Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/01328

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/01328

            Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан нисэх буудлын хажууд байрлах “Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа дэнжид байрлах “Иргэний нисэхийн ерөнхий газар”-т холбогдох,  

Илүү цаг хүнд нөхцөлд ажилласан хөдөлмөрийн хөлсийг нөхөн гаргуулах, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажлын цагийг багасгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Техник хангалт навигацийн үйлчилгээний албаны  үйлдвэрчний эвлэлийн хороо” шүүхэд гаргасан хүсэлтдээ: “танай шүүхэд хянагдаж байгаа илүү цаг хүнд нөхцөлд ажилласан хөдөлмөрийн хөлсийг нөхөн гаргуулах, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажлын цагийг багасгах тухай хэрэгт талууд 2017.05.22-ны өдөр 35/17 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэг талаас тус газрын харьяа Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны үйлдвэрчний эвлэлийн хороо /цаашид нэхэмжлэгч гэх/, нөгөө талаас Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид хариуцагч гэх/ харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж буй “илүү цаг хүнд нөхцөлд ажилласан хөдөлмөрийн хөлсийг нөхөн олгуулах, гаргуулах, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажлын цагийг багасгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт дараах байдлаар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

1.Нэхэмжлэгч нь 57 инженерүүдийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх олгогдоогүй илүү цагийн хөлсийг олгуулах, гаргуулах, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажлын цагийг багасгах, 2016 оны 08 дугаар сарын 25-ны А/76 тоот “Үйл ажиллагааны зааварт өөрчлөлт оруулах тухай” тушаалын үйл ажиллагааны зааврын 6.17, Ээлжийн бүрэлдэхүүний ажиллах журмын 6.17, 3.3, 6.17.3.4 дэх заалт нь бусад заалттайгаа зөрчилдсөн тул хүчингүй болгуулах, шинэчилсэн хамтын гэрээний 5.2 “Ээлжийн зохион байгуулалтаар ажиллах ажилтанд энэ заалт хамаарахгүй” гэсэн заалтыг хасуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзана.

2.Хариуцагч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

1.Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр инженерүүдийн тухайн сард ажилласан ээлжийн хуваарийг үндэслэн 20 илүү цагтай тэнцэх хээрийн нэмэгдэл хөлс олгоно. /Хээрийн нэмэгдэл гэдгийг илүү цагийн хөлс гэж ойлгоно/,

2.Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа байгууллагуудад 2016-2017 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд: Тав. Хөдөлмөр зохион байгуулалт хэсэгт “5.9. Ажпын онцлогоос хамаарч радиолокатор болон цахилгааны ээлжийн инженерүүдэд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйл, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, ‘Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно”, гэсэн заалтын дагуу сар бүр хорин илүү цагтай тэнцэх хэмжээний хээрийн нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалт оруулж, цаашид хамтын гэрээ сунгагдах бүрт энэхүү заалтыг хэвээр үлдээнэ.

Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд “ажилтнуудын хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн 10 хувийн нэмэгдэл хөлснөөс гадна илүү цагийн хөлсийг 20 цагаар тооцож олгоно. Энэхүү 20 цагийн илүү цагийн хөлсөнд ажилтанд олгох бүх нэмэгдэл хөлс, нэмэгдүүлсэн цалин хөлс багтсан болно. 20 цагийн нэмэгдэл хөлснөөс гадна өөр нэмэгдэл хөлс, нэмэгдүүлсэн цалин хөлс олгохгүй болно./Үүнд: илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс орно./

Радиолокаторын алслагдсан байгууламжуудын ажлын байрны хэвийн бус нөхцлийг харгалзан ээлжийн инженерүүдийн 08,00-20,00 цагт ажиллах цагийг 10 хоног радар сайт дээр хоногийн 12 цагаар ажиллаж нийт 120 цаг ажилласныг ирж очих зам хоногийн 8 цагтай нэгтгэн 136 цагийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйл, ажлын цагийг богиносгох, 71 дүгээр зүйлийн 71.2. Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй гэсэн заалтын дагуу богиносгон тооцож 160-184 цаг ажилласнаар тооцох.

