Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар   2022/ШЦТ/203

 

 

 

 

 

 

 

 

   2022        03         07                                   2022/ШЦТ/203

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

  шүүгдэгч Г.Д /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоргой овогт ГДд холбогдох эрүүгийн 2203 00001 0044 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хоргой овогт ГД, регистрийн дугаар ГД:99050509,

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн 39 дүгээр сургуульд математикийн багш ажилтай, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг /Лах/-т оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 5 дугаар байр, 67 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

         Шүүгдэгч Г.Д нь “2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн-1000 Цагаан байрны зүүн замд Coilt маркийн 02-34 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Жавзандуламыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ажлаа тараад 4 цаг өнгөрөөгөөд явж байсан бөгөөд санамсаргүйгээр энэ үйлдлийг хийсэндээ үнэхээр харамсаж байна. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ төрлийн гэмт хэрэг санамсартайгаар гардаггүй. Тухайн Г.Д гэх хүн залуу хүн бөгөөд амьдралд дөнгөж хөл тавьж байгаа болохоор нь би сэтгэл тавьж хохирол төлбөр төлөх байх гэж их хүлээсэн. Хохирол төлбөрийн хувьд 3.000.000 төгрөгөөс их хэмжээний хохирол учирсан. Би бариачийн мэргэжилтэй учраас тэр хүний эрүүл мэнд өдөр ирэх тусам дордож байгааг ажиглаж байгаа бөгөөд эмч нар арга хэмжээ авч чадахгүй байгаа болохоор би өөрөө барьж торгоож байгаа. Өдөр хоногийг дэм дэмэндээ гэгчээр ах, дүү, төрөл садныхаа тусламжтайгаар болгож байна. Нийт 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дээшээ мөнгө нэхээгүй. Тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй байсан учраас зарим баримтаа хаяж үрэгдүүлсэн. Би хүнийг шийтгүүлэх гэсэн дээр нь давхар шийтгэе гэж бодоогүй учраас нарийвчилж мөнгө нэхээгүй гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхтуяагийн: “...Манай ээж Жавзандулам нь өвөл хүйтэн үед миний хоёр охинтой хамт Сүхбаатар дүүргийн 32-н тойргийн ойролцоо хөлсний дулаахан байранд гал түлэхгүй гээд түр амьдарч байсан юм. Тухайн осол гарсан өдөр манай ээж хоол ундны юм авах гээд ганцаараа Дэнжийн-1000 Цагаан байрны ойролцоо зам хөндлөн гарах гэж байгаад машинд мөргүүлж биедээ гэмтэл авч эмнэлэгт хэвтэж байгаад гарсан одоо 32-н түрээсийн байранд манай хоёр охины хамт амьдарч байгаа. Манай ээжийн эмчилгээний зардал болон бусад холбогдох зардал мөнгө болох 3.000.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Гансүрэнгийн: “...02-34 БУА улсын дугаартай Койлт маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшилд байдаг. Би 02-34 БУА улсын дугаартай Койлт маркийн тээврийн хэрэгслийг өөрийн охин Долгормаад жолоодох зөвшөөрөл олгосон. Миний эзэмшлийн 02-34 БУА улсын дугаартай Койлт маркийн тээврийн хэрэгсэл даатгалтай. Миний тээврийн хэрэгсэлд осол орохоос өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Би өөрийн эзэмшлийн 02-34 БУА улсын дугаартай Койлт маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй. Надад тухайн хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №12044 тоот дүгнэлтэнд:

“1. Д.Жавзандуламын биед умдаг ясны зүүн дээд салаа, зүүн шаантны дээд булууны сэтэрсэн далд хугарал, зүүн сарвуу, зүүн тохой, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Умдаг ясны зүүн дээд салаа, зүүн шаантны дээд булууны сэлтэрсэн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,

Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн дүгнэлтэнд: “Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд:Уг тээврийн хэрэгслийн урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дохионы гэрлүүд, катализатор, зогсоолын тоормос, зүүн болон баруун гар талын хол ойрын гэрлийн тусгал, хурдны хайрцагны ажиллагаа, дугуйн хээний гүн, зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин Баруун гар талын крыло дохионыхоо доод хэсэгт цөмөрч, хуниралдаж хонхойсон, мөн дуут дохио ажиллахгүй, нь уг автотээврийн хэрэгслийн тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн баруун гар талын крыло дохионыхоо доод хэсэгт цөмөрч, хуниралдаж хонхойсон, мөн дуут дохио ажиллахгүй эвдрэл гэмтэлтэй байна. Уг автотээврийн хэрэгслийн баруун гар талын крыло дохионыхоо доод хэсэгт цөмөрч, хуниралдаж хонхойсон, мөн дуут дохио ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байгаа нь осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автотээврийн хэрэгслийн баруун гар талын крыло дохионыхоо доод хэсэгт цөмөрч, хуниралдаж хонхойсон, мөн дуут дохио ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байгаа нь осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт ABS тоормосны системтэй ба урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлагыг хангаж байсан. Зогсоолын тоормос хэвийн ажиллаж байсан. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, цаг агаар, зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ ...” гэжээ /хавтаст хэргийн 56-61 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дугаар тал/,

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 388 дугаар Мөрдөгчийн магадлагаанд: “Coilt маркийн 02-34 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гансүрэнгийн Долгормаа, /ГД99050509/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Боржигон овгийн Долгорын Жавзандулам нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Coilt маркийн 02-34 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гансүрэнгийн Долгормаа /ГД99050509/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна ...” гэжээ /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16.00 цагт ажил тараад 39 дүгээр сургуулийн хашаанаас өөрийн Гансүрэнгийн эзэмшлийн 02-34 БУА улсын дугаартай Койлт маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод манай сургуульд дадлага хийж байгаа зүс таних эрэгтэй хүнтэй хөдөлсөн юм. Тэгээд би төв зам руу ороод зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан чинь Дэнжийн 1000-н Цагаан байрны автобусны буудлын ойролцоо явган хүний гарцтай хэсэгт миний хажуу талд буюу баруун гар талд явж байсан тээврийн хэрэгслийн урд талаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган зорчигч гэнэт гарч ирсэн. Тэгээд би тормос гишгээд тээврийн хэрэгслийг зогсоох үед тухайн хүн миний машины баруун урд хэсэгт мөргүүлж газар унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Г.Д нь “2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн-1000 Цагаан байрны зүүн замд Coilt маркийн 02-34 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Жавзандуламыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Г.Гансүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №12044 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/, Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн дүгнэлт   /хавтаст хэргийн 56-61 дүгээр тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 388 дугаар Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/, хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээний зардал болон хоол хүнс /нэр тодорхойгүй/ баримтууд /хавтаст хэргийн 11-18 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан;

Шүүгдэгч Г.Д нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын ... нийгэмшүүлэх, хохирол нөхөн төлүүлэх... зорилгод нийцнэ гэж үзлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь эмчилгээний зардалд 147.100 төгрөгний баримт, хоол хүнс /нэр төрөл тодорхойгүй/ 276.334 төгрөгний баримт буюу 423.434 төгрөгний баримтууд /хавтаст хэргийн 11-18 дугаар тал/-ыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчид 400.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

         Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хоргой овогт ГДг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

          5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 400.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

           

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН