| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2018/0672/Э |
| Дугаар | 1048 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1048
Х.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Х.Б-д холбогдох 1811003930737 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
........... овгийн Х.Б, Улаанбаатар хотод 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; хадам эцэг, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Булгийн ... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух хаягтай,
1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,
1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,
2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,
2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2008 онд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, хорих ялыг 4 жил 2 cap 10 хоногийн хугацаагаар тогтоож, 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 29 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж хянан харгалзсан,
2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, /регистрийн дугаар: УЗ.............../,
Х.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн А.Оюунцэцэгийн гар цүнхтэй эд зүйл болон “Samsung S-5” загварын гар утсыг хулгайлж, 399,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Х.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Х.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хохирогч А.Оюунцэцэг нь хохирол төлбөр, хор уршиг нэхэмжлээгүйг, шүүгдэгч Х.Б 2 хоног цагдан хоригдсоныг, хэрэгт иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ...” гэж тус тус заасан.
Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэхдээ шүүгдэгч Х.Б-д хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно.
Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад хорих ялыг тэнсэж, хугацаа тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэнэ...” гэснийг зөрчсөн байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэжээ.
Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Х.Б нь “2 хүүхэдтэй, нөхөр нь 2017 онд нас барсан. Түүнээс хойш том хүүхдээ асрамжийн газарт өгч, удалгүй бага хүүхдээ араас нь асрамжийн газарт өгсөн. Нөхөр нь нас барснаас хойш хадам аав нь гэртээ оруулахаа больсон тул гадуур явж амьдардаг болсон” гэж хэлсэн. Оногдуулсан ялын хувьд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тэнсэж харгалзахдаа хугацаа тогтоогоогүй зүйл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөрчөөгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос “Х.Б нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад “... таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн зүйл, хэсэг, заалтуудыг хэрэглэхдээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр тодорхой зохицуулсан ба тэнссэн тохиолдолд заавал хугацаа тогтоохоор байна.
Гэтэл анхан шатны шүүх Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэхдээ хорих ял оногдуулсан, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ хугацаа тогтоогоогүй зэргээр Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх гол үндэслэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн нөхцөл байдал хамаарна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь хохирол нөхөн төлөөгүй, төлөх ямар нэгэн санаачлага гаргаагүй, хохирогч А.Оюунцэцэг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... хохирол нөхөн төлүүлэх шаардлага байхгүй ...” /хх 21/ гэсэн байх боловч иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх 23/, хэрэгтэй танилцсан баримт /хх 78/-даа хохирлоо нэхэмжилж авах хүсэлтээ илэрхийлсээр байхад шүүхийн тогтоолд “... хохирогч А.Оюунцэцэг хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байна. ...” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ, Х.Б-гийн бага насны хоёр хүүхэд хэний асрамж халамжид хүмүүжиж байгааг тодруулж, энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргах шаардлагатайг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
М.ПҮРЭВСҮРЭН