Радиолокаторын алслагдсан байгууламжуудын хэвийг ажиллагааг хангахын тулд амралт, хувийн хэрэгцээний цагаар гэмтэл гарсан үед дуудагдан ажиллах ба ийнхүү ажиллахад илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс нэмж тооцохгүй” гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны үйлдвэрчний эвлэлийн хороо” нь илүү цаг хүнд нөхцөлд ажилласан хөдөлмөрийн хөлсийг нөхөн гаргуулах, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажлын цагийг багасгахыг шаардсан нэхэмжлэлийг Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, 2017.05.22-ны өдөр 35/17 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээг бүрэн эхээр нь энэ захирамжийн тодорхойлох болон захирамжлах хэсэгт тусгасан болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, мөн 106.5-д “энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж тус тус заасан байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон 

                                                                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар талууд харилцан тохиролцож, Нэхэмжлэгч нь 57 инженерүүдийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх олгогдоогүй илүү цагийн хөлсийг олгуулах, гаргуулах, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажпын цагийг багасгах, 2016 оны 08 дугаар сарын 25-ны А/76 тоот “Үйл ажиллагааны зааварт өөрчлөлт оруулах тухай” тушаалын үйл ажиллагааны зааврын 6.17, Ээлжийн бүрэлдэхүүний ажиллах журмын 6.17, 3.3, 6.17.3.4 дэх заалт нь бусад заалттайгаа зөрчилдсөн тул хүчингүй болгуулах, шинэчилсэн хамтын гэрээний 5.2 “Ээлжийн зохион байгуулалтаар ажиллах ажилтанд энэ заалт хамаарахгүй” гэсэн заалтыг хасуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзана, 2.Хариуцагч дараах үүргийг хүлээнэ. Үүнд: 1.Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр инженерүүдийн тухайн сард ажилласан ээлжийн хуваарийг үндэслэн 20 илүү цагтай тэнцэх хээрийн нэмэгдэл хөлс олгоно. /Хээрийн нэмэгдэл гэдгийг илүү цагийн хөлс гэж ойлгоно/, 2.Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа байгууллагуудад 2016-2017 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд: Тав. Хөдөлмөр зохион байгуулалт хэсэгт “5.9. Ажлын онцлогоос хамаарч радиолокатор болон цахилгааны ээлжийн инженерүүдэд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйл, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, ‘Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно”, гэсэн заалтын дагуу сар бүр хорин илүү цагтай тэнцэх хэмжээний хээрийн нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалт оруулж, цаашид хамтын гэрээ сунгагдах бүрт энэхүү заалтыг хэвээр үлдээнэ Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд “ажилтнуудын хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн 10 хувийн нэмэгдэл хөлснөөс гадна илүү цагийн хөлсийг 20 цагаар тооцож олгоно. Энэхүү 20 цагийн илүү цагийн хөлсөнд ажилтанд олгох бүх нэмэгдэл хөлс, нэмэгдүүлсэн цалин хөлс багтсан болно. 20 цагийн нэмэгдэл хөлснөөс гадна өөр нэмэгдэл хөлс, нэмэгдүүлсэн цалин хөлс олгохгүй болно./Үүнд: илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс орно/, Радиолокаторын алслагдсан байгууламжуудын ажлын байрны хэвийн бус нөхцлийг харгалзан ээлжийн инженерүүдийн 08,00-20,00 цагт ажиллах цагийг 10 хоног радар сайт дээр хоногийн 12 цагаар ажиллаж нийт 120 цаг ажилласныг ирж очих зам хоногийн 8 цагтай нэгтгэн 136 цагийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйл, ажпын цагийг богиносгох, 71 дүгээр зүйлийн 71.2. Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй гэсэн заалтын дагуу богиносгон тооцож 160-184 цаг ажилласнаар тооцох, Радиолокаторын алслагдсан байгууламжуудын хэвийг ажиллагааг хангахын тулд амралт, хувийн хэрэгцээний цагаар гэмтэл гарсан үед дуудагдан ажиллах ба ийнхүү ажиллахад илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс нэмж тооцохгүй”  байхаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Иргэний нисэхийн ерөнхий газар”-аас 70 200 төгрөгийг гаргуулж “Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны үйлдвэрчний эвлэлийн хороо”-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.09.05-ны өдөр төлсөн 70 200  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