Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

 

 

 

 

 

    2022       03         03                                   2022/ШЦТ/198

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Т.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Хд холбогдох эрүүгийн 2211 00000 0264 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Зөөд овгийн ТХ, 1996 оны 03 дугаар сарын 13ы өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, БХТН байрны 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Будхүүтэй маргалдан улмаар толгойн тус газар нь 2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай танил н.Равдан гэх залуу бид нар луу орой ярьсан бөгөөд нэг ахтайгаа муудалцсан талаараа хэлсэн. Тэгээд бид нар очиж авах гэтэл хэд хэдэн хүмүүс байсан. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэчихсэн байсан болохоор цохичихсон юм” гэв.

Шүүгдэгч Т.Хэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/ “ ...намайг очиход Батка Равдан хоёр зууралдчихсан Бука уначихсан байхаар нь би очиж 2 удаа толгой дээр нь дэвссэн түүнээс өөрөөр нийлж зодсон асуудал байхгүй. Харин Баткатай муудалцах үед би түрүүлээд нүүр лүү нь нэг удаа баруун гараараа цохиход Батка зөрүүлж цохисон боловч оноогүй.Тэгэхээр нь би хөлөөрөө нэг удаа жийсэн боловч хаалга налаад зогсчихсон. Би бага зэрэг уучихсан байсан болохоор ийм үйлдэл гаргасан байна. Одоо энэ үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Будхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 6 дугаар тал/ “...Миний бие Б.Будхүү 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ бөөнөөрөө байж байгаад манай ажлын залуу болох Мэндээгийн төрсөн өдөр болоод ажлынхаа гадаа машин дотор 23 цаг 40 минутын орчимд тавуулаа ”Jager master” гэх ногоон өнгийн шилтэй 1 литрийн савалгаатай вискийг уучихаад нэмээд хүний 2,2 ширхэг ногоон өнгийн лаазтай пивоноос уусан. Тэгээд ууж дуусаад найман шаргад байрлах бар луу орсон. Баранд орох үед манай зүс таних зөөгч залуу болох Равдантай уулзаад бид хэд ширээн дээрээ 1 литрийн савлагаатай Ballantines гэх вискийг Равдан гэх залуутай тавуулаа хамт хувааж уусан. Тэгээд ууж идэцгээгээд сууж байтал ажил дундах үл ойлголцол Батка Равдан хоёрын дунд яригдаж эхэлсэн. Тэр үед зөөгч залуу Равдан манай техникийн ажилтан Бат-Эрдэнэтэй нэлээн ширүүн өнгө аястай маргалдаж байсан. Тэгээд Равдан дуудлагын зөөгч нарыг дуудчихсан байсан. Тэр хэд машинтай хүрч ирцгээгээд бид хэдтэй муудалцсан. Би Авираатай дээр явж очиж уулзахад намайг гараараа нэг удаа цохисон би суучихсан. Тэгээд түүний дараа нэг залуу хүрч ирээд миний толгойн дээр хоёр удаа хөлөөрөө дэвссэн. Гэтэл миний толгой хагарч цус гоожиж эхэлсэн ...” гэх мэдүүлэг,  

Гэрч Х.Нямбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 32 дугаар тал/ “...Бука дөхөж ирээд толгойгоороо мөргөх гээд байхаар нь Авирмэд мангасдаад дараа нь нүүр хэсэг рүү нь нэг удаа баруун гараараа цохисон бөгөөд Бука нь газар хэвтчихсэн. Тэгээд Авирмэд цаашаа яваад өгсөн. Түүний дараа Хаш-Эрдэнэ гэх бид нартай хамт явж байсан залуу Бука дээр очоод хөлөөрөө 2 удаа өшиглөх шиг болсон яг хаашаа гэдгийг нь анзаараагүй. Тэгээд би гүйж очоод Хаш-Эрдэнийг салгасан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Түвшинбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/ “...зодоон эхэлчихсэн байхаар нь би нөгөө хэд рүүгээ гүйж очиход улаан куртиктай залуу газарт уначихсан хэвтэж байхад нь зодож байсан бөгөөд тэрийг очоод салгасан. Зодуулж байсан хүн яг хэн байсныг нь мэдэхгүй байна. Зодож байсан хүн нь болохоор Хаш-Эрдэнэ гэх манай зөөгч найз байсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1793 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ “Б.Будхүүгийн биед баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд цус хуралт, 2 гарын сарвуунд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэх дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Будхүүтэй маргалдан улмаар толгойн тус газар нь 2 удаа өшиглөж түүний биед баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд цус хуралт, 2 гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчтой маргалдсаны улмаас түүнийг зодож түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Х нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Будхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол, саналгүй ...1.200.000 төгрөгийн хохирол бүрэн барагдуулсан” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагаас нэхэмжилсэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн гэх 200.000 төгрөгийг шүүгдэгч Т.Хэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Зөөд овгийн ТХийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хаш-Эрдэнийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Хэс 200.000 /хоёр зуун мянга/  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд  оруулсугай.

 

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.200.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН