээс гаргахгүй хэл амаар доромжилсон хэвээр байсан.... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...Д.М анх манайд ирэхдээ Ц намайг зодсон гээд цээжний хэсэгтээ хөхөрсөн болон баруун нүд, зүүн шанааны хэсэгт бага зэрэг хөхөрсөн байснаа үзүүлсэн. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны .. дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.Мыг хэл амаар доромжлон түүний биед баруун нүдний дээд доод зовхи, цээж баруун бугалга, зүүн бугалгын цус хуралт гэмтэл буюу хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Түүнчлэн шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Цийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх оногдуулахаар дүгнэлт гаргасан. Шүүгдэгч С.Ц өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч С.Ц нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн ......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.С Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Цид оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН