Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

     

    2022         04           25                                      2022/ШЦТ/63

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... Бид холбогдох эрүүгийн 2219000000051 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ....... 10-1 тоотод өөрийн төрсөн эгч Д.Цтэй маргалдан хутгаар баруун шууг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Төрсөн эгч Д.Цтэй гэр  бүлийн маргалдааны улмаас гарыг нь хутгаар зүссэн нь үнэн. Тухайн өдөр би охиноо өмөөрч эгчдээ үг хэлснээс болж маргаан үүссэн. Манай охин Монгол Улсын Их Сургуулийн хуулийн ангид суралцдаг. Охин маань ээж рүүгээ залгаж Ц эгч намайг гуйлгачны охин яахаараа магистрт суралцаж чаддаг юм гээд тавласан үг хэлээд байна гэж хэлээд уйлаад байсан. Би эгчдээ очиж хэлэхэд Ц эгч би тэгж хэлээгүй гээд өөрийгөө өмөөрөөд байсан. Намайг мах идээд сууж байхад Ц эгч ажлын гутлаар миний толгой руу цохиж, хувцас хунар урчих гээд миний хутгатай гартай ноцолдоод байсан. Би куртикээ тунтарчихсан байсан, хутгатай гараа татаад авлаа гэж бодоход гарыг нь зүссэн. ...Ер нь Ц эгч манай эхнэртэй байнга хэрүүл хийж, та нар муусайн гуйлгачид гэж хэлдэг. Гэхдээ би элдэв муу санаа агуулж байгаагүй, талийгаач ээжийн минь оронд ээж болж намайг өсгөж өгснийг бодож би эгчийгээ хүндэлж, хайрлаж явдаг гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би тухайн өдөр 16 цагийн орчимд гэртээ сууж байтал манай төрсөн дүү болох Б манай гэрт орж ирээд “Ц эгч ээ би мах идье” гэж хэлсэн. тэгээд Б ширээний хажууд суугаад хутгаар мах хэрчиж идэж байсан. Б манай гэрт бага зэргийн архи уусан байсан ба энд тэндхийн хов яриад байхаар нь би гар зайл гэж хэлтэл манай дүү миний өөдөөс аягатай хүйтэн шөл цацаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би эгч нь болохоор үүдэн байсан гутлаар толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл Б гартаа бариад мах идэж байсан хутгаараа миний баруун гарын шуу хэсгийг зүсчихсэн. ...Миний баруун гарын шуу хэсэгт 5-6 см орчим зүсэгдсэн байсан. Судас тасарсан гэсэн. Даланжаргалан сумын эмнэлэг дээр иртэл судас тасарсан байна. Манайх оёж чадахгүй гэж хэлээд Сайншанд сум руу явж нэгдсэн эмнэлэг орсон. Нэгдсэн эмнэлэг дээр очоод 8 оёдол тавиулж судас залгуулах эмчилгээ хийлгэсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал)

 

         Гэрч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би тухайн өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан ба 16 цаг өнгөрөөд манай нөхөр Бийн эгч болох Ц нь над руу залгаад “Банзай намайг хутгалчихлаа. Эмч дуудаарай” гэж хэлсэн. тэгээд би багийн эмч Бадамлянхуа руу залгаад ажил дээр нь очоод Бадамлянхуа эмчтэй хамт Ц эгчийн гэрт нь очсон. Гэрт нь очиход Ц эгчийн баруун гарын шуу хэсгээс нь цус гарч байсан ба шалаар нь цус үсэрсэн байсан. Би шалан дээр дусалсан цусыг нь угааж цэвэрлээд Даланжаргалан сумын эмнэлэг рүү авч явсан. Бадамлянхуа эмч өвчин намдаах тариа хийгээд Даланжаргалан суманд оёдол тавих боломжгүй байна, судас тасарсан байна аймгийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд Бадамлянхуа эмч, Ц эгч, Ц эгчийн нөхөр болох А нартай хамт Аийн хувийн машинтай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Ц эгч гал тогооны өрөөндөө ширээний хажууд цус нь гоожсон байдалтай байсан. Нөхөр А нь хажууд нь зогсож байсан. Өөр хүн байгаагүй. Бийг гараад явчихсан гэж хэлж байсан.... Хэдэн цагт гэртээ ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг Сайншанд сумаас 00 цаг өнгөрөөд ирэхэд гэртээ ирчихсэн унтаж байсан. Архи уусан бололтой байсан. Бийг өглөө сэрэхэд нь би “чи өчигдөр Ц эгчийг хутгалчихсан гэдгээ мэдэж байна уу?” гэж асуухад “мэдэж байна” гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй....” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

 

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/083 дугаартай “...Д.Цгийн биед баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт(хавтаст хэргийн 36 дугаар тал),

 

          Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тухай” тэмдэглэл(хавтаст хэргийн 39 дүгээр тал),

  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 43 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ....... 10-1 тоотод өөрийн төрсөн эгч Д.Цтэй маргалдан хутгаар баруун шууг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б ширээний хажууд суугаад хутгаар мах хэрчиж идэж байсан. Б манай гэрт бага зэргийн архи уусан орж ирсэн ба энд тэндхийн хов яриад байхаар нь би гар зайл гэж хэлтэл манай дүү миний өөдөөс аягатай хүйтэн шөл цацаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би эгч нь болохоор үүдэн байсан гутлаар толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл Б гартаа бариад мах идэж байсан хутгаараа миний баруун гарын шуу хэсгийг зүсчихсэн.....” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... би Бадамлянхуа эмчтэй хамт Ц эгчийн гэрт нь очсон. Гэрт нь очиход Ц эгчийн баруун гарын шуу хэсгээс нь цус гарч байсан ба шалаар нь цус үсэрсэн байсан. Би шалан дээр дусалсан цусыг нь угааж цэвэрлээд Даланжаргалан сумын эмнэлэг рүү авч явсан. Бадамлянхуа эмч өвчин намдаах тариа хийгээд Даланжаргалан суманд оёдол тавих боломжгүй байна, судас тасарсан байна аймгийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлсэн.....” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/083 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудасны тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.Цтэй маргалдан түүний биед баруун шууны шарх гэмтэл буюу хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

Түүнчлэн шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эгчийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна: 3.1.1. гэр бүлийн бусад гишүүн.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож улсын яллагчаас  эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Д.Б нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

           

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Б нь 10 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 26 см урттай, 14.5 см урт ажлын хэсэгтэй шар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ....... Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 10 хоногийг  зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас хасч эдлэх ялыг 2 сар 20 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь  2 сар 20 хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

 

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, 14.5 см урт ажлын хэсэгтэй шар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах,улсын яллагч,дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН