Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

 

 

 

 

 

 

    2022       02         28                                   2022/ШЦТ/189

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч О.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Нд холбогдох эрүүгийн 2111 01537 0102 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн ОН, 1998 оны 04 дүгээр сарын 14ий өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 13-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Гифт центрт байх оффист иргэн Э.Ундрахтай цалин өгөхгүй байна гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож түүнийг үсдэх, өшиглөх зэргээр зодож биед нь зулайн хуйх, зүүн гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 4 дүгээр хурууны шарх, зүүн хацар, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч О.Нгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/ “Би Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо Роял гитп ХХК-нд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын сүүл хүртэл, хүний оронд заримдаа очиж худалдагчаар цагийн ажил хийдэг байсан. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний цалин данс руу шилжин орох ёстой байсан боловч ороогүй, тэгэхээр нь би нягтлан руу залгаж ярихад намайг 1 авдар Heineken пиво дутаасан байна гэсэн. Ингээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд дүү Хулангийн хамт дутаасан гэх барааны учрыг олоод цалингаа авах гээд захирал Баярмагнайгийн өрөөнд ороод дутаасан гэх 1 авдар Heineken пиво ямар учиртай болохыг асуутал захирал Баярмагнай ямар ч байсан хоёулаа хяналтын камерын бичлэг үзье гэсэн. Тэгээд захирал болон дүү Хулангийн хамт нягтлангийн өрөөг онгойлгож ороод бид гурав хяналтын камерын бичлэг үзэх гээд байж байтал гаднаас захирлын эхнэр Ундрах гэх эмэгтэй орж ирээд дүү бид хоёрыг та хоёртой ярих юм байхгүй, миний компаниас зайл гээд хөөсөн. Тэгэхээр нь би хяналтын камерын бичлэг үзэж бараа дутуу хүлээж авсан эсэхээ мэдээд дараа нь цалингаа авах гээд дахин хяналтын камер шүүмээр байна гэхэд “чи зүгээр гар зайл эцэг эхдээ гологдсон, гудамжны хулгайч, эцэггүй хүүхэд төрүүлсэн янхан” гэж хэлээд миний нүүр лүү алгаараа түлхээд үснээс зулгааж доош дарахаар нь би бас үсдээд авахад Баярмагнай захирал дундуур орж ирээд салгах гээд намайг тэврээд гарыг минь хагас барьчихсан байсан ба энэ хооронд Ундрал хөлөөрөө миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн ба зөрүүлээд өшиглөх гэтэл миний хөл хүрээгүй ба Ундрал намайг өшиглөж байгаад өөрөө газар уначихсан юм. Тэгээд Баярмагнай захирал дундуур ороод болиулаад байсан ба Ундрах босч ирээд цагдаа дуудсан юм ...Би цамцных нь энгэрээс зулгааж байхдаа цээж хэсгийг нь гараараа майжсан. Харин зүүн гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 4 дүгээр хурууны шарх мөн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал зэрэг нь бид хоёрыг барьцалдаж, ноцолдох үед үүссэн гэж би бодож байна ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Ундрахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 16 дугаар тал/ “...Тухайн өдөр ажил дээрээ байж байтал 16 цагийн орчимд манай байгууллагад урьд өмнө нь ажиллаж байсан Номин, Хулан нар манай нөхөр Баярмагнайтай ирээд уулзаж байхаар нь би Номинд хандаж бараа дутаасан байсан талаар мөн залгахаар гар утсаа авахгүй байсан талаар нь хэлтэл Номин чамтай яриад байх юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд би гарч яваад ажлаа хийж байгаад эргэж орж иртэл тэр гурав байхгүй байхаар нь нягтлангийн өрөөнд ортол манай нөхөр Хулан, Номин гурав дутсан барааны тооцоог үзэж байсан. Би тэр үед тухайн өрөө рүү ортол чамтай ярих юм байхгүй гэж хэлээд намайг мөрөөрөө мөрлөсөн түүнээс болж бид хоёр бие биенээсээ барьцалдаж нэг нэгнийхээ үснээс харилцаж зулгаасан. Мөн миний цамцнаас татаж миний цамцыг урсан юм. Миний аарцаг руу хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Удалгүй нөхөр болон Хулангийн дүү Номин бид хоёрыг салгаж болиулсан юм. Бараа дутаасан, төлбөр тооцоо зөрсөн гэх шалтгаанаар бид маргалдсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Баярмагнайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 20 дугаар тал/ “...Тухайн өдөр 16 цагийн үед оффистоо сууж байтал гаднаас хаалга тогшоод Номин дүү Хулангийн хамтаар орж ирсэн ...манай эхнэр орж ирээд Номинд чи бараа дутуу авсан юм уу эсвэл хувьдаа зарцуулсан юм уу гэж асуухад Номин эхнэр Ундрахын хажуу талаар зөрж өнгөрөхдөө мөрөөрөө мөр лүү нь түлхсэн. Тэр үед манай эхнэр хана налж арагш болсон үргэлжлүүлэн манай эхнэр Ундрахын үснээс 2 гараараа зулгааж доош дарсан. Би тэр үед голоор нь орж болиулах зорилгоор Номингийн 2 гарнаас барихад Номин хөлөөрөө манай эхнэр Ундрахын гуя хэсэг рүү нь өшиглөсөн юм. Мөн цамцнаас нь зулгааж, татаж чангаагаад цамцыг нь урсан юм...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 26 дугаар тал/ “...Ундрах захирал Номин эгчийн зүүн гарын булчин хэсэг рүү гараараа нэг цохиод тэр хоёр шууд бие биеэ үсдэлцээд авсан. Тэр хоёр хоёр биенээ 2-3 удаа цохилцоод авсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №117 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/ “...Э.Ундрахын биед зулайн хуйх, зүүн гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 4 дүгээр хурууны шарх, зүүн хацар, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт, шүүгдэгч О.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар тал/, хохирлын баримт /хавтаст хэргийн 60 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Гифт центрт байх оффист иргэн Э.Ундрахтай цалин өгөхгүй байна гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож түүнийг үсдэх, өшиглөх зэргээр зодож биед нь зулайн хуйх, зүүн гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 4 дүгээр хурууны шарх, зүүн хацар, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд үүсгэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч хохирогчтой маргалдсаны улмаас зодолдож түүнийг үсдэх, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Н нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Н нь хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 480.000 төгрөгийн төлсөн байх ба хохирогч Э.Ундрах нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигон овгийн ОНг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хохирогч Э.Ундрах нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 480.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН